| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 181/2023/03871/И |
| Дугаар | 181/ШШ2023/04129 |
| Огноо | 2023-12-20 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 181/ШШ2023/04129
| 2023 12 20 | 181/ШШ2023/04129 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэгт оршин суух Жгийн Ө-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт байрлах Даатгал ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 6,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ж.Ө нь Даатгал ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны даатгалын гэрээ байгуулсан. Гэрээгээр даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор тохиролцож гэрээ байгуулагдсан.
2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийн гал тогооны уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаас ус алдаж 6,450,000 төгрөгний хохирол учирсан. Ус алдсан талаар Д ХХК болох конторт дуудлага өгч хэрэглээний халуун хүйтэн усыг босоо шугамаар хааж ус алдалтыг зогсоосон.
Даатгал ХХК-тай байгуулсан Орон сууцны даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэл 3.1.3-т Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохиролыг эрсдэлд тооцно. 4.1.10-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохиролыг 100%-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. Мөн 7.1.7-д Даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээнд заасны дагуу олгоно гэж тохиролцон гэрээ байгуулсан. Даатгал ХХК-нд ус алдсан талаар мэдэгдэж холбогдох баримтыг, үнэлгээний тайлангын хамт өгөхөд төлөхгүй гэсэн хариу өгсөн. Манай доод айл болох 63 тоотын хохирлыг төлж барагдуулсан, тэднийх орон сууцаа даатгуулаагүй байсан.
Даатгал ХХК төлөхгүй гэсэн хариу өгсөн тул Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанд хандахад 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Даатгал ХХК-нд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохиролын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн албан бичгийг хүргүүлсэн боловч Даатгал ХХК төлөхгүй гэсэн хариуг өгсөн.
Иймд хариуцагч Даатгал ХХК-аас нөхөн төлбөр 6,450,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 290,000 төгрөг нийт 6,740,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч Даатгал ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Ж.Өгийн нэхэмжлэлтэй хариуцагч Даатгал ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлдээ доорх үндэслэлийг дурьджээ.
Үүнд: Даатгуулагч Ж.Ө нь Даатгал ХХК-тай 2023 оны 04 сарын 14-ний өдөр орон сууцны даатгалын гэрээг байгуулж, гэрээгээр даатгагч гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд тохиролцсон нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохоор тохиролцож гэрээ байгуулсан.
2023 оны 06 сарын 14-ний манай гэрийн өдөр гал тогооны уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарсаны улмаас ус алдаж 6,450,000 төгрөгний хохирол учирсан ба Даатгал ХХК-аас нөхөн төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн, Даатгал ХХК-ны зүгээс нэхэмжлэгч Ж.Өгийн орон сууцанд учирсан хохирлыг даатгалын гэрээний 5.10-т эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн доголдолоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл" гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иймд хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд нийцнэ.
Талуудын хооронд 2023 оны 4 сарын 14-ний өдөр 231051023120002 дугаар Орон сууцны даатгал-ын гэрээний дагуу Хан-Уул дүүрэг 24 хороо Яармаг. Наадамчдын зам хаягт байршилтай орон сууцыг даатгуулсан байна.
Нэхэмжлэгчийн нөхөн төлбөр хүсэхдээ бүрдүүлэн өгсөн Д ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзэхэд 406-67 тоотын уян хоолой материалын чанар, элэгдлээс шалтгаалан задарснаас ус алдсан" гэж дурьдсан нь орон сууцны ашиглалтын явцад үүссэн ердийн элэгдэл гэмтлээс үүдэж учирсан хохирол болох нь тогтоогдсон ба талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэлд хамаарахгүй байх тул даатгалын гэрээний 5.10-т эд хөрөнгийн ердийн элэгдэл... гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж шийдвэрлэсэн.
Иймд дээр дурьдсан үйл баримт холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч Даатгал ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Орон сууцны даатгалын гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2023.08.07-ны өдрийн албан бичиг, Д ХХК-ийн 2023.06.29, 2023.06.15-ны өдрийн дүгнэлт, тодруулга тайлбар албан бичиг, Даатгал ХХК-ийн 2023.06.27, 2023.08.18-ны өдрийн албан бичиг, үнэлгээний тайлан
4. Хариуцагчаас нотлох баримтаар: итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бичгээр гаргасан тайлбар, Д ХХК-ний 2023.06.22-ны өдрийн 1/66 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг шинэчлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Ө нь хариуцагч Даатгал ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 6,450,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 290,000 төгрөг, нийт 6,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч Даатгал ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, даатгалын гэрээний 5.10-т эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн хөрөнгө, бараа материалын шинж чанар, үйлдвэрлэлийн доголдолоос шалтгаалан гарсан хохирол гэмтэл" гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон тул, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдэв.
3. Хан-Уул дүүрэг 24-р хороо Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 406 байр 67 тоот 82,63 мкв талбайтай 3 өрөө Ү-2206073724 дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөгч нь Ж.Ө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон. /х.х-ийн 4 хуу/
4. Нэхэмжлэгч Ж.Ө нь Даатгал ХХК-тай 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Орон сууцны даатгал-ын 23105102312002 дугаартай гэрээ байгуулагдсан байна. /х.х-ийн 7-9 хуу/
4.1. Талуудын хооронд байгуулагдсан Орон сууцны даатгал-ын гэрээгээр Хан-Уул дүүрэг 24 хороо Яармаг Наадамчдын зам гудамж 406 байр 67 тоот хаягт байршилтай орон сууцыг 2023 оны 04 сарын 14-ний өдрөөс 2024 оны 04 сарын 13-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай даатгуулж, даатгалын хураамж 0,10%-иар төлжээ.
4.2. Зохигчид гэрээ байгуулсан талаар хэн аль нь зөвшөөрсөн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан гэрээний харилцаа үүссэн уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж шүүх үзэв.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Ө нь даатгалын тохиолдол бий болж, даатгалын нөхөн төлбөрт 6,450,000 төгрөг, хохирлын хэмжээ тогтоох үнэлгээний зардал 290,000 төгрөг, нийт 6,740,000 төгрөгийг шаардсан.
Даатгалын эрх зүйн харилцаа нь хариу төлбөртэй харилцаа бөгөөд даатгалын гэрээ байгуулж, хураамж төлсний дараа даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд даатгуулагчийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг даатгагчид үүсдэг.
5. Нэхэмжлэгч Ж.Ө нь 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай гэрийн гал тогооны уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаас ус алдаж 6,450,000 төгрөгний хохирол учирсан, гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсдэл 3.1.3-т Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохиролыг эрсдэлд тооцно. 4.1.10-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохиролыг 100%-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
5.1. Даатгуулагч Ж.Ө даатгалын нөхөн төлбөрийг даатгагчаас шаардсан боловч Даатгал ХХК нь 2023 оны 06 сарын 27-ний өдрийн албан бичигтээ Д ХХК-ийн гаргасан дүгнэлтээс үзэхэд 406-67 тоотын уян хоолой материалын чанар, элэгдлээс шалтгаалан задарсанаас ус алдсан гэж дурьдсан нь бидний хооронд байгуулсан даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсэлд хамаарахгүй гэрээний 5.10 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэсэн хариуг даатгуулагчид бичгээр өгсөн. /х.х-ийн 18 хуу/
5.2. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2023 оны 08 сарын 07-ний өдрийн 3/3088 тоот албан бичигт ...Даатгал ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй. гэсэн бичгийн хариуг даатгуулагч Ж.Өд өгчээ. /х.х-ийн 19 хуу/
6. Д ХХК нь Даатгал ХХК-д 2023 оны 06 сарын 15-ний өдрийн 1/64 дугаартай Дүгнэлт гаргах тухай албан бичигтээ Хан-Уул дүүрэг 24-р хороо Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 406 байр 63 тоот дээд айлаас ус алдаад байна гэсэн дуудлагыг 2023 оны 06 сарын 14-ны өдрийн 08 цаг 30 минутанд манай диспетчерт ирүүлсэн. Дуудлагыг дагуу очиход 406-67 тоотыг уян хоолой задарсанаас ус алдсан бөгөөд хэрэглээний халуун хүйтэн усыг босоо шугамаар хааж усны алдагдлыг зогсоосон.,
-2023 оны 06 сарын 22-ний өдрийн 1/66 дугаартай Тодорхойлолт гаргах тухай албан бичигт ...406-67 тоотын уян хоолой материалын чанар, элэгдлээс шалтгаалан задарсанаас ус алдсан...,
-2023 оны 06 сарын 29-ний өдрийн 1/67 дугаартай Тодруулга тайлбар хүргүүлэх тухай албан бичигт ...Дуудлагын дагуу очиход 406-67 тоотын уян хоолой задарч сантехникийн гэмтэл гарснаас ус алдсан бөгөөд тухайн үед гэртээ хүнгүй байсан. Манай байгууллага материалын чанарыг тодорхойлж дүгнэлт гаргадаг байгууллага биш юмаа. гэсэн албан бичгүүдийг хүргүүлсэн байна. /х.х-ийн 5,6,32 хуу/
6.1. Д ХХК нь 2023 оны 06 сарын 15-ний өдрийн 1/64 дугаартай дүгнэлтэндээ уян хоолой ямар шалтгааны улмаас задарсан тухай дурдаагүй боловч 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 1/67 дугаартай тодруулга, тайлбар хүргүүлэх тухай албан бичигтээ уян хоолойн материалын чанарын тодорхойлолт гаргадаг байгууллага биш гэдгээ илэрхийлсэн бөгөөд тус компани нь уян хоолойн элэгдэл, хорогдол материалын шинж чанарыг тодорхойлох эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдож байна.
7. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.3-т Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохирол-ыг эрсдэлд тооцохоор, 4.1.10-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохиролыг 100%-иар тооцож, даатгагчаас даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. гэж талууд тохиролцсон.
2023 оны 06 сарын 14-ны өдөр Ж.Өгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 24-р хороо Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 406 байр 67 тоот орон сууцны гал тогооны өрөөний уян хоолой задарсанаас ус алдсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Д ХХК-ийн албан бичиг зэргээр тогтоогдсон.
8. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т.даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг, 9 дүгээр зүйлийн 9.1.4-д даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох-оор заасан.
Талуудын хооронд байгуулсан Орон сууцны даатгал-ын гэрээний 3 дугаар зүйлд 3.1.3-т Сантехникийн гэмтлээс үүдэн ус алдах, ус чийгийн нөлөөллөөс учирсан хохиролыг эрсдэлд тооцно.гэж даатгалын эрсдэлийг нэрлэн заасан нь талуудын тохиролцсон болзол гэж үзнэ.
Харин хариуцагчийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлд заасан даатгалын эрсэлд хамаарахгүй гэрээний 5.10 дахь хэсэгт зааснаар нөхөн төлбөр олгох боломжгүй гэх үндэслэлээр татгалзсан тайлбар нь хавтас хэрэгт авагдсан, Д ХХК-ийн албан бичгүүд, Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.
9. Хас үнэлгээ ХХК нь Ж.Өгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг 24-р хороо Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 406 байр 67 тоот 82,63 мкв талбайтай 3 өрөө Ү-2206073724 дугаарт бүртгэлтэй орон сууцны хохирлын шууд зардал 6,450,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний ажиллагааны зардал 290,000 төгрөг төлсөн байна. /х.х-ийн 10-17 хуу/
Даатгалын гэрээний хугацаанд даатгалын тохиолдол бий болж, даатгуулсан эд хөрөнгөд хохирол учирсан байх тул даатгагч нь хохирлын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр төлөх үүргийн дагуу нэхэмжлэгч Ж.Өд даатгалын нөхөн төлбөр 6,450,000 төгрөг, үнэлгээний ажиллагааны зардал 290,000 төгрөгийг хариуцагч Даатгал ХХК-иас гаргуулах нь үндэслэлтэй.
10. Иймд хариуцагч Даатгал ХХК-иас даатгалын нөхөн төлбөр 6,450,000 төгрөг, үнэлгээний ажиллагааны зардал 290,000 төгрөг, нийт 6,740,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Өд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Даатгал ХХК-иас 6,740,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Өгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 122,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Даатгал ХХК-иас 122,790 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ