| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2022/02459/И |
| Дугаар | 183/ШШ2022/03566 |
| Огноо | 2022-12-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2022/03566
| 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр | Дугаар 183/ШШ2022/03566 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ............давхарт байрлах, М д ХК,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн .......оршин суух, Д-ийн С,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ................тоотод оршин суух, Б-ийн Э,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 2 116 380 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувданбилэг,
Хариуцагч Д.С,
Хариуцагч Б.Э ,
Хариуцагч Б.Э ын өмгөөлөгч Б.Б /ШТЭҮД-...../,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дугарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М даатгал ХК нь Д.С, Б.Э нарт холбогдуулан гэм хорын хохиролд 2 116 380 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “...Манай тээврийн хэрэгслийн даатгалын №........... тоот гэрээт даатгуулагч Б.Э ын 00-00 УНИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооллын 1-р буудлын ойролцоо замд явж байхад араас нь ирж байсан ..... УНӨ улсын дугаартай Тоёота Рактиц маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С нь гүйцэж түр түрүүлэх үйлдэл хийх үедээ мөргөсөн бөгөөд даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд нийт 2 116 380 төгрөгийн хохирол учруулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Сын гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн газраас албан бичигт “...тээврийн хэрэгслийн жолооч нар хоорондоо тохиролцож, гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй” гэж бичигдсэн байна. Иймд бид гэм хор учирсан гэж үзээд, даатгуулагч Б.Э нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10.5-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний үндсэн дээр хохирлын мөнгийг төлсөн учир 2 116 380 төгрөгийг хариуцагч нарын аль буруутайгаас гаргуулна” гэж тайлбарласан.
2. Хариуцагч Д.С хариу тайлбартаа: “...Миний бие 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийтийн зам дээр баруунаас зүүн талын зам руу өөрийн 00-00УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ дохио өгч, гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ урд талд явж байсан 00-00 УНИ улсын дугаартай, машины жолооч толиндоо харахгүй зүүн гар тал руугаа огцом эргэж, миний машины жолоочийн хаалганаас карлан хүртэл мөргөсөн. Тухайн үед Б.Э ын аав нь автомашиныг жолоодож байсан, Б.Э нь манай аав 5 оноотой, би машин барьсан болъё, манай 100 хувийн буруу, би танай машины хохирлыг барагдуулъя гэж гуйсан Б.Э ын аав нь цагдаа ирэхээс өмнө явж, Б.Э надтай үлдсэн. Замын цагдаа ирж зам тээврийн ослыг шалгаад бидний өөрсдийн 50, 50 хувийн буруутай гэж дүгнэж, өөр өөрсдийн хохирлоо хариуцаарай гээд гарын үсэг зуруулсан. Гэтэл одоо М даатгал ХК-иас надад холбогдуулаад Б.Э ын төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
3. Хариуцагч Б.Э хариу тайлбартаа: “...Би М д ХК-ийн даатгуулагч бөгөөд 00-00УНИ улсын дугаартай, Тоёота Хайландер тээврийн хэрэгслийг манай аав унаж ашигладаг, миний нэр дээр даатгалтай тээврийн хэрэгсэл юм. Тухайн өдөр манай аав над руу залгаад зам тээврийн осол гаргачихлаа, хүрээд ир гэсэн. Бид Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиход цагдаагаас бидний 50, 50 хувийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж хэлсэн. Мөн даатгалын байгууллагын ажилтан ирээд жолооч нарын 50, 50 хувийн буруутай үйлдэл гэж байхгүй, цагдаа хийгээгүй үйлдлийн чинь төлөө буруутгасан байна гэж хэлсэн. М даатгал ХК намайг гуравдагч этгээдтэй хохирол дээр харилцан тохиролцсон гэж хариуцагчаар татсан байна. Миний зүгээс Д.Стай харилцан тохиролцсон үйл баримт байхгүй. Тухайн үеийн хэргийн газрын үзлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор хэн нь ямар буруутайг тогтоочихсон. Түүнчлэн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд талууд харилцан тохиролцсон тохиолдолд ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ авна гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
4. Нэхэмжлэгчээс, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, техникийн тодорхойлолт, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн Цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Х ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн фото зураг, М д ХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах гэрээ, Хаан банк ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Шүүх хариуцагч Д.С-ын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооллын 1-р буудлын ойролцоо замд гарсан Б.Э ын 00-00УНИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгсэл, хариуцагч Д.Сын жолоодож явсан ..... УНӨ улсын дугаартай Тоёота Рактиц маркийн тээврийн хэрэгслүүдэд холбогдох зам тээврийн ослын хэргээс талуудын гараар бичиж, гарын үсэг зурсан бичмэл баримт, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдлын баримтыг нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М д ХК-ийн хариуцагч Д.С, Б.Э нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 2 116 380 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, хариуцагч Д.Ст холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Э аас 2 116 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: “...Даатгуулагч Б.Э ын 00-00УНИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүрэг, Өлзийт хорооллын 1-р буудлын ойролцоо замд явж байхад араас нь ирж байсан 00-00УНӨ улсын дугаартай Тоёота Рактиц маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.С гүйцэж түр түрүүлэх үйлдэл хийх үедээ мөргөж, даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд 2 116 380 төгрөгийн хохирол учруулсан. Иймд бид гэм хор учирсан гэж үзээд, даатгуулагч Б.Э нь Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.10.5-т заасан үүргээ биелүүлээгүй, гэрээний үндсэн дээр хохирлын мөнгийг төлсөн учир 2 116 380 төгрөгийг хариуцагч нарын аль буруутайгаас гаргуулна”гэв.
3. Хариуцагч Д.С нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Би 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн Өлзийтийн зам дээр баруунаас зүүн талын зам руу өөрийн 00-00УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ дохио өгч, гүйцэт түрүүлэх үйлдэл хийхэд урд талд явж байсан 00-00УНИ улсын дугаартай, машины жолооч толиндоо харахгүй зүүн гар тал руугаа огцом эргэж, миний машины жолоочийн хаалганаас карлан хүртэл мөргөсөн. Тухайн үед Б.Э ын аав автомашиныг жолоодож явсан бөгөөд Б.Э “манай аав 5 оноотой, би машин барьсан болъё, манай 100 хувийн буруу, би танай машины хохирлыг барагдуулъя” гэсний дагуу цагдаа ирэхээс өмнө аав нь явж, Б.Э надтай үлдсэн. Замын цагдаа зам тээврийн ослыг шалгаад бидний өөрсдийн 50, 50 хувийн буруутай гэж дүгнэж, өөр өөрсдийн хохирлоо хариуцаарай гээд гарын үсэг зуруулсан. Иймд Б.Э ын төлбөрийг надаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
4. Хариуцагч Б.Э нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: “...Би М даатгал ХК-ийн даатгуулагч бөгөөд 00-00УНИ улсын дугаартай, Тоёота Хайландер тээврийн хэрэгслийг манай аав унаж ашигладаг, миний нэр дээр даатгалтай тээврийн хэрэгсэл юм. Тухайн өдөр манай аав над руу залгаад зам тээврийн осол гаргачихлаа, хүрээд ир гэсэн. Бид Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очиход цагдаагаас бидний 50, 50 хувийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан гэж хэлсэн. Даатгалын байгууллагын ажилтан ирээд жолооч нарын 50, 50 хувийн буруутай үйлдэл гэж байхгүй, цагдаа хийгээгүй үйлдлийн чинь төлөө буруутгасан байна гэж хэлсэн. М даатгал ХК-иас намайг гуравдагч этгээдтэй хохирол дээр харилцан тохиролцсон гэж хариуцагчаар татсан байна. Би Д.Стай харилцан тохиролцоогүй, тухайн үеийн хэргийн газрын үзлэг, цагдаагийн байгууллагын тодорхойлолтоор хэн ямар буруутайг тогтоочихсон. Түүнчлэн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд талууд харилцан тохиролцсон тохиолдолд ямар нэгэн хариуцлагын арга хэмжээ авна гэсэн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал гэсэн баримт авагдсан байх бөгөөд тус баримтын тусгай тэмдэглэлд “...2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 35 минутын үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хороолол 1 дүгээр автобусны буудлын хажуу авто замд Гурвтын тавилан ББСБ-ын эзэмшлийн Тоёота Рактиц маркийн 00-00УНӨ улсын дугаартай автомашины жолооч Д.С нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2 заалтыг зөрчиж Тоёота Хайландер маркийн 00-00УНИ улсын дугаартай, Ш.Батбаяр жолоочтой автомашиныг мөргөж бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь тогтоогдож байна” гэжээ.
Нэхэмжлэгч уг баримт болон Хас үнэлгээ ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд үндэслэж, даатгуулагч Б.Э т төлсөн нөхөн төлбөр 2 116 380 төгрөгийг хариуцагч Д.С-аас гаргуулахаар нэхэмжилсэн.
6. Хариуцагч Д.С нэхэмжлэлийн шаардлыг эс зөвшөөрч марган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 28к-3/875 тоот “Тус хэлтэст 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 15:10 цагийн үед Хан-Уул дүүргийн .. дүгээр хороо, Өлзийт хороолол 1 дүгээр автобусны буудлын орчим 00-00 УНӨ улсын дугаартай Тоёота Рактиц маркийн тээврийн хэрэгсэл, 00-00 УНИ улсын дугаартай Тоёота Хайландер маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн зам тээврийн осол гарсныг хүлээн авч шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нар хоорондоо тохиролцож, гомдол санал байхгүй, цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй гэсэн тул 2 жолоочоор гомдол саналгүй гэх хүсэлт бичүүлэн авч гомдол мэдээллийг хаасан болно” гэх албан бичгийг, хүсэлт, ослын бүдүүвч зургийн хамт ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч дээрх баримтын дагуу даатгуулагч Б.Э ыг Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хамтран хариуцагчаар оролцуулан, түүнд төлсөн даатгалын төлбөр 2 116 380 төгрөгийг хариуцагч нарын хэн буруутайгаас гаргуулна гэж тайлбарлав.
8. Хариуцагч Б.Э нь өөрийн өмчлөлийн 00-00 УНИ улсын дугаартай, Toyota Highlander маркийн 2012 онд үйлдвэрлэгдсэн, 2018 онд Монгол улсад орж ирсэн, тээврийн хэрэгслээ 40 000 000 төгрөгөөр үнэлж, уг үнийн дүнгийн 2.5 хувийн хураамжид 700 000 төгрөг төлж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан №21006705 дугаартай Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг М ХК-тай 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан байна.
9. Тус гэрээний 3 дугаар зүйл заалтаар талууд даатгалын нөхөн төлбөрийн нөхцөлийг харилцан тохиролцсон байх бөгөөд зам тээврийн ослын улмаас Б.Э , М даатгал ХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т заасан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл гэж заасан даатгалын нөхцөл үүсэж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Х ХХК-ийн Автомашин, техникийн үнэлгээний тайлангаар Б.Э ын өмчлөлийн автомашины урд буфер болон буферын тогтоогч хагарч, цуурсан, зүүн урд их гэрэл хагарсан, крыло зурагдаж будаг халцарсан, под крыло хагарч цуурсан зэрэг эвдрэл хохирлын үнэлгээг 3 100 000 төгрөгөөр тогтоожээ.
10. Уг зам тээврийн ослын улмаас даатгуулагч Б.Э ын өмчлөлийн 00-00 УНИ улсын дугаартай, Toyota Highlander маркийн тээврийн хэрэгсэлд гэм хорын хохирол учирч, М даатгал ХХК нь гэрээ болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан даатгуулагчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүргийнхээ хүрээнд Б.Э т 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 2 116 380 төгрөгийг шилжүүлсэн байх тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ”, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө” гэж тус тус зааснаар гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргах шаардах эрх М д ХХК-д шилжсэн гэж үзнэ.
11. М даатгал ХК, Б.Э нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 4 дүгээр зүйлээр нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүдийг тохиролцсон байх бөгөөд даатгуулагч Б.Э гэрээний 4 дүгээр зүйлийн 4.10.b-д “Учирсан хохирлын шалтгаан болон хэмжээг тогтооход шаардлагатай нотлох баримт, дүгнэлт, гэрээний нөхөн төлбөрийн материал хэсэгт заасан баримт бичиг, мэдээ мэдээллийг даатгагчид бүрэн гүйцэт өгөх”,
4 дүгээр зүйлийн 4.10.c-д “...Даатгуулагч даатгал хийлгэхдээ эсвэл нөхөн төлбөр авахдаа худал хуурмаг мэдүүлэг өгөхгүй байх, хуурамч баримт бичиг бүрдүүлж өгөхгүй байх, хэлэх ёстой зүйлийг нуун дарагдуулахгүй байх”,
9 дүгээр зүйлийн 9.10.5-д “...Гуравдагч талын өмнө Даатгагчтай зөвшилцөлгүйгээр өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх, гуравдагч талд төлбөр төлөхгүй байх, төлбөр төлөх тохиролцоо хийхгүй байх, гуравдагч талаас төлбөр хүлээн авахгүй байх, төлбөр хүлээн авах тохиролцоо хийхгүй байх” гэж тус тус заасныг зөрчиж, түүний өмчлөлийн тээврийн хэрэгслийг эцэг Ш.Батбаяр жолоодож явсан байхад Ш.Чинзориг жолоодож явсан мэтээр баримт бүрдүүлсэн, улмаар Ш.Чинзориг нь Д.Стай харилцан тохиролцсон агуулга бүхий хүсэлтийг Замын цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн атал даатгагчаас нөхөн төлбөр авсан үйл баримт тогтоогдож байна.
12. Иймд хариуцагч Д.С нэхэмжлэгч М д ХК-д болон хариуцагч Б.Э ын автомашинд хохирол учруулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй, эрх бүхий байгууллагаас түүнд ямар нэг торгууль шийтгэл ногдуулсан баримтгүй, хариуцагч Б.Э т нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл бүрдсэн байх тул Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Э т олгосон даатгалын 2 116 380 төгрөгийг Б.Э аас буцаан гаргуулан нэхэмжлэгч М даатгал ХК-д олгож, хариуцагч Д.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 48 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М д ХК-д олгох нь хуульд нийцнэ.
14. Шүүх иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон Б.С-д шүүх хуралдааныг товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд талууд иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэхэд татгалзахгүй гэсэн тайлбар гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 443 дугаар зүйлийн 443.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э аас 2 116 380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М д ХК-д олгож, хариуцагч Д.С-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 813 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э аас 48 813 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М д ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ