Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 0094

 

Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд: Прокурор Т.Га Шүүгдэгч Ч.Г Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С Хохирогч Д.Т Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан хийж

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолтой, Ч.Г-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Д овогт Ч-ны Г,  Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч ди-270” маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д 675.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Д овогт Ч-ны Г-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгэр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-г 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч З.О-н 890,000 төгрөгний нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг зааж хэлэлцэхгүй орхиж, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Г давж заалдах гомдолдоо: 2018-11-02-ны өдрийн 350 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүгдэгч Ч.Г би Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч ди-270” маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж “Эрдэнэт үйлдвэр” ХХКд 675.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Уг хэргийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гэрээт тасгийн Цагдаагийн алба шалгаж, Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт шилжүүлэн Орхон аймгийн прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн билээ. Уг хэргийг Орхон аймгийн ЭХАШ шүүх хуралдаанаар 50 дугаартай цагаатгах тогтоол гаргасан юм. Уг цагаатгах тогтоолд прокурор эсэргүүцэл бичиж Орхон аймгийн ЭХДЗШ шүүхийн магадлалаар анхан шатанд буцсан. Анхан шатны шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан захирамж гаргасан. Уг захирамжинд өмгөөлөгч гомдол гаргаж ДЗШ, анхан шатны шүүхээр хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан анхан шатны шүүхээр намайг хулгайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж шийтгэсэн. Энэ гэмт хэргийг би хийгээгүй тул зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараагийн хурлуудад хэлж байгаа. 1991 онд 10-р ангиа төгсөж 18 настай тус “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д аавынхаа залгамж халаа болон ажилд орж уг хэрэгт холбогдох хүртлээ ямар нэг хэрэг төвөг, аваар, осол, хэрэг зөрчилд холбогдолгүй ажилласаар ирсэн. Үнэндээ надад хулгайлах, санаа зорилго шаардлага бол байгаагүй юм. Би нийт 27 жил ажиллахдаа үйлдвэрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд захирагдан ажилласаар ирсэн билээ. Бидэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хичээл байнга явуулдаг бидний машин бүгд Жи Пи Эс-тэй үйлдвэрийн цехүүд постууд бүгд камертай учраас тийм боломж болоод санаа зорилго байх огт боломжгүй зүйл юм. Ийм учраас би тухайн үед үнэхээр 15 тн нүүрсийг хулгайлая, нууцаар авчихъя гэсэн санаа зорилго үйлдэл хийсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Тухайн өдөр би үнэхээрийн сэтгэл санааны хувьд хүнд дарамттай явж байсан. Өвчтэй эхнэр минь уйлаад утасдаад гомдлоод байсан. 2 жилийн өмнө манай эхнэр савны хавдрын улмаас саваа авахуулсан хүн байдаг. Ер нь сэтгэл санааны хувьд тогтворгүй олон жил сахар, зүрх судсаар өвдсөн эмэгтэй. Би эхнэрээ өрөвдөж байнга санаа тавьдаг. Тэр өдөр надад хавдрын шинжилгээ өг гэж байна. Намайг ХС төвд оч гэж байна, намайг эртхэн аваад явсангүй гэх зэргээр уйлж уурлан дуулгахад би маш их цочирдон, хямарч явсан юм. Ингэж хямарч бодолд дарагдан явахдаа ДЦС-аас ачсан нүрсээ ГБ цехед буулгалгүй өнгөрөөд рейсээ андуурч хогийн цэг дээр буулгасан гэдгээ сүүлд нь мэдсэн. Учир нь ДЦС, ГБ цех хогийн цэг нь улсын чанартай 1 авто замаар явдаг намайг үнэхээр үнэн байдлаа удаа дараагийн мэдүүлгүүддээ мэдүүлсээр байхад шүүх үнэн байдлыг харж үзээгүй, хулгайлсан гээд хогийн цэгт буулгаад дараа нь авах гэж байсан нууцаар буулгасан гэдэг нь үнэхээр боломжгүй зүйл. Андуурагдаад хогийн цэгт буулгасан нүүрсийг буцаж ДЦС-д буулгахад тусгай ачигч машин дуудаж ачуулж ДЦС буулгасан.Ийм их ачааг, энэ олон харуул хамгаалалттай камертай, үйлдвэрийн нутаг дэвсгэрээс шууд нууцаар авна, хулгайлна гэдэг үнэхээр байж боломгүй, санаа зорилго ч байх үндэслэлгүй. Гэрч О 5 удаа рейс нүүрс ачсан 4 удаа буусан, 1 удаагийн рейс нь буугаагүй байна гэдэг. Мөн ГБ-ийн цехийн харуул 4 удаа буусан байна 1 удаагийн рейс буугаагүй байна гэдэг. Гэтэл би бол бүх рейс буусан байна гэж бодоод үдийн цайндаа ороод ажил дээрээ явж байсан. Постын цагдаа ахмад Б дуудаж байна гэхэд би постон дээр 14 цаг болтол хүлээж байгаад учрыг мэдээд бид хамтдаа тус тусын камеруудыг үзээд тухайн өдрийн нарядын дагуу явсан. ДЦС, ГБ цех хогийн цэг 3 руу шалгаж үзэхэд хаясан үнснийхээ хажууд буулгаж хаяснаа мэдсэн. Ингээд тэр дор нь ачигч машин дуудаж ачиж нүүрсийг буулгасан үнэхээр би тэр өдөр зөвхөн нарядын дагуу л рейсээ хийж явсан. Гэтэл хохирогч Д.Т нь маш олон янзаар мэдүүлдэг. Үүнээс болоод 2017-12-01-ны өдөр намайг ажлаас халж сахилгын шийтгэл ноогдуулсан би иргэний шүүхэд хандсан байгаа. Би үнэхээр энэ 15 тн нүүрсийг авах гэж байсан бол өдий нэг жилийн хугацаа өнгөртөл давж заалдаж иргэний шүүхэд гомдол гаргаж явахгүй байх байсан. Миний амьдрал үр хүүхэд миний 27 жил үйлдвэрт үр бүтээлтэй үнэнч шудрагаар ажиллаж байсны хувьд ачаагаа андуурч буулгасныг хулгайлсан гэж үзээд шийтгэж байгаа нь надад үнэхээр гомдолтой байна. Би бүх зүйлийг үнэнээр нь мэдүүлсэн би тэр машин нүүрсийг аваагүй гэдгээ дахин дахин хэлсэн сэтгэл санааны хямралтай явсан, 3 маршруттай цех маань улсын чанартай нэг авто замаар явдаг, бодолд дарагдан явахдаа ГБ цехээ өнгөрөөд нүүрсээ цааш нь хогийн цэгт очоод буулгаснаа сүүлд нь мэдсэн. Хулгай хийсэн хүн хоол цайндаа ороод л ажлаа үргэлжлүүлээд л яваад байх боломжгүй. Гэтэл би мэдээгүй л ажлаа үргэлжлүүлээд яваад байсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх анхааралтай дүгнэж харсангүй, ашиг олох зорилготой, шунахай сэдэлттэй Эрдэнэт үйлдвэр ХХК-ны эд хөрөнгийг нууцаар бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл болох нь нотлогдож байх тул гэм буруутай гэж хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргалаа гэж үзлээ. Хавтаст хэрэгт тухайн өдөр эхнэр маань БОЭТ дээр үзүүлж эмчээс авсан онош тодруулах 13-р маягт зэрэг бичгийн баримт байгаа мөн хэсгийн даргадаа эхнэр өвдөөд байгаа гэж хэлж байсан мэдүүлэг байгаа үнэхээр нүүрсийг аваад хэн нэгэнд зараад ашиг хонжоо олоод орлого олсон бол надад гомдох зүйл байхгүй. Нүүрс авсан гэдгийг шунахай зорилготой байсныг хөндлөнгийн ямар нотлох баримтаар нотлоод байгаа нь тодорхойгүй байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018-11-02- ны өдрийн 350 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Уг шийтгэх тогтоолоор Ч.Г-г шүүгдэгч Ч.Г-н ,,.. 2017-11-02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-нд жолоочийн ажил гүйцэтгэж байхдаа ДЦС-с 75 тн нүүрсийг ганбөмбөлгийн цехэд буулгах, явцдаа 15 тн нүүрсийг хогийн цэг дээр буулгасан үйл баримт тогтоогдлоо. Энэ үйлдэл нь ашиг олох зорилготой шунахай сэдэлтэй компани эд хөрөнгийг нууцаар, бусдад мэдэгдэхгүйгээр хууль бусаар авсан үйлдэл болох нь нотлогдож байх тул хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ,,... гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.1-д зааснаар ял оногдуулан шийтгэлээ. Шүүх түүнийг гэм буруутай гэж үзэхдээ байгууллагын хуулийн хэлтсээс томилогдсон төлөөлөгч Д.Т, гэрч Ц.О, Б.Г, Ж.Г нарын мэдүүлэг, үнэлгээний дүгнэлт замын хуудас зэргийг үндэслэсэн гэх боловч гэрч Ц.О-н мэдүүлгээр рейс дутуу байгааг асуусан гэрч Г, Г нар бол 15 тн нүүрсийг Ч.Г өөрийн эзэмшил, өмчлөлд оруулаад авсныг гэрчилж нотлоогүй юм. Эрүүгийн хуулийн 17.1.1-д Бусдын эд хөрөнгийг.........-р авсан бол гэж тухай гэмт хэргийн шинжийг ЭХ-д тодорхойлжээ. Энэ заалтаас үзэхэд хулгайн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг авсан байхыг дээрхи хэм хэмжээгээр тогтоож өгчээ. Манай улс гэмт хэргийн бүрэлдэхүүнийг 4 талын онолыг мөрдөж ирсэн. Энэ үзэл баримтлалаар бүрэлдэхүүний 4 элементийг хангаж байж гэмт хэргийн ойлголтыг бий болгодог. Эдгээр 4 шинжийг аль нэг нь байхгүй хангагдаагүй үед эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл үгүйсгэгддэг. 2015 оны ЭХ-ийн бүрэлдэхүүн гэх ойлголтыг шинж болгон өөрчилж Гэмт хэрэг тус бүрийн тусгай шинжийг судлан ял оногдуулдаг болсон. Ч.Г-н хувьд 15 тн нүүрсийг өөртөө авсан нь хангалттай бүрэн нотлогдоогүй бөгөөд асгасан үнсний хажууд сэтгэл санаа нь хямарч бодолд дарагдан явж байгаад андуурч буулгасныг шууд шунахай сэдэлттэйгээр авсан гэж дүгнэх нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч өөрөө ч хэлдэг надад хулгай хийх санаа зорилго байгаагүй би үйлдвэрт олон жил ажилласан байнгын ажлын байр амьдралын эх үүсвэрээсээ салах гэмт хэрэг хийх бодол байхгүй гэж тайлбарладаг. Шунахай сэдэлт байсныг хөндлөнгийн ямар баримтаар нотолж тогтоогдсон гэж үзэж буйгаа тодорхойлох хэсэгтээ зааж өгөөгүй нь ЭХХШТХ-ийн 36.7-2,1; 2,2; 2,3-т заасантай нийцсэнгүй. Иймд ЭХХШТХ-ийн 39.5-д заасны дагуу 350 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд холбогдох хэргийг ЭХХШТХ-ийн 1.15.2-д заасны дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтын дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.

Хохирогч Д.Т давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ч.Г болон түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан гомдлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэлд шүүгдэгч Ч.Г-д холбогдох  эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн билээ. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагад жолооч ажилтай Ч.Г нь 60-18 ОРХ улсын дугаартай Хьюндай дамч эйч ди 270 маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ДЦС-аас 75 тн нүүрсийг Ган бөмбөлгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн нь дараах байдлаар нотлогдож байна. Шүүгдэгч Ч.Г нь ганбөмбөлгийн цех өнгөрөөд хогийн цэг дээр буулгасан байсан. Би нүүрсээ хогийн цэг дээр буулгаснаа мэдээгүй юм гэх мэдүүлгүүд Хэрэг бүртгэлийн  хэргийн мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрч Ж.Г, Н.М, Ц.О нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Г нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр жолооч Ч.Г-н ажил үүрэг гүйцэтгэсэн 60-18 ОРХ улсын дугаартай Хьюндай дамч эйч ди 270 маркийн тээврийн хэрэгслийн явсан замын маршрутыг тогтоосон “Явсан замын тайлан”-аар шүүгдэгч Ч.Г нь тухайн 15 тн нүүрсийг Ганбөмбөлгийн цехэд буулгаагүй болох нь нотлогдож байгаа билээ. Иймд шүүгдэгч Ч.Г болон түүний өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай болох нь хангалттай нотлогдож байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Г дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзэв. Шүүгдэгч Ч.Г нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэт үйлдвэр ХХК-ий авто тээврийн байгууллагад жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 60-18 ОРХ улсын дугаартай “Хьюндай дамп эйч ди-270” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехд буулгах явцдаа 15 тонн нүүрсийг нь хогийн цэг дээр буулгаж, Эрдэнэт үйлдвэр ХХК-д 675 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүгдэгч Ч.Г-н дээрх үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэлийг анхан шатны шүүхээс оногдуулсан байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь хулгайлсан эд хөрөнги эзэшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс төгссөнд тооцогддог ба шүүгдэгч Ч.Г-н нүүрсийг буулгах маршрутыг зөрчиж хогийн цэг дээр аваачиж буулгасан үйлдэл нь ашиг олох зорилготой, бусдад мэдэгдэхгүйгээр өөрийн захиран зарцуулах бодит бололцоог бий болгосон байна гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн уг нүүрсийг хулгайлж авч ашиг олгэсэн санаа зорилго байгаагүй, сэтгэл санаа тайван биш байснаас буулгах ёстой маршрутаа зөрчиж хогийн цэг дээр буулгасан гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан гэрч Ц.О, Б.Г нарын мэдүүлгээр няцаагдаж,нотлох баримтаар нотлогдохгүй байх тул ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн шүүгдэгч Ч.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 350 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ С.ЦЭЦЭГМАА