Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 000050

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

        Улсын яллагч Т.Ганзориг

          Хохирогч Д.Т

         Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

          Шүүгдэгч Ч.Г

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1973 онд төрсөн Ч.Г

Шүүгдэгч Ч.Г нь  авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  Хьюндай дамп эйч ди-270 маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж   675.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ч.Г  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2017 оны 11 дүгээр сарын 02-нд Ганхуяг даргаас ганбөмбөлөгийн цех дээр ажиллах наряд авч Ган-Эрдэнээс нарядаа авсан. 08 цаг 20 минутын үед Дулааны цахилгаан станцын постоор гарч автын 2 дугаар постод шалгуулж ганбөмбөлөгийн цехэд очсон. Ганбөмбөлөгийн цехэд нүүрсээ буулгаад тэндээсээ үнс ачиж хогийн цэгт буулгасан. Тэр рэйсс хийж явах замд манай эхнэр Эрдэнэжаргал бие нь өвдөөд байсан болохоор эмнэлэгт үзүүлэхэд хавдарын шинжтэй байна, яаралтай Улаанбааатар явж үзүүл гэж эмч хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд би эхнэрээ аргадаж ярьж байгаад сэтгэл санааны хямдралд  орсон явахдаа Ганбөмбөлөгийн цех өнгөрөөд хогийн цэг дээр буулгасан байсан. Би нүүрсээ хогийн цэг дээр буулгасанаа мэдээгүй юм. Хамгийн сүүлийн рейссээ хийчихээд граш дээр ирж хоолондоо ороод гарч ирсэн чинь манай жолооч таныг 2 дугаар пост дээр цагдаа дуудаж байна гэхээр нь яваад очсон. Тэгээд цагдаа Баянжаргалаас учрыг нь асуусан чинь 5 рейсс буулгах ёстой байснаас 4 рейсс буулгасан байна. 1 рейссээ хаана буулгасан бэ? гэхээр нь би цагдаагийн хамт хогийн цэгт очиход нүүрс байж байсан. Би Дулааны цахилгаан станцаас ачсан нүүрсээ Ганбөмбөлөгийн цехэд буулгах байснаа эхнэрээ хавдартай болсон байна гэж ярихаар нь сэтгэл санаа уймраад нүүрсээ хогийн цэгт буулгасан байсан  гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Маршрут тогтоолгох хүсэлт манай зүгээс тавиагүй, мөрдөгч байцаан шийтгэх ажиллагаа явуулаагүй, иргэний журмаар Ганбат нэхэмжлэл гаргасан байсан. Иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр ажиллдаг хуульч явсан маршрутыг тогтоолгосон байсан. Энэ баримтыг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргасан. Надад тэр иргэний хэрэгт ажиллаж буй хуульч өнөөдөр нотлох баримтаар ирүүлсэн. Жи Пи Эс-ээр шүүгдэгчийн явсан замыг харахаар Ганбатын рейсс 4 болоод байгаа. Дулааны цахилгаан станцаас Очир төв явсан байна. Хогийн цэг дээр очсон рейсс Очир төв рүү ороод дуусаад байгаа юм. Хогийн цэг дээр нүүрс ачиж очоогүй. Зургаар бэхжүүлсэн гэсэн мэдүүлэг,

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Манай байгууллагын авто тээврийн жолооч Ч.Ганбат нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус үйлдвэрийн дулааны цахилгаан станцаас 75 тонн нүүрсийг 5 удаагийн рейсээр 1 удаад 15 тонн нүүрсийг Ганбөмбөлгийн цехэд буулгах ажлын даалгавар авсан. Ингээд 4 удаагийн ачилтыг буюу 60 тонныг Ганбөмөбөлөгийн цехэд буулгаад 1 удаагийн буюу 15 тонныг хог асгах цэгт буулгаж хулгайлсан. Дулааны цахилгаан станц болон Ганбөмбөлөгийн цех нь үйлдвэрийн дүүрэгт байдаг. Хогийн цэг рүү явах шаардлага байгаагүй, тухайн өдөр нарядын хувьд хог асгах ажил байсан. Маршрутын хувьд Дулааны цахилгаан станцаас нүүрсээ аваад Ганбөмбөлөгийн цех дээр буулгаад тэндээсээ нүүрс ачаад хогийн цэг дээр буулгах байсан. Цагдаагийн байгууллагаас нүүрсийг хураан авч буцаан олгосон тул хохирол барагдсан гэсэн мэдүүлэг /хх 12-13 ху/

-Гэрч Ц.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын харуул хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхад 60-18 ОРХ дугаартай ачааны машин Ганбөмбөлөгийн цех рүү 5 удаагийн ачилт хийн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехэд хүргэнэ гэж гарсан. Тэгээд 10 цаг 25 минутанд 5 дахь удаагаа буюу сүүлийн ачилтаа хийгээд гарахад нь Ганбөмбөлөгийн цехийн цагдаагаас нүүрс хэдэн удаа буулгасан бэ? гэхэд 3 удаа гэхээр нь жолооч Ганбатад  цаад газраа 3 удаа буулгасан байна. Энэ удаагийн ачилттай нийлээд 4 болж байна гэхэд Ганбат гэдэг жолооч тийм зүйл байхгүй гэж байсан. Тэгээд Ганбөмбөлөгийн цехийн камерыг шүүлгэхэд 3 удаа буулгаад дахиж ирээгүй байна гэсэн. Тэгээд энэ талаар шалгуулахаар илтгэх хуудас бичиж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,

-Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гүйцэтгэх ажлыг нь урьд өдрийн захиалгын дагуу бичээд диспетчерт өгсөн. Ажлын даалгаврыг нь өгч диспетчер нь бензин замын хуудас зэргийг нь бэлтгэж ажилд гаргадаг. Ингэхдээ бусад цехүүдээс ирсэн захиалгын дагуу ажлын даалгавар бэлддэг. Тухайн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Ганбат нь өөрийн жолооддог Хьюндай Дамп Эйч Ди 270 маркийн 60-18 ОРХ улсын дугаартай машинаар тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас Ганбөмбөлөгийн цехэд нүүрс буулгах наряд авсан. Ажлын даалгаварт нүүрс буулгах гэж заасан байгаа. Мөн хогоо цэвэрлэх ажил гэж заасан байгаа. Ингээд 16 цаг 30 минутын орчим манай авто тээврийн байгууллагын дарга Мөнхбаатар над руу утсаар яриад танай жолооч нүүрс хулгай хийгээд хогийн жалганд буулгасан гэж цагдаагаас мэдээллээ учрыг нь ол гэсэн. Тэгээд цагдаагийн 2 дугаар постноос ярьсаны дагуу би очиход машин нь цагдаагийн постон дээр байсан ба Ганбат өөрөө тэнд байсан. Машин нь ачаагүй байсан. Ганбатын тухайн өдрийн ажлын наряд үнс буулгах ажил байсан. Маршрутын хувьд нүүрсээ буулгаад зөрүүлээд үнсийг нь ачиж хогийн цэгт буулгаад явдаг юм. Хэдэн рейс хийхийг захиалагч байгууллага шийдэх ёстой  гэсэн мэдүүлэг /хх 30-31 ху/,

-Гэрч Ж.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний бие  ганбөмбөлөгийн цехэд нярваар ажилладаг. 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр манай цехээс захиалга өгөөд авто тээврийн байгууллагаас тээврийн хэрэгсэл авдаг юм. Үүний дагуу жолооч Ганбат машинтайгаа ирээд энэ хүнд Дулааны цахилгаан станцаас нүүрс татах, ганбөмбөлөгийн цехээс үнс, бусад ахуйн хогийг асгуулах наряд өгөгдсөн. Өдөр 11 цагийн үед цагдаагаас дуудахад 1 удаагийн нүүрс буугаагүйг мэдсэн. Ер нь камераар хянадаг юм. Би өөрөө ойлгохдоо 4 удаа буусан дахиад нэг удаа буух байх гэж бодсон. Тэр үед цайны цаг болсон байсан, дахиад нэг рейс буух байх гэж бодож байсан юм. Би тухайн үед үдээс хойш ажил гарч магадгүй гэж бодоод замын хуудсыг нь хаачихсан юм. Камераар хяначих байх гэж бодоод энэ удаад юм бодоогүй  гэсэн мэдүүлэг /хх 33 ху/,

-Эрдэнэт-Үйлдвэр ХХК-ийн нүүрс түгээлтийн бичиг, тээврийн хэрэгслийн замын хуудас  /хх 7-8 ху/

           -Тольдох оюуны өгөөж ХХК-ийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн  17/276 дугаартай 675.000 төгрөг гэх дүгнэлт /хх 16-20 ху/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/

-Ч.Г-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 60-62 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Г-г  авто тээврийн байгууллагын жолоочоор ажиллаж байхдаа 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  Хьюндай дамп эйч ди-270 маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь  хулгайлж  675.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Т ...Жи ПИ Эс-ээр жолооч Ч.Г-н явсан замыг шалгаж харахаар 4 рейс болоод байгаа юм. Хогийн цэг дээр жолооч Ч.Г нүүрс ачиж очоогүй байдаг, харин Очир төв ХХК-ийн хашаа руу орсон байдаг. Энд буулгаж өөр машин хогийн цэг дээр буулгасан байж болно. Ер нь бол мөрдөн байцаалт маш дутуу хийгдсэн гэх мэдүүлэг, хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн...жолооч Ч.Г нь 4 удаагийн ачилтыг буюу 60 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехэд буулгаад 1 удаагийн буюу 15 тонн нүүрсийг хог асгах цэгт буулгаж хулгайлсан гэх мэдүүлэг, гэрч Ц.О 2017 оны 11 сарын 02-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ний Дулааны цахилгаан станцын харуулын хяналтын постонд үүрэг гүйцэтгэж байхад 60-18 ОРХ дугаартай ачааны машин Ганбөмбөлөгийн цех рүү 5 удаагийн ачилт хийн Ганбөмбөлөгийн цехэд хүргэнэ гэж гарсан.Тэгээд 10 цаг 25 минутад 5 дахь удаагаа буюу сүүлийн ачилтаа хийгээд гарахад нь Ганбөмбөлөгийн цехийн цагдаагаас танайд хэдэн удаа нүүрс буулгасан бэ гэхэд 3 удаа буулгасан гэж хэлэхээр нь Ганбатад 3 удаа буулгасан байна, энэ удаагийн ачилттай чинь нийлээд 4 болж байна гэхэд Ганбат тийм зүйл байхгүй гэсэн. Ганбөмбөлөгийн цехийн камерийг шүүлгэхэд 3 удаа буулгаад дахиж ирээгүй байна гэсэн гэх мэдүүлэг, гэрч Ж.Г...миний бие Ганбөмбөлөгийн цехэд няраваар ажилладаг. Ер нь бол бид камераар хяначихдаг. Би ойлгохдоо 4 удаа буусан, дахиад нэг удаа буух байх гэж бодсон гэх мэдүүлэг, шүүгдэгч Ч.Г...ингээд би ДЦС-аас нүүрсээ ачаад Ганбөмбөлөгийн цех дээр буулгаад Ганбөмбөлөгийн цехээс үнс ачаад хогийн цэг дээр буулгаад дахиад нүүрсээ ачиж Ганбөмбөлөгийн цех дээр буулгах маршрутаар явсан. Дунд нь 2 удаа хогийн цэг рүү очиж хог буулгасан. Тэгээд бүх рейсээ дуусчихаад үдийн цайндаа ороод 13 цагийн үед гарч ирэхэд Цагдаагийн шалган нэвтрүүлэх 2 дугаар пост дээр дуудсан. Баянжаргал ахмад та ДЦС-аас 5 удаа нүүрс ачаад 4 удаа Ганбөмбөлөгийн цех дээр буулгасан байна. Нэг рейс нүүрсээ хаана буулгасан бэ гэхэд нь бүх рейсээ ДЦС-д буулгасан хогийн цэг дээр үнс буулгасан гэдгээ хэлсэн. Хогийн цэг дээр очоод үнс буулгахаар явсан нэг рейсээ андуурч нүүрсээ хогын цэг дээр буулгаснаа мэдсэн гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Ч.Г нь  Хьюндай дамч эйч ди 270 маркийн тээврийн хэрэгслээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ний ДЦС-аас 75 тонн нүүрсийг Ганбөмбөлөгийн цехэд буулгах явцдаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Хохирогч Д.Т...Ч.Г явсан замын маршрутыг шалгахаар Г хогийн цэг дээр нүүрс буулгаагүй, тэнд очоогүй байдаг. Харин Очир төв ХХК-ний хашаа руу ороод гарсан байгаа гэсэн, гэрч Ц.О...Ганбөмбөлөгийн цехийн цагдаагаас асуухад 3 удаа нүүрс буулгасан. Энэ удаагийн ачилттай нийлээд 4 болж байна гэсэн гэх, гэрч Ж.Г...Бид камераар харчихдаг. Би ойлгохдоо 4 удаа буусан дахиад нэг буух байх гэж бодсон гэх мэдүүлгүүд зөрүүтэй, гэрч Ж.Г, Н.М, Ц.О нар нь хяналтын камераар шүүх боломжтой гэх боловч камерийн бичлэгт үзлэг хийгээгүй, тэмдэглэл хөтлөөгүй, шүүгдэгчийн явсан замын маршрутыг нарийн шалгаж тогтоогоогүй байна. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн явсан замын тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь тамга тэмдэггүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иймд шүүгдэгч Ч.Г-г 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр  Хьюндай дамп эйч ди-270 маркийн тээврийн хэрэгслээр тус үйлдвэрийн Дулааны цахилгаан станцаас 75 тн нүүрсийг Ган бөмбөлөгийн цехэд буулгах явцдаа 15 тн нүүрсийг нь хулгайлж Эрдэнэт-Үйлдвэр ХХК-д 675.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэхэд эргэлзээтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэв.

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурьдаж, Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.