Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 0066

 

                                                                  Х.Э, С.О нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй Шүүх хуралдаанд: Прокурор Б.Б Шүүгдэгч Х.Э Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Н Нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолтой Х.Э, С.О нарт холбогдох, 1825001040153 дугаартай эрүүгийн хэргийн шүүгдэгч Х.Эын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Монгол улсын иргэн,  Б овогт С-ын О,

Монгол улсын иргэн,  Б овогт Х-ын Э,

Шүүгдэгч С.О 2 удаагийн үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдэд Эрдэнэ багийн 6-10 тоотод оршин суух Б.Мын байшинд хууль бусаар нэвтэрч монетон бөгж, үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 745. 900 төгрөгийн хохирол., шүүгдэгч Х.Э 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.Отай бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 6- 10 тоотод оршин суух Б.Мын байшинд нэвтэрч үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 598.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Боржигон овгийн С-ын О, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Х-ын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д заасан заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар шүүгдэгч С.Оыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар С.От оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1.д заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Эыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 .д зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 2 жил хорих ялыг нэг дахин багасгаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар Х.Оюунбаяраас 338.000 төгрөг, шүүгдэгч Х.Эын хууль ёсны төлөөлөгч П.Нгээс 51.000 төгрөг тус тус гаргуулж Б.Мд /Эрдэнэ баг 6- 10 тоот. КА86012227/ олгох, 3 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Э давж заалдах гомдолдоо: Миний бие хулгайн гэмт хэргийн улмаас Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр нэг жилийн хорих ялыг биечлэн эдлэхээр шийтгүүлсэн. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул ялаас хуульд заасан боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү гэжээ. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Б дүгнэлтдээ: Шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 6-10 тоотод оршин суух Б.Мын байшинд эзгүйд нь цоожийг нь эвдэн орж эмэгтэй хүний монетон бөгжийг хулгайлан авч бусдад худалдсан., мөн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн орчим Х.Этай бүлэглэн Б.Мын байшингийн цоожийг эвдэн орж үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 745.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон байна. Өсвөр насны шүүгдэгч Х.Э нь 17 нас 3 сартай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх түүнд ял оногдуулахдаа өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтыг баримтлан ял оногдуулсан нь хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Шүүгдэгч Х.Э 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2.т зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж байсан ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1.д зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна. 4 Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эын гаргасан ...өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.., үйлдсэн хэрэгтээ харамсаж гэмшиж байна..., учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хорих ялаас хуульд заасан боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.,39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Эын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 2.Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэгдэх явцад шүүгдэгч Х.Эын хууль ёсны төлөөлөгч П.Н нь хохирлын 51.000 төгрөгийг хохирогч Б.Мд төлсөн болохыг дурьдсугай. 3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР

ШҮҮГЧИД Ц.ТУЯА

С.ЦЭЦЭГМАА