Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2018/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Хохирогч Б.М Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Бямбажав Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч П.Нэргүй Шүүгдэгч Х.Э,С.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Э, С.О нарт холбогдох эрүүгийн 1825001040153 дугаартай хэргийг шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,

Прокуророос, шүүгдэгч С.Оыг 2 удаагийн үргэлжилсэн үйлдэлээр 2018 оны 01 дүгээр сарын 20, 25-ны өдрүүдэд тус тус Эрдэнэ багийн 6-10 тоотод оршин суух Б.Мын байшинд хууль бусаар нэвтэрч монетон бөгж, үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 745 900 төгрөгийн хохирол, шүүгдэгч Х.Эыг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр С.Отай бүлэглэн Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 6-10 тоотод оршин суух Б.Мын байшинд нэвтэрч үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч зэрэг эд зүйл хулгайлж нийт 598 900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 12 цагийн орчим С.О нь Орхон аймаг БаянӨндөр сум Эрдэнэ багийн 6-10 тоотод оршин суух Б.Мын байшинд эзгүйд нь цоожийг нь эвдэн нэвтрэн орж эмэгтэй монетон бөгжийг авч гараад бусдад худалдсан, мөн 1 дүгээр сарын 25-ны шөнө 03 цагийн орчим Х.Эын хамт Орхон аймаг БаянӨндөр сум Эрдэнэ багийн 6-10 тоотод оршин суух Б.Мын байшингийн цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, эмэгтэй дээлнүүд, эрэгтэй монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч, гоёлын зүүлт ээмэг бөгж зэрэг эд зүйл авсан байна. Хохирлын нийт хэмжээг шинжээч 745 900 төгрөгөөр тогтоожээ. Дээрхи үйл баримт нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 20-21-р хуудас/, С.Оаас эд зүйл хураан авч Б.Мд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 56-р хуудас/, Х.Эаас эд зүйлд хураан авсан,Б.Мд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 60-61-р хуудас/ -хохирогч Б.Мын мөрдөн байцаалтад өгсөн... Тэгээд маргааш өглөө нь 08 цагт найзынхаа гэрээс гараад гэртээ ирэхэд таампарын цоож эвдээд таампарт байсан татсан хонины мах, үхрийн мах, адууны шулсан ястай мах, үхрийн хавирга хөлдүү бууз зэрэг алга болоод гэрт ороход шкафанд байсан цэнхэрийн өнгийн дан дээл 1 ширхэг, ягаан монгол цамц, загварын ногоон дээл 1 ширхэг, хавар намрын ” куртик 1 ширхэг, мөнгөн ээмэг /хос/, хугарсан монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, шигтгээтэй мөнгөн бугуйвч 1 ширхэг, хар хайрцагтай гоёлын ээмэг бөгж зүүлт, хөргөгчинд байсан 10 кг махыг зэргийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг, -Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Мын өгсөн: Манай гэрт 2 удаа орсон байсан. Ирэхэд бүх юм онгойлгож орхисон байсан. Мах бууз, ягаан цамц, мөнгөн ээмэг монетон бөгж зэргээ аваагүй. Хохирлоо барагдуулж авмаар байна. Эрэгтэй монетон бөгжийг 2008 онд хосоор нь авч байсан болно гэсэн мэдүүлэг, 3 -”Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 01 сарын 30-ны өдрийн 2018/э-0069 дугаартай: ...Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ хийт 662 900 төгрөг” гэсэн дүгнэлт, - ”Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2018 оны 04 сарын 13-ны өдрийн 2018/э0146 дугаартай: ”...Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ хийт 83000 төгрөг” гэсэн дүгнэлт, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 53 дугаартай: ...2. Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн Зураг №3-т бэхжигдсэн гутлын мөр С.Оаас хураан авсан гэх гутлын зүүн улаар үүссэн байж болно. Шинжлэгдэж буй гутлын мөрүүдийг тогтоогдоогүй гутлын мөрний сан болон эрүүлжүүлэгдсэн баривчлагдсан хүмүүсийн гутал, гутлын улны хээний санд байгаа гуталны улны хээтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт, - шүүгдэгч С.Оын яллагдагчаар өгсөн...”2018 оны 1 сарын 20-ны өдөр гэж санаж байна өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч яваад манай Эрдэнэ багийн 6- р гудамжны 10 тоотод амьдардаг эхнэрийн маань танил М гэдэг эмэгтэйгийнд орж утсаар ярих санаатай орсон чинь Мынх хүнгүй эзэнгүй хашаа нь цоожтой байхаар нь хашаагаар нь давж ороод байшингийн гадна талын хаалганы жижиг цоожийг нь татаж онгойлгоод дотогш ортол доторх хаалга нь онгорхой байсан. Тэгээд байшин руу ороод хөргөгчийг нь онгойлгож үзчихээд тавилган дээр нь байсан шар өнгөтэй жижиг хайрцагийг нь онгойлгож үзээд эмэгтэй хүний монетон бөгж байхаар нь тэр бөгжийг нь аваад гаднах хаалганы цоожийг нь буцааж зүүчихээд гараад явсан юм. Мынхаас авсан монетон бөгжөө тэр өдрөө Уртцагаанд байдаг алт мөнгөний дархан дээр 145 000 төгрөгөөр зарчихаад тэр мөнгөөрөө гэртээ идэж уух юм авсан. Үүнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 01 сарын 24-ний орой эхнэр маань айлд очиж цагаан сарын бууз хийх гээд явсан хойгуур нь би эхнэрийн дүү Мөнхцолмон найз Э нартай гэртээ 2 шил архи нэг пиво уусан юм. Тэгтэл Мөнхцолмон уусан архиндаа согтоод унтаад өгөхөөр нь би Эт нэг айл руу ороод монетон бөгж авсан тухайгаа хэлээд тэл айлд дахиад монетон ээмэг бөгж байсан би тэрийг нь аваагүй ш дээ гэсэн чинь Э “дүүд нь мөнгө төгрөг хэрэгтэй байна. Тэр айл руу чинь одоо ороод тэрийг нь авъя” гэхээр нь за за тэгвэл тэгье гэж хэлээд 6-10 тоотод амьдардаг. Мын гэт хүн байгаа эсэхийг үзээд тэднийд хүн байхгүй цоожтой байхаар нь Э бид хоёр шөнийн 3 цагийн үед Мын хашаагаар давж ороод байшингын хаалганы цоожийг эвдэн хулгай хийсэн юм. Би байшинд ороод хөрөгөч дотор байсан мах, 2 ширхэг шармал ээмэг, 1 ширхэг мөнгөн ээмэг, 1 ширхэг мөнгөн кулон, ууттай бууз, үхрийн ястай ойролцоогоор 4-5 кг мах авсан. Харин Э хувцасны шкафнаас эмэгтэй хүний 3 ширхэг дээл, эмэгтэй хүний гоёлын зүүлт, ээмэг бөгж зэрэг эд зүйлс аваад манайд орсон юм. Би гэртээ ороод авсан юмаа амбаартаа нуугаад Э бид хоёр хулгайлсан буузаа тэр өдрөө жигнэж идчихээд унтсан юм. Өглөө намайг сэрэхэд Э дээл болон эмэгтэй хүний гоёлын зүүлт зэргийг аваад явчихсан байсан”гэх мэдүүлэг, шүүгдэгч Х.Эын яллагдагчаар өгсөн.... “О ахынх руу явж байх замд О ах би энэ хажуу айлындаа урд өмнө орж байсан эднийд 2-3 алтан 4 аяга, ээмэг бөгж гинж байдаг өнөөдөр орой энэ айл руу орж тэр зүйлүүдийг нь авах уу гэхээр нь би дэмий юм биш үү гэсэн чинь зүгээрээ ах нь баригдахгүй гэхээр нь би за за гээд зөвшөөрсөн. Тэгээд шөнийн 2 цагийн үед О ах бид хоёр бахь аваад О ахын хажуу талын байшингийн гаднах цоожийг нь эвдээд дотогш орсон. Бид хоёр тэр айл руу ороод том өрөөнд байсан саарал шкафнаас нь дээл, цамц, куртик, эмэгтэй хүний савтай ээмэг зүүлт, мөн аягны ком зэрэг эд зүйл авсан. Мөн О ах тэр айлын хөргөгчийг онгойлгон ууттай мах, үүдний өрөөний төмөр савнаас мөн мах бууз зэрэг эд зүйлс аваад бид хоёр О ахын гэрт нь орсон. Тэгээд бид хоёр хулгайлж авсан буузаа тэр шөнө нь жигнэж идсэн. Маргааш өдөр нь би О ахынхаас шөнө хулгайлж авсан дээл, саарал өнгийн куртик, ногоон өнгийн хантааз, зэргийг гэр рүүгээ авч явсан. Бусад эд зүйлийг нь О ах аваад үлдсэн” гэх мэдүүлэг, -гэрч Г.Отгонцэцэгийн өгсөн “ 2018 оны 1 сарын сүүлчээр цагаан сар болохоос өмнө би найз Батчимэгийнд очиж цагаан сарын бууз хийхээр очиж буузаа хийгээд тэндээ хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь гэртээ ирэхэд манай үүдний амбаарт боодолтой махнууд байсан. Бас гялгар ууттай хувцас байхаар нь Эаас юун мах хувцас вэ хаанаас авчирсан юм бэ гэсэн чинь манай найз хөдөөнөөс ирсэн юм гэж хэлээд наад махаа хэрэглэж болно шүү гэж хэлсэн юм. Тэгээд тэр махаар нь хоол унд хийж идсэн юм. Э манайхаас явахдаа хувцаснуудыг торонд хийгээд аваад явсан юм.Тэгээд сүүлд сонсоход Э О нар нь хажуу айлын ганц бие эмэгтэйгийн гэр рүү орж хулгай хийсэн юм байна лээ”гэх мэдүүлэг, -гэрч П.Нэргүйгийн өгсөн “2018 оны 01 сарын сүүлээр гадуур хоноод ирэхдээ 3 ширхэг хувцас аваад ирэхээр нь наадах чинь юун хувцас вэ ? яах гэж байгаа юм бэ гэж асуусан чинь миний таньдаг хүүхдийн хувцас байгаа юм буцааж өгнө гэж хэлсэн. Саяхан Э цагдаад баригдсан юм...Өөрөөс нь асуухаар Мөнхцолмонгийн хүргэн ах Отай хамт хулгай хийсэн гэж хэлээд байгаа юм” гэх мэдүүлэг, -гэрч Мөнхцолмонгийн өгсөн....”2018 оны 1 сард хотоос ирээд Оын гэрт байхад Э ирсэн юм. Тэгээд О ах Э бид 3 миний гар утсыг дэлгүүрт 2 шил архинд тавиад бид 3 уусан юм. Тэгээд би архи ууж байгаад тасраад унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь босоход боодолтой махнууд, бууз, ууттай хувцас зэрэг байхаар нь энэ хэнийх юм бэ гэсэн чинь О ах хэнийх ч биш гэж тодорхой бус хариулт өгсөн юм. Би тэгээд л О ахын гэрээс явсан юм.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О: Гэм буруугаа хүлээж байна. Мынд 2 удаа орсон. Эхлээд би орохдоо монетон бөгж авсан. Дараа нь Этай орж мах бууз, дээлнүүд, эмэгтэй хүний гоёлын эд зүйл авсан. Мах буузыг идсэн” гэж, шүүгдэгч Х.Э: Гэм буруугаа хүлээж байна. Найзтайгаа уулзаж яваад ийм юм болсон. Архи хэрэглэсэн үедээ хулгай хийсэн. Хохирлыг төлнө” гэж тус тус мэдүүлсэн. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ 5 хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Эдгээр нотлох баримтуудаар, С.О нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ганцаараа, 01 дүгээр сарын 25-ны өдөр Х.Этай бүлэглэн Эрдэнэ багийн 6- 10 тоотод Б.Мын байшинд хууль бусаар нэвтрэн орж монетон хос бөгж, үхрийн мах, адууны мах, хонины мах, бууз, дээл, монетон бөгж, мөнгөн ээмэг, бөгж, кулон, бугуйвч, гоёлын зүүлт зэрэг эд зүйлийг нууцаар хууль бусаар авч нийт 745 900 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон, хэргийн талаар нотолбол зохих байдлууд шалгагдаж тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна. Шүүгдэгч С.О, Х.Э нарын энэ үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан, нийгэмд аюултай, үйлдэл, санаа зорилгоороо нэгдэж хийсэн үйлдэл байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...”бол хулгайлах гэмт хэрэгт тооцно. Харин мөн зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар “хүн байнга амьдрах,үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлсан бол хүндрүүлэн үзэж “хүнд” ангилалын гэмт хэрэгт тооцохоор заасан байна. Шүүгдэгч С.О, Х.Э нарын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн бөгөөд, шүүгдэгч нарын хэрэг хариуцах чадварын талаар эргэлзээтэй баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна. Шүүгдэгч Х.Э 2000 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн болох нь хэргийн 75-76 дугаар хуудаст авагдсан төрсөний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба хэрэг үйлдэх үедээ 17 нас 3 сартай байсан тул Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ”Гэмт хэрэг үйлдэх үедээ арван зургаан насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн заалтын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байна. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.О, Х.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 75-78, 82-100, 103- 104-р 127-134-р хуудас/ зэргийг шинжлэн судлаж, гэм буруугаа хүлээсэн байдал, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг нөхөн төлөгдсөн байдал болон шүүгдэгчийн 6 хувийн байдал зэргийг харгалзан үзэв. Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагыг тэнсэх, чөлөөлөх хуулийн үндэслэлгүй байна. Харин хэргийг бүлэглэж үйлдснийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх үндэслэлээр харгалзан үзлээ. Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байдалтай байсан болох нь тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгч Х.Эт оногдуулах эрүүгийн хариуцлагын тухайд гаргасан саналдаа “шүүгдэгч Х.Эт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 8 дугаар бүлэгт хэрэглэхгүй байж болно, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад хэргийн ангилал хамаарахгүй, 8.1 дүгээр зүйлийн 4 дэх заалт эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дахь заалтыг баримталж шийдвэрлэнэ үү” гэж тайлбарласан нь үндэслэл муутай байна. Эрүүгийн хуулийн Наймдугаар бүлэг. Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэсэн бүлэгт зөвхөн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах үндэслэлийг заасан ба 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэсэн заалтад “хүнд ангилалд багтах гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд заавал ял оногдуулна” гэсэн агуулга шууд тусгагдсан байгаа тул “энэ заалт эргэлзээтэй” гэсэн өмгөөлөгчийн санал үндэслэлгүй. Мөн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь заалтад өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх ерөнхий үндэслэлийг зохицуулсан тул “энэ заалтад хэргийн ангилал хамаарахгүй” гэсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй боловч, зөвхөн “...ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэсэн хэсгийг нь тусд нь салган авч тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 8 дугаар бүлэгт хэрэглэхгүй байж болно. Эрүүгийн хуулийн 8.2 дугаар зүйлд заасан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой” гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэл муутай байна. Эрүүгийн хуулийн Зургадугаар бүлэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, чөлөөлөх ерөнхий үндэслэл журмыг зохицуулсан бол Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх 8-р бүлэгт 6.1-р зүйлд зааснаас гадна, зөвхөн өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын онцлог, үндэслэлүүдийг зохицуулсан тул өсвөр насны хүнд 6 7 болон 8 дугаар бүлгийн зохицуулалтыг аль алиныг нь баримталж, журамлан эрүүгийн хариуцлага оногдуулах юм. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримтлах ерөнхий үндэслэлүүд өсвөр насны хүнд ял оногдуулахад хамаарахгүй гэж ойлгох нь хуулийн системчлэл, харилцан хамаарлыг үгүйсгэж, хууль ёсны зарчмыг зөрчих болно. Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч С.Оаас 216 000 төгрөгний эд зүйл хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тухай /хх-ийн 56-р хуудас/, шүүгдэгч Х.Э хохиролд 140 000 төгрөг шилжүүлсэн тухай баримт, хохирогчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр хохирлын зарим хэсэг төлөгдсөн болох нь нотлогдсон. Шүүгдэгч Х.Э өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын дийлэнх хэсгийг барагдуулсан тул Х.Эаас 51,000 төгрөг,С.Оаас 338,000 төгрөг гаргуулан хохирогчид олгуулахаар заалаа. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “эрэгтэй монетон бөгж байсан эсэхийг тогтоогоогүй” гэж мэтгэлцсэн ч хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Б овгийн Сын О, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Хын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.От оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Х.Эыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэг дахин багасгаж эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй. 8

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О, Х.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Х.Оаас 338 000 төгрөг, шүүгдэгч Х.Эын хууль ёсны төлөөлөгч П.Нэргүйгээс 51,000 төгрөг тус тус гаргуулж Б.Мд /Эрдэнэ баг 6-10 тоот. КА86012227/ олгосугай.

 8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч,хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ