| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 170/2018/0013/Э |
| Дугаар | 2017/ДШМ/29 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2017/ДШМ/29
Я.Батзаяа нарт холбогдох хэргийн талаар
Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгорсүрэн Прокурор Б.Төрболд Яллагдагч Я.Батзаяа Д.Ганхуяг Д.Бямбадорж Яллагдагч Я.Батзаяагийн өмгөөлөгч В.Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан улсын яллагч Б.Төрболдын эсэргүүцлээр Я.Батзаяа нарт холбогдох 201713000054 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Яллагдагч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд 1969 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багт оршин суух, урьд Завхан аймгийн шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Номхон Булган овгийн Дашваагийн Ганхуяг
2. Яллагдагч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу сумд 1987 оны 09 дүгээр сарын 05- ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтан багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Гарьд овгийн Дашдоржийн Бямбадорж
3. Яллагдагч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сумд 1976 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртбулаг баг 5- р хороолол 24 дүгээр байрны 14 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Сартуул овгийн Ягааны Батзаяа
Яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчны хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр “пельд” нэртэй загас агнаж худалдсан, Яллагдагч Я.Батзаяа нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчны хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр агнасан 43.330.000 төгрөгийн үнэ бүхий 3095 ширхэг пельд загасыг худалдан авч, Орхон аймгийн БаянӨндөр сум хүртэл тээвэрлэж яллагдагч нар нь “Хууль бусаар ан агнасан” гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. Анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 -д заасныг баримтлан яллагдагч Я.Батзаяа, Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарт холбогдох 201713000054 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Завхан аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорын газарт очтол яллагдагч Я.Батзаяа, Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг загас агнах зориулалттай торыг хэргийн хамт прокурорт шилжүүлж,Прокурор энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Шүүгчийн захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 17 цаг 20 минутанд хүлээн авлаа. Яллагдагч Номхон Булган овогтой Дашваагийн Ганхуяг, Гарьд овогтой Дашдоржийн Бямбадорж нар нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчины хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр пельд нэртэй загас агнаж, худалдсан. -Яллагдагч Сартуул овогт Ягааны Батзаяа нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчны хар нуур”- аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр агнасан 43.330.000 төгрөгийн үнэ бүхий 3095 ширхэг пельд загасыг худалдан авч, Орхон аймгийн Баян-Өндөр сум хүртэл тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн. 1. Шүүгч З.Нандинцэцэг нь “...Я.Батзаяа, Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарт холбогдох 201713000054 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан Д.Бямбадорж, Д.Ганхуяг нарын үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн нотлоогүй байдал тогтоогдлоо...” гэжээ. Дээрх хэргийн хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтаар гэмт хэргийн улмаас “Хүрээлэн байгаа орчин буюу Амьтны аймаг”-т 43.330.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар нь 2017 оны 06 сард буюу дээрх тусгай хамгаалалттай газраас агнасан гэх загасыг худалдан авсан Я.Батзаяа нь 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд тээвэрлэж яваад эрх бүхий албан тушаалтан илрүүлж шалгасан, хураан авсан болох нь хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон. Дээрх цаг хугацаанд 2002 оны Монгол улсын Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд тус хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гээд 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.2 дахь хэсэгт “Энэ хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, нэн ховор ан амьтан агнасан, барьсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна. Тус хуульд зааснаар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, эсхүл ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, мөн тэдгээрийн түүхий эд зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /240.000/-г тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний буюу 12.240.000-36.000.000 төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай байжээ. Хэдийгээр яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар нь хэдэн ширхэг загас барьсныг тогтоох боломжгүй хэдий ч хуульд зааснаар бол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнаад түүнийгээ худалдсан тохиолдолд хууль зааснаар хэдэн төгрөгийн хохирол учруулсан нь хамааралгүйгээр дээрх хуульд зааснаар ял шийтгүүлэхээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар нь Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан үйлдэл нь тус хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар заавал “үлэмж” хэмжээний хохирол учирсан байхыг шаардахгүй байхад шүүгч хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, шаардлагагүй ажиллагааг тогтоолгохоор прокурорт буцаасан гэж үзэж байна. Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тоот тогтоолоор Пельд загасны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо нэг ширхэг загасыг 14.000/ арван дөрвөн мянган төгрөг/ гэж тогтоосон. Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгт ямарваа нэг амьтан хэдэн килограмм жинтэй болох эсэхээс үл хамаараад түүний амь, бодгалийн тоо хэмжээгээр явдаг тул хууль тогтоогчид тоо толгойгоор нь хохирлын хэмжээг тогтоожээ. Яллагдагч нарын 2 эсхүл 3 шуудайнд хэдэн ширхэг загас байсан талаар тогтоох боломжгүй юм. Учир нь дээрх загаснуудыг Орхон аймгийн Баян-Өндөр суманд хурааж аваад хөлдөөгчид хийж хадгалсан. Загасыг хөлдөөх, эргэн гэсгээх зэрэгт тухайн амьтны амьдын жин өөрчлөгдөх бөгөөд мөн ямарваа нэг туршилт хийж загас бариад шуудайнд хийгээд тоолно, хэмжинэ гэвэл тэр нь өөрөө хууль бус, арга хэрэгсэл, хуульд заасан журам зөрчсөн нотлох баримт болох тул амьд бодгалийн буюу хураагдсан загасны нийт тоогоор хохирлын хэмжээ тооцох нь зүйтэй байна. Иймд хэргийг хянаж үзээд Д.Бямбадорж, Д.Ганхуяг нарт холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 5/41, 5/40 дугаартай прокурорын тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хэдийгээр дээрх хэрэг нь 2017 оны 06 сард 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байхад үйлдэгдсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар Д.Бямбадорж, Д.Ганхуяг нарын үйлдлийг зүйлчлэх ёстой боловч 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй”-ыг удирдлага болгон яллагдагч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн юм. 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт хорих ялын доод хэмжээг тогтоогоогүй боловч тус хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт ”... хорих ялын үндсэн хугацаа нэгээс 15 жил хүртэл байна” гэснээр ойлгох нь зүйтэй. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нь хорих ялын доод хэмжээ нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасантай адил 1 жил боловч торгуулийн ялын хэмжээ 5.400.000-27.000.000 төгрөг байгаа нь яллагдагч нарт ашигтай байна. Мөн нөгөө талаас 2015 оны Эрүүгийн хуульд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэгт хохирлын хэмжээг заагаагүй бөгөөд хэдэн ширхэг загас агнасан, барьсан, худалдсан, тээвэрлэсэн нь төдийлөн ач холбогдолтой бус, улсын тусгай хамгаалалттай газар нутагт л загас барьсан, агнасан, тэдгээрийг болон түүхий эдийг нь тээвэрлэсэн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхээр байх тул хуучин хуулийн зохицуулалтаар үлэмж хэмжээнд хүрээгүй загас агнаагүй, бариагүй этгээдүүдэд ял завшуулдаг байдлыг халсан байна. Хууль бусаар ан агнах гэмт хэргийн онцлог шинж нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Амьтны тухай хууль бусад олон салбар хуулиуд эрх зүйн акт, дүрэм, журам, Улсын их хурал болон Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн, байгаль экологид хор уршигтай хэрэг юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар нь “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх журмыг зөрчиж, прокуророос хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол шаардахгүй зүйл, хэсэг, заалт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хууль бусаар ан агнах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагч нарт эрүүгийн хариуцлага тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн байхад уг хэргийн хүрээнээс хальж, тухайн зүйл, хэсэг, заалтанд байхгүй, хохирлыг нотлох үүргийг хүлээлгэсэн нь буруу байна. 2. Яллагдагч Я.Батзаяагийн загас худалдан авсан, тээвэрлэсэн гэх үйлдэлтэй холбогдуулан гэрчээр Э.Баянмөнх, Т.Баттулга нарыг асуухдаа Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийг бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдал бол яллагдагч Я.Батзаяа нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд орших Улсын тусгай хамгаалалттай “Улаагчины хар нуур”-аас 2017 оны 06 дугаар сард зохих зөвшөөрөлгүйгээр агнасан 43.330.000 төгрөгийн үнэ бүхий 3095 ширхэг пельд загасыг худалдан авч, Орхон аймгийн Баян-Өндөр сум хүртэл тээвэрлэж явсан бөгөөд дээрх загаснуудыг тээвэрлэж явсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, загаснуудыг эрх бүхий ажилтнууд тоолсон, устгасан тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдсон. Хойшлуулшгүй ажиллагааны явцад дээрх загаснуудыг хураан авч, мэдүүлэг авахад хэнээс авсан болох, хаанаас авсан болохоо заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байх бөгөөд Я.Батзаяа нь Гогоо, Бабий гэгчээс худалдаж авсан, тэгээд Орхон аймагт авчирсан гэдэг бөгөөд дээрх Гогоо, Бабий буюу Д.Ганхуяг, Д.Бямбадорж нар нь агнасан загасаа зарсан болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд үүнээс хэргийн нөхцөл байдал харилцан зөрүүгүй, эргэлзээгүй байна. Хэргийн мөрдөн байцаалтын үед мөрдөгч нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрч Баянмөнхийг асуухдаа “Та 2017 оны 06 дугаар сарын эхээр Я.Батзаяатай хамт Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх Улаагчны хар нуураас загас барьж тээвэрлэсэн зүйл байна уу, энэ талаар тодорхой ярина уу” гэж, 2017 оны 09 дүгээр сарын 14- ний өдөр гэрч Д.Баттулгыг асуухдаа “Танай эхнэр Я.Батзаяа 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх Улаагчны хар нуураас зохих зөвшөөрөлгүй их хэмжээний загасыг хууль бусаар агнан Орхон аймагт авчирсан, энэ хэргийн талаар мэдэх зүйлээ ярина уу” гэж асуусан байгаа нь хэрэгт авагдсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7, 13 дахь хэсэгт заасан зөрчил байж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шүүх прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг харгалзан нотлох баримтад тооцохгүй байх эрхтэй. Гэвч шүүх энэ эрхээ ашигласангүй, хэрэглэсэнгүй, мөн нөгөө талаар прокурорт санал гаргах дээрх эрхийг хэрэгжүүлэх боломжийг олгосонгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, дараахь шийдвэр гаргана” гээд гаргах шийдвэрт: 2.1.санал, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах; 2.2.бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх; 2.3.тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нь нотлох баримтаар тооцохгүй байх” гээд мөн хуулийн 16.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтад үндэслэн цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэнэ” гэж өргөн эрхийг олгожээ. Хэрэгт яллагдагч Я.Батзаяатай цуг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумаас Орхон аймгийн Баян-Өндөр сум хүртэл цуг явсан жолооч Э.Баянмөнх, Я.Батзаяагийн нөхөр Д.Баттулга нарыг гэрчээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод харшилж байна гэж үзэхгүй байна. Мөн нөгөө талаас Э.Баянмөнх, Д.Баттулга нар нь дээрх мэдүүлэг өгсөнтэй холбоотойгоор гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд мэдүүлгээс холбогдох хууль зөрчсөн хэсгийг хүчингүй болгуулах талаар прокурорын санал өгөх боломжийг хангаагүй тул захирамжийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Нандинцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 201713000054 дугаартай хэргийг прокурорт буцаасан 130 дугаартай захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн хэсгийн 1.3-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлүүд байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон Прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд эсэргүүцэл бичсэн прокурорыг оролцуулж өгнө үү гэжээ. Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээрх гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа 2017 оны 06 дугаар сард байгаа. Хуучин 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг, хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн санкцтай байхад, 2015 оны Эрүүгийн хуулийн 24 зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу ял сонгож яллагдагчаар татсан байна. Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэсний дагуу яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Гэтэл шүүх хохиролыг шүүгдэгч бүрээр тогтоож ирүүлээгүй байна гээд шүүхээс буцаасан байдаг. Энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн 24 дүгээр 5.1 хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгүүд нь хохирол учирсан байхыг шаардсан байдаг. Ийм учраас Д.Бямбадорж, Д.Ганхуяг нарын загас агнасан загас бариад байгаа үйлдэл нь загас агнаж байж үйлдэл болно гэсэн үг биш, Улсын тусгай хамгаалалтай газар нутгаас загас агнаж байгаа үйлдэл нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжтэй байна. Мөн хууль зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан гэж байна. Үүнд тайлбар хийхэд: Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд ...хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор хэргийг бүх талаас нь хянан шалгаж хэргийн бодит байдлыг тогтооно гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд тухайн загас тээвэрлэж явсан этгээдийг саатуулаад хэдэн ширхэг загас байгааг шалгаж үзэхэд 3095 ширхэг буюу 43.300.000 /дөчин гурван сая гурван зуун мянга / төгрөгний үнэ бүхий загас тээвэрлэж явсан. Тэгээд тухайн загасыг хаанаас авсаныг асуухад Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт байх Улаагчний хар нуураас Обо, Д.Бямбадорж гэсэн хүмүүсээс худалдаж авсан гэдгээ хэлсэн байдаг. Тэгээд шалгахад тэр 2 нийлээд 03-04 шуудай загас барьсан гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл энэ мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй загас худалдан авч, тээвэрлэж явсан хүн загас барьсан гэх хүмүүсийн мэдүүлэг таарч байна. Тухайн загасыг тээвэрлэж явсан жолоочоос та загас тээвэрлэж байгаас гадна загас агнасан уу гэж асуухад үгүй гэж хэлж байсан. Энэ ганцхан загас тээвэрлэж явсан жолоочоос асууж мэдүүлэг авсан юм биш, энэ нь зайлшгүй хийгдэх шаардлагатай ажиллагаа байсан. Хэргийг шүүж байгаа шүүгчээс яагаад энэ асуудлыг ингэж үзээд байгаа талаараа санал хүсэлт гаргаагүй. Хэргийг нотлох баримтын шаардлага хангаагүй гэж буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 хэсэгт дараахь тохиолдолд өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж байна. Миний хувьд ямар нэг байдлаар прокурорын санал гаргасан зүйл байхгүй, хэргийн оролцогч нараас миний эрхийг ямар нэг байдлаар зөрчсөн гэсэн хүсэлт гаргаагүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцлийг бичсэн юм гэв. Яллагдагч Я.Батзаяагийн өмгөөлөгч В.Содномцэрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд прокурорын бичсэн эсэргүүцэлтэй танилцсан. Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэл муутай эсэргүүцэл байна гэж үзэж байна. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн захирамж гэж үзэж байна. Учир нь: Я.Батзаяа нарт холбогдох эрүүгийн хэрэгт хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай. Тухайн хохирлын хэмжээг тогтоосноор хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн хэн нь ямар хэмжээний хохирол учруулсан, тухайн хохирлыг яаж төлөх вэ гэдэг асуудал яригдах ёстой байсан гэж үзэж байна. Энэ хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг дууссаны дараа Я.Батзаяа гэж хүний хүсэлтээр өмгөөлөгчөөр оролцоод хэргийн материалтай танилцахад шинжээчийн гаргасан /хавтаст хэргийн 79 хуудсанд 43.000.000 дөчин гурван сая/ төгрөгийн экологи эдийн засгийн гаргасан үнэлгээ бий, Шинжээч нь 2011 оны 01 дугаар сарын 25-ны өдөр гарсан Засгийн газрын тогтоолыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байсан. Гэтэл 2011 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон Засгийн газрын тогтоол, шинжээчийн гаргасан дүгнэлт зөрүүтэй. Миний хувьд алийг нь баримтлахыг мэдэхгүй байна. 14000 төгрөг байхаар тогтоосон байсан. Гэтэл Засгийн газрын тогтоолоор 14 төгрөг байхаар тогтоосон байхад шинжээч 14000 төгрөг байхаар тогтоосон байсан. Хэрвээ 0 тавьсан бол 14000 төгрөг үнэн байна гэж хэлэхээр байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үнэлгээгээр харахаар 2 өөр байна тэгэхээр би нэг пельд загасны үнэ 14 төгрөг байхаар байна гэж харж байна. Гэтэл шинжээч нэг ширхэг загасыг 14000 төгрөг байхаар тогтоосон ийм үнэлгээ байх боломжгүй гэж үзэж байна. Тухайн хэргийг гэмт хэрэг гэж үзвэл 2016 оны 06 сарын эхний асуудал яригдна. Тэгэхээр өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зүйлчлээд явж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хууль гараагүй хэрэгжээгүй байх үед хуучин гаргасан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдлаар авч үзэж байна гэж ойлгож байна. Нэгэнт энэ хүмүүсийн холбогдсон хэргийг үйлдэгдсэн үед хуучин Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлд заасан Ан агнуурын тухай хууль тогтоомж хүчингүй болоод Амьтны аймгийн тухай хууль гарч мөрдөгдөж эхэлсэн байна. Энэ хуулийг хэрэгжих явцад яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байна гэж үзэх боломж байхгүй байна. Хуучин хуульд заасан хэм хэмжээгээр тухайн асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Тийм учраас прокурорын гаргасан эсэргүүцэлтэй холбогдуулан ийм тайлбарыг хийж байна. “Пельд” гэдэг загас бол нэн ховор загас биш гэдэг хавтаст хэрэгт авагдсан Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор тогтоож байна. Шинэ хуулиар зүйлчилж байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Шинжээчийн гаргасан дүгнэлтийн 3 дахь хэсэгт загас үржүүлгийн үед Я.Батзаяаг загас барьсан, агнасан байх магадлалтай талаар дүгнэлт гаргасан. Хавтаст хэргийн материалд Я.Батзаяаг загас барьсан агнасан талаар ямар ч баримт байхгүй энэ тухай яригдахгүй тэгэхээр дүгнэлт хийсэн шинжээч дүгнэлт хийсэн. Мөн шинжээч өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн дүгнэлт гаргасан. Яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хөтөлсөн асуулт тавьсан байна. Энэ нь тухайн хавтаст хэргийн материалд нотлох баримтын хэмжээнд байгаа гэж үзэж байна. Ийм учраас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 130 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарын загас хууль бусаар агнасны улмаас яллагдагч тус бүрт ямар хэмжээний хохирол учруулсан, мөн яллагдагч Я.Батзаяагийн хууль бусаар загас худалдан авч тээвэрлэсний улмаас Улсын тусгай хамгаалалттай газар буюу Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Хар нуурт ямар хэмжээний хохирол учирсан болохыг мөрдөн байцаалтаар тогтоож ирүүлээгүй байна. Мөн хэрэгт Э.Баянмөнх Т.Баттулга нарыг гэрчээр асуухдаа Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасан “...мэдүүлэг авах үед хөтөлж, эсхүл тулгаж асуулт тавихыг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна. Дээрх шүүгчийн захирамжид заасан ажиллагаанаас гадна хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудсанд Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 01 тоот шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа мөрдөн байцаагчийн асуултад тавигдаагүй асуултанд хариулж яллагдагч Я.Батзаяаг хориглосон газар загас агнасан нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн байна. Мөрдөгч л эдгээр яллагдагч нарын хэн нь хууль бусаар загас барьсан, худалдсан тээвэрлэснийг тогтоох ёстой болохоос шинжээч хөндлөнгөөс тэр яллагдагч нь тэр үйлдэлд гэм буруутай гэж дүгнэх, үнэлэлт хийх нь хууль зүйн буруу юм. Энэ шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн байгаа учраас дахин гаргуулах шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 130 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Төрболдын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Яллагдагч Я.Батзаяа, Д.Ганхуяг, Д.Бямбадорж нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцлийг магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлсэнээс хойш 30 хоногийн дотор Хяналтын шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ