Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2021/0026

 

2021 01 12 128/ШШ2021/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э****" ХХК /РД:*********/

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-0** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/26-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, Эй **** ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /дугаар 000****, Зөвшөөрлийн дугаар **/201*/-ний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгах[1].

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б**, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/34* дүгээр Захирамжаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт конторын зориулалттай 549 м.кв газрыг Э**** ХХК-д эзэмшүүлэх шийдвэр гаргасан юм.

Манай компани өөрийн эзэмшлийн газар дээр шинэ конторын барилга барих

зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар МЗХ2018\26-0* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулан, түүнийг үндэслэн төрийн холбогдох эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлийг авч, зураг төслөө боловсруулан хянуулж 9 давхар барилгын ажлыг эхлүүлсэн. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 2 дахь заалтад Барилга байгууламжийн нэр зориулалт, хүчин чадал гэдэгт Конторын барилга, 4 дэх заалтад Барилгын төрөл, давхрын тоо гэдэгт Тухайлсан зураг төсөлтэй, 9 давхар барилга байна гэж Улаанбаатар хотын ерөнхий архитектор өөрөө баталж барилга барих зөвшөөрөл олгосон билээ.

Манай компани барилгын ажлаа 2019 онд эхлүүлэн одоо 6 дугаар давхрын цутгалтын ажлыг хийж байгаа бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 09\2** тоот албан бичгээр Тус газраас танай компанид олгосон 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 28 дугаар хурлаар хэлэлцэж хүчингүй болгосон тул 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор Хуулийн хэлтэст хүргүүлж, кодификац хийлгэнэ үү гэсэн албан тоот ирүүлсэн. Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 03/14** тоот албан бичигт 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЕХ2018/26-** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дүгээр хэсэгт Орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл болно гэж зааснаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох асуудлаар сонгох ажиллагаа хийх болсныг мэдэгдэж улмаар Зөрчлийн хэрэг үүсгэсэн боловч Мэргэжлийн хяналтын газар. Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон.

Манай компани хуулийн хүрээнд архитектур төлөвлөлтийн даалгавар, эх загвар зургийг батлуулж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч барилгын ажлыг хэвийн явуулж байхад Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 09/17** тоот албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хурлын 28 тоот шийдвэрээр 2018 оны архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчлөх шийдвэр гаргасан гээд шинэ архитектур төлөвлөлтийн даалгавар өгсөн бөгөөд тэр архитектур төлөвлөлтийн даалгаврыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Манай компанийн зүгээс Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 28 дугаар хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг авах хүсэлтээ Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тавьсан боловч бидэнд өгөөгүй бөгөөд хурлын шийдвэр нь шинэ архитектур төлөвлөлтийн даалгавар хэлбэрээр гарсан гэж бидэнд архитектур төлөвлөлтийн шинэ даалгавар өгсөн.

Нэхэмжлэгч компани 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Ерөнхий Архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар МЗХ2018/26-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, 9 давхар барилгын ажил эхлүүлсэн ба одоо 7 дугаар давхрын цутгалт хийж байна.

Гэтэл 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр баталсан ГБМЗХ20**/17-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн шинэ даалгавраар манай компанийн 9 давхар барилгыг 17 метр /ойролцоогоор 5 давхар орчим/-ээс хэтрүүлэхгүй төлөвлөхөөр өндрийн хэмжээг өөрчилсөн нь бидний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул энэ хууль бус захиргааны шийдвэр ГБМЗХ2020/17-0**4 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү.

... Манай компани дээрх заалтын Орчны барилга байгууламж, зам, талбай зэргийн хийц, бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах гэсэн заалт шаардлагыг хангасан загвар зураг төслөө Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээр хянуулсан бөгөөд хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газар өөрөө манай загвар зураг төслийг хуулийн шаардлага хангаж байна гэж үзэн баталж, улмаар барилгын ажлын зөвшөөрөл өгсөн болно.

Дээр дурдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх онцгой нөхцөлд заасан орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд зус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн зохицуулалт ямар ч хуульд байдаггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэсэн заалтыг зөрчиж манай хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хязгаарласан заалт оруулсан тул энэ заалт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар оршин суугчидтай зөвшилцөөгүй гэсэн үндэслэлээр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага: Э*** ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ дугаар 0004***, Зөвшөөрлийн дугаар 40**\20**-г авч өөрийн компанийн конторын 9 давхар барилгын ажлыг явуулж байгаа бөгөөд зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дуусахаар байсан бөгөөд бид барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт 20/** тоот албан бичгээр гаргасан боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа тул Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгаж өгөхгүй байгаа Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүй нь манай компанийн барилгын барилгын ажлаа хийж гүйцэтгэх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байх тул Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-ний хугацааг сунгаж өгөхийг хариуцагчид даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Нийслэлийн хот, төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018\26-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох,

Дээр дурдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх онцгой нөхцөлд заасан орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн зохицуулалт ямар ч хуульд байдаггүй ба Захиргааны

ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 60 дугаар зүйлийн 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохтой байх гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж зааснаар дээрх заалт нь эрх зүйн үйлчлэлгүйг бодож байтал 2020 оны 6 дугаар сарын 22 өдөр Хот байгуулалт, хөгжлийн газраас 2018 онд олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчилсөн хууль зүйн үндэслэлээ дээр дурдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх онцгой нөхцөлд заасан орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн заалтын дагуу танайд 2018 онд олгосон Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж байна гэж тайлбарласнаар энэ заалт үйлчилж байна гэж анх мэдсэн юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4. хэсэгт дээрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илч хууль бус болохыг

тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж зааснаар манай компани Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргад хандаж илт хууль бус актыг үндэслэж манай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж болохгүй гэсэн гомдол гаргасан боловч хүлээн авалгүй манайд анх олгосон Архитектур төлөвлөлтийн даалгавраа өөрчилсөн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна гэж заасныг үндэслэн дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулсан болно.

Архитектур төлөвлөлтийн даалгаврыг дээр дурдсан үндэслэлээр хүчингүй болгох, өөрчлөх ямар ч хуулийн зүйл, заалт, зохицуулалт байхгүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага гэсэн 60 дугаар зүйлийн 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх гэж заасан тул ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар: Нэхэмжлэгчийн хувьд нэгдүгээрт, архитектур төлөвлөлтийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр олгосон архитектур төлөвлөлтийн 9 дэх заалтаас иргэн, хуулийн этгээдтэй зөвшилцөх, зөвшилцөөгүй бол архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах гэсэн заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох, гуравдугаарт, барилгын ажлын зөвшөөрлийг сунгахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

... Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас 2018 онд баталж өгсөн 9 давхар өндөртэй барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хууль зүйн үндэслэлгүй өөрчлөн барилгын өндрийн хэмжээг 17 метрээс хэтрүүлэхгүй төлөвлөхөөр ГБМЗХ2020/17-*** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан нь Нэгдүгээрт, Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2. дахь заалт, 23, 35 дугаар зүйлийг зөрчсөн, хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсгийн заалтуудыг зөрчсөн хууль зүйн үндэслэлгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл Захиргааны үйл ажиллагааны зарчим-ийн 4.2.1-д Хуульд үндэслэх гэж зааснаар аливаа захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх ёстойг хуульчилж өгсөн байхад манай компанийн 9 давхар барилгын өндрийн хэмжээг 17 метрээр хязгаарласан 2020 оны Архитектур төлөвлөлтийн даалгавар нь ямар ч хуулийн зүйл заалтыг үндэслэл болгоогүй, өөрчлөх болсон нөхцөл шалтгаанаа тодорхой заагаагүй хууль зөрчсөн шийдвэр болсон байна.

Хоёрдугаарт, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлага, мөн хуулийн 40.2.3 захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг заана, 40.3 дахь хэсэгт Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэсэн байгаа. Захиргааны байгууллага гэдэг нь Хот төлөвлөлтийн газар тухайн эрх зүйн актыг гаргах болсон хуулийн заалтыг тодорхой тусгана гэсэн байна. Гэтэл энэ архитектур төлөвлөлтийн даалгаварт ямар ч хуулийн заалт тусгаагүй. 9 давхар барилгыг 17 метрээс хэтрүүлэхгүй байна гэж заасан. Үүнд хуулийн заалт байхгүй, бид асуусан боловч тайлбар өгдөггүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн байгаа. Хариуцагч захиргааны акт гаргахдаа баримтлах хуулийг Захиргааны ерөнхий хуулиар зохицуулж өгсөн ба үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх ёстой. Гэтэл ямар ч хуулийн заалтгүй, хуульд байхгүй зүйлээр манай өмнөх архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй юм. Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас тайлбарлахдаа иргэдээс гомдол ирсэн гэдэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо,1А байрны 29 тоот хаягт оршин суугч Ба*** овогтой Э****** нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр өргөдөл гомдол гаргасныг хариуцагч захиргааны байгууллага бүртгэж аваад бүртгэл хяналтын карт нээсэн. Үүний дагуу сонсох ажиллагаа явуулж байгаа.

Сонсох ажиллагаа явагдсан, иргэдээс гомдол гарсан гэж байгаа. Иргэдээс гарсан гомдол гэдэгт нь хяналтын хуудсыг аваад үзэхээр 5, 6 дугаар байранд амьдардаг хүмүүс гомдол гаргаагүй байгаа. н.Эн*** гэдэг хүн өргөдөл гаргасан. Энэ нь 1А байр ба манай баригдаж байгаа барилгаас 100-150 метр зайтай, хамгийн хойно байрладаг байр юм. Энэ байрны иргэн гомдол гаргасан. Захиргааны байгууллагын иргэдээс ирсэн гомдлыг хүлээж аваад эрх ашиг нь ямар байдлаар хөндөгдөж байгаа гэдгийг судалж үндэслэлтэй, шийдвэр гаргах ёстой. Гэтэл н.Э*** гэдэг хүний эрх ашиг хөндөгдөөгүй. 4, 5 дугаар байрнаас гомдол гаргаж манайхтай харилцсан хүн байхгүй. Хариуцагч захиргааны байгууллага нь энэ иргэний оршин суугаа хаягт яагаад гомдол гаргасан зэргийг нягталж шалгалгүй иргэдийн гомдлыг хүлээн авч шийдвэрлэж байна гэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэсэн заалтыг ноцтой зөрчиж иргэн иргэн Б.Э***-ын эрх ашиг хөндөгдөж байгаа мэтээр сонсох ажиллагаа явуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Эй***ч ХХК нь конторын зориулалтай 9 давхар барилгыг 2018 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдаж байсан. Гэтэл 9 давхар 17 метрээс хэтрүүлэхгүй барь гэсэн өөрчлөлтийг хийж байгаа нь бодит амьдрал дээр биелэгдэх боломжгүй юм. Конторын зориулалттай барилгын стандарт нормын дагуу барихад 1-3 давхар нь 3-аас доошгүй метр байдаг ба стандарттай. Ийм учраас архитектур төлөвлөлтийн даалгавар нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны актыг бодит нөхцөл байдал нийлүүлэх боломжгүй гэдэг заалтыг зөрчсөн байна. Энэ үндэслэлүүдээр нэг дэх нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг тайлбарлаж байна.

2018 оны архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт буюу орчны иргэдтэй зөвшилц гэсэн заалтыг илт хууль бус болохтой холбоотой тухайд, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтад иргэн хуулийн этгээдтэй зөвшилц, зөвшөөрөл аваагүй бол уг архитектур төлөвлөлтийн даалгавар хүчингүй болно гэсэн заалт оруулж ирсэн. Энэ нь хууль байхгүй зохицуулалт ба бид ойлгохгүй байгаа. Бид архитектур төлөвлөлтийн даалгавар олохдоо Хот байгуулалт хөгжлийн газар бүх зүйлийг судалж, бидний зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг мөн судалж хууль зөрчөөгүй гэсэн үндэслэлээр зөвшөөрлийг өгсөн. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслээд барилгын скез зургийг батлуулсан. Энэ скез зургийг Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Э.А**, хэлтсийн дарга С.Д*******, архитектор Н.Б*** нар зөвшөөрөн 2019 оны 3 дугаар сард гарын үсэг зурж баталсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг мөн эдгээр хүмүүс баталсан. Манай архитектур төлөвлөлтийн даалгавар нь Улаанбаатар хотыг 2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Баянгол дүүргийн орон сууцны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж хууль журмын дагуу явагдаж байхад иргэдтэй зөвшилц гэдэг заалтыг оруулсан. Иргэдтэй зөвшилцөх тухай заалтыг хариуцагч тайлбарлахдаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны баталсан журам байгаа. Энэ нь иргэдтэй зөвшилц гэсэн. Бид 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хууль зүйн дотоод хэргийн яамнаас лавлагаа авахаар албан бичиг явуулсан. Хууль зүйн дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын хяналтын бүртгэлийн хэлтсийн дарга Д.А**** гэдэг хүн энэ захиргааны акт манайд бүртгүүлээгүй учир нийтээр дагаж мөрдөх ёсгүй гэсэн хариу өгсөн. Мөн Мэргэжлийн хяналтын газар, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дага Г.Б*** явуулсан 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн албан бичигт мөн ижил хариуг өгсөн. Тэгэхээр уг захиргааны актыг нийтээр дагаж мөрдөхгүй юм. Үүнтэй холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэгт захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын бүртгэж захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлснээр хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан. Гэтэл хариуцагч нь хуулийн үндэслэлгүй заалтыг барьж архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилж байгаа нь илт хууль бус юм. Иймд энэ заалт нь хууль бус ба хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлээд үйлчлэлгүй байна.

Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой асуудал нь тодорхой ба Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргана гэсэн нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтээ Хот байгуулалт хөгжлийн сайдад гаргасан. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан асуудлыг шийдвэрлэж барилгын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн заалт байгаа. Гэтэл хариуцагч нь тайлбарлахдаа танай компани шүүхэд хандсан учир Нийслэлийн Засаг даргын баталсан журмын дагуу танай өргөдөл, гомдлыг хүлээн авахгүй, буцааж байна гэсэн. Энэ үйлдэл нь эс үйлдэхүйгээрээ манай эрх ашгийн хөндөж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлийн 13.13 дахь хэсэгт иргэд төрийн захиргааны байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага нь өргөдөл гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан. Мөн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтан гомдол гаргах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгааг бол өргөдөл, гомдлыг хянаж үзэхгүй байх тухай зохицуулсан. Хоёрдугаарт барилгын ажлын зөвшөөрлийг сунгуулахтай холбогдсон асуудал нь шүүхээр шийдэгдсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Төрийн захиргааны байгууллага хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж, хуульд байхгүй үндэслэл зааж иргэдийн хүсэлт гаргах, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Э******* ХХК нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/34* дүгээр захирамжаар 549 м.кв газрыг эзэмшдэг. Уг газар дээрээ конторын шинэ барилга барих зорилгоор тус газарт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барилга барих хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг судлан үзэж 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-** дугаартай 17м х 12 м.кв 9 давхар конторын зориулалттай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон.

Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх хэсэг буюу онцгой нөхцөлд Орчны барилга байгууламж, зам талбай зэргийн хийц бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах, орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэдгийг анхааруулсан. Улмаар Баянгол дүүргийн * дүгээр хорооны *, * дугаар байрны оршин суугч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний МЗХ2018/26-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдсэн.

Сонгох ажиллагаатай холбоотойгоор Э*** ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг ирүүлснийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын 17 дугаар хурлаар хэлэлцүүлж батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт, иргэд оршин суугчдын удаа дараагийн гомдол зэргийн үндэслэн тухайн барилгын өндрийг 17 метр буюу орон сууцны 6 дугаар байрны нийт өндрөөс хэтрүүлэхгүй төлөвлөх тухай шийдвэр гаргасан. Тус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн ГБМЗХ20**/17-004 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж Э***" ХХК-д олгосон.

Э***ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн МЗХ2018/26-**2 дугаартай 17м х 12 м.кв 9 давхар конторын зориулалттай барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх хэсэг буюу онцгой нөхцөлд Орчны барилга байгууламж, зам талбай зэргийн хийц бүтээцэд сөрөг нөлөөгүй шийдлээр төлөвлөх, хэвийн аюулгүй байдлыг хангах, орчны газар эзэмшигч оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэдгийг анхааруулсан. Улмаар Баянгол дүүргийн * дүгээр хорооны *, * дугаар байрны оршин суугч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн тул 2018 оны 11 дүгээр сарын 19-ний МЗХ2018/26-* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох асуудлаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдсэн.

Сонгох ажиллагаатай холбоотойгоор Э***** ХХК нь 2020 оны 04 дүгээр

сарын 23-ны өдөр Хариу тайлбар хүргүүлэх тухай албан бичиг ирүүлснийг Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын 17 дугаар хурлаар хэлэлцүүлж батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт, иргэд оршин суугчдын удаа дараагийн гомдол зэргийг үндэслэн тухайн барилгын өндрийг 17 метр буюу орон сууцны * дугаар байрны нийт өндрөөс хэтрүүлэхгүй төлөвлөх тухай шийдвэр гаргасан. Тус хурлын шийдвэрийг үндэслэн 2020 оны 06 сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргаж Э*** ХХК-д олгосон.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа гэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд, Э*** ХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд төлөвлөлтийн маргаан буюу Архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой нэхэмжлэл гаргасан тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/10** дугаар захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам-ын 4.9.2.2-т заасны дагуу тус хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдтэл иргэний хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлээгүй. Маргаан бүхий МЗХ2018/26-0** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт ... Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тусгайлан заасан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрч гардаж авч ажлаа үргэлжлүүлсэн. Иймд нэхэмжлэгч Э** ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр гарсан бичгээр гаргасан тайлбараа дэмжиж байна. Нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын хувьд 1-3 давхар нь 3-4 метрээс дээшээ байдаг учир 9 давхар барилга 17 метрт багтахгүй гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврыг 17 метрээс ихгүй байна гэж гаргаж өгсөн. Үүнд дээрээ 5 давхар эсхүл 7 давхар гэсэн зүйл байхгүй. 5 давхар баригдана, 9 давхрыг баривал 15 метр хүрэхгүй байна гэж байна гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын тухайд 2018 оны маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь хуульд байдаггүй заалт гэж тайлбарлаж байна. Хуулиар зохицуулаагүй зүйлийг журмаар нарийвчлан зохицуулдаг зохицуулалт байдаг. Дээр дурдсанчлан 5.14 дэх журмаар иргэдийн саналыг авах болон норм дүрмээр хангуулан барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын талаар зохицуулж өгсөн журам нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан баримт бичгийн бүрдлийг хангасан бол барилгын ажлын зөвшөөрлийг сунгаж болон шинээр олгодог. Барилгын анхдагч зөвшөөрөл болох архитектур төлөвлөлтийн даалгавар эх загвар зураг нь шүүх дээр маргаантай ба хэдэн давхар байх эсэх нь шийдэгдээгүй. Энэ хэрэг маргаан шийдэгдсэний дараа тухайн баримт бичгийн бүрдэл хангасан бол өгөх боломжтой ба шүүхийн маргаантай байгаа бол барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгаж олгох нь хууль зүйн үндэслэлгүй юм гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх Э***" ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч[2], 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн[3], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Э*** ХХК-ийн 0004792 дугаартай, Зөвшөөрлийн 409\20** дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г сунгаж өгөхгүй байгаа Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-ний хугацааг сунгахыг хариуцагчид даалгах, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018\26** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох[4] гэж ихэсгэж, тодруулсан тул шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

I. Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Э**** ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойш талд, 17.0x12.0 метр хэмжээтэй, 9 давхар, /-зоорьтой/, Конторын зориулалттай барилга барихаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулжээ[5].

Тус архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтад ... Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно. ... гэжээ.

Нэхэмжлэгч Э*** ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-*** дугаар архитектур төлөвлөлтийн даалгавраар тус компанийн конторын барилгын барилгажих талбайг 17.7x12.7 метр, тагт, консоль, довжоо болон рампыг нормоор тооцон эдэлбэр газарт багтаан төлөвлөх, Барилгын төрөл, давхрын тоо Тухайлсан зураг төсөлтэй, зоорьтой, Барилгын өндрийг 17 метрээс хэтрүүлэхгүй төлөвлөх гэж өөрчилжээ.

Хариуцагчаас дээрх байдлаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг өөрчилсөн үндэслэлээ Баянгол дүүргийн * дүгээр хорооны *, * дугаар байрны оршин суугч иргэдээс удаа дараа гомдол ирүүлсэн тул уг асуудлыг Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн гэж. тайлбарлажээ.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,*-р хороо, 1а-29 тоотод оршин суух Б.Э*** БГД-ийн * дүгээр хороо, Хан бүргэдэй *, *-р байрнуудын урд талд залгаад шинээр барилга барьж байна. Үзэгдэх орчин хязгаарлаж, барилгын стандарт норм зөрчсөн тус барилгын зөвшөөрлийг цуцалж өгнө үү. гэсэн бүртгэл хяналтын карт нотлох баримтаар авагджээ[6].

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйл. Нөхцөл байдлыг тогтоох 24.1. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ., 25 дугаар зүйл. Нотлох баримт цуглуулах, 25.1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:, 25.1.1. ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах;, 40 дүгээр зүйл. Захиргааны актыг бичгээр гаргах, 40.2. Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:, 40.2.3. захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;, 40.3. Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл захиргааны байгууллага нь захиргааны шийдвэр гаргахдаа шаардлагатай нотлох баримтыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг тогтоож байж захиргааны шийдвэр гаргах эрх зүйн зохицуулалттай байна.

Мөн захиргааны шийдвэр гаргах болсон бодит нөхцөл байдал, түүнийхээ хууль зүйн үндэслэлийг зааж, шийдвэр гаргахаар эрх олгогдсон хуулийн заалтыг тодорхой бичихээр хуульчилжээ.

Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч нь 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргахдаа хуулийн дээрх заалтуудад заасан шаардлагыг хангуулалгүйгээр гаргасан байна гэж үзэхээр байна.

Учир нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9-д ... Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй ... гэснийг зөрчсөн гэж үзэж, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *-р хороо, 1а-29 тоотод оршин суух Б.Э**-ын гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн маргаан бүхий 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17-/// дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, хариуцагч нь анх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26-/ /дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу тухайн барилгыг барих боломжтой гэж үзэж, тус даалгаврыг баталж, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 409/2019 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ[7] олгосон атлаа Баянгол дүүрэг, 4-р хороо, 5, 6 дугаар байрнуудын хажууд баригдаж буй барилгатай холбоотой Баянгол дүүрэг, 4-р хороо, 1а байранд амьдардаг иргэний гаргасан гомдлыг үндэслэн тус маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэг, /-р хороо, *,* дугаар байрнуудын хажууд баригдаж буй барилгын улмаас Баянгол дүүрэг, *-р хороо, 1а байранд амьдарч буй иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөх боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17*** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

II. Э*** ХХК-ийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ /дугаар 0*******, Зөвшөөрлийн дугаар 40**2019/-ний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч Э*** ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойш талд, 17.0x12.0 метр хэмжээтэй, 9 давхар, /-зоорьтой/, Конторын зориулалттай барилга барихаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/2*** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулжээ.

Дээрх архитектур төлөвлөлтийн даалгаврыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 409/20** дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчинтэй байх хугацаатайгаар нэхэмжлэгч Э**** ХХК-д олгожээ.

Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйл. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа, 30.1. Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан хугацаагаар олгоно. Хугацааг барилгын ажил эхлүүлэхээр заасан өдрөөс эхлэн тооцно., 30.2. Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана., 30.3. Энэ хуулийн 27.1-д заасан байгууллага энэ хуулийн 30.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан асуудлыг шийдвэрлэж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд нэмэлт, өөрчлөлт оруулна. гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл барилгын ажлын зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргахаар байх бөгөөд хүсэлтийг тус газар нь ажлын таван өдөрт багтаан шийдвэрлэх зохицуулалттай байна.

Маргаан бүхий тохиолдолд нэхэмжлэгч нь дээрх хүсэлтээ 2020 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Хот байгуулалт, хөгжлийн газарт гаргасан байх бөгөөд тус газар нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Тайлбар хүргүүлэх тухай 05/35** дүгээр албан бичгээр хариуг хүргүүлжээ[8].

Тус албан бичигт ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Э*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, манай газарт холбогдох нэхэмжлэлийн захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/108** дугаартай захирамжаар батлагдсан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.9.2.2-д Шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа асуудлаар өргөдөл гомдол ирүүлсэн бол иргэнд зөвлөгөө өгч, өргөдөл гомдлыг буцаана. гэж заасны дагуу хүсэлтийг буцааж байгааг үүгээр мэдэгдэж байна. гэжээ.

Дээрх албан бичгийн агуулгаас үзвэл тус барилгын архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой маргаан шүүх дээр хянан хэлэлцэгдэж байгаа гэсэн үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх боломжгүй талаар хариуг өгсөн байна.

Шүүхээс тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч компанийн барилгын архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой маргааныг шийдвэрлэсэн тул хариуцагчид нэхэмжлэгч компанийн барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

III. Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/2** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгчээс маргаан бүхий Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/26** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болох захиргааны акт болох үндэслэлээ Тус архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 тогтоолоор баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг үндэслэсэн бөгөөд тус захиргааны хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.-д заасан шаардлагыг хангаагүй тул тус захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн хувьд үйлчлэлгүй юм. Иймд тус маргаан бүхий 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/26-** дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6.-д[9] захиргааны актын илт хууль бус болох шинжийг агуулж байгаа тул тус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй юм. гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Э*** ХХК нь Нийслэлийн Баянгол дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын хойш талд, 17.0x12.0 метр хэмжээтэй, 9 давхар, /-зоорьтой/, Конторын зориулалттай барилга барихаар 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр МЗХ2018/26-** дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын даргаар батлуулжээ.

Тус архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтад ... Орчны газар эзэмшигч, оршин суугчидтай зөвшилцөн санал хүсэлтийг тусгах, зөвшилцөөгүй тохиолдолд тус даалгавар болон загвар зургийг хүчингүй болгох үндэслэл болно. ... гэжээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Журам батлах тухай 5/1**тогтоолын 1 дүгээх хавсралтаар Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг баталжээ[10].

Тус журмын Дөрөвдүгээр бүлэг. Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах 4.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих үйл ажиллагаанд иргэн хуулийн этгээдийн оролцоог хангана., 4.2 Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно., 4.2.1 орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад; гэж тус тус заажээ.

Журмын дээрх заалтуудыг үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/26-02 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг оруулсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу маргаан бүхий барилгыг 7 давхар хүртэл барьсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 65 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актыг бүртгэх 65.1 Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэнэ. 108 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох, 108.1 Энэ хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхээр байна.

Гэхдээ дээрх хуулийг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ыг 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр баталсан байх тул Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэл бүртгүүлэх журмыг хэрэглэхээргүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэл бүртгэгдээгүй эрх зүйн үйлчлэлгүй захиргааны хэм хэмжээний актыг үндэслэл болгосон гэх тайлбар нь үндэслэлгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.6. иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй; гэж заажээ.

Дээрх хуулийн зүйл, заалтад заасан илт хууль бус захиргааны акт гэдэгт Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5.[11]-д заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт хамаарах бөгөөд маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалт нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018/26** дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 25.1.1, 40.2.3, 47.1.6, Барилгын тухай хуулийн 30.2,30.3-т заасныг тус тус баримтлан **********" ХХК-иас Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсэг болох 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ГБМЗХ2020/17** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Э****** ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 4**/2019 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ дэх барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгаж, харин нэхэмжлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр баталсан МЗХ2018\26-** дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын 9 дэх заалтыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1-2 хуудас, 64-65 хуудас, 81-82 хуудас.

[2] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 64-65, 81-82 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 164 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 190-191 дүгээр хуудас

[9] 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;

[10] Хавтаст хэргийн 127-137 дугаар хуудас

[11] 37.5.Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно.