Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 347

 

 

 

 

 

 

 

 

 

Г.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/02184 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.С-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С Р Т”  ХХК-д холбогдох

 

Урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгөн олговор болон цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч В.Хүрэлхад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.С- шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “С Р Т”  ХХК-д анх мерчиндайзерээр ажилд орсон. 2019 оны 02 дугаар сард дэвшээд худалдааны төлөөлөгчөөр 3 сар ажиллаж байхад н.Эрдэнэ-Очир буцаагаад мерчиндайзер албан тушаалд томилсон. Би ямар шалтгааны улмаас тушаал бууруулж байгаа талаар асуухад шалтгааныг нь хэлээгүй. н.Баянмонгол хүлээн зөвшөөрөхгүй бол ажлаас гарах өргөдлөө гарга гэж надад хэлсэн. Иймд би шахалт, дарамтын улмаас өөрөө хүсээгүй ч ажлаас гарах өргөдлөө гаргаж ажлаас гарсан. Мөн намайг худалдааны борлуулагчаар ажиллаж байхад 3 сарын турш туршилтын цалингаар цалинжуулсан, туршилтын хугацаа дууссан ч намайг жинхлээгүй. Авч буй цалин тодорхойгүй, цалингийн дэлгэрэнгүй өгдөггүй, эрсдэлийн сан гэж цалингаас 10 хувь суутгаж авдаг. Ямар үндэслэлээр хэдэн төгрөг хуримтлал авдаг, хэдэн төгрөгийн хуримтлал үүссэн бэ гэдэг нь тодорхойгүй. Амралтын өдөр хүртэл илүү цагаар ажиллуулдаг боловч илүү цаг бодож өгдөггүй, 2018 оны амралтын мөнгө олгоогүй. Иймд  урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгөн олговор болон цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Хүрэлхад шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.С- нь “С Р Т”  ХХК-д 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр мерчиндайзерээр албан тушаал томилогдоод 2019 оны 02 дугаар сараас эхлээд худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. 2019 оны 03 дугаар сарын 26-нд ажлаас гарах өргөдлөө бичиж өгсөн. Үүний дагуу ажилтны өргөдөл болон Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.1, 39.2-д заасныг үндэслэж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тасалбар болгож ажлаас нь чөлөөлж талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Ямар нэгэн дарамт шахалт байгаагүй. Нэхэмжлэгч өөрөө өргөдөл бичээд ажлаас гарсан. Силк рөүт трейдинг ХХК-д ажиллах хүч хэрэгтэй учраас хоёр удаа ажилд буцааж авах санал тавьсан боловч нэхэмжлэгч өөрөө татгалзсан. 2018 оны ээлжийн амралт олгоогүй гэсэн боловч амралт олгосон. Үүнтэй холбоотой баримт шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хэлснээр эрсдэлийн сан буюу компанийн журамд зааснаар хүний хөгжлийн сангийн санхүүжилтийг ажилтны цалингаас суутгадаггүй, компаниас санхүүжүүлдэг. Цалингийн хувьд бүтэн олгосон нь цалингийн дэлгэрэнгүй хуулбараас харагдаж байна. Мөн эрсдэлийн сангаас буюу хувь хүний хөгжлийн сангаас хуримтлагдсан мөнгөнөөс хэзээ авах эрх үүсэх талаар журамд заасан шаардлага хангаж байж мөнгө авах боломжтой. Жишээ нь нэг жил ажилласан байх ёстой, өр дутагдалгүй байх ёстой гэх мэт. Компани тухайн санд мөнгө хийсэн болгонд мөнгө авах эрхтэй гэсэн үг биш. Шалгуур хангасан тохиолдолд мөнгө авах эрх үүсэж, урамшуулал авах эрхтэй боловч Г.С- нь эдгээр шалгуурыг хангаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар Силк рөүт трейдинг ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгө гаргуулах, цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулахыг хүссэн, Г.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан өөрийн хүсэл зоригоор сайн дураараа өргөдлөө өгөөгүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарлаж, гэрчээс холбогдох асуултыг авч нотолсон боловч шүүх буруу дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэснээс хойш буюу 12 дугаар сарын 25-нд буюу 2 сар 11 хоногийн дараа нэхэмжлэгч өөрөө очиж гардаж авсан бөгөөд хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэтэл хурлын тэмдэглэл бичгээр гараагүй гэх тайлбарыг хэлж, танилцаж чадаагүй. Гэрч н.Рэгзэнхандын мэдүүлэг шүүхийн шийдвэрт тусгагдаагүй бөгөөд тэмдэглэлд ч байхгүй нь нотлох баримт устгагдсан гэж үзэх үндэслэл болно. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2, 96.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.С- нь хариуцагч “С Р Т”  ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2018 оны амралтын мөнгөн олговор болон цалингаас суутгасан эрсдэлийн 10 хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.С- нь “С Р Т”  ХХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/299 тоот тушаалаар тус компанийн мерчиндайзерийн ажилд томилогдож, 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан, уг албан тушаалаас чөлөөлөгдөж, худалдааны борлуулагчийн албан тушаалд дэвшин ажиллаж байгаад “С Р Т”  ХХК-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/235 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн үйл баримт нь хэрэгт авагдсан дээрх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлөгдөх тухай мэдэгдэл, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх 5, 35-39, 40/

 

Нэхэмжлэгч Г.С- нь ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус компанийн Хүний нөөцийн албанд гаргасан байх бөгөөд “С Р Т”  ХХК-ийн захирлын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/235 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс тасалбар болгон цуцалжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “ажлаас чөлөөлөгдөх хүсэлт”-ийг хүчээр дарамтлан бичүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй.

 

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж өөрийн хүсэл зоригоо Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар илэрхийлсэн гэж үзнэ. Иймд ажил олгогчийн нэхэмжлэгч Г.С-гийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр гаргасан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг үндэслэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 02/235 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй байна.

 

            Анхан шатны шүүх урьд эрхэлж байсан худалдааны борлуулагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт зааснаар “ажилтан нь түүний цалин хөлснөөс суутгал хийх тухай шийдвэр буюу суутгалын хэмжээг эс зөвшөөрвөл гомдлоо хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргаж болно”, 63.5 дахь хэсэгт “ажил олгогч ажилтны цалин хөлснөөс хууль бусаар суутгал хийсэн бол уг суутгасан мөнгийг эгүүлэн олгох тухай гомдлыг хөдөлмөрийн маргаан таслах комисст гаргахаар заасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2018 оны амралтын мөнгөн олговор гаргуулах, цалингаас суутгасан эрсдэлын 10 хувийг гаргуулах тухай шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэхдээ хууль зөв хэрэглэсэн байна.

            Шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр тус компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Рэгзэнхандыг гэрчээр асуух ажиллагаа зохих журмын дагуу явуулж, хуульд заасны дагуу эрх, үүргийг тайлбарласан /хх119/ байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах, тэмдэглэлд засвар оруулах талаар хүсэлт гаргасан, бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/02184 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                 Д.ЦОГТСАЙХАН