Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2020/00537

 

2020 оны 02 сарын 28 өдөр

       Дугаар 183/ШШ2020/00537

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн тоот хаягт оршин суух, Х /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн тоот хаягт оршин суух, Ц- /РД:......./-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Х, хариуцагч Ш.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхзул нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие нь 2011 онд Ш.Ц-тэй танилцаж улмаар 2014 оны 12 дугаар сарын 16-нд гэрлэлтийн ....... тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 21-нд хүү Х.... мэндэлсэн. Бид зан харилцааны тохирохгүй байнга муудалцаж хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлөхөд хүрсэн тул 2016 оноос тусдаа амьдарч түүнээс хойш хүү ээжтэйгээ байсан. Би хүүтэйгээ байнга уулзаж байсан. Хүүгээ эхийнх нь асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэмжийг бид хоорондоо харилцан тохиролцсон гэв.

 

Хариуцагч Ш.Ц- нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нь 2011 онд Ш.Хтэй танилцан бүртгүүлж гэр бүл болсон билээ. Хамтран амьдрах хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 21-нд хүү Х.... мэндэлсэн. Бид хамтран амьдрах явцад зан харилцаа тохирохгүй ёс зүй бус, уг хэллэгээр доромжилдог, удаа дараа гар хүрч, түүнчлэн гэр бүлдээ анхаарал халамж муу тавьдаг байсан учраас 2016 оноос тусдаа амьдарч хүү ...ийг өөрийнхөө асрамжид өсгөж хүмүүжүүлсэн болно. Иймд хүү ...ийг өөрийн асрамжид үлдээх, өсгөж хүмүүжүүлмээр байна. Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг өөрсдөө хоорондоо ярьж зохицсоны үндсэн дээр Х хүү ...д 18 нас хүртэлх тэтгэмжийг сар болгоны 21-ний өдөр 500 000 төгрөгийг дансанд шилжүүлэн өгөх болсон тул хүүхдийн тэтгэмж дээр эвлэрч байгаа болно. Иймээс шүүхийн шийдвэрт энэ талаас тусгуулах хүсэлттэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас Ш.Х, Ш.Ц- нар 2012 оны 02 сарын 14-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 12 сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ....... дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон,  гэрлэгчдын дундаас 2014 оны 10 сарын 21-ний өдөр хүү Х....т төрсөн байна.

 

Гэрлэгчид удаан хугацаанд тусдаа амьдарснаас сэтгэл санаа, зан харилцааны хувьд таарамжгүй болсон, цаашид хамтын амьдралаа үргэлжлүүлэх хүсэлгүй гэх тайлбар, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болж, шүүхээр гэрлэлтээ цуцлуулахаар хэн аль нь зөвшөөрсөн, талуудын хүсэл зориг зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ш.Х, Ш.Ц- нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэнийн асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа бие даан харилцан тохиролцож болно.” гэж заасан ба зохигчид 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү Х....тийг эх Ш.Ц-ийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэгт сар бүр 500 000 төгрөг олгохоор харилцан тохиролцжээ.

 

Иймд 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү Х....тийг эх Ш.Ц-ийн асрамжид үлдээж, эцэг Ш.Хээс Х....тэд сар бүр 500 000 төгрөгийг тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Хд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Х /РД:..../, Ц- /РД:......./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү Х....тийг эх Ш.Ц-ийн асрамжид үлдээж, 2014 оны 10 сарын 21-ний өдөр төрсөн хүү Х....д эцэг Ш.Х сар бүр 500 000 төгрөгийн тэтгэмж олгож, тэжээн тэтгэхээр харилцан тохиролцсоныг баталсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц-ээс улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ