Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0857

 

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0857

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Д.Оийн нэхэмжлэлтэй, С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б овгийн Д О /РД:/

Хариуцагч: С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т******* нарыг оролцуулан хийв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.О миний бие 1994 оноос С******* дүүргийн 11 дүгээр хороонд зохион байгуулагч, Засаг даргын Тамгын газарт гүйцэтгэлийн хяналт шалгалт хариуцсан зохион байгуулагч, хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, соёл хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан. 2009 оноос Нийгмийн хөгжлийн хэлтэст Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

2017 оны эхний хагас жил болон жилийн эцсийн үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн төвшин буюу үр дүнгийн гэрээний биелэлтийг С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Э*******, Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Э*******, Д.Т******* нар маш сайн гэж дүгнэсэн.

С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр сахилгын шийтгэлээр халагдсан.

Дээрх тушаалыг дараах үндэслэлээр хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Үүнд:

1. Тушаалын үндэслэл нь дээд албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн гэжээ. Гэтэл ямар албан тушаалтны ямар шийдвэрийг хэрхэн биелүүлээгүй, дотоод журмын ямар заалтыг хэрхэн зөрчсөнийг огт заагаагүйгээр зогсохгүй ийм зөрчил гаргасан болохыг ямар нэг субъект огт тогтоогоогүй.

2. С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Дотоод журмын 10.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан арга хэмжээг авах асуудлыг Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж, саналыг байгууллагын удирдлагад тавьж шийдвэрлүүлэхээр заасан. Гэтэл Ёс зүйн хорооны хурал огт болоогүй, уг асуудлыг огт хэлэлцээгүй.

Дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан боловч 30 хоногийн хугацаандаа шийдвэрлээгүй бөгөөд дахин 18 хоног сунгасан боловч мөн шийдвэрлэгдэлгүй хугацаа хэтэрсэн болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бүртгэл хяналтын картын хуулбараар нотлогдох болно. Мөн хугацаа сунгасан талаар надад огт мэдэгдээгүй. Миний бие Нийслэл дэх төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.А*******, хууль эрх зүй хэлтсийн мэргэжилтэн Г.Х******* нараас удаа дараа лавлахад дүгнэлт гараагүй гэсэн хариу өгч байсан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг үндэслэн тус шүүхэд хандаж байна.

...дээд шатны албан тушаалтан хуульд нийцсэн шийдвэр биелүүлээгүй, байгууллагын дүрмийг удаа дараа зөрчсөн гэж тайлбарладаг боловч, ямар албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлээгүй болон дотоод журмыг хэрхэн зөрчсөнийг тушаалд заагаагүй. Энэ нь ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно.

Мөн С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын 10.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар арга хэмжээ авах асуудлыг ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж, саналыг байгууллагын удирдлагуудад тавьж шийдвэрлэхээр заасан байгаа. Гэтэл ёс зүйн хорооны хурал огт болоогүй.

Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 05 сарын 29-ний өдрийн ******* тоот тушаалын хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын холбогдох шимтгэлийг нөхөн төлөхийг С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасны дагуу ...шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчимд үндэслээгүй. Ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхой биш. Байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн, удирдлагын шийдвэр биелүүлээгүй гэсэн зүйлсийг тушаалд бичсэн. Гэтэл ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй болон ямар дотоод журам зөрчсөн гэдгийг тодорхойлсон, тогтоосон зүйл байхгүй. Зөрчил гаргасан байж болох боловч хууль, журамд заасан ямар зөрчлийг үйлдсэн нь тодорхой биш.

2010 оны Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх тухай журмын 2.1-д төрийн захиргааны албан хаагчийг зөрчил гаргасан тохиолдолд үүнтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож дүгнэлт гаргах эрх бүхий байнгын орон тооны бус ёс зүйн хороо ажиллах бөгөөд гомдол мэдээллийг шалгасан тухай хуралдаанаар хэлэлцэж олонхын саналаар дүгнэлт гаргах тухай заасан байдаг.

Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцэж, сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах саналыг байгууллагын удирдлагад тавьж шийдвэрлүүлнэ гэж заасан байгаа. Засаг даргын Тамгын газрын дарга ямар зүйлийг үндэслэж тушаал гаргахыг дээрх журмаар тогтоосон байна. Гэтэл ийм зүйл хийлгүйгээр зөвхөн үзэмжээрээ зөрчил үйлдсэн гэж үзээд шууд тушаал гаргаж байгаа нь буруу. Мөн сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн баримт авагдсан. Үүний үндэслэлд Нийгмийн хөгжпийн хэлтсийн 3 удаагийн хурлын тэмдэглэл, даргын болон хамт олны хүсэлтээр нотлогдсон гэх боловч, 3 удаагийн тэмдэглэлийг судалж үзэхэд нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан учраас энэ асуудлыг шийдвэрлэнэ гэх асуудал яригдаагүй. Нэхэмжлэгчийг сахилгын зөрчил гаргасан үндэслэл бүхий шалтгаантай зүйлийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн хуралд яригдаагүй. Энэ талаар тэмдэглэлд ч тусгагдаагүй. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлтэд ч үүнийг тодорхой заасан байгаа. Хэлтсийн дарга болон хамт олны хүсэлтийн тухай хариуцагч тайлбар хийдэг. Гэтэл хууль болон дотоод журамд ийм зохицуулалт байхгүй. Харин санал гаргаж байгаа хамт олон болон хэлтсийн дарга нь ёс зүйн хороондоо санал тавьж ёс зүйн хорооноос дүгнэлт гарч шийдвэрлэх ёстой байх.

Мөн нэхэмжлэгчийг өөр газарт ажиллаж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх шаардлагагүй гэх утгатай зүйл ярьж байна. Гэтэл бид нэхэмжлэлийн шаардлагаараа дээрх асуудлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас шүүхэд хандсан. Өөр ажил хийж байгаа нь актыг хүлээн зөвшөөрч байгаа ойлголт мэтээр тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

... Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлийн баталсан 2010 оны 129 тогтоолоор батлагдсан Ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам мөн С******* дүүргийн Засаг даргын дотоод журмуудыг үндэслэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Э******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн Д.О нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэст Хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан.

Төрийн албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, байгууллагын дотоод дүрэм, журмыг сахих, байгууллагын төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах үүрэгтэй.

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын дунд Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулах ажлыг нэхэмжлэгч тухайн албан тушаал эрхэлж байсан хугацаандаа зохион байгуулах үүрэг хүлээсэн. Ажил олгогчдын зөвлөгөөн зохион байгуулахыг удирдлагын зүгээс удаа дараалан шаардсан боловч нэхэмжлэгч биелүүлээгүй.

Иймд Засаг даргын Тамгын газрын дарга өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчид 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалаар төрийн албанд 1 жил эргэж орох эрхгүй сахилгын шийтгэл оногдуулсан. Энэ нь нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллах эрхгүй болгосон асуудал биш, сахилгын шийтгэлийн нэг төрөл юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээд шатны эрх бүхий албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг гэрч болон Засаг даргын Мөрийн хөтөлбөрийн 5.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг даалгавраа удаа дараа биелүүлээгүй. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдоно. Тухайлбал 15 сая төгрөгийн аяны асуудал шийдвэрлэгдсэн байхад нэхэмжлэгчээс удаа дараа хуулийн сан болон эдийн засгийн хэлтэс, Засаг даргын өрөөнд очиж асуудал үүсгээд яваад байдаг. Мөн энэ талаар ёс зүйн хорооны даргад танилцуулсан бөгөөд ёс зүйн хорооны дарга хуралдах шаардлагагүй гэж үзсэн. Гэрч асуусны дараа манайхаас 2 нотлох баримт өгсөн байгаа. Нэг нь манай мэргэжилтэн хэлтсийн даргадаа ...ажлаасаа гармаар байна. Дарамт шахалттай байна гэдгээ мэдэгдсэн байдаг.

Мөн нэхэмжлэгчийг төрийн албанд ажиллахыг нь бүр мөсөн хязгаарласан зүйл байхгүй. Төрийн албанд нэг жилийн хугацаанд ажиллахгүй байхаар эрхийг нь хассан сахилгын шийтгэл бүхий үйлдэл юм. Мөн нэхэмжлэгчийг энэ ажилдаа эргэн орох санаа бодол байхгүй гэж харж байгаа. Учир нь Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнд ажиллаж байгаа гэдгийг бид мэдэж байгаа. Иймээс нэхэмжлэгч дахин шинээр ажилд орсноороо С******* дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын маргаан бүхий ******* дугаар тушаалыг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь буцаж ажилдаа орох сонирхол байгаа эсэх нь эргэлзээтэй. Аян чуулган хоёрын хувьд зөрүүтэй асуудал бөгөөд нэг нь 1,700,000,00 төгрөгийн асуудал бөгөөд нөгөө ажил нь 15,000,000,00 төгрөгийн асуудал байгаа. Үүнтэй холбоотой асуудлаар гэрч манай байгууллагыг муу үнэлгээтэй дүгнэгдсэн бөгөөд дээр дурдсан ажиллагаа хийгдээгүй гэдгийг тодорхой мэдэгдсэн. Иймээс маргаан бүхий тушаалыг нэхэмжлэгч үйлдлээрээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож байна.

... Ажилгүй байсан цалингийн хувьд удаан хугацаагаар ажилгүй байгаад улсын байгууллагыг хохироодог үйлдэл нь ёс зүйгүй гэдгийг харуулж байна. Иймээс маргаан бүхий захиргааны акт нь бүрэн хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Д.О нь С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулж С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4-т зааснаар төрийн жинхэнэ албан хаагч нь харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх нийтлэг үүргийг хүлээх ба энэхүү үүргээ биелүүлээгүй нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах эрхийг захиргаанд үүсгэдэг.

Төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийн тухайд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна, 26.1.3-т төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж заасан байна.

 

С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтууд, С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.2.6, 3.3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.1.1 дэх заалтуудыг үндэслэн тус газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Оийг дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлээгүй, байгууллагын дотоод журмыг удаа дараа зөрчсөн зөрчил үйлдсэн гэж үзэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халж шийдвэрлэжээ.[1]

Захиргаа нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ыг баримтлах үүрэгтэй.

Гэтэл С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаал нь хууль тогтоомжийн дээрх зохицуулалтад нийцээгүй Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг алдагдуулсан хууль бус шийдвэр гэж үзэхээр байна. Тодруулбал,

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс актын нэг үндэслэлийг Д.О нь дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн 5.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ажил олгогчдын зөвлөгөөн болон ажлын байр нэмэгдүүлэх аян зохион байгуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэх боловч эдгээр ажил нь 2018 оны 2 дугаар улиралд хэрэгжих хугацаатай байсан тухайд маргахгүй байна.

Ажлын байрыг нэмэгдүүлэх аян зохион байгуулах тухай тус дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/76 тоот захирамжийн 2 дугаар заалтаар тус аяныг зохион байгуулахыг ажлын хэсэгт үүрэг болгож, хавсралтаар ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар Нийгмийн хөгжлийн хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн ажиллах[2]-аар баталснаас үзвэл тухайн ажил нь дан ганц нэхэмжлэгчийн гүйцэтгэвэл зохих ажил гэж үзэхээргүй байна.

 

Харин нэхэмжлэгч Д.Оээс Ажил олгогчдын чуулган зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан, хянах эрх бүхий албан тушаалтнуудаар хянуулж, улмаар дүүргийн Засаг даргаар хянуулахаар 2018 оны 3 дугаар сарын 30-нд дүүргийн Засаг даргад өгсөн гэж тайлбарлан маргаж байгааг үгүйсгэх үндэслэл тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагч захиргааны байгууллагаас Д.Оийн боловсруулсан гэх захирамжийн төсөл, түүний дагалдах хуудсыг гаргаж ирүүлээгүй, ...ийм материал гарч ирээгүй болохыг мэдэгдэж байна[3] гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба уг ажлыг Д.О хийсэн эсэхийг шүүхээс шалган тогтоох боломжгүй байгаа нь хариуцагчийн сахилгын шийтгэлийн үндэслэлийг шалгаж тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой байна.

Зүй нь хариуцагч захиргааны байгууллагаас төрийн албан хаагч нь дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй гэж үзвэл Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын 4 дүгээр зүйлд заасанчлан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл/энэ нь ямар албан тушаалтны хэзээ өгсөн ямар шийдвэрийг биелүүлээгүй болох/-ийг заавал шалгаж тогтоон, энэ тухай  баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулах үүрэгтэй.

Гэтэл хариуцагчаас Д.Оийг дээд шатны албан тушаалтны шийдвэрийг биелүүлээгүй болохыг тухайн үед нь шалгаж тогтоогоогүй /нэхэмжлэгчийн тайлбарлаж буй захирамжийн төсөл боловсруулагдсан эсэх, хянагдсан эсэх, дүүргийн Засаг даргад танилцуулахаар өгсөн эсэх/, түүнд урьдчилан танилцуулаагүй атлаа гаргаж өгөх баримт байхгүй учраас уг ажлыг хийгээгүй гэж үзнэ хэмээн тайлбарлаж байгаа нь Д.Оээс өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүйг нотлохгүй байна.

Өөрөөр хэлбэл, албан хаагчийн эс үйлдэхүйд холбогдох сахилгын зөрчлийг нотлох нь захиргааны үүрэг бөгөөд уг үүргийг хэрэгжүүлснийг нотлох баримт байхгүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зөрчлийг шалгаж тогтоолгүй ... сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль бус гэсэн тайлбар үндэслэлтэй.

Нөгөө талаас, гэрч Д.Т*******гаас ...Д.О ажил тарахын үед орж ирээд Засаг даргатай орж уулзсан, ажлын байр нэмэгдүүлэх аян, ажил олгогчдын чуулган гээд 2 ажлын талаар танилцуулсан, Засаг дарга Д.От Урьд урьдын олон жил хийгдсэн ажлын үр дүнгийн талаар надад урьдчилаад мэдээлэл өг гэж хэлсэн талаар хэлсэн. Гэхдээ захирамжийн төсөл орсон эсэхийг мэдэхгүй[4] гэж мэдүүлснээс үзвэл Д.Оийг тухайн ажлын хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжгүй байна.

 

С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цолмонгэрэлээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлт-ээ гаргаж шалтгааныг Д.Оийн ёс зүйтэй холбож тайлбарлажээ.[5]

Мөн хэлтсийн дарга Д.Т*******гаас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Тамгын газрын даргад хандаж Д.Оийн ёс зүйн асуудлыг шалгуулах хүсэлтийг гаргасан байна.

Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-ын Хоёр зүйлийн 2.1-т зааснаар ... төрийн байгууллага бүрт төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдол, мэдээллийг хүлээн авч, түүний үндэслэлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрх бүхий байнгын, орон тооны бус Ёс зүйн хороо  ажиллах-аар зааснаас үзвэл албан хаагчийн гаргасан ёс зүйн зөрчилд сахилгын шийтгэлд ногдуулах үндэслэлтэй эсэхийг энэхүү хороо шалгаж тогтоож, дүгнэлт гаргахаар байна.

Мөн С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын Арав зүйлийн 10.1-д Доорх зөрчил гаргаж, алдаа гаргасан бол нотлох баримтыг үндэслэн Ёс зүйн хорооны хурлаар хэлэлцүүлж зөвлөмж, хугацаатай үүрэг даалгавар өгөх, үр дүнгийн гэрээний болон ур чадварын нэмэгдлийн хувь бууруулах, хасах болон зөрчлийн үр дагавар, давтагдсан байдлыг харгалзан Төрийн албаны тухай хуулийн 26 дугар зүйл...-д заасан сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээ авах саналыг байгууллагын удирдлагад тавьж шийдвэрлүүлэх-ээр зохицуулжээ.

Гэтэл хариуцагч нь Д.Оийн ёс зүйн зөрчлийн талаарх Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргын хүсэлтийн дагуу шалгасан, дүгнэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн хэмээн тайлбарлаж байгаа нь мөн зөрчлийг шалган тогтоох талаарх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн Д.О нь хөдөлмөрийн дотоод журмыг хэрхэн зөрчсөнийг ёс зүйн хороогоор хэлэлцүүлэлгүйгээр шийдвэрлэсэн гэсэн тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Т*******гаас 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүсэлт ирүүлсэн байхад 2018 оны -ний өдөр маргаан бүхий ******* дугаар тушаалыг гаргасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацааг хэтрүүлжээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Харин Д.Оийн ...ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай шаардлагын тухайд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасны дагуу Д.Оийн ажилгүй байсан хугацааг 2018 оны -өөс 2018 оны 07 дугаар сарын 16-ныг хүртэл хугацаагаар, бага цалинтай ажил хийж байсан хугацааг 2018 оны 07 дугаар сарын 16-аас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаар тус тус тооцов.

Тодруулбал, Нийслэлийн зураг төслийн хүрээлэн ОНӨААТҮГ-ын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/42 тоот тушаалаар Д.Оийг ...хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн[6]-ээр туршилтын хугацаагаар томилон ажиллуулсан ба ба үндсэн цалинг 546,120.00[7] төгрөг, ажилласан жилийн нэмэгдэл 16 хувь байна.

Иймд Д.Оийн ажилгүй байсан 28 хоног/ажлын өдөр/-ийн олговрыг үндсэн цалин 600,139.00 төгрөг, ажилласан жилийн болон зэрэг дэвийн нэмэгдэл тус бүр үндсэн цалингийн 20 хувь буюу 120,028.00 төгрөгийн нийлбэрээс нэг өдрийн цалин хөлсний дунджийг 38,782.8 төгрөгөөр бодож 1,085,919.7 төгрөг, бага цалинтай ажил хийсэн 112 хоног/ажлын өдөр/-ийн цалин хөлсний зөрүүнд үндсэн цалин 546,120.0 төгрөг, ажилласан жилийн нэмэгдлийг үндсэн цалингийн 16 хувь буюу 87,379.2 төгрөгөөс тооцож нэг өдрийн цалин хөлсний дунджийг 30,166.60 төгрөгөөр, зөрүүг 8,617.2 төгрөгөөр тус тус тооцож 965,017.00 төгрөг, нийт 2,050,937.00 төгрөгийг олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4, 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Оийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны -ний өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, Д.Оийг С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Д.Оийн ажилгүй байсан болон бага цалинтай ажил эрхэлсэн 2018 оны -өөс 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговорт 2,050,937.00 /хоёр сая тавин нэгэн мянга есөн зуун гучин долоон/ төгрөгөөс зохих татвар, суутгалыг хасч олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч С******* дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ