Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2017/0372

 

 

 

 
2017 оны 05 сарын 25 өдөр     Дугаар 221/МА2017/0372             Улаанбаатар хот


“М.с” ХХК-ийн
итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М.с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 44 дүгээр зүйлийн 44.4, 56 дугаар зүйлийн 56.1, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг тус тус үндэслэн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот “Гомдол хянан үзсэн тухай” шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий “М.с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нэг. Анхан шатны шүүх /цаашид “шүүх” гэх/ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:
Шүүх /цаашид “шүүх” гэх/: “...тендерийн баримт бичигт захиалагч урьдчилгаа төлбөргүй байхаар заасан байхад “М.с” ХХК нь ... урдьчилгаа төлбөр тухайлан авахаар заасан нь нэхэмжлэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 44.4-т заасантай нийцэхгүй байна” гэж бодит байдал болоод нотлох баримттай нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
“М.с” ХХК нь дээрх тендер шалгаруулалтад үнийн саналаа өгөхдөө ямар ч урьдчилгаа төлбөр шаардаагүй бөгөөд үнийн саналаа дараах байдлаар өгсөн:
    Валютын нэр    Валютын дүн
(а) ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30%    Төгрөг    44 560 988
(б) ажлын 80 хувийг гүйцэтгээд нийт ажлын өртөгийн 50%    тегрөг    74 268 314
(в) ажлыг бүрэн дуусгаж актаар хүлээлгэж өгөөд нийт ажлын өртөгийн 20%    төгрөг    29 707 325
Нийт        148 536 627

Хэдийгээр нэхэмжлэгч үнийн саналдаа “шаардагдах урьдчилгаа төлбөр”, “урьдчилгаа” гэх мэт үгнүүдийг хэрэглэсэн, оруулсан боловч “урьдчилгаа” гэж бичсэнээрээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 44.1-д “Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно” гэж заасны дагуу урьдчилгаа төлбөр шаардсан гэсэн ойлголтыг шууд илэрхийлэхгүй.
Хуулийн 44.1-д заасан “тендерийн урьдчилгаа төлбөр” гэдэг нь тендерийн баримт бичигт заагдсан бөгөөд захиалагч тендерийн ажил эхлэхээс өмнө буюу ажлын бэлтгэл ажлыг хангахад зориулж гүйцэтгэгчид өгч байгаа төлбөрийг хэлж байгаа бөгөөд ажлын тодорхой хэсгийг гүйцэтгэснийхээ дараа гэрээт ажлын төлбөрийг авахаар тохиолдолд энэ нь захиалагчаас "урьдчилгаа төлбөр" шаардаж байгаа хэрэг огт биш, харин үе энэхүү төлбөр нь үе шатны ажлын хуваарийн дагуу хийсэн ажлын гүйцэтгэл, түүнийг баталгаажуулсан захиалагчийн шийдвэрийн үндсэн дээр олгогдож байгаа гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлд заасны дагуу гүйцэтгэгчийн төлбөрийн мэдэгдлийг үндэслэн захиалагчаас төлж буй гэрээт ажлын төлбөр юм.
Гэтэл нэхэмжлэгч захиалагчид өгсөн үнийн саналдаа “захиалагчаас ажил эхлэхээс өмнө тэдэн төгрөгийг урьдчилгаа болгож авна тодорхой мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн зүйл огт бичээгүй” байхад шүүх нэхэмжлэгч үнийн саналдаа “урьдчилгаа гэж тухайлан бичсэн” учраас захиалагчаас урьдчилгаа төлбөр шаардсан байна гэх мэтээр нотлох баримтад бус “таамаг”-аар дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасантай нийцэхгүй байна.
Гол нь шүүх нэхэмжлэгчийн өгсөн үнийн саналд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 44.1-д заасан “тендерийн урьдчилгаа төлбөр”-т хамаарахаар төлбөрийг захиалагчаас шаардсан байна уу, үгүй юу гэдэгт гол дүгнэлтээ хийх байсан боловч тэгэлгүйгээр хариуцагчийн нэгэн адил “урьдчилгаа” гэж бичсэн л учраас урьдчилгаа төлбөр шаардах хүсэл зоригтой байсан байна гэх байдлаар нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Хоёр. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 41.1 “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, 343.1 “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 346.1 “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэсэн заалтуудыг хэрэглэжээ.
Иргэний хуулийн дээрх заалтууд нь гэрээний талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч болон тендер захиалагчтай ямар нэгэн байдлаар гэрээ байгуулж, тэгш эрхийн харилцаанд ороогүй, харин нийтийн эрх зүйн харилцаа буюу тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд энэ харилцааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн маргаж байгаа билээ.
Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 343.1 "Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.", 346.1 "Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө" гэсэн заалтууд нь энэ тохиолдолд хэрэглэгдэх үндэслэл байхгүй бөгөөд тендерт оролцогч шалгарсны дараа гэрээгээ байгуулаад үндсэн гэрээ болон гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлд заасны дагуу гэрээт ажлын төлбөр хийгдээд явдаг.
Тендерийн баримт бичгийн Зургаадугаар бүлэг, Гэрээний тусгай нөхцөлийн 40.0-д “Төлбөр хийх хугацаа нь төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 30 хоног байна”, Тендерийн баримт бичгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 39.1-д Гүйцэтгэгч нь хийгдсэн ажлын гүйцэтгэлийн тайланг cap бүр төслийн менежерт гаргаж өгөх бөгөөд түүнд нэхэмжилсэн дүн нь нийт гарсан зардлаас өмнө нэхэмжилсэн дүнг хассан хэмжээтэй байна”, 39.2-т “Төслийн менежер гүйцэтгэгчийн ирүүлсэн ажлын гүйцэтгэлийг шалгаж, түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батална”, 40.1-д “Төлбөр хийхдээ холбогдох урьдчилгаа төлбөр болон барьцаа хөрөнгийг хасна. Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө” гэж заасны дагуу гэрээт ажлын төлбөр хийгдэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 346.1-д “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан буюу хуульд “ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан байхад нэхэмжлэгч ажлыг бүрэн хийгээгүй байхдаа захиалагчаас төлбөр авахаар үнийн саналаа өгсөн нь урьдчилгаа төлбөр шаардсан гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Шүүх нэхэмжлэгчийн үнийн саналд буй “шаардагдах урьдчилгаа төлбөр” гээд ямар нэгэн үнийн дүн бичээгүй байгаа, “ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30 хувийн төлбөрийг авна” гэсэн хэсгүүдийг Иргэний хуулийн 41.1 "хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ авах тухай хуулийн 44.1-д "Захиалагч ажлын бэлтгэл хангахад зориулан гүйцэтгэгчид урьдчилгаа төлбөр төлж болно” гэсэн заалттай харьцуулан үгийн шууд утгын дагуу тайлбарлахад харин ч захиалагчаас хуулийн 44-1-д заасан "урьдчилгаа төлбөр" шаардаагүй нь илэрхий байхад шүүх эсрэгээр нь тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэжээ.
Гурав. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК-ийг тендерийн баримт бичиг заагдаагүй байхад урьдчилгаа төлбөр гэж шаардсан гэж тендерт дахин үнэлгээ хийлгүүлэх шийдвэр гаргахдаа хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэхэмжлэгчээс тайлбар, саналыг нь огт аваагүй байгааг шүүх огт анхаараагүй нь шийдвэр үндэслэлгүй бүхий болоогүйг давхар харуулж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 0275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч “М.с” ХХК нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн … сумын … голын гүүрэн гарцад хяналтын камер суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцсон байна.
Дээрх хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэсэн шаардлагыг хангасан тул “гэрээ байгуулах боломжтой болсон байна” гэж Булган аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 01/1188 дугаар албан бичгийг “М.с” ХХК-д хүргүүлжээ.
Харин уг тендер сонгон шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан үзээд “хамгийн сайн гэж үнэлэгдсэн тендерт оролцогч “М.с” ХХК-ийн санал болгосон үнийн саналын маягтад урьдчилгаа төлбөр шаардсан байгаа нь хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасан тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй гэж заасантай нийцэхгүй байх тул шаардлага хангасан тендер гэж үзэх үндэслэлгүй, Иймд дээрх тендер шалгаруулалтыг хууль, журамд нийцүүлэн дахин үнэлгээ хийх нь зүйтэйг үүгээр мэдэгдье” гэсэн Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Н-ийн “Гомдол хянан үзэх тухай” 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот албан бичгийг захиалагч Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М.с” ХХК нь 148536627 /нэг дуун дөчин найман сая таван зуун гучин зургаан мянга зургаан зуун хорин долоон/ төгрөгийн тендерийн баримт бичгийн дагуу гүйцэтгэх санал болгож байна” гэж  үнийн санал болгосон. Гэхдээ уг үнийн саналдаа хүснэгтээр “шаардагдах урьдчилгаа төлбөр” гэж тодорхойлон “ажлын 40 хувийг гүйцэтгээд урьдчилгаа 30 хувь, 44560988 төгрөг” гэх зэргээр үнийн санал болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д заасантай нийцэхгүй гэж хариуцагч дээрх шийдвэрийг гаргажээ.
Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан тус аймгийн … сумын … голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлыг гүйцэтгүүлэх тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 17 дугаар зүйлд “Тендерийн үнэ болон үнийн хөнгөлөлт” гэж заасан бөгөөд уг зүйлд “урьдчилгаа төлбөр”-ийн талаар заагаагүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ” гэж заажээ.
Мөн дээрх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т “Тендерийн баримт бичигт заагаагүй тохиолдолд захиалагч урьдчилгаа төлбөр төлөхгүй” гэж заасан байхад нэхэмжлэгч “Монкабель системс” ХХК нь тендерийн үнийн саналыг ирүүлэхдээ захиалагчид урьдчилгаа төлбөр санал болгосон нь хууль нийцээгүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.6, 44.4-д заасан, мөн тендерийн баримт бичгийн “Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа”-ны 17 дугаар зүйлд заасанд нийцсэн үнийн саналыг “М.с” ХХК нь Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан нь тус аймгийн … сумын … голын гүүрэн гарцуудад хяналтын камер суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгох сонгон шалгаруулалтад  хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Тиймээс Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н-ийн “Гомдол хянан үзсэн тухай” 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5/7517 тоот албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй юм.
Иймд анхан шатны шүүх, маргаан бүхий актад үндэслэл бүхий дүгнэлт өгч, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх “М.с” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй тул түүний давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0275 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


                    ШҮҮГЧ                            Б.ТУНГАЛАГСАЙХАН
                    ШҮҮГЧ                         Э.ЗОРИГТБААТАР
                    ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР