Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2018/0854

 

2018 оны 12 сарын 20 өдөр  Дугаар 128/ШШ2018/0854  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Их-Ончууд ХХК /РД:*******/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын Их Ончууд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ...Манай компанийн хууль ёсоор ашиглаж байсан,  уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай газар нутгийн 1.8 га газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаар дуусгавар болгосон нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тул эрхээ хамгаалан уг тушаалын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Компанийн газар ашиглах эрхийн талаар: Манай Их-Ончууд ХХК уулын дархан цаат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс дэх 1.8 га газар ашиглах эрхийн ******* тоот гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 5 жилийн хугацаатай олгосон.

Үүний дараа газар ашиглах тухай ******* тоот гэрээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга,  уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулсан.

Газар ашиглах гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т жил бүр газрын төлбөрт 15.840.000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн ба бид газрын төлбөрийг жил бүр хугацаанд нь төлж байсан. Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Газрын албатай 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн ба үүгээр төлбөрийн үлдэгдэлгүй гэж дүгнэж байсан. Үүнээс хойших хугацааны газрын төлбөрийг зохих хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр төлсөн. Ийнхүү газрын төлбөрөөс төлөгдөөгүй ямар нэг үлдэгдэл төлбөр байхгүй.

Газар ашиглах гэрээний биелэлтийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа дүгнэсэн ба Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгасан заалтууд хэрэгжиж байгаа, мөн газрын төлбөрийн үлдэгдэлгүй, тооцоогүй гэж дүгнэсэн.

Тухайн газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглахын тулд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээчээр 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хийлгэж, ерөнхий үнэлгээний дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13/4908 тоот албан бичгээр хүлээн авсан.

Улмаар байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 2017 онд тусгай зөвшөөрөл бүхий Мон газар экологи ХХК-иар хийлгүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээчээр 2017 ондоо батлуулсан. Манай компани уг газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглахдаа энэхүү нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн.

Уг газрыг зориулалтын дагуу ашиглаж аялал жуулчлалын эко бааз байгуулах зорилгоор барилга байгууламжийн талаар Архитектур төлөвлөлтийн даалгавар-ыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр батлуулсан. Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаварт үндэслэн Б******* ХХК болон Энэ ХХК-иар барилгын ерөнхий төлөвлөгөөний эскиз зургийг боловсруулсан.

Энэ хугацаанд газраа хамгаалалтад авч тоосгон суурьтай төмөр сараалжин хашаа, манаач, ажилчдын байрлах байр бариулж, 380 вольтын цахилгааны шугам татаж оруулан Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ХХК-тай цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай ******* тоот тушаалын хавсралтын 7-д манай Их-Ончууд ХХК-ийн Бага тэнгэрийн аман дахь 1,8 га газар ашиглах эрхийг дуусгавар болгож хууль бус шийдвэр гаргасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг дуусгавар болгох 2 тохиолдлыг зааж өгсөн байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 40.1.2-т тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол тусгай хамгаалалттай газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор заасан. Манай компанийн хувьд эдгээр 2 үндэслэлийн аль алийг нь зөрчөөгүй байтал газар ашиглах эрх дуусгавар болгосон нь хууль бус юм.

Тодруулбал, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т ишилсэн Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд эрх дуусгавар болгох 5 үндэслэл байх бөгөөд 39.1Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно, 39.1.1газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй, 39.1.2газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон, газар эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан, 39.1.3эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан, 39.1.4 газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон, 39.1.5газрыг тусгай хэрэгцээнд авч нөхөх олговрыг газар эзэмшигчид бүрэн төлсөн гэж заасан.

Эдгээр тохиолдлуудаас аль нь ч манай компанийн хувьд огт бүрдээгүй бөгөөд тиймдээ ч Байгаль орчин, аялал жуучлалын сайдын ******* тоот тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг дурдаагүй байгаа юм.

Харин энэхүү тушаалд 40.1.2 дахь заалтыг үндэслэл болгосон байх бөгөөд энэ нь тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн гэх заалт юм.

Манай компани ямар нэг зөрчил гаргаагүй байхад ийнхүү зөрчил гаргасан гэх заалтыг үндэслэсэн нь хууль бус юм. Газар ашиглагч зөрчил гаргасан эсэхийг шалгах, хариуцлага тооцох эрх бүхий этгээд нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч байдаг. Гэтэл манай компанийн үйл ажиллагаа, газар эзэмшиж байгаа байдлын талаар ганц ч мэргэжлийн хяналтын байцаагч, байгаль орчны байцаагч ямар нэг зөрчлийг тогтоож байгаагүй, улмаар мэдэгдэл, акт, шийдвэр гаргаж байгаагүй атал зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь шударга бус төдийгүй, хууль бус юм.

Үүнийг тухайлан дурдахын бас нэг учир нь Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар гаргасан зөвлөмжийн 5-д Зөрчил нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, эсхүл мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр заавал урьдчилан тогтоогдсон байх бөгөөд түүнийг үндэслэж Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргасан байх ёстой. гэжээ.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь манай компани газар ашиглах эрхээ хууль ёсоор хэрэгжүүлж, ямар нэг зөрчил гаргаагүй байхад бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны ******* тоот тушаалын Их-Ончууд ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх тушаалыг 24 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг хамруулан гаргасан байдаг бөгөөд тэднийг голын бургас мод сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулж дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй гэж тухайн тушаалынхаа 1-д болон уг тушаалын хавсралтын тэргүүн хэсэгт заажээ.

Гэтэл манай компанийн ашиглаж байгаа газар нь ямар ч бургасгүй, мөн нураах уулгүй тэгш газар юм. Өөрөөр хэлбэл, ашиглах эрхийг нь дуусгавар болгосон бусад газартай харьцуулахад Их-Ончууд ХХК-ийн ашиглаж байгаа газар нь цулгуй, тэгш газар гэдэг нь хавсаргасан фото зургаас шууд харагдана. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд манай компанийн газар ашиглах эрхийг дуусгавар болгохдоо тухайн газрын тогтоц, орчны байдал, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэргийг огт харгалзахгүй бусад компаниудын ашиглаж байгаа газартай үндэслэлгүйгээр адилтгаж авч үзсэн нь туйлын хайхрамжгүй явдал болж, үүгээрээ бидний эрхийг зөрчөөд байна.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалаараа Их Ончууд ХХК-ийн хууль ёсоор ашиглаж байсан  уулын дархан цаазат хамгаалалтын захиргааны хязгаарлалтын бүс дэх Бага тэнгэрийн амны 1.8 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дээр дурдсан хууль зүйн үндэслэл, нотлох баримтаар хууль бус болох нь нотлогдох юм.

Иймд, тус шүүхээс Их-Ончууд ХХК-ийн хуулийн дагуу эзэмшиж байсан газар ашиглах эрхийг дуусгавар болгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* тоот тушаалын Их-Ончууд ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2008 онд нэхэмжлэгч 1.5 га газар ашиглах эрхтэй гэрчилгээтэй байсан. 2014 онд А******* ХХК-ийн 0.5 га газрыг аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар шилжүүлэн авахаар дээрх 2 компанийн зүгээс 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад бичгээр хүсэлт гаргасан. 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин И******* ХХК 1.5 га газар, А******* ХХК-ийн 0.5 га газрыг хажуугийн 1 га газрыг нэмж 3 га газар болгож өгнө үү гэсэн санал хүргүүлсэн. Яамны зүгээс нэмж хүсэлт гаргасан 1 га газрыг нэмээгүй. 2016 онд И******* ХХК 1.5 га газар, А******* ХХК-ийн 0.5 га газрыг нэгтгэсэн тушаал, газрын гэрчилгээ гарсан. Гэхдээ газар ашиглах эрхийг цуцлах үед 1.8 га хэмжээгээр тооцсон, энэ хэмжээний хувьд маргаагүй. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өмгөөлөлдөө: Хариуцагч хариу тайлбартаа нэхэмжлэл гаргах хугацаа дууссан гэсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд захиргааны актыг мэдэгдэх тухай заасан байгаа. Энэ олон хэлбэрийн аль ч хэлбэрээр мэдэгдээгүй. Цуцалсан тухай шийдвэр 5 дугаар сард гарсан. Энэ тухай нэхэмжлэгчид 06 дугаар сарын 29-ний өдөр 06/4596 тоотоор мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандсан тул нэхэмжлэл гаргах хугацаа хэтрээгүй.

Газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрт маш олон хуулийн заалтыг дурдсан, нийт 24 аж ахуйн нэгж, иргэнд хамааралтай тул И******* ХХК-д яг аль заалт нь хамааралтай тухай одоо болтол тодорхой тайлбар өгөөгүй. Хариуцагчийн зүгээс Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, 2015 онд сайдын тушаалаар баталсан Усны сан бүхий газар эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалттай эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам гэсэн эрх зүйн үндэслэлүүдийг заасан байсан. Бургас тайрсан, уул нурааж барилга барьсан ноцтой зөрчлүүд нь И******* ХХК-д хамааралгүй. Нэхэмжлэгч компанитай холбоотой ямар нэгэн зөрчил тогтоогдоогүй. Шүүхээс очиж үзлэг хийхэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тэмдэглэсэн багана байсан. Тэр баганаас цааш 50 м зайд усны онцгой хамгаалалтын бүс гэж байсан тэр газарт ороогүй. Тухайн газар анх 2008 онд олгогдож байсан. 2013 онд газар ашиглах хугацааг 2018 оны 08 дугаар сарын 07-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд А******* ХХК-ийн газрыг нэгтгэж 2016 онд гэрчилгээ олгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 48.2-т Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах тухай заасан байгаа. Хариуцагчийн зүгээс тус газрыг олгохдоо усны хамгаалалтын бүсийг хамарсан байгаа учир хууль бус гэж тайлбарладаг. Хэрвээ тэгж үзсэн бол Захиргааны ерөнхий хуулийг баримтлан 2008 оноос хойш 5 жилийн дотор буюу 2013 он хүртэл хүчингүй болгох боломжтой байсан. Эрх олгосон, эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргачихаад хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш олон жилийн дараа хүчингүй болгож байгаа нь маш их хохирол учруулж байна. 300 000 000 төгрөгийн хохирол учруулж байна.

Усны тухай хуулийн 22 дугаар зүйлд онцгой хамгаалалтын бүсэд хориглох үйл ажиллагааг заасан. Гэтэл архитектур төлөвлөлтийн даалгаварт 1.8 га буюу 18.000 мкв газрын 5.700 мкв газарт барилгажилт явуулна гэдэг хатуу шаардлага тавигдсан. Архитектур төлөвлөлтийн даалгаврыг зөрчиж зураг төслийн дагуу барилга барих боломжгүй. Зураг төслийн компаниар барилгын эскиз зураг хийлгэж байгаа.

Цуцалсан шийдвэр 05 дугаар сарын 01-ний өдөр гарсан. Үүнээс өмнө 03 дугаар сарын 30-ны өдөр яамны зүгээс Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар руу хамтран ажиллах тухай бичиг явуулсан. Энэ бичгийг явуулсан талаар нэхэмжлэгч компанид 04 дүгээр сарын 11-ний албан бичигтээ дурдсан. Албан бичигт дурдсан мэдэгдлээс үзэхэд төрийн захиргааны байгууллага өмнө нь хууль ёсоор олгогдсон газруудыг ашиглаж байгаа этгээдээс цуцалж аваад дараагийн этгээдэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах гэж байна гэж ойлгогдож байна. Түүнээс гадна компанид анх хууль зөрчиж газар ашиглах эрх олгогдсон бол Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасны дагуу албан тушаалтанд хариуцлага тооцох зохицуулалт байдаг.

Цуцалсан шийдвэр утга агуулгын илэрхий алдаатай байх тул илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь тушаалд заасан 2015 оны 12 дугаар сарын 22-ны А/433 дугаар тушаал нь И******* ХХК-д А******* ХХК-ийн 0.5 га газрыг нэмж олгосон тушаал байхад 1.8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон. Анх 1.5 га газрыг 2008 онд олгосон. Өөрөөр хэлбэл ашиглах эрхийг дуусгавар болгож буй талбайн хэмжээ 1.8 га атал түүнийг олгосон гэх тушаал нь 0.5 га газарт хамааралтай.

Нэхэмжлэгч компани байгаль орчны ерөнхий үнэлгээнд заасан чиглэл, даалгаврын дагуу байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэсэн. Байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд голын урсац, ундаргад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гарсан. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ..Тус шүүхэд И******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.-д ...Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно... гэж, 22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно... гэж, 22.6....Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно... гэж, 22.4,- д...Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно... гэж тус тус заасан.

Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д ...газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх... гэж заасан.

Иймд эдгээр хуулийн зохицуулалтыг баримтлан мөн Барилга хот байгуулалтын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны хамтарсан А-230/127 дугаар тушаалаар баталсан Усны сан бүхий газар, эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам, уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоотоор ирсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэн И******* ХХК-ийн 1.8 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Дээрх хууль тогтоомжийг зөрчиж газар ашиглах эрх олгосон, хууль тогтоомж, дүрэм журмыг ноцтой зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зааж өгсөн бөгөөд 14.4-д Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж заасан.

Яам нь төрийн захиргааны байгууллагын дээд шатны байгууллага бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад дээд шатны албан тушаалтан гэж байдаггүй. Иймд нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06-р сарын 01-ний дотор шүүхэд гаргах байсан.

Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг.

Иймд шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2008 оны 8 дугаар сарын 07-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 732 дугаартай гэрчилгээгээр Их-Ончууд ХХК уулын дархан цаазат тусгай хамгаалалттай нутагт 1.5 га газар ашиглах эрх олгож, 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2/88 дугаартай гэрээг 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байгуулжээ.

Улмаар 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр газар ашиглах хугацааг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 жилээр сунгаж, энэ талаар газар ашиглуулах гэрчилгээний хавсралтад яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга хийжээ.

И******* ХХК нь А******* ХХК-ийн 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2012/67 дугаартай гэрчилгээ, 8 дугаар сарын 30-ны өдрийн гэрээгээр ашиглаж буй 0.5 га газрыг шилжүүлэн авах талаарх хүсэлтийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 101, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2/3 тоотоор, А******* ХХК 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3/3 тоотоор тус тус яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргажээ. Мөн И******* ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 29 тоотоор уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд ашиглах эрхтэй 1.5 га газрыг өргөтгөн 3.0 га газар ашиглах эрх хүсэж, улмаар 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/12 тоотоор ашиглах эрхтэй 1.5 га газар дээр нэмж А******* ХХК-ийн 0.5 га газрыг нэгтгэх, мөн давхцалгүй 1.0 га газрыг нэмж нийт 3.0 га газар ашиглах эрх хүссэн байдаг. Эдгээр хүсэлтийн дагуу уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 740 тоотоор яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт И******* ХХК-ийн хүсэлт гаргасан 9 эргэлтийн цэг солбицол бүхий 3.06 га газар бусад газар ашиглагч нарын зөвшөөрөл бүхий талбайтай давхцалгүй хэмээн кадастрын зураглалаар тодорхойлсон байна.

Дээрх хүсэлтүүдийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар И******* ХХК-д 0.5 га газар нэмж ашиглуулахаар шийдвэрлэж, улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай гэрчилгээ 5 жилийн хугацаатай олгожээ. Уг гэрчилгээнд 2.0 га газрыг ашиглуулахаар олгосон байх хэдий ч гэрчилгээний хавсралт дахь солбицлоор 6 эргэлтийн цэгээр газрын хэмжээг 1.8 га хэмээн бичсэн байна. Дээрх гэрчилгээний дагуу газар ашиглах тухай ******* дугаартай гэрээг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга,  уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгуулжээ.

Ийнхүү И******* ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/433 дугаар тушаалаар 0.5 га газар нэмж ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах гэрчилгээгээр өмнө нь ашиглах эрхтэй 1.5 га газартай нь нэгтгэн 2 га газар ашиглуулахаар олгосон ч гэрчилгээний хавсралт дахь солбицлоор 1.8 га газар ашиглуулахаар олгосон гэж үзэхээр байна. Гэхдээ А******* ХХК-иас нэгтгэх хүсэлт гаргасан 0.5 га газрын байршил И******* ХХК-ийн ашиглалтад байсан 1.5 газрын залгаа биш баруун хойд талд нь тусдаа байршилд, зөв тэгш өнцөгт биш хэлбэртэй, 7 эргэлтийн цэг бүхий газар байхын дээр А******* ХХК-ийн газар ашиглах эрхийг шилжүүлсэн, эсхүл дуусгавар болгосон аливаа шийдвэр гаргаагүй байх тул И******* ХХК-д олгосон 1.8 га газарт А******* ХХК-ийн 0.5 га газар багтсан гэж үзэхээргүй байна.

Гэсэн хэдий ч 2016 оны гэрчилгээ, гэрээгээр 1.8 га газар ашиглахаар эрх авсан, маргаан бүхий тушаалаар 1.8 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн, мэдээллийн санд 1.8 га хэмжээгээр бүртгэгдсэн, нэхэмжлэгч газрын энэ хэмжээ, байршил, хил заагийн талаар маргаагүйн дээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 1.8 га газрыг ашиглах эрхийг дуусгавар болгосон актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэх нь зүйтэй байна.

Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт болон газрын төлбөр төлсөн орлогын мэдүүлгээр газар ашиглагч газрын төлбөрийг төлсөн, төлбөрийн тооцоогүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь ашиглах эрх авсан дээрх газартаа аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний тайлан боловсруулж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч үнэлгээ хийн, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай хэмээн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 13/4908 тоотоор мэдэгдсэн, энэ дагуу байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг 2017 онд боловсруулсныг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны шинжээч хянаж, ерөнхий шинжээч баталсан байдаг.

Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний нэгдсэн дүгнэлтэд ... төсөл нь Тусгай хамгаалалттай газар нутаг дахь эко аялал жуулчлалын зориулалттай байр, сууц, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6426:2013 стандартын шаардлагыг хангуулах, ... хог хаягдлын менежментийн асуудлыг бүлэг болгон байгаль орчинд халгүйгээр зайлуулах аргыг нарийвчлан тодорхойлох, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд байгаль орчинд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн технологийг ашиглах талаар заавар, зөвлөмжийг ариун цэврийн байгууламж, дулааны асуудалд боловсруулах, ...нарийвчилсан үнэлгээ хийх явцдаа тухайн газрыг хариуцан хамгаалж буй хамгаалалтын захиргаанд төслөө танилцуулж, санал авч тайланд хавсаргах, ... төслийн хүрээнд баригдах дэд бүтцийн барилга байгууламжийн зураг төсөлд ариун цэврийн байгууламжийн шийдлийг зайлшгүй тусгах шаардлагатай ба халаалтын асуудлыг байгаль орчинд ээлтэй аргаар шийдвэрлүүлэх, ... гэж тусгасан, энэ дагуу боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайланг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ерөнхий шинжээч баталжээ.

Уг газарт ашиглах зориулалтын дагуу аялал жуулчлалын цогцолбор байгуулах МЗХ2017/27-08 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр баталжээ. Энэхүү архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт барилгажих талбайн схем зургаар ашиглах эрхтэй 1.8 га буюу 17973.8 м.кв газрын 5267.8 м.кв талбайд 2 давхар барилга баригдахаар батлагджээ.

Мөн 2012 онд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-иас цахилгаан холболтын техникийн нөхцөл авч, 2012 оны 9 дүгээр сарын 20-нд 586/2012 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын актаар 10/0.4 кВ-н 630 кВА-н чадалтай трансформатор бүхий КТПН ашиглалтад оруулсан. Мөн ашиглах эрх бүхий газартаа тоосгон суурьтай төмөр хашаа хийж, манаачийн байр барьснаас өөрөөр барилга байгууламж барих зэргээр үйл ажиллагаа явуулаагүй байна.

Өөрөөр хэлбэл тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг эрх бүхий этгээдээс буюу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас авч, гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газрын төлбөрийг төлж, ашиглахаар буюу үйл ажиллагаа явуулахаар байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг холбогдох албан тушаалтнаар батлуулж, эрх бүхий этгээдээр цогцолборын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байх бөгөөд хашаалж, 380 вольтын цахилгаан татсанаас өөрөөр барилгын болон бусад үйл ажиллагаа эхлүүлээгүй байна.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар Усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж, тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн гэсэн үндэслэлээр уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоотоор ирсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэн И******* ХХК-ийн 1.8 га газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь дараах байдлаар хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Тушаалын үндэслэл болсон уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 431 тоот газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналын үндэслэлд усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй гэсэн байна.

Гэвч уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа ийнхүү санал өгөхөөс 6 сарын өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус компанийн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг үнэлээд газар дээрээ хамгаалалтын хашаатай, 380 вольтын цахилгаан татсан, төслийн үндсэн үйл ажиллагаа эхлээгүй, газрын төлбөрийн тооцоогүй, байгалийн унаган төрхийг хадгалах, уулын хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх ажилд тогтмол идэвхтэй оролцсон хэмээн дүгнэсэн байдаг. Ийнхүү дүгнэснээс хойш ямарваа үйл ажиллагаа явуулаагүй байхад усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй хэмээн дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Тодруулбал, тухайн байршилд буюу тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг эрх бүхий этгээд болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайд олгосон, олгосон байршилд нь байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтан хийж, аялал жуулчлалын зориулалтаар ашиглах боломжтой талаар дүгнэлт гарган үнэлгээг баталж, уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гэрээний хэрэгжилтийг ийнхүү үнэлсэн атлаа барилгын болон ямарваа үйл ажиллагаа эхлүүлээгүй байхад усны нөөц бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулах эрсдэлтэй гэсэн саналыг уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа гаргаж, энэ саналыг үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан нь ойлгомжгүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан газраа зориулалтын дагуу ашиглах газар ашиглагчийн эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байжээ.

Уг тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, элс, хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх, хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв байдлыг өөрчлөх, 40 дүгээр зүйлийн 40.1.2 Тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн тохиолдолд газар ашиглах эрх дуусгавар болно, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно., 22.2.1 онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно., 22.6 Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм зөрчихийг хориглоно., 22.4 Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно. гэсэн заалтуудыг баримталсан хэдий ч дээрхээс аль заалтыг нэхэмжлэгчид тухайлан хамааруулсныг хариуцагч тайлбарлаагүй, аль заалтыг зөрчигдсөн гэж үзсэн, усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн аль бүсэд хамаарч байгаа болох, тухайн бүсийн дэглэмийн аль заалтыг хэрхэн зөрчсөн талаар, газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн ямар зөрчил гаргасан болохыг тогтоогоогүй атал дээрх үндэслэлүүдийг баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь газар ашиглах эрхэд халдах хуульд заасан үндэслэл бүрдээгүй байсан гэж шүүх дүгнэх үндэслэл болжээ.

Хариуцагч энэхүү шийдвэрээ гаргахаас өмнө яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 10/2199 тоотоор И******* ХХК-д газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар хандсан ч газрын байршлыг Залаатын ам гэж буруу бичсэн, мөн тухайлаад уг компанийг ямар зөрчил гаргасныг тодорхойлоогүй, нийтлэг зөрчлийг дурдсан байдаг. Улмаар энэ талаарх тус компанийн хүсэлтээр 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 10/2276 тоотоор ашиглах эрхийг дуусгавар болгосон шийдвэр гараагүй ч Засгийн газрын болон нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хөтөлбөрийн хүрээнд цаашид ашиглах эрхийг цуцлах бодлого баримтлах талаар мэдэгдсэн ч мөн л тухайн компанийг ямар зөрчил гаргасныг тухайлан заагаагүй байна.

И******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Х******* ТББ-ын уулзалтаар яамны зүгээс тавьсан нөхцөл шаардлагын дагуу Туул голын эрэг дагуу нийтээр ашиглах явган хүний зам, дугуйн зам, автомашины зогсоол хийхэд өөрийн компанийн газрын зохих хэсгийг ашиглуулахыг зөвшөөрч буйгаа илэрхийлж 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16 тоот албан бичиг хүргүүлсэн байгааг дурьдах нь зүйтэй.

Хариуцагч нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн хэмээн маргадаг. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн газар ашиглах эрхийг цуцалсан бөгөөд тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газраас 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 06/4596 тоотоор энэ талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн байх тул 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, нотлох баримт цугларсан гэж хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаар тушаалын И******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА