Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/06

 

Д.*******ад холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүхуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж, Прокурор/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р Б.*******үү Шүүгдэгчийн өмгөөлөгч/Тосонцэнгэл сумаас ZOOM/-р М.*******аа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүхуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.*******ийн даргалж шийдвэрлэсэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.*******аа нарын давж заалдах гомдлоор Д.*******ад холбогдох 2124000000080 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1965 оны 12 дугаар сарын 08- ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /******* регистрийн дугаартай/ овогт *******ийн *******.

Шүүгдэгч Д.******* нь 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Шар бэлчрийн Хөхүүртийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.232 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян-Айраг багийн нутаг “Хужирт толгой” гэх газар руу “Портер” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,388,367 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: 1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Д.*******ад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.*******ад тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, 6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Н.д буцаан олгож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг устгаж, 7. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ойн сан учруулсан хохиролд 1,388,367 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, 8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******аас ойн санд учруулсан хохиролд 2,776,734 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Завхан аймгийн Тэлмэн сумын засаг даргад олгож, 9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, 10. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 31 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 11. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, 12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.*******аа нар нь давж заалдах шүүхэд гаргасан гомдлын агуулга: “...Шийтгэх тогтоолын 6-р зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Портер” маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Н.д буцаан олгож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 8,232 м3 хуурай модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглсэн гэж үзэж байна. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ... Иргэний нэхэмжлэгч Н.ын эзэмшлийн ******* ******* дугаартай портер машины үнэ 3.000.000 төгрөгийг улсын орлого болгосон шийдвэрийг хүчингүй болгох, эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө, хураагдсан 8.232 м3 хуурай модны үнийг ойн сандд учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар тус тус шийдвэрлэх. Иймд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Прокурор Б.*******үү дүгнэлтдээ: Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх туххуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.*******ын 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Улсын тусгай хамгаалалтай газар нутаг болох Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг “Шар бэлчирийн Хөхүүртийн ар гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.232.мкв түлээний хуурай шинэс мод бэлтгэж, Завхан аймгийн Тэлмэн сумын Баян айраг багийн нутаг Хужирт толгой гэдэг газар руу “Портер” маркийн ******* ******* улсын дугаартай автомашинааар тээвэрлэсэн үйлдлийг прокуроороос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн асуудлыг зөв зүйлчилж шийдвэрлэсэн, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх асуудлыг зохицуулсан байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.*******ад Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ..ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөр 4.165.101 төгрөгийн хохирлоос шүүгдэгч Д.******* 1.388.367 төгрөгийг төлсөн болохыг, 2.776.734 төгрөгийг хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Мөн шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цахилгаан хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох хуурай модыг тус тус улсын орлого болгохоор, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан уяаг устгахаар, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээний талаарх зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэний нэхэмжлэгч Н.ын эзэмшлийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна гэжээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураана эсхүл бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор...учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос хураана” гэжээ. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураана эсхүл гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдээс өөр хөрөнгө орлогыг хохирол нөхөн төлүүлэх зорилгоор хураахаар заажээ. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хураан авсан хөрөнгө орлого гэдэг нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор... учирсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлого гэж ойлгохоор байх ба энэ хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг хурааж, улсын орлого болгохоор тогтоосон нь хэргийн нөхцөл байдал болон уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцсэн байна. Анхан шатны шүүх хөрөнгө орлого хураах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.*******аа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дхэсгийн 1.1 -т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч М.*******аа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дхэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Ж.БАТТОГТОХ