Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2010/0030/З |
Дугаар | 288 |
Огноо | 2018-06-25 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 288
Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Х.Батсүрэн
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулийн 8 дугаар гудамж, 158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0251 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгч: нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т, Н.Ш,
Гуравдагч этгээд: Ш.Т,
Гуравдагч этгээд: З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С, Б.Т нар,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, өмгөөлөгч Н.Т, Н.Ш, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэрээр: Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1-д “иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараахь зүйлийг тусгана”, 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8-158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот хаягт орших 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б, Ш.О нарыг бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0251 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б, Ш.О нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулийн 8 дугаар гудамж, 158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Р.Б-г бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгаж, үлдэх “Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоот 248 м.кв газрын хамтран өмчлөгчөөр Ш.О-г бүртгэхийг нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э, түүний өмгөөлөгч Н.Ш, Н.Т нарын гомдлын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээд З.Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С-ийн гомдлыг хангахгүй орхисон.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нэхэмжлэгч Р.Б, Г.Ш агсантай 1985 онд хамт амьдарч эхэлсэн, 1984 онд төрсөн Ш.О-г нэг настай балчир үеэс нь үрчлэн авч, Г.Ш агсан өөрийн хүүхэд мэт асран бойжуулсан, гэр бүлийн гишүүнд Ш.О нь хашааны газар өмчлөх хүсэлт, өргөдөл гаргах үед бүртгэлтэй байсан, хамт нэг гэрт амьдарч байсан, гэрлэж тусдаа гараагүй байсан зэргийг давж заалдах шатны шүүх харгалзан үзэлгүй Ш.О-г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эрхийг зөрчсөн шийдвэр боллоо.
4. Өрх гэрийн тэргүүн Г.Ш агсан гэр бүлийн хамт амьдарч байгаа гишүүн бүрийн овог, эцэг эхийн нэр, иргэний өөрийн нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар зэргийг үнэн зөв бүрдүүлж өгөх үүргээ зөрчсөн, захиргааны байгууллага ч хяналт тавиагүй байсан нь хавтаст хэрэгт бүрэн тогтоогдсон болно.
5. Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Ш.О-г бие дааж, гэр бүлийн гишүүдээс буюу эцэг, эхээс тусдаа газар өмчлөх тухай өргөдөл, хүсэлт гаргаж байсан нь нотлогдохгүй гэх үндэслэл заасан нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байгаа тул хяналтын шатны шүүхээс Ш.О-г хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол
6. Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хууль бус байсныг тогтоосон хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь, гуравдагч этгээд З.Х бол Г.Ш-ийн дүү болох Г.Ч-ын төрсөн охин. Г.Ш агсантай З.Х нь садангийн холбоотой хүмүүс юм. Садангийн хүн гэдгийг Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “Гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг тус тус тодорхойлсон байна. Иймд З.Х нь Г.Ш агсаны гэр бүлийн гишүүн болно.
7. 1988 онд газрыг худалдан авахад З.Х нь аав, ээж, эгчийн хамт энэ газарт анх амьдарч байсан. З.Х нь 2006 оны 9 сараас хойш 2009 оны 10 сар хүртэл нагац ах Г.Ш агсантай хамт амьдарч байсан гэж Г.Ш агсаны өөрийн мэдүүлэг, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэгт байгаа. З.Х нь Г.Ш агсаны гэр бүлийн ойр дотно гишүүн болох нь Г.Ш агсаны мэдүүлгээс харагддаг. Иймээс Монгол Улсын иргэнд газар өмчүүлэх тухай 2002 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар гэр бүлийн гишүүн болох Г.Ш-ийн дүү З.Х-г хамтран өмчлөгчөөр бүртгэж шийдвэрлэсэн.
8. Г.Ш, З.Х нарын газар өмчлөх хүсэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар Г.Ш, З.Х нарт гэр бүлийн хэрэгцээний газрыг хамтран өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь алдаатай болсон гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэрлэсэн нь буруу юм. Алдаа гарсан гэдэг нь З.Х-г Г.Ш-ийн эхнэр гэж бүртгэсэн. Гэр бүлийн гишүүдээс гарын үсэг аваагүй зэрэг алдаа нь төрийн албан хаагчийн хайхрамжгүй алдаа болохоос З.Х газрыг гэр бүлийн гишүүний хувьд хамтран өмчлөхөд зөрчсөн зүйл байхгүй. Г.Ш нь Р.Б болон хүүхдүүдийн таарамжгүй харьцаанд гомдож, 2006 оноос салсан. Тухайн үед З.Х нагац ахыгаа орох оронгүй, Р.Б-д гэр орон, бүх зүйлээ өгсөн байхад нь тусалж хажуудаа асарч, авч байсан.
9. Г.Ш гэрчийн мэдүүлэгтээ “...Ш би анх 5 хүүхэдтэй байхад нь Р.Б-тэй суусан. Би хүүхдүүдийг нь өөрийнхөө хүүхэд шиг өсгөж хүмүүжүүлсэн. Солонгост 1999 оноос 2006 он хүртэл ажиллаж байхдаа сардаа байнга мөнгө явуулдаг байсан. Б-ийн эмчилгээний зардал болон, цахилгаан бараа, эд барааг зөндөө явуулдаг байсан. Би А, О хоёрыг дээд сургууль төгсгөсөн. Э-д би машин авч өгсөн. Би өөрийн чадлаар эдгээр хүүхдүүдийг халамжлан өсгөсөн. Э-д 5 ханатай гэр өгсөн. Гэтэл намайг 2006 онд Солонгосоос ирэхэд 2 том хүүхэд Э, А нар нь надаар тэжээлгэх гэсэнд нь би гомдолтой байна. Миний Солонгост олон жил хөдөлмөрлөж явуулсан хөрөнгө мөнгө байхгүй болсон. Ингээд хүүхдүүд нь надад ийм зан гаргасанд гомдоод өөрийн дүүгийн хүүхэд З.Х болон өөрийн нэр дээр уг захирамжийг гаргуулсан. ...Анх энэ хашааг авахад миний дүү Ч, хүүхэд Х, С нартайгаа амьдарч байсан”, гуравдагч этгээд Г.Ш-ийн тайлбарт “Би Б-тэй 1984 онд гэр бүл болж амьдрахад 1-13 насны 5 хүүхэдтэй байсан ба суугаад 2006 он хүртэл 22 жил хамт амьдарч 5 хүүхдийг нь юугаар ч дутаахгүй өсгөн хүмүүжүүлж амьдралын замд нь хүргэж өгсөн. Миний бие 1999 оны 4 сараас 2006 оны 4 сарын 06-ны өдөр хүртэл 7 жил Солонгос Улсад ажиллаж байгаад ирэх хугацаанд миний тэтгэвэр бүгд 3663381 төгрөг болох тэнд байх хугацаанд эмчилгээ болон 2 хүүхдийн сургуулийн төлбөр, бусад зардлыг шилжүүлж байсан. Энэ ойролцоогоор 10000 доллар болсон болно. Б нь намайг хүнтэй суух гээд хөлгүй болохоор хөөсөн гэж мэдүүлсэн байна. Гэтэл би одоо хүртэл хүнтэй суух нь битгий хэл өөрийн орон гэргүй, дүүгийндээ амьдарч байхад ингэж хэлэх нь хүн чанар алга байна. Түүний 33-35 насны 2 эрэгтэй хүүхэд нь надаар тэжээлгэх санаа өвөрлөн амьдралын төлөө тэмцэхийн оронд зүгээр суух хүсэл нь цаашид хамтран амьдрахаас татгалзахад хүргэсэн. Би Б-г гудамжинд хөөж гаргаагүй, 5 ханатай гэр, тэр үед хэрэглэж байсан хогшлыг хамт, үүдний пин, хивс, диван зэрэг хэрэглэлтэй нь хамт өгсөн. Мөн түүнчлэн миний хувцас, мөнгөн аяга Солонгосоос явуулсан эд хэрэглэл, миний цуглуулсан олон тооны ном зэрэг ихээхэн зүйл алга болсон байсан. Хоёр дахь хүү А нь хэд хэдэн удаа агсан тавих зэргээр удаа дараа дарамтлаж байсан ба урьд тавьсан өрийг нь 200000 төгрөгийг барагдуулж байхад ингэж хандах нь хамтран амьдрах ямар ч нөхцөлгүй болсон. Би түүнд алтан бөгж /3цэн/, хувцас торго, даавуу, хөргөгч 3 2 харьцаатай хивс 6 ширхэг, аравч 4 ширхэг гэх мэтчилэн ихээхэн зүйлийг өгч явуулсан байсан. Гэр нь шатсан дүүдээ явуулсан 200 долларын хос костюмыг өгөөгүйгээр барахгүй гэр нь барихад нь явуулсан 150 доллароос хагасыг нь өгсөн зэрэгт нь миний сэтгэлийн тэнхээ бүрэн барагдсан болно. Иймээс дээрх зүйлийн үнэ 248 м.кв газрын үнээс хэд давсан нь ойлгомжтой. Миний бие дээрх бүх шалтгаанаар Б-ийн нэхэмжлэлийг хүлээн авч чадахгүй болно”, шүүх хуралдаанд хэлэхдээ “Би 7 жилийн тэтгэврээ Б болон үр хүүхдэд нь зориулсан” гэж мэдүүлжээ.
10. Г.Ш-ийн гэрчийн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн тайлбар, шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Г.Ш нь Р.Б-ийн 5 хүүхдийг хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэж өгсөн. Р.Б-ийн амьдралын хэрэгцээ, эмчилгээний зардлыг төлдөг байсан. А, О хоёрыг дээд сургууль төгсгөсөн. Э-т машин авч өгсөн. Э-д 5 ханатай гэр авч өгсөн. Солонгост 7 жил ажиллахдаа өөрийн тэтгэврээ Б болон түүний хүүхдүүдэд зориулсан байдаг. Гэтэл хүүхдүүдийн хүнлэг бус харьцаанаас болоод Б-ээс салсан ба Б-д байгаа бүх юмаа өгөөд явуулсан. Г.Ш нь орох оронгүй, оочих аягагүй болчихоод дүү Ч, түүний охин Х-г бараадаж амьдрах болсон. Анх газрыг худалдаж авахдаа 400 төгрөгийг Х-ийн ээж Ч-аас гаргуулж байсан ба Х-ээс тусламж аван гэрт нь амьдарч байсан тул газар өмчлөх эрхийн гэрчилгээгээ авахдаа гэр бүлийн гишүүн болох дүү Х-г хамтран өмчлөгчөөр оруулсан байдаг.
11. Хариуцагч талаас 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тайлбартаа “иргэн Ш нь маргаж буй газар болох Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааны газрыг Баянгол дүүргийн Засаг даргын 1999 оны 0101000405 дугаар гэрчилгээгээр эзэмшиж байсан бөгөөд 2007 онд газраа өмчилж авах тухай хүсэлт гарган зохих материалаа бүрдүүлж өгсний дагуу нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар 248 м.кв газрыг үнэгүй өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ үед газар өмчлөгч нь өөрийн дүү З.Х-г хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга тус хорооны Туулын 8-158 тоотод иргэн Г.Ш ам бүл хоёулаа амьдардаг болохыг тодорхойлсон тодорхойлолт, Г.Ш болон З.Х-ийн иргэний үнэмлэхний хуулбарыг хавсарган ирүүлсэн. Иймд, нийслэлийн Засаг даргын Г.Ш-д газар өмчлүүлсэн шийдвэр нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу хүсэлт гаргагчийн бүрдүүлж ирсэн материалыг үндэслэн зохих хууль тогтоомжийн хүрээнд гарсан гэж үзэж байна. Харин Р.Б-ийн нэхэмжлэлийг шүүх хянан хэлэлцэж Г.Ш-ийн гэр бүлийн гишүүн Р.Б, Ш.О нарыг маргаан бүхий газрыг өмчлөх эрхтэйг тогтоосон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг харгалзан үзэх боломжтой”, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа “...иргэн Г.Ш нь гэр бүл, ам бүлийн байдлын тухай Засаг даргын тодорхойлолтыг үнэн зөвөөр мэдүүлээгүй нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4-т заасан “газар өмчилж авахтай холбогдсон энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн” гэжээ.
12. Г.Ш нь газар өмчлөхдөө баримт бичгийг үнэн зөв бүрдүүлэх гэсэн заалтыг зөрчөөгүй. Г.Ш агсан нь Р.Б болон түүний хүүхдүүдийнхээ төлөө зүтгэж яваад эцэст нь хүнлэг бус сэтгэлээр өөрт нь Б, хүүхдүүд нь хандахад маш их гомдож, орох оронгүй оочих аягагүй болж өөрийн дүү Ч-ын төрсөн охин З.Х-г бараадаж, цуг амьдрах болсон. З.Х нь Г.Ш агсаны асран хамгаалагч байсныхаа хувьд, гэр бүлийн гишүүний хувьд тухайн газрыг хамтран өмчилсөн болно. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалтыг зөрчөөгүй, үнэн зөвөөр бүрдүүлсэн. Тухайн цаг нь Р.Б, хүүхдүүдийн хамт гэр орон бүх юм аа аваад Г.Ш-с салаад явсан байсан. Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамж, 158 тоотод Г.Ш дүү З.Х-ийн хамт амьдарч байсан цаг юм.
13. Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар улсынхаа нутаг дэвсгэрт түр буюу байнга оршин суух газраа сонгох, мөн хуульд зааснаар тухайн газраа өмчилж авах эрхтэй байдаг билээ. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.1.2-т заасны дагуу Монгол Улсын иргэнд нэг удаа үнэ төлбөргүйгээр өмчлүүлэх газрын байршлыг тогтоох асуудлыг дараах байдлаар шийдвэрлэнэ”, 3.1-д “нийслэлд бүртгэлтэй иргэн нийслэлд буюу аль ч аймаг, сумын газарт газар өмчлөх эрхтэй” гэж хуульчилж өгсөн байдаг тул нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжийн З.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар, энэ газрын хамтран өмчлөгчөөр Р.Б-г бүртгэхийг даалгахаар, нийслэлийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг цуцлуулахаар гаргасан магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
14. Хөөн хэлэлцэх хугацааны талаар. Нэхэмжлэгч Р.Б Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Туулын 8 дугаар гудамжны 158 тоот хашааны газрыг өмчлөхөөр Баянгол дүүргийн Газрын албанд хандсан боловч 2009 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариу өгөх мэдэгдлээр хариугаа авсан. Хэргээс харахад нэхэмжлэгч Баянгол дүүргийн Газрын албанаас хариу мэдэгдлээ авснаас хойш бүхэл бүтэн 7 сарын дараа нийслэлийн Газрын алба Р.Б-д албан тоот гаргасан нь нэхэмжлэгч хуульд заасан 30 хоногийн дотор нийслэлийн Газрын албанд гомдлоо гаргасан нь эргэлзээтэй байна.
14.1. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч 30 хоногийн дотор гомдлоо нийслэлийн Газрын албанд гаргасан нь тодорхой бус.
14.2. 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Энэ хуулийн 6.1.-д заасан байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Р.Б нь Захиргааны байгууллагаар өргөдөл, гомдлоо 7 сар буюу 210 хоногийн хугацаатай шийдүүлсэн нь дээрх хуулийг зөрчсөн. Баянгол дүүргийн газрын асуудал эрхэлсэн албан тушаалтны хариу мэдэгдлээс нийслэлийн Газрын албаны албан тоот гарах хүртэл бүхэл бүтэн 7 сар буюу 210 хоног зарцуулахгүй. Иймээс гомдол гаргах 30 хоногийн хугацаа дууссан байхад нэхэмжлэгч нийслэлийн Газрын албанд, шүүхэд өргөдөл, нэхэмжлэл гаргаад яваад байна.
15. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна гэж зааснаар хэргийг шалгаж шийдвэрлээгүй. Хэрэгт нэхэмжлэгч Баянгол дүүргийн Газрын албанаас хариу өгөх мэдэгдэл авсан өдрөөсөө хойш хэд хоногийн дараа нийслэлийн Газрын албанд гомдлоо гаргасан талаар дахин тодруулж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
16. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэснээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, үүний улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
17. Анхан шатны шүүх “Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 523 дугаар захирамжаар З.Х-д Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 8 дугаар гудамж, 158 тоотод орших 248 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар хамтран өмчлүүлсэн хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөөгүй байна.
18. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын дагуу нэхэмжлэгчээс захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол шүүхээс маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох боломжтой. Гэтэл энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч нараас анхнаасаа “захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан байхад шүүх түүнийг хүлээн авч, хангаж шийдвэрлэсэн нь буруу юм.
19. Хэдийгээр энэ тохиолдолд хяналтын шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлт хийх боломжтой ч шүүхийн алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй үүднээс нэхэмжлэлийн уг шаардлагыг анхан шатны шүүхээс дахин тодруулах нь зүйтэй гэж үзлээ.
20. Учир нь, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийг нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 143 дугаар шийдвэрээр хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч уг шүүхийн шийдвэр нь гуравдагч этгээд З.Х-ийн шинээр илэрсэн нөхцлөөр хянуулах тухай хүсэлтийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болж, хэргийг ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр болсон байна. Иймээс угтаа маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжийн эрх зүйн үйлчлэл сэргэсэн байх боломжтой. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулж, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь алдаатай бөгөөд хяналтын шатны шүүхээс уг алдааг зөвтгөх боломжгүй байна.
21. Мөн шүүхүүд нэхэмжлэгч нарын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хүлээн авч, хангаж шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-г хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” эсэхийг бүрэн шалгаагүй алдаа гаргасан байна.
22. Учир нь, дээр дурдсанчлан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамж нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 143 дугаар шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан /Г.Ш-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон/, гэвч уг шүүхийн шийдвэр нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 350 дугаар тогтоолоор хүчингүй болсон, иймээс маргаан бүхий акт нь эрх зүйн үйлчлэлтэй эсэх, хэрэв эрх зүйн үйлчлэлтэй гэж үзэж байгаа бол яагаад хууль бус, нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа талаар шүүхүүд дүгнэлт өгөөгүй нь алдаа юм.
23. Түүнчлэн, шүүхийн шийдвэр, магадлалаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 846 дугаар захирамжийн Г.Ш-д холбогдох хэсгийг хүчингүй болсноор түүний газар эзэмших эрх /2007 оны 523 дугаар захирамжийн холбогдох хэсэг/ сэргэх эрх зүйн үр дагавар үүсэхээр байгаа боловч нэхэмжлэгч нар нь энэхүү маргааны гуравдагч этгээд Г.Ш-ийн /түүний эрх залгамжлагч Ш.Т-ын/ өмнөөс ийнхүү шаардах буюу нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах шаардлагатай.
24. Иймд, шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангуулах тухай нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай гуравдагч этгээд З.Х-ийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2018/0077 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 221/МА2018/0251 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ