Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2021/0218

 

2021 03 25 128/ШШ2021/0218

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Э******* /РД:*******/

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр гаргахыг даалгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Миний бие О.Э******* нь өөрийн төрсөн эх Д.*******гийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот, 499 73 м.кв газарт амьдардаг байсан ба эх Д.******* нь нас өөд болсон. Гэтэл өв нээгдэж Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр тоот, 499.73 м.кв газрыг Газрын тухай хууль зөрчин уг газрыг 2 хувааж О.Э*******, О.З******* нарын нэрээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргасан. Гэвч миний бие үүний талаар Нийслэлийн болон дүүргийн газрын албанд хандахад Нийслэлийн засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн хавсралтын 96 дугаар хуудас, 2249 дугаарт бүртгэгдсэн Д*******гийн *******гийн иргэний үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаар буруу байна, тэгэхлээр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот, 499.73 м.кв газар Д.*******гийн газар биш тул уг асуудлыг засах боломжгүй гэж хариу өгдөг.

Тухайн үед тухайн хашаанд хэдэн нь ч хүн амьдарч байсан бүгдийг нь бүртгэж бүртгэлд оруулдаг байсан. Гэвч Нийслэлийн Засаг даргын захирамжид Д.*******гийн үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаар буруу, уг захирамж нь хоёр хүний нэр дээр гарсан гарсан байсныг би архиваас захирамж авснаар мэдсэн. Уг захирамжийг гаргахдаа хэн гэж хүнд өмчлүүлсэн нь ойлгомжгүй тодорхой бус илт утга агуулгын алдаатай гарсан захирамж бөгөөд Газар өмчлөлийн тухай хуулийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд нэг удаа 0,7 га хүртэлх газрыг үнэ төлбөргүй өмчлүүлнэ гэсэн заалтуудыг зөрчиж гаргасныг мэдсэн. ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай байх тул уг захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Захирамжийг зөвтгөж, газрыг өмчлөх эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр болгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 18******* нэгж талбарын дугаар бүхий 500 м.кв газрыг иргэн Д.*******д өмчлүүлж, хамтран өмчлөгчөөр охин О.Э*******ийг бүртгэсэн. 2007 онд иргэн Д.******* нас барсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар шийдвэрээр Д.*******гийн охин О.Э*******т 250 м.кв, хүү О.З*******д 250 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэрээр иргэн О.Э*******т 291 м.кв, иргэн О.З*******д 209 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Иргэн О.Э******* нь 2008 болон 2015 онд тус 2005 оны 186 дугаар захирамжаар анх өмчлөгдсөн газрын талаар маргаж байсан тул нэхэмжлэлдээ би архиваас захирамжаа олон жил хайж олсны дараа мэдсэн гэсэн нь үндэслэлгүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүй гэснээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасны дагуу О.Э*******ийн эрх ашиг нь хөндөгдөөгүй, энэ захиргааны актаар үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн тухай 2015 оны шүүхийн албан ёсны шийдвэр гарсан байгаа учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай байна гэсэн. Энэ нь утга агуулгын илэрхий алдаанд орохгүй Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засах боломжтой гэж үзэж байгаа. Тухайн захиргааны актыг зассан хэдий ч тус захиргааны актын үйлчлэл нь хэрэгжээд дууссан, О.Э******* гуайг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн, энэ хүний эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засах шаардлагатай гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчид шаардах эрх нь байхгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн О.Э*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай байх тул уг захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[1].

Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр гаргахыг даалгуулах гэж тодруулсан бөгөөд шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий үйл баримтыг дурдвал, Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 186 дугаар захирамжийн хавсралтын 2249 дугаарт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 6596436 төгрөгийн үнэлгээ бүхий 499.73 м.кв газрыг иргэн Д.*******д өмчлүүлж, хамтран өмчлөгчөөр охин О.Э*******т өмчлүүлжээ[2].

2007 онд иргэн Д.******* нас барсан тул Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар шийдвэрээр[3] Д.*******гийн охин О.Э*******т 250 м.кв, хүү О.З*******д 250 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэж, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэрээр[4] иргэн О.Э*******т 291 м.кв, иргэн О.З*******д 209 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэсний дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч О.Э******* нь Нийслэлийн Засаг даргын 2005 оны 186 дугаар захирамжид Д.*******гийн үнэмлэхийн дугаар болон регистрийн дугаар буруу, уг захирамж нь хоёр хүний нэр дээр гарсан ... хэн гэж хүнд өмчлүүлсэн нь ойлгомжгүй тодорхой бус илт утга агуулгын алдаатай гарсан ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4.-д эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байна гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт зааснаар утга агуулгын илэрхий алдаатай байна гэсэн. Энэ нь утга агуулгын илэрхий алдаанд орохгүй Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу захиргааны актын илэрхий алдааг засах боломжтой гэж үзэж байгаа. Тухайн захиргааны актыг зассан хэдий ч тус захиргааны актын үйлчлэл нь хэрэгжээд дууссан, нэхэмжлэгч О.Э*******ийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн, энэ хүний эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актын илэрхий алдааг засах шаардлагатай гэж үзэж байгаа учир нэхэмжлэгчид шаардах эрх нь байхгүй гэж тус тус маргажээ.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1 Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:, 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтын утга агуулгын илэрхий алдаатай гэх агуулга нь актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтны хүсэл зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, актын заалтууд нь хоорондоо зөрчилдсөнөөс хоёрдмол утгатайгаар ойлгогдож болохоор агуулга нь тодорхой бус байхыг хэлнэ. Түүнчлэн найруулга зүйн болон үг, үсэг, тооны алдаа нь үр дагаврын хувьд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөр байвал тухайн актыг утга агуулгын хувьд илэрхий алдаатайд тооцохоор байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, Чингэлтэй дүүргийн Засаг даргад маргаан бүхий акттай холбоотой газар өмчлөх хүсэлтийг иргэн Д.******* анх гаргахдаа өмчлөгчөөр өөрөө, хамтран өмчлөгч гэр бүлийн гишүүнээр охин О.Э*******, хүү О.З******* нарын нэрийг бичиж, тэдгээрийн иргэний үнэмлэхүүдийн хуулбар, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг хавсаргажээ[5].

Гэтэл маргаан бүхий захиргааны акт нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 6596436 төгрөгийн үнэлгээ бүхий 499.73 м.кв газрын өмчлөгч нь иргэн Д.*******, хамтран өмчлөгч иргэн О.Э******* гэж гарчээ.

Харин хамтран өмчлөгч хүү О.З*******гийн нэр маргаан бүхий захиргааны актад бичигдээгүй байх бөгөөд түүний иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг түний эх Д.*******гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарын хэсэгт бичсэн байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий 2005 оны 186 дугаар захирамжийн иргэн Д.******* болон түүний охин О.Э******* нар холбогдох хэсгийг гаргахдаа тухайн маргаан бүхий газрын өмчлөгч Д.*******гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарын оронд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хүү О.З*******гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг андуурч бичсэн байх бөгөөд хүү О.З*******г хамтран өмчлөгчөөр нэрийг бичилгүйгээр орхигдуулан техникийн шинжтэй, бичилтийн алдаатай гаргасан байна гэж үзэхээр байна[6].

Хариуцагчийн дээрх техникийн шинжтэй, бичилтийн алдаатай гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгч О.Э*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзэв.

Тодруулбал, нэхэмжлэгч О.Э******* нь өөрийн эх Д.*******гийн хамтаар маргаан бүхий захиргааны актаар маргаан бүхий газрыг хамтран өмчилж байсан байх бөгөөд маргаан бүхий захиргааны актад эх Д.*******гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаар буруу бичигдсэнээр тухайн захиргааны актаар тухайн газрыг өмчлөхтэй холбоотой нэхэмжлэгч О.Э*******, түүний эх Д.******* нарын ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байна.

Мөн нэхэмжлэгч О.Э*******ийн эх Д.******* 2007 онд нас барснаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 6596436 төгрөгийн үнэлгээ бүхий 499.73 м.кв газрыг өв залгамжлах эрхийн 2007 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай гэрчилгээ нэхэмжлэгч О.Э*******т олгогдож байсан байна[7].

Маргаан бүхий газрын өмчлөгч иргэн Д.******* нас барснаас хойш нэхэмжлэгч О.Э*******, түүний дүү О.З******* нар нь маргаан бүхий газрын өмчлөх эрхтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээр шийдвэрлүүлжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1030 дугаар шүүхийн шийдвэрүүдээр маргаан бүхий Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны ******* тоот хаягт байрлах 499.73 м.кв газрын өмчлөх эрхтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэснээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн иргэн Д.*******, О.Э******* нарт холбогдох хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон байна гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн иргэн Д.*******, О.Э******* нарт холбогдох хэсэг нь захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын техникийн шинжтэй, бичилтийн алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э*******ээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э*******, Д.******* нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э*******ийн нэр дээр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 100-101 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 17-18 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 31-32 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас 36-37 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 140-145 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 178-179 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 1 дүгээр хавтас, 206-207 дугаар хуудас