Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0343

 

 

О.Э-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч О.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, О.Э-гийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч О.Э-гээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э-гийн нэр дээр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.Э давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч О.Э миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй зөрчсөн.

Шүүх маргааныг шийдвэрлэж дүгнэлт хийхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзал нотолгоог “туйлын” үнэн нотлох баримт мэтээр үнэлж тэдгээрийг үндэслэж шийдвэрлэсэн ба энэ нь шийдвэрийн 3, 5 дугаар хуудсанд бичигдсэн агуулгаас тодорхой харагдаж байна.

Шүүхийн шийдвэрийн 5 дугаар хуудсанд бичигдсэн дүгнэлтийн хэсэгт нэхэмжлэгч миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нэг гол үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн “Захиргааны акт илт хууль бус болох” 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж тус тус заасныг үндэслэл болгосон.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн 6 дахь хуудсанд “захиргааны актын илт хууль бус байх шинжийг агуулаагүй байх бөгөөд маргаан бүхий захиргааны актын техникийн шинжтэй, бичилтийн алдааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэж дүгнэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах эрхтэй бөгөөд уг засварыг оролцогчид мэдэгдэх үүрэгтэй” гэсэн зохицуулалтаас үзэхэд “техникийн шинжтэй алдаа”-г залруулахгүй гэж хуульчилсангүй, хуулийн энэхүү заалтаар “бичилтийн алдааг” захиргааны байгууллага засах залруулах үүргийг гүйцэтгэхийг хуульчилж өгсөн байдаг.

Гэтэл хуулийн дагуу холбогдох захиргааны байгууллагаар хэдэн жил “ул тавгаа эргэж унатал хөөцөлдөж явсан” бүх баримтаа шүүхэд өгсөн ч огт үнэлээгүй, үнэлэхгүй, нотлох баримтаас ч хасан тухай ч шийдвэр гаргаагүй, шүүхийн шийдвэртээ дурдсан ч үгүй.

Маргааны гол үйл баримт нь нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжаар, түүний хавсралтын 2249 дүгээрт нэхэмжлэгч О.Э миний ээж Д.Б-д “сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот хаягт байрлах 499.73 хэмжээ бүхий газрыг О.Э-гийн хамт өмчлүүлэхээр гаргасан актандаа миний ээж Д.Б-г “1961 онд төрсөн буюу миний дүү болгож, регистрийн дугаарыг ШБ61060793” гэж бичсэн илт хууль бус шинжийг агуулсан болох нь нотлогдсон байдаг.

Гэтэл шүүх энэхүү хууль бус бичилтийн алдааг шийдвэрийн 5 дугаар хуудсанд “андуурч бичсэн байх” гэсэн дүгнэлтийг хийсэн нь илт хууль бус болжээ.

Шүүх тухайн захиргааны эрхийн актыг гаргасан албан тушаалтаны “андуурсан үйл ажиллагааг”-г хэрхэн яаж нотолж тогтоосон төдийгүй захиргааны ямар байгууллага иймэрхүү андуурал-аар ямар ч хууль бус эрхийн акт гаргаж хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болохыг хүлээн зөвшөөрсөн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, захиргааны байгууллагын “хууль бус ажиллагааг” дэмжсэн илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

Ээж Д.Б-г тухайн үед дүү О.З-тэй хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан гэж шүүх дүгнэжээ. Гэтэл ийм нөхцөл байдал байгаагүйг үгүйсгэн нотолсон нотлох баримт болох “Улсын бүртгэлийн 010604620, Чингэлтэй дүүргийн Засаг дарга М.А-д” гэсэн ээж Д.Б-гийн гарын үсэг бүхий 2004 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл бланк бөглөсөн болон бусад нотлох баримт энэхүү хэрэгт хангалттай байдаг боловч шүүгч огт үнэлсэнгүй.

Дээрх нөхцөл байдлаас харахад тухайн үед Захиргааны эрхийн актыг гаргахдаа илт хариуцлагагүй хандсан албан тушаалтаны буруутай ажиллагаанаас тодруулбал, “1929 онд төрсөн ШБ29070260 тоот регистрийн дугаартай иргэн Д.Б-д газар өмчлүүлэхдээ 1961 онд төрсөн, регистрийн дугаар ШБ61060793 тоот” болгож “андууран” захиргааны акт гаргасныг “зөвтгөн үзэж байгаа” бодит үнэнээс илт эсрэг хууль бус акт гэж үзэхээс өөр ямар үндэслэл байх билээ.

Асуудлыг ийнхүү удаа дараа санаатай хуульд үл нийцсэн шийдвэрийг шүүгч С.Г хоёр дахь удаагаа гаргаж иргэн миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг илт зөрчсөн ажиллагаанд туйлын гомдолтой байна.

Иймд нэхэмжлэгч О.Э миний гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн 96 дугаар хуудасны 2249 дүгээрт бүртгэгдсэн Д.Б-гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаар “алдаатай” бичигдсэний зөвтгөн залруулах, тус гэр бүлийн хэрэгцээний зориулалтын газрыг өмчлөх эрхийн захирамжийг О.Э-гийн нэрээр болгуулахыг нийслэлийн Засаг даргад даалгаж өгөхийг хүссэн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч О.Э-гээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э, Д.Б нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, захирамжийг зөвтгөж газар өмчлөх эрхийн захирамжийг О.Э-гийн нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч О.Э-гээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч “...маргаан бүхий захиргааны акт нь илт хууль бус шинжийг агуулсан, ... тухайн үед захиргааны акт гаргахдаа илт хариуцлагагүй хандсан, 1929 онд төрсөн рд:ШБ29070260 дугаартай иргэн Д.Б-д газар өмчлүүлэхдээ 1961 онд төрсөн рд:ШБ61060793 гэж, андууран захиргааны акт гарсан нь илт эсрэг хууль бус бөгөөд дангаар өмчлөх эрхтэй гэж үзэж байна...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай 186 дугаар захирамжийн хавсралтын 2249 дугаарт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот хаягт байрлах 6596436 төгрөгийн үнэлгээ бүхий 499.73 м.кв газрыг иргэн Д.Б-д өмчлүүлж, хамтран өмчлөгчөөр охин О.Э-т өмчлүүлжээ, улмаар 2007 онд иргэн Д.Б нас барсанаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 808 дугаар шийдвэрээр Д.Б-гийн охин О.Э-т 250 м.кв, хүү О.З-д 250 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэж, мөн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1030 дугаар шийдвэрээр иргэн О.Э-т 291 м.кв, иргэн О.З-д 209 м.кв газрыг тус тус өмчлүүлэхээр шийдвэрлэснийг улсын бүртгэлд бүртгэсэн үйл баримт тогтоогджээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан “...захиргааны актыг ... илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” нэхэмжлэлийн шаардлагад тавигдах урьдчилсан нөхцөлд маргаж буй захиргааны акт нь эрх зүйн үйлчлэлтэй буюу хандсан этгээдийн хувьд эрх зүйн үр дагавар /эерэг болон сөрөг/ үүсгэж байхыг шаарддаг бөгөөд иргэний хэргийн хоёр шатны шүүхийн шийдвэрээр газар болон өмчлөх эрхийг шийдвэрлэснээс үзвэл О.Э-гийн нэр дээр дангаар өмчлүүлэх хууль зүйн боломжгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. 

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э, Д.Б нарт холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан “захиргааны акт илт хууль бус болох” шинжийг агуулаагүй, захирамжийн холбогдох хэсэгт дурдсан “...1929 онд төрсөн рд:ШБ29070260 дугаартай иргэн Д.Б-нд газар өмчлүүлэхдээ 1961 онд төрсөн рд:ШБ61060793....” гэж бичсэнээр нэхэмжлэгчид ноцтой хор уршиг, үр дагавар үүсгээгүй байна. Илт хууль бус захиргааны актыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй, мөн захиргаа түүнийг хэрэгжүүлэх ёсгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актад дурдсан буруу бичиглэлтэй регистрийн дугаарыг зассанаар тус захиргааны актын үйлчлэл нь хэрэгжээд дууссан, нэхэмжлэгч О.Э-гийг хамтран өмчлөгчөөр бүртгэсэн, нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэхээр байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн О.Э, Д.Б нарт холбогдох хэсэг “....рдШБ61060793....” гэж регистрийн дугаарыг буруу бичсэн алдаатай байна. Гэвч уг алдаа нь захиргааны актад тавигдах формаль эрх зүйн шаардлагыг буюу шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн техникийн алдаанд хамаарах бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” гэх илт хууль бус алдаанд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актын утга агуулга “...499.73 м.кв газрыг иргэн Д.Б-д өмчлүүлж, хамтран өмчлөгчөөр охин О.Э-т өмчлүүлсэн...” ойлгомжтой илэрхийлсэн тул илт хууль бус гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа иргэн Д.Б болон түүний охин О.Э нарт холбогдох хэсгийг гаргахдаа тухайн маргаан бүхий газрын өмчлөгч Д.Б-гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарын оронд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан хүү О.З-гийн иргэний үнэмлэх, регистрийн дугаарыг андуурч бичсэн байх бөгөөд хүү О.З-г хамтран өмчлөгчөөр нэрийг бичилгүйгээр орхигдуулан техникийн шинжтэй, бичилтийн алдаатай гаргасан байна гэж үзэхээр, хариуцагчийн дээрх техникийн шинжтэй, бичилтийн алдаатай гаргасан захиргааны актын улмаас нэхэмжлэгч О.Э-гийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

Маргаан бүхий газрын өмчлөгч иргэн Д.Б нас барснаас хойш нэхэмжлэгч О.Э, түүний дүү О.З нар нь маргаан бүхий газрын өмчлөх эрхтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн анхан шатны шүүхүүдээр шийдвэрлүүлсэн байх тул Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжны 799 тоот хаягт байрлах 499.73 м.кв газрын өмчлөх эрхтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэж, нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 186 дугаар захирамжийн иргэн Д.Б, О.Э нарт холбогдох хэсэг нь эрх зүйн үйлчлэлгүй болсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд маргаан бүхий захиргааны актын О.Э, Д.Б нарт холбогдох хэсэг нь илт хууль бус байх шинжийг агуулаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                          А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН