Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 63

 

 

 

 

 

 

 

 

 

П.Д-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дугаар шийдвэртэй, П.Д-ын нэхэмжлэлтэй, “Т Ч”  ХХК-д холбогдох, хууль бус үйл ажиллагаа явуулж орон сууц нураасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

П.Д- нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох сөрөг шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д-, түүний өмгөөлөгч Ү.Амарбат, Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатарсүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны 3 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд 1978 оноос хойш амьдарч, 1990 онд хувьчилж аваад 2006 онд өмчлөгчөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Y-2205021363 дугаартай 000179306 тоот гэрчилгээ авсан. Орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2017 оны А/176 тоот захирамжаар “Т Ч”  ХХК орон сууц буулгах, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож, өмчлөгчтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрхтэй болсон. Гэвч бүх өмчлөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууц буулгах, барих эрхтэй болох атал ажил эхлэх үедээ хууль зөрчсөн. 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны хооронд миний өмчлөлийн орон сууцны тал хэсгийг буулгаж, хэрэглээний халуун, хүйтэн ус, тог, цахилгаан, дулааны шугам сүлжээг салгаж, амьдрах аргагүй балгас болсон.

Орон сууц нураах ажиллагааг хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т заасан хувийн гэр, орон сууцны, хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эгүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэснийг зөрчиж 10 дугаар сарын 07-ны өдөр халдсан нь хууль бус. Үүнээс хойш 5 сарын дараа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс миний өмчлөх эрхэд халдах хууль бус үйлдэл гаргаж эхэлсэн, 2019 оны 4 дүгээр сарын 02-нд хүч хэрэглэн орон сууцыг албадан нурааж дээрх хуулийг зөрчсөн. Хэсэгчлэн буулгахдаа өмчлөгч 2 иргэнтэй харилцан тохиролцох санал ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй өмчлөх эрхэд халдаж албадан нураасан хууль бус үйлдэл гаргасан.

Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дах хэсэгт иргэний өмчлөх эрхийг баталгаажуулж, хууль бусаар халдахыг хориглож хэм хэмжээ тогтоож, Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заажээ. Мөн шаардлага хангахгүй орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах асуудлыг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.Г-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулахаар, 14.7.3.В-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Үндсэн хууль, холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэж төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг тодорхойлсон. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т орон сууцыг буулгаж, дахин барилга барихаас өмнө орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулж, нөхөн төлбөрийн асуудлыг тусгахаар заажээ.

Гэтэл “Т Ч”  ХХК нь дурдсан хуулиудад заасан арга хэмжээг аваагүй, шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаагүй. 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр орон сууцанд хууль бусаар халдаж, гэрийн хаалгыг эвдэж, орон сууцнаас хүчээр гарган хууль бус үйл ажиллагаа явуулж, өмчлөх эрхэд халдсан ноцтой үйлдэл гаргасан. Өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлүүлж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ хийх өмчлөгчийн хүсэлтийг хүлээн авалгүй барилгын ажлыг эхлүүлсэн тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дах хэсэгт зааснаар “Т Ч”  ХХК хууль бусаар үйл ажиллагаа явуулж орон сууцыг нураасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцны 10, 11, 12 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад манай компани шалгарч, төслийг гүйцэтгэх эрх олж авснаар Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмыг үндэслэн ажлаа явуулсан. 10 дугаар байрны 3 тоотод оршин суугч П.Д- нь төслийг хэрэгжүүлэх үед удаа дараа саад учруулж, хууль бусаар төслийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, Хүний эрхийн комисст ч гомдол гаргаж хууль бус ажиллагаа явж байгаа мэт дуулиан үүсгэн иргэдийг турхирч, хэвлэл мэдээллээр ташаа мэдээ цацаж, төсөл хэрэгжүүлэгчийг шантаажлах ажиллагааг зохион байгуулж, дайран доромжлох гүтгэх, үймээн тарих, бөө мөргөл ашиглах зэрэг зан үйл хийж 400 000 000 төгрөг, эсхүл үйлчилгээний зориулалттай талбай болон илүү м.кв нэмж өгөхийг шаардаж ирсэн. Төсөл хэрэгжүүлэгч нь иргэдийг ашиглалтын шаардлага хангасан шинэ орон сууцанд оруулах, ая тухтай амьдрах нөхцлийг дээрдүүлэх, барилга ашиглалтад орох хүртэл сар бүр байрны түрээсийн төлбөр өгч, урамшуулалд 5-8 м.кв талбайг үнэ төлбөргүй олгох болсонд бусад өмчлөгчид баяртай байдаг. Орон сууц нь хүн амьдрах нөхцөлгүй болж чийгшилт, шавьжилт, мөөгөнцөр гэх мэт хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээнд хүрч, нурах аюултай болсныг Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар акт тогтоон хүн амьдрахыг хориглосон шийдвэр гаргасан. Гэтэл уг орон сууцанд амьдарч байгаа дүр үзүүлж төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд зориуд саад учруулж өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндийг эрсдэлд оруулах үйлдэл гаргаж, эрүүл аюулгүй орчинд амьдрах Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхүүдийг ноцтой зөрчин, бусад 13 айл орох оронгүй, байр баригдахыг хүлээж бүтэн жил гаруй хугацаа өнгөрч буйг бодолцохгүй байна.

Барилга буулгах өдөр Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, дарга, гишүүд компанийн удирдлагыг П.Д-ын хамт дуудсан ч тэрээр ирээгүй тул ажлаа эхэлсэн. Гэтэл буулгах явцад өмгөөлөгчтэй ирж өмнөх шаардлагаа тавьж байсан. Компани саналыг нааштай шийдье, орон сууцны талбай өгье, үйлчилгээний талбай олгох боломжгүй гэхэд уурлаж, шүүх цагдаад хандана гэсэн. Тухайн үед Хүний эрхийн үндэсний комиссын 2 ажилтан байдлыг харж мэдсэн. Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/805 дугаартай дүгнэлтээр дээрх нөхцөл байдал тогтоогдсон.

Гэтэл өмчлөгч, эзэмшигч гэх хүмүүс гэр бүлийн хамтаар эд хөрөнгө бусад зүйлсээ байршуулах, өөрсдөө амьдарч байгаа хэлбэр үзүүлж буй нь хууль бус үйлдэл. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16-т нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, шинээр барихад Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151-д ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасныг баримтална гэжээ. Энэ дагуу мөн хуулийн 151.7-д ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны оронд шинээр сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн хувьд газрыг өмчлөх эрхийн гэрчилгээгүй. Тухайн байрны оршин суугчдын 80 хувь нь зөвшөөрсөн бол төслийг хэрэгжүүлж эхлэх тул ажил явагдсан. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр уг орон сууцны ашиглалтыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс хориглосон. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмын 6.2-т зааснаар уг орон сууцны цэвэр, бохир ус, дулаан, эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээг эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж болохоор зохицуулагдсан учир цахилгаан, дулааныг Баянгол дүүргээс хаах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Гэвч П.Д- буулгах хүртэл хугацаанд уг орон сууцанд дур мэдэн амьдарч, оршин сууж, ус, тог цахилгаан хэрэглэсээр, төслийн үйл ажиллагаанд саад учруулж, бусад олон айл өрхийг орон сууцаар хангах нийтийн эрх ашгийг үл хүндэтгэж, илүү м.кв, мөнгө нэхэмжилж ажлыг гацаанд оруулж, компанийг эдийн засгийн алдагдалд хүргэж, төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрийг өөрийн явцуу эрх ашгаас дээгүүр тавьсан зүй бус үйлдэл гаргасан.

Оршин суугчдын 80-аас дээш хувь нь орон сууцыг чөлөөлсөнтэй холбогдуулан 3 тоотын оршин суугч П.Д-д байраа чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан. П.Д- шаардлага хангахгүй болсон орон сууцанд дур мэдэн нэмж давхар мансарт болгон ашиглан нурах аюулыг улам нэмэгдүүлсэн. Иймд зөвшөөрөлгүйгээр баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар /2019.04.02. №А/174 тоот/ авч хэрэгжүүлсэн юм. Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/805 тоот Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай дүгнэлтэд "... тухайн байр нь мөрдөгдөж буй стандарт, норм дүрэм хангахгүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, цаашид орон сууцны барилга байгууламж нь насжилт өндөртэй, нурах магадлалтай, гал гарах нөхцөл бүрдсэн, хүн амьдрах боломжгүй гэж тусгажээ. Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн сууцыг, 15.1 дүгээр зүйлийн 151.1-д ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууны барилгыг ашиглахыг хориглоно гэж хуульчилсан. Иймд нийтийн ашиг сонирхлын үүднээс орон сууцыг чөлөөлөхгүйгээр оршин сууж амьдарсан П.Д-ын үйлдэл хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 01-01/05 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн оршин сууж байсан орон сууцыг ашиглахыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглогдсон гэжээ. Мэргэжлийн хяналтын байцаагчийн шийдвэрээр Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн орон сууцны зориулалттай, хавсралт жагсаалтад дурдсан 150 байшингийн ашиглалтыг хориглосон. Дээрх шийдвэр гарснаар тухайн орон сууцнуудыг ашиглахыг шууд хориглох боломжгүй, оршин сууж байгаа иргэдийг шууд гаргах боломжгүй, бодит байдалд хэрэгжих боломжгүй шийдвэр юм. Өнөөдрийг хүртэл уг шийдвэрт тусгагдаж ашиглалтын шаардлага хангаагүй гэж дүгнэгдсэн боловч хүн амьдарч, ашиглаж байгаа орон сууцнууд байна. Ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэснээр орон сууц өмчлөгч нарын өмчлөх эрх шууд дуусгавар болохгүй. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэснээр шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн засаг дарга, орон сууц өмчлөгч нартай гэрээ байгуулсны үндсэн дээр буулгаж орон сууцыг дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсэх юм.

Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-аар зохицуулагдах ба уг журамд зааснаар орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах, барилга буулгах, төсөл хэрэгжүүлж дуусах гэсэн үе шаттай бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоохоос эхлэн барилгыг буулгах хүртэл хэдий хугацаа зарцуулах нь тодорхойгүй. Энэ хугацаанд орон сууцанд амьдарч байсан иргэд, өмчлөгч нарыг хууль бусаар оршин суусан гэж үзвэл хотын иргэдийн 15-20 хувь ашиглалтын шаардлага хангахгүй сууцанд оршин сууж байгаа болох юм.

Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан байхад нэхэмжлэгч ашигласан тул хууль бусаар амьдарч байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэдэг. Орон сууцны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд орон сууцыг хууль бусаар ашигласан эсэх асуудлыг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох юм. Энэ асуудлыг харьяалан шийдвэрлэх шүүх нь Иргэний шүүх биш бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1. 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсний дагуу сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт зааснаар “Т Ч”  ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг хууль бусаар нураасан болохыг тогтоолгох П.Д-ын шаардлага, П.Д- нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох “Т Ч”  ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид П.Д-ын төлсөн 70 200 төгрөг, “Т Ч”  ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ маргааны бодит байдал, хариуцагчийн гаргасан хууль бус үйлдлийг анхаарч үзээгүй, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан журмаар үйл ажиллагаа явуулаагүй талаарх нөхцөл байдлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. “Т Ч”  ХХК ажил эхлэх үедээ хууль зөрчиж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны хооронд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцны тал хэсгийг буулгаж, хэрэглээний халуун, хүйтэн ус, тог, цахилгаан, дулааны шугам сүлжээг салгаж, хүн амьдрах аргагүй балгас болгосон. Үйл ажиллагаа хэрэгжүүлсэн хугацаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Орон сууцыг хэсэгчлэн буулгахдаа өмчлөгч 2 иргэнтэй харилцан тохиролцох санал ирүүлээгүй, гэрээ байгуулаагүй Үндсэн хуульд заасан иргэний өмчлөх эрхэд хууль бусаар халдсан.

Үүнээс хойш 5 сарын дараа 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс өмчлөх эрхэд дахин халдах хууль бус үйлдэл гаргаж, мөн оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүч хэрэглэн орон сууцыг албадан нураасан нь Газрын тухай хуульд зааснаар 5 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө орон сууцнаас албадан чөлөөлж болохгүй гэснийг зөрчсөн. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хуулийн дээрх зохицуулалт нь газрыг чөлөөлөх зохицуулалт бөгөөд орон сууцнаас албадан гаргах тохиолдолд огт хамаарахгүй гэсэн. Хуулийн агуулга нь хэрэв бусад этгээдийн өмчлөлийн эд хөрөнгөд хууль тогтоомжид заасны дагуу халдаж албадан нүүлгэж байгаа бол зөвхөн зуны улиралд явуулах талаар тодорхойлсон зохицуулалтыг шүүх хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, нэг талыг барьж маргааныг шийдвэрлэсэн.

Маргаан бүхий асуудлыг Орон сууцны тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулдаг. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэж орон сууцыг буулгаж, дахин барилга барихаас өмнө орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулж нөхөн төлбөрийн асуудлыг тусгахаар зохицуулсан байна.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах үе шатыг тодорхойлж, 14.7.2.г-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулахыг тодорхой зохицуулсан. Хэрэв өмчлөгчтэй тохиролцоонд хүрч чадаагүй бол 14.7.3.в-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1-т заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу аль ч тохиолдолд өмчлөгчтэй гэрээ байгуулснаар сууцыг нураах үйл ажиллагааг эхлүүлэх, хэрэв тохиролцохгүй бол шүүхэд хандаж, шийдвэрлүүлсний дараа тус үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр хуульчлан тогтоосон байна. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ “аливаа талуудын хооронд хийгдэх гэрээ, хэлцэл нь хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцож тэгш эрхийн хүрээнд хийгдэх учиртай боловч зохигчид дээрх үйл ажиллагааны талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас гэрээ хийгдээгүйг “Т Ч”  ХХК нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн дүгнэсэн. Гэтэл хуулийн зохицуулалтаар төсөл хэрэгжүүлэгч нь өмчлөгчтэй харилцан тохиролцоогүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах, энэ үүргээ биелүүлэлгүй бусдын өмчлөлийн хөрөнгөд хууль бусаар халдсан байхад шүүх төсөл хэрэгжүүлэгч болон өмчлөгч этгээд тэгш эрхтэй тул төсөл хэрэгжүүлэгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй гэж хэт нэг талыг барьсан, хууль буруу тайлбарласан дүгнэлт хийсэн.

Шүүх Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч эзэмшигчдэд төслийг танилцуулж 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан гэх тайлбар, нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчим баримталсан гэж дүгнэсэн нь өмчлөгчийн 80 хувийн зөвшөөрлийг авсан тохиолдолд орон сууцыг шууд нураах эрхтэй мэтээр тайлбарласан. Энэ нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, 14.7.1, 14.7.1.г-д заасан дараалал зөрчсөн дүгнэлт болсон. 2 болон 3 талт гэрээ байгуулах, байгуулаагүй иргэд, хуулийн этгээдтэй гэрээ байгуулахыг даалгасан байдлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийг нураах, дахин барилгажуулах ажлыг эхлүүлэх ёстой. Дахин төлөвлөлт нь иргэдийн Үндсэн хууль, нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцод заасан үндсэн эрх болох өмчлөх эрхэд халдаж байгаа тул тухайн харилцааг маш нарийн байдлаар зохицуулсан Орон сууцны тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар биеллээ олдог. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дах хэсэгт эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй, 16.3 дах хэсэгт хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж өмчлөх эрхийг баталгаажуулсан бөгөөд Олон улсын гэрээ болох Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлийн 12.1-д хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдалд халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй. Мөн Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 17 дугаар зүйлийн 17.1-д энэ талаар заасны дагуу Монгол Улсын иргэн орон байранд хууль бусаар халдах, халдлагаас хамгаалуулах бүрэн эрхтэй. Гэвч анхан шатны шүүх дээрх эрхэд халдсан хариуцагчийн хууль бус үйлдлийг хамгаалсан байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, захирамжууд гарсан, нэхэмжлэгч П.Д- өөрөө дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч байрыг хуульд заасан журам зөрчиж нураасан гэж үзэх боломжгүй байна гэх дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа боловч холбогдох хуулиудад заасны дагуу өөрийн орон сууцыг үнэлж 2 болон 3 талт гэрээ байгуулах хүсэлтэй байсан ч хариуцагч хууль бусаар байрыг нураасан учир энэхүү нөхцөл байдлыг тогтоолгох, Үндсэн хууль, Олон улсын гэрээнд заасан эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан. Шүүх дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа юм чинь хариуцагч хууль зөрчих эсэх нь ач холбогдолгүй гэх агуулгаар дүгнэж маргааныг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн хууль тогтоомжоор олгогдсон эрхийг зөрчсөн шийдвэр болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Д- нь хариуцагч “Т Ч”  ХХК-д холбогдуулан, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулах үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч, П.Д- нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлага гаргаснаар талууд харилцан маргасан байна.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай 01-01/05 дугаартай шийдвэр, Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай 10/805 тоот дүгнэлт, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай А/176 дугаар захирамж зэрэг бичмэл нотлох баримтуудаар П.Д-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байр 3 тоот орон сууц нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжид хамаарч байх бөгөөд хариуцагч Тэргүүн чансаа ХХК-ийн хувьд орон сууцны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдсон байна. /хх73-74, 77-81/

 

Талууд дээрх үйл баримтын тухайд маргаагүй, харин төсөл хэрэгжүүлэгч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг нураах үйл ажиллагааг явуулахдаа холбогдох хууль, журам зөрчсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч талын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж, уг шаардлага болон давж заалдах гомдлын үндэслэлээ, төсөл хэрэгжүүлэгч нь түүний өмчлөлийн орон сууцыг нураах үйл ажиллагааг явуулахдаа Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн,  өмчлөгчтэй харилцан тохиролцох санал ирүүлээгүй, 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.2.г, 14.7.3.в, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.3, Үндсэн хууль, Иргэний хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцоор хамгаалсан иргэний буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4. Хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэж зохицуулсан байх бөгөөд талуудын хооронд үүссэн маргааны хувьд газрыг нөхөх олговортойгоор солих бус, харин дахин төлөвлөлттэй холбоотойгоор ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон орон сууцны барилгыг нураах үйлдэл юм. Иймд дээрх хуулийн зохицуулалт хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн энэ талаарх шаардлага, давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дах хэсэгт төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг 14.7.1-д бэлтгэл, 14.7.2-т төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах, 14.7.3-т хэрэгжүүлэх, 14.7.4-т хэрэгжүүлж дуусгах үе шат гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг энэхүү хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах гэж заасныг зөрчсөн гэх боловч талуудын тайлбараар төсөл хэрэгжүүлэгч болон өмчлөгч нар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинээр баригдах орон сууцнаас хэдий хэмжээтэй, ямар өртөгтэй орон сууцаар солих талаар харилцан тохиролцоонд хүрээгүй нь тогтоогдож байна. 

 

Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.3.в. Төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана гэж заажээ. Мөн зүйлийн 14.7.1-д төсөл хэрэгжүүлэх талбайг сонгох, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, төслийн эхний хувилбар боловсруулах, төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах, иргэдийн төлөөллийн байгууллагыг байгуулах гэсэн үе шатыг хэрэгжүүлэх талаар тусгасан. Төсөл хэрэгжүүлэгч “Т Ч”  ХХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн 3 тоот орон сууц хамаарч буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны нийт өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан эсэхэд нэхэмжлэгч маргаагүй тул өмчлөгч нараас зөвшөөрөл авсан гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй. Иймд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 14.7.1-д заасан үе шатыг дууссан гэж үзнэ.

 

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэхүү үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/222 дугаар Захирамж, түүний хавсралт болон мөн дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн Хяналтын хороо байгуулах тухай 03 дугаар захирамж, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд байрлаж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох, Давхарын 10, 11, 12 дугаар орон сууцнуудын барилгыг буулган шинээр барих төсөлд хяналтын хороог байгуулж, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, бүрэлдэхүүнийг томилсон үйл баримт тогтоогдсон байна. Эрх бүхий байгууллагын дээрх шийдвэрт үндэслэн төсөл хэрэгжүүлж буй “Т Ч”  ХХК-ийг хуульд заасан журам зөрчиж, тухайн орон сууцыг хууль бусаар нураасан гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны болжээ.

 

Хариуцагч байгууллагын хувьд нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, холбогдох хууль, дүрэм, журамд нийцүүлэн нийтийн эрх ашгийг эрхэмлэн нураах ажиллагааг явуулсан байх тул иргэн П.Д-ын Монгол Улсын Үндсэн хууль болон нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцоор олгогдсон өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч тал гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч П.Д-ыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцанд амьдарсан үйлдэл нь хууль бус гэж сөрөг шаардлага гаргажээ.

 

Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, талуудын тайлбараар дээр дурдсан орон сууц нь нэхэмжлэгч П.Д-ын өмчлөлийн хөрөнгө мөн болох нь тогтоогдож байхаас гадна нийтийн ашиг сонирхлын үүднээс орон сууцыг чөлөөлөхгүй амьдарсан гэх үйл баримт нь тодорхой цаг хугацаанд хамаарч байна. Хариуцагч нь шаардлагадаа тухайн цаг хугацааны талаар тодорхойлон тайлбар гаргаагүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх6/

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02984 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА