Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2984

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2019/02984

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч:П.Д-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч:Т.Ч ХХК-д холбогдох

 Хууль бус үйл ажиллагаа явуулж орон сууцыг нураасан болохыг тогтоолгох тухай шаардлагатай,

 П.Д нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагатай хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч П.Д, өмгөөлөгч Ж.Чимэдцэрэн /үнэмлэх 2816/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баатарсүх, өмгөөлөгч Б.Ганболд /үнэмлэх 0117/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ганзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны 3 тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцанд 1978 оноос хойш амьдарч байгаа, 1990 онд хувьчилж авсан бөгөөд би 2006 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны өмчлөгөөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн Y-2205021363 дугаар бүхий 000179306 тоот гэрчилгээ авсан.Миний өмчлөлийн дээрх орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2017 оны А/176 тоот захирамжаар Т.Ч ХХК-г орон сууцыг буулгаж, шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр сонгосон бөгөөд орон сууцны өмчлөгч иргэн, аж ахуйн нэгжтэй 2 болон 3 талт гэрээ байгуулах эрхийг олгож шийдвэрлэсэн байдаг.Дээрх захирамжийн дагуу Т.Ч ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрны бүх орон сууц өмчлөгчтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр орон сууцыг буулгах, шинээр барих эрхтэй болох юм.Гэвч төсөл хэрэгжүүлэгч Т.Ч ХХК нь ажил эхлэх үедээ хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд миний өмчлөлийн орон сууцны тал хэсгийг буулгасан бөгөөд ийнхүү буулгах үедээ хэрэглээний халуун, хүйтэн ус, тог, цахилгаан, дулааны шугам сүлжээг салгаж, хүн амьдрах аргагүй балгас болгосон.Тус үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хууль зөрчсөн буюу Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Хувийн гэр, орон сууцны, хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэж заасныг зөрчиж 10 дугаар сарын 7-ны өдөр халдсан нь хууль бус байсан.Ийнхүү орон сууцыг хэсэгчлэн буулгахдаа орон сууц өмчлөгч 2 иргэнтэй харилцан тохиролцох санал ирүүлээгүй, 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, өмчлөх эрхэд хууль бусаар халсдан.Дээрх үйл явдлаас хойш 5 сарын дараа буюу 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс миний өмчлөх эрхэд халдах хууль бус үйлдэл гаргаж эхэлсэн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүч хэрэглэн орон сууцыг албадан нураасан явдал нь Газрын тухай хууль зөрчсөн үйлдэл болох юм.Төсөл хэрэгжүүлэгч Т.Ч ХХК нь орон сууцны өмчлөгч этгээдтэй 2 болон 3 талт гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулах талаар арга хэмжээ авч ажиллаагүй атлаа түүний өмчлөлийн орон сууцанд халдаж, албадан нураасан хууль бус үйлдэл гаргаж хууль бусаар үйл ажиллагаа явуулсан.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан ба өмчлөх эрхэд хууль бусаар халдахыг хориглож хэм хэмжээ тогтоож өгсөн байна.Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан байна.Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах тухай асуудлыг Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Орон сууцны тухай хуулиар тусгайлан зохицуулдаг бөгөөд Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.3-т орон сууцыг буулгаж, дахин барилга барихаасаа өмнө орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулж, нөхөн төлбөрийн асуудлыг тусгахаар зохицуулсан байна.Уг асуудлыг тусгайлан зохицуулсан хууль болох Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах үе шатыг тодорхойлсон байна.Дээрх хуулийн зохицуулалтын дагуу аль ч тохиолдолд орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулсаны үндсэн дээр орон сууцыг нураах үйл ажиллагааг эхлүүлэх ба хэрэв тохиролцоонд хүрч чадаагүй бол маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байна.Т.Ч ХХК нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Орон сууцны тухай хуульд зааснаар орон сууц өмчлөгч надтай гэрээ байгуулаагүй, шүүхийн журмаар асуудал шийдвэрлүүлэхээр хандаагүй болно.Гэвч 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.Ч ХХК-ийн төлөөлөгч нар миний орон сууцанд хууль бусаар халдаж, гэрийн хаалгыг эвдэж, орон сууцнаас хүчээр гарган хууль бус үйл ажиллагаа явуулж, Үндсэн хууль, Иргэний хуулиар олгосон өмчлөх эрхэд халдсан ноцтой үйлдэл гаргасан.Миний хувьд өөрийн орон сууцыг зохих журмын дагуу үнэлүүлэн, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ хийх хүсэлтэй байгаа боловч төсөл хэрэгжүүлэгч миний хүсэлтийг хүлээн авалгүй хууль бусаар орон сууцыг чөлөөлж барилгын ажлыг эхлүүлсэн.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасны дагуу Т.Ч ХХК-г хууль бусаар үйл ажиллагаа явуулж орон сууцыг нураасан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 тоотод байрладаг байр нь аав ээжээс надад өвлүүлж үлдээсэн хөрөнгө бөгөөд бид ам бүл арвуулаа амьдарч байхад 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Т.Ч ХХК-иас хууль зөрчин буулгаж эхэлсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын гаргасан дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй гэж мэдэж байсан.Би байрныхаа хүмүүсийг төлөөлж дахин төлөвлөлтийн тендерт орсон.Бид тохиролцоо хийж чадахгүй явж байгаад тохиролцоонд хүрсэн 4 айлыг нүүлгэсэн, манайх болон 1 тоотын Билгүүн гэж эмэгтэй бид нар үлдсэн байсан.Биднийг гэртээ байж байтал гаднаас санаатайгаар барилгын тал хэсгийг буулгаж эхэлсэн, тэр үед манай хана цоорсон байгаа. Монголын үндэсний телевиз, UBS, ТВ5 гэсэн 3 телевиз дуудсан боловч эфирт гараагүй, ТВ4 телевиз дуудаж бичлэг хийлгэсэн.Цагдаад мөн хүний амь насанд халдах гэж байна гэж дуудлага өгхөд цагдаа ирээд зогсоодог.Цагдааг явахаар буцаад нурааж эхэлдэг.Нураах үйл явц манай хананд тулж ирээд цагдаагийн шахалтаар зогссон, тэнд ус, дулаан тог байхгүй тул бид 2018 оны өвөл галлагаатай өвөлжсөн, 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Бууч гранд ХХК-ийн харуул хамгаалалтын ажилчид захиралтайгаа ирсэн.Гаднаас гэр бүлийн хүмүүсийг оруулахгүй байж байгаад хаалгыг эвдэж орж ирсэн, 4-5 камертай бичлэг хийж байсан, ингээд цаасан хайрцаг гаргаж ирээд юмнуудыг баглаж, тавилгуудыг ханз татаж зөөж байсан, энэ үед цагдаа ирээд байдлыг түр таслан зогсоосон, тэгээд биднийг тохиролц гэсэн боловч тохиролцоонд хүрээгүй.Бидний гэрээс эвдэж гаргасан эд зүйлсийг 2 том машинд ачсан, манай гэрт орж хэмжилт хийсэн.Миний шүүхээр явж байгаа зорилго бол дахин төлөвлөлтөөр нэг ч гэсэн иргэн ахиж битгий хохироосой гэж бодож тайлбар хийж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Орон сууцыг нураах үедээ Т.Ч ХХК Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэж заасныг зөрчсөн.Хуулийн зохицуулалт бол халуун дулаан цагт нүүлгэх хэрэгтэй гэж байгаа.Хүйтэн намар ус, тогыг тасалж амьдрах нөхцөлгүй болгосон, нураасан үйлдэл нь мөн Газрын тухай хууль зөрчиж байгаа.Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй.Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.Мөн Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан, 1999 оны Орон сууцны тухай хуулийн 151.3-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэж заасан.Мөн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.2Г-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах гэж заасан бол, 14.7.3В-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэж заасан.Т.Ч ХХК энэ хуульд заасан арга хэмжээг аваагүй, хуулиар тогтоосон процесс ажиллагааг зөрчиж нураасан тул энэ ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ч ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:Манай компани Баянгол дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай орон сууцны 10, 11, 12 дугаар байруудыг буулган дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтаар шалгарч, уг төслийг гүйцэтгэх эрх олж авсан тул Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журмыг үндэслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа.Гэтэл тус 10 дугаар байрны 3 тоотод оршин суугч П.Д нь төслийг хэрэгжүүлэх үед удаа дараа саад учруулж, хууль бусаар төслийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, Хүний эрхийн комисст хүртэл гомдол гарган, хууль бус ажилагаа явж байгаа мэтээр дуулиан үүсгэж, иргэдийг турхирч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл цацаж, төсөл хэрэгжүүлэгчийг шантаажлах үйл ажиллагааг зохион байгуулж, ажлын хэсэг, хамгаалалтын алба руу дайран доромжлож, гүтгэх, үймээн тарих, бөө мөргөл ашиглах зэргээр хууль бус элдвийн санаанд оромгүй зан үйл хийж байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээс 400 сая төгрөг эсхүл үйлчилгээний зориулалттай тайлбай болон илүү мкв нэмж өгөхийг шаардаж ирсэн.Төсөл хэрэгжүүлэгч бидний хувьд иргэдийг ашиглалтын шаардлага хангасан шинэ сайхан орон сууцанд оруулах, ая тухтай амьдрах нөхцлийг дээрдүүлэхийн зэрэгцээ барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд сар бүрийн байрны түрээсийн төлбөрийг өгч, урамшууллын нэмэлт 5-8 мкв хүртэлх талбай үнэ төлбөргүй олгох болсонд өмчлөгч иргэд баяртай байгаа.Тус байр нь социалист нийгмийн үед баригдаж хүн амьдрах нөхцөл байхгүй болсны дээр чийгшилт, шавьжилт, мөөгөнцөр гэх мэт хүний эрүүл мэндэд ноцтойгоор аюул учруулахуйц хэмжээнд хүрсэн бөгөөд нурах аюултайг оршин суугч иргэд бүгд нотлохоос гадна Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газруудаас акт тогтоон хүн амьдрахыг хориглосон шийдвэр гарсан, актлагдсан, тог цахилгаан, усыг нь хязгаарласан, хүн амьдрахыг хориглосон төрийн эрх бүхий байгууллагын шийдвэртэй байрандаа амьдарч байгаа дүр эсгэн төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж барилгыг буулгах ажлыг 2 удаа хүч хэрэглэн зогсоосноос гадна бусад иргэдийг хүртэл хэл амаар доромжлон балмад танхай үйлдэл гаргаж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндийг албаар эрсдэлд оруулах үйлдэл гаргаж, улмаар оршин суугч иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, өмчлөх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдрах зэрэг Монгол улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхүүд ноцтойгоор зөрчсөөр байна.П.Дын өөрөө дайрч орох, хашаа руу авирч гарах, албаар унах зэрэг жүжиглэлт нь нэн төгс бөгөөд цагдаагийн байгууллагын албан хаагч руу дайрах, хамгаалагч нарыг гүтгэх, холбогдох бүх газар луу гомдол өгөх зэргээр авирлаж байсан болно.Оршин суугчид төсөл хэрэгжснээс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн байраар тэнүүчлэх байдлаар амьдарч, хүүхдийн сургууль цэцэрлэг холдож эцэстээ төрөөс хэрэгжүүлж буй төсөлд хамрагдаж амьдрах орчноо сайжруулах гэтэл энэ хүнээс болж улам дордож гэр оронгүй өнгөрсөн 1 жил олон сарыг ардаа үлдээлээ.Энэ хүн болохоор гомдол гаргаж, та нар хүлээн авч, шалгаж болдог, бидэнд болохоор тийм эрх байхгүй байгаа учраас тус байрны бусад дийлэнхи олонхи өмчлөгч иргэд бидний эрх, ашиг сонирхлыг хангаж, тус төслийн үйл ажиллагааг хэвийн явуулах арга хэмжээг авч, энэ иргэний хууль бус шаардлагыг таслан зогсоож хуулийн дагуу хариуцлага хулээлгэж, төсөл хэрэгжүүлэгчийг дэмжиж, хамтран ажиллаж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэдгээ олонтоо илэрхийлж ирсэн.Энэ байр нь 15 айлын орон сууц атал зөвхөн ганц нэг хүний эрхийг хамгаалж, тэрний л эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа мэтээр нэг талыг барьж, төгөөлөн хамгаалсан байдал асар ихээр харагдсан.Гэтэл цаана нь 13 айл орох оронгүй, энэ л байраа баригдахыг хүлээж бүтэн жил гаруй хугацааг өдөр тоолон тэсэн ядан хүлээж буйг бодолцон үзэхгүй байна.Гомдол гаргасан иргэн болохоор 44 мкв байраа 400 сая гэж үнэлж нэхээд төсөл хэрэгжихгүй гацаадаг, харин бусад айлууд 5-8 мкв өгсөн илүү байрыг аваад хүлээж суудаг.Нэг хүний эрхээр нөгөө хүний эрх хязгаарлагддаг хууль зүйн зарчим байдаг.Энэ барилгын ихэнх хэсэг нь буулгагдсан, үлдсэн хэсэг нь өөрөө олон зүйлийн өндөр эрсдэл дагуулж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулах байдлыг өөрийн жамаар бий болгосон байсныг онцгойлон анхаарах нь зүйтэй.

Барилга буулгах өдөр Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, дарга, гишүүд компаний удирдлагыг П.Дын хамт дуудсан боловч ирээгүй тул ажиллагаа эхэлсэн, гэтэл барилга буулгах дундуур ирж, хашаа давж орох оролдлого гаргаж, өнөөх шаардлагаа тавьсан.Тэр шаардлагуудыг нь өмгөөлөгч нь утсан дээрээ текст хэлбэрээр бичиж ирээд тус компаний өмгөөлөгчид үзүүлж, зургыг нь дараад авчих, тэгээд компаний удирдлагадаа даруй мэдэгдэж хариу өгөөч гэсэн.Энэ дагуу утсаар ярьж холбогдоход компани саналыг хүлээж авлаа, нааштай шийдье, орон сууцны талбай өгье, харин үйлчилгээний талбайг олгож чадахгүй гэж байна гэхэд уурлаж, тохиролцохгүй юм байна, шүүх цагдаад хандана гэхчлэн дайрч давшлаад байсан.Энэ үед Хүний эрхийн комиссоос ирсэн 2 ажилтан үүнийг харсан, мэдсэн, хамт байсан болно.Энэ 10 дугаар байр нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон учир хүн суурьшин амьдрах зориулалт буюу уг шинж чанараа нэгэнт алдсан юм.Ийм учраас Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1-т ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан байх ба энэ нөхцөл байдал нь тухайн орон сууцны барилга байгууламж нь хүн амьдрах боломжгүй болно гэсэн Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018.11,15-ны өдрийн 10/805 дугаартай дүгнэлтээр нотлон тогтоогдсон.Гэтэл тус байрны өмчлөгч, эзэмшигч гэх хүмүүс гэр бүлийн хамтаар, эд хөрөнгө оусад зүйлсээ байршуулах, өөрсдөө амьдарч буй мэтээр дүр эсгэн суух хэлбэрээр уг ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг ашиглаж байгаа нь хууль бус үйлдэл болно. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.-т нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, шинээр барихад Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийг баримтална гэж заажээ.Энэ дагуу бол Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.7-д ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны эронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийи гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан байдаг ба энэ хүнд ийм хууль ёсны газрын гэрчилгээ байхгүй болно.Ингэснээрээ Зөрчлийн тухай хуулийн Газрын тухай хууль зөрчих. 8.1 дүгээр зүйлийн 10.1-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зөрчих, 12.6 дугаар зүйлийн 3-т хотыг дахин хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд газрыг чөлөөлөөгүй, эсхүл газар чөлөөлөх үйл ажиллагаанд саад учруулсан бол гэж тус тус хуульчлан заасан байгаа.Барилга буулгаж байх үед дайрч доромжилж, цээж, нуруу, гар луу чичих, цохих үйлдэл хийж, харааж ерөөх, ална гэж заналхийлсэн танхай үйлдэл гаргасан үүний зэрэгцээ хамгаалагч нар луу дайрч, өөрөө унасан байж, татаж унагасан, өөрөө булаан авчаад гар хөл мушгиж, хоолой боосон гэх зэргээр гүтгэсэн хэрэг зөрчлүүдийг гаргасан тул зөрчлийн болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, зохих шийтгэл оногдуулах учиртай.Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Энэ байранд амьдардаг 13 иргэний 11 иргэнтэй нь манайх тохиролцоонд хүрч нүүлгэн шилжүүлсэн, Нийслэлээс дахин төлөвлөх журмын дагуу иргэдийн 80 хувьтай нь тохиролцоонд хүрсэн бол тог, усаар хангахгүй, тасална гэсэн байгаа.Одоогийн байр нь 50 мкв талбайтай бөгөөд 50 мкв үйлчилгээний талбай өг гэхэд нь за гэсэн, дараа нь 70 мкв талбайтай үйлчилгээний талбай өг гэсэн, уулзах болгондоо нэмээд байдаг.Бид нар айлуудад дотор ханаас дотор хана гэж хэмжээд нэмж 5-10 мкв талбайг өгнө гэсэн, Даваанямынх бол бид нар орж хэмжихэд гэрчилгээнд 43 мкв байсан, хэмжилтээр 59.71 мкв байсан.Үйлчилгээний талбайн үнэ орон сууцны үнээс илүү, надад 70 мкв талбайтай үйлчилгээний талбай өг гэхэд нь зөвшөөрөөд маргааш нь уулзахад 100 мкв талбай өгөхгүй бол нүүхгүй гэсэн гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Дын байр дахин төлөвлөлтөд орсон, төр мэдэж оруулсан.Т.Ч ХХК-д эрхийг Нийслэлийн засаг даргын захирамжаар олгосон.П.Дын байрнаас бусад байр нурсан байсан, энэ байр нурах эрсдэлтэй байсан тул Баянгол дүүргийн Засаг дарга захирамж гаргаж байрыг нураасан, олон удаа мэдэгдэл өгсөн, ашиглалтын шаардлага хангахгүй, амьдарч болохгүй, 2-3 хоногийн дотор уулзаж гэрээ хий гэхэд амьдраад л байсан.Тэгээд П.Дтай уулзсан, утсаар ярьсан, П.Дын шаардлагыг бичиж ирсэн, түүнийг захиралд үзүүлсэн, 400 000 000 төгрөг бэлэн өг, эсвэл 85 мкв байр өг гэж байсан.Ингээд ажлын хэсэг байгуулж, камержуулсан байдлаар бүртгэлжүүлж 2 машинаар нүүлгэсэн, ачаагаа ав гэхэд авдаггүй, буцаагаад өгөхөд татгалзахүй, доголдол гарсан бол шийдээд өгөх боломжтой.Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас хүмүүс байсан. Орон сууцны тухай хуулийн 151.1-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан. Гэрээ байгуулаагүй, 80 хувь нь зөвшөөрсөн бол төслийг хэрэгжүүлж эхэлнэ гэсэн. Байр өгөхгүй гээгүй, өгнө, гэхдээ илүү хэмжээний талбай нэхээд байгаа гэв.

 

Хариуцагч Т.Ч ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:П.Д нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10 дугаар байрны 3 тоотод оршин суудаг бөгөөд түүний оршин сууж байсан орон сууц нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014.07.10-ны өдрийн 01-01/05 дугаар шийдвэрээр ашиглалт нь 2014,07.20-ны өдрөөс эхлэн хориглогдсон юм.МУ-ын Барилга, хот байгуулалтын сайдын 2016.07.05-ны өдрийн 126 дугаас тушаалаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ын 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар тухайн орон сууцны цэвэр, бохир ус, дулаан, эрчим хүчний хэрэглээ, үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох хүртэл арга хэмжээг эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж болохоор зохицуулагдсан байдаг.Энэ дагуу уг барилгын цахилгаан болон дулааныг Баянгол дүүргээс хаах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн боловч П.Д нь манай компани буулгах хүртэл хугацаанд уг орон сууцандаа дур мэдэн амьдарч, оршин сууж, ус, тог цахилгаан хэрэглэсээр ирсэн.Түүгээр ч үл барам төслийн үйл ажиллагаанд саад учруулж, бусад олон айл өрхийг орон сууцаар хангагдах нийтийн эрх ашгийг үл хүндэтгэж, илүү км ба мөнгө нэхэмжпэх, энэ бүх хугацаанд барилгын ажлыг гацаанд оруулж, компанийг эдийн засгийн алдагдалд хүргэж, төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг өөрийн явцуу эрх ашгаас дээгүүр тавьсан зэрэг зүй бус үйлдлүүдийг олныг гаргасан.Манай компанийн зүгээс нийт оршин суугчдын 80-аас дээш хувь нь орон сууцыг чөлөөлсөнтэй холбогдуулан 3 тоотын оршин суугч П.Дд байраа албадан чөлөөлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан болно.Түүнчлэн П.Д нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцандаа дур мэдэн давхар нэмж мансарт болгон ашигласан бөгөөд энэ нь нурах аюулыг улам бүр нэмэгдүүлсэн юм. Иймд ч зөвшөөрөлгүйгээр баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдлийг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Баянгол дүүргийн засаг даргын захирамжаар /2019.04.02. №А/174 тоот/ авч хэрэгжүүлсэн юм.Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 10/805 тоот Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай дүгнэлтэд "... тухайн 10 дугаар байр нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох стандарт, норм дүрэм хангагдаагүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, цаашид орон сууцны барилга байгууламж нь насжилт өндөртэй, нурах магадлалтай, гал гарах нөхцөл бүрдсэн, хүн амьдрах боломжгүй гэж тусгасан байдаг.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн ... сууцыг хэлнэ. Мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууны барилгыг ашиглахыг хориглоно гэж маш тодорхой заан өгч хуульчилсан байна.Иймд нийтийн ашиг сонирхлыг үл огоорч, ашиглахыг хориглосон орон сууцыг чөлөөлөхгүйгээр уг байрандаа оршин суун амьдарч байсан П.Дын дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:П.Дыг маргаан бүхий орон сууцанд амьдарч байхад нь орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц гэдгийг тогтоож, мэдэгдлийг төрийн захиргааны байгууллагаас болон манай компаниас өгсөн.Өөрөө энд амьдарч байснаа зөвшөөрсөн.Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлд орон сууц нь хүн амьдрах боломжтой байх хэрэгтэй заасан байгаа, мөн хуулийн 151.1-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно гэж заасан гэв.

 

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа:Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Монгол Улсын мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн 2014 оны 07 сарын 10-ны өдрийн 01-01/05 тоот шийдвэрээр нэхэмжлэгчийн оршин сууж байсан орон сууцыг ашиглахыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглогдсон байсан" гэсэн байна.Дээрх мэргэжлийн хяиалтын байцаагчийн шийдвэрээр Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн орон сууцны зориулалттай, хавсралт жагсаалтад дурдсан 150 байшингийн ашиглалтыг хориглосон байдаг.Дээрх 150 орон сууцыг ашиглахыг хориглосон шийдвэр гарснаар тухайн орон сууцнуудыг ашиглахыг шууд хориглох боломжгүй, тухайн орон сууцанд амьдарч, оршин сууж байгаа хэдэн мянган иргэдийг орон сууцнаас шууд гаргах боломжгүй, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй шийдвэр болно. Өнөөдрийг хүртэл дээрх шийдвэрт тусгагдаж ашиглалтын шаардлага хангагүй гэж дүгнэгдсэн боловч хүн амьдарч, ашиглаж байгаа орон сууцнууд байсаар байгаа.Харин дээрх орон сууцнуудыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэснээр орон сууц өмчлөгч нарын өмчлөх эрх шууд дуусгавар болохгүй бөгөөд орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3-т Ашиглалтын шаардлага хангахгуй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэж заасны дагуу шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн засаг дарга, орон сууц өмчлөгч нартай гэрээ байгуулсны үндсэн дээр буулгаж орон сууцыг дахин барилгажуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх нөхцөл байдал үүсэх талаар зааж өгсөн.Мөн асуудлыг нарийвчлан зохицуулсан Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар батлагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-аар зохицуулагдах бөгөөд дээрх журамд зааснаар орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоох, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,Төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах,Төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах, Орон сууцны барилгыг буулгах, Төсөл хэрэгжүүлж дуусах гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоохоос эхлэн орон сууцны барилгыг буулгах хүртэл хэдий хугацаа зарцуулах нь тодорхойгүй ба дээрх хугацаанд орон сууцанд амьдарч байсан иргэд, өмчлөгч нарыг хууль бусаар оршин суусан гэж үзвэл өнөөдөр Улаанбаатар хотын иргэдийн 15-20 хувь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа болж таарах юм. Хариуцагч сөрөг нэхэмжпэлдээ Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.1-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно." гэж хориглосон байхад нэхэмжлэгч ашигласан тул нэхэмжпэгч хууль бусаар орон сууцанд амьдарч байсан болохыг тогтоолгох хүсэлтэй байна гэдэг.Гэвч орон сууцны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18,1-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан бөгөөд орон сууцыг хууль бусаар ашигласан эсэх асуудлыг Эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуульд заасны дагуу гэмт хэрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллааны журмаар тогтоох юм.Дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий асуудлыг харьяалан шийдвэрлэх шүүх нь Иргэний шүүх биш бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн гэснийг зөрчсөн тул тус хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1. 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үөд тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч П.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Миний болон манай гэр бүлийн зүгээс дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа.Хуучны байрнууд бол бүгд ордер дээрээ өрөөнийхөө мкв-г бичдэг.Одоо бол хананаас хана хооронд хэмждэг.Гэрчилгээн дээр 42-43 мкв байдаг, бодит хэмжилт бол 73 мкв болсон.Байшин буулгахад Баатарсүх хэмжилт хийсэн хэмжээг бидэнд өгөөгүй, багасгаж хэлээд байгаа, 3 давхарт 50 мкв байр өгнө гээд байгаа, бии 2 давхарт 85 мкв авна гэсэн, надад 100 мкв талбай хэрэгтэй байгаа 15 мкв талбайг нэрлэсэн үнээр нь авна гэсэн гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Хариуцагч байгууллага нь 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр орон сууцанд хууль бусаар халдаж талыг нь нураасан, 2018 оны 11 дүгээр сард гарсан дүгнэлт байгаа.Тал нь байхгүй байшинг хэн ч амьдрах боломжгүй гэж дүгнэлт гаргана шүү дээ.Эхлээд нураачихаад сүүлд нь дүгнэлт гаргуулаад байгаа.Эхлээд үндсэн хууль, дараа нь Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хууль гэсэн дараалалтай байдаг.Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйлд Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааны нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй.Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж заасан.Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 17.1-т Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн буюу хууль бусаар оролцох, орон байранд нь буюу захидал харилцааных нь нууцад дур мэдэн буюу хууль бусаар халдах, эсхүл нэр төр, алдар хүндэд нь хууль бусаар халдахыг хориглоно гэж заасан.Мөнгөтэй компани нураачхаад дараа нь 50 мкв талбай өгнө гэж байна.Тэр байрны мкв ордер дээр байгаа мкв-аас өөрөөр гарч байгаа.Ийм зүйл давтагдахгүй байх үүднээс хууль бус үйл ажиллагаа явуулсанг тогтоолгох гэж байгаа.Сөрөг нэхэмжлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй, 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 1-1/05 тоот Мэргэжлийн хяналтын ахлах байцаагчийн дүгнэлтээр ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан гэж байгаа.Нийслэлийн хэмжээнд 150 орон сууцыг ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн.Ийм дүгнэлт гаргаснаар тухайн орон сууцанд амьдрах боломжгүй болдоггүй.Орон сууцны тухай хуулийн 151.3-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэж заасан.Дээрх асуудлыг 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журам байгаа. Энэ журмаар дарааллыг тогтоож өгсөн.Дүгнэлт гарах, ажлын хэсэг байгуулж, төсөл хэрэгжүүлэгч компани сонгоод, хэмжээд, гэрээ хийгээд, нураана гэсэн дараалалтай байна.Эхлээд нураачихаад дараа нь дүгнэлт гаргуулдаг зүйл байхгүй, сөрөг нэхэмжлэл Иргэний шүүхэд хамаарахгүй, Орон сууцны тухай хуулийн 18.1-т Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 117.1-т Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д хариуцагч Т.Ч ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг буулгаж, дахин барилгажуулах ажиллагаа явуулахдаа хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан болохыг тогтоолгох тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Т.Ч ХХК нь П.Дын үйлдэл ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай сөрөг шаардлагыг гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр П.Дын нэхэмжлэл болон Т.Ч ХХКйн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай 01-01/05 дугаартай шийдвэрээр Баянгол дүүргийн 1, 4 дүгээр хороонд байрлах 1-10 дугаар байр буюу нийт 20 барилгын ашиглалтыг 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон байна.

 

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай А/176 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/202 дугаар захирамжаар байгуулсан үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай орон сууцны 10 дугаар байрны барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр Т.Ч ХХК шалгарсныг батламжилж, тус компанид төсөл эрх олгосугай гэжээ.

 

Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Барилга байгууламжийн галын аюулгүй байдлын тухай 10/805 тоот дүгнэлт гарсан байх бөгөөд уг дүгнэлтэд:Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын 10 дугаар байранд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр галын аюулгүй байдлын шалгалтыг хийхэд Монгол улсад мөрдөгдөж байгаа холбогдох стандарт, норм дүрэм хангагдаагүй, болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, гал түймэр гарсан үед иргэдийн амь нас, эд хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй, цаашид тухайн орон сууцны барилга байгууламж нь насжилт өндөртэй, нурах магадлалтай, гал гарах нөхцөл бүрдсэн хүн амьдрах боломжгүй гэжээ.

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/222 тоот захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцанд үйл ажиллагаа эрхэлж байгаа газруудын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

 

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2019 оны 2 дугаар сарын 4-ны өдрийн Хяналтын хороо байгуулах тухай 03 тоот захирамжаар Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай давхарын 10, 11, 12 дугаар орон сууцнуудын барилгыг буулган шинээр барих төсөлд хяналтын хороог байгуулж ажиллуулсан байна.

 

Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 тоот захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон байна.

 

Дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр, захирамжууд гарсан, нэхэмжлэгч П.Д өөрөө дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа гэж тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд Т.Ч ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан гэж үзэх боломжгүй байна.

 

Нөгөө талаар хариуцагч байгууллагын явуулсан үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар П.Дын эзэмшил, өмчлөлийн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авч байгаа үйлдэл биш тул энэхүү хуулийн зохицуулалт хамааралгүй байна.

 

Мөн хариуцагч байгууллага нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т зааснаар П.Дын өмчийг хураах болон дайчлан авах ажиллагаа явуулаагүй байна.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.3-т Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах гэж тус тус заасан байх бөгөөд аливаа талуудын хооронд хийгдэх гэрээ, хэлцэл нь хуульд заасан журмын дагуу харилцан тохиолцож тэгш эрхийн хүрээнд хийгдэх учиртай боловч хэргийн зохигчид дээрх үйл ажиллагааны талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас гэрээ хийгдээгүй байдлыг Т.Ч ХХК нь хууль зөрчсөн байна гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.в-д төсөл хэрэгжүүлэгч энэ хуулийн 14.7.1 дэх заалтад заасан үе шатыг дуусах хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцоогүй тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох бусад хуульд нийцүүлэн нөхөх олговортойгоор газар чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах гэж заасан байх ба талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Т.Ч ХХК нь энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.1-т заасан үе шатыг хийж дуусгасан гэж үзэхээр байна.

 

Учир нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар сонгосон талбай дахь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдэд төслийг танилцуулж, 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авсан гэх тайлбар, улмаар нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчимыг баримталсан байна.

 

Хариуцагч байгууллагын сөрөг шаардлагын тухайд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, давхарын 10 дугаар байрны 3 тоотод байшилтай үл хөдлөх хөрөнгө нь П.Дын өмчлөлийн хөрөнгө болох нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон талуудын тайлбараар нотлогдож байна.

 

П.Д нь өөрийнхөө өмчлөлийн хөрөнгийг эзэмшиж байгаа үйлдлийг ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан гэж үзэх боломжгүй юм.

 

Нөгөө талаар сөрөг нэхэмжлэлд дурдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан гэх үйл баримт нь тодорхой цаг хугацаанд хамаарах үйл явц байх бөгөөд энэ талаар сөрөг шаардлагад дурдаагүй, хариуцагч тал тайлбарлаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой бус гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Т.Ч ХХК нь Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Давхарын 10 дугаар байрыг хуульд заасан журам зөрчиж, хууль бусаар нураасан болохыг тогтоолгох тухай П.Дын шаардлагыг, П.Д нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг хууль бусаар ашигласан болохыг тогтоолгох тухай Т.Ч ХХКйн сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид П.Дын төлсөн 70 200 төгрөг, Т.Ч ХХКйн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН