Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 65

 

 

 

 

 

 

 

 

 

А.Б-, Э.Э-нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэртэй, А.Б-, Э.Э-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч МОХНН УБТЗ-д  холбогдох, тус байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговорт нийт 55 560 244 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, А.Б-т учруулсан гэм хорын хохиролд 318 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутад Шивээ-Овоо өртөөний 1 дүгээр зам дээр вагоны авто угсраанд туслах найруулагч хавчуулагдан нас барсан осол хэрэг гарсан. Тухайн үед А.Б- нь УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн машинчаар, Э.Э-нь туслах машинчаар тус тус ажиллаж байсан. Дээрх осолтой холбогдуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар Төмөр замын даргын Б-II-07 дугаар “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар Э.Энхбаатар, А.Б- нарыг ажлаас нь халсан. Улмаар Эрүүгийн 201724000035 дугаар хэрэг үүсгэж, 3 шатны шүүхээр хянан шийдвэрлэж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ШЦТ/10 дугаар тогтоол, мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ДШМ/07 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоол гарч, нэхэмжлэгч нарыг гэм буруугүй болохыг тогтоосон.

Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг гэм буруутай эсэхийг тогтоогоогүй байж үндэслэлгүйгээр ажлаас халсан  нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нар осол гаргаагүй, осол гарахад нөлөөлөөгүй гэдэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хариуцагч нь нэхэмжлэгч нарыг удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн буруутгадаг. Хуулийн уг заалтаар удаа дараа зөрчил гаргасан байхыг шаарддаг бөгөөд 2016 онд нэхэмжлэгч нар сахилгын шийтгэл авч байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Ажил олгогч 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарыг буцааж ажилд нь авсан. Хариуцагч тал нэхэмжлэгч нарыг хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилд авсан гэж тайлбарладаг ч Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарыг үндсэн хөдөлмөрийн гэрээний дагуу ажилд орсон гэж үзэхээр байна. 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас халж 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажилд орцгоосон. Ажилгүй байсан хугацаа нь нийт 14 сар 22 хоног буюу ажлын 328 хоног байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7-д зааснаар А.Б-ийн 1 өдрийн хөдөлмөрийн хөлс 86 976 төгрөг, Э.Энхбаатарынх 73 072 төгрөг бөгөөд үүнийг ажилгүй байсан 328 хоногоор тооцвол нийт 50 756 224 төгрөг болно. Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 дугаартай Ээлжийн амралт олгох тухай зааврын 2-д зааснаар нэхэмжлэгч нарын ээлжийн амралтын олговорыг тооцоход А.Б- 2 334 396 төгрөг, Э.Э-1 729 976 төгрөг буюу нийт 54 820 596 төгрөг. Мөн А.Б- ажилгүй байсан хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай сайн дурын даатгалын гэрээ байгуулж 318 800 төгрөгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож нийгмийн даатгал төлсөн тул үүнийг өөрт учирсан гэрээний бус гэм хорын хохирол гэж үзэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж байна.

Иймд ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын олговорт нийт     55 560 244 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэх, А.Б-т учруулсан гэм хорын хохиролд 318 800 төгрөг гаргуулахаар шаардаж, Говьсүмбэр аймгийн нийгмийн даатгалын газартай байгуулсан сайн дурын даатгалын гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад А.Б- татгалзсан. Нэхэмжлэгч нар ажлаас халсан тушаалыг гардан авах үедээ үндэслэлтэй эсэхийг мэдээгүй, өөрсдийн буруугаас хүн нас барсан гэж бодсон. Гэтэл Улсын дээд шүүхийн тогтоолоор буруугүй гэсэн тул үндэслэлгүй ажлаас халагдсан гэдгийг мэдсэн. Иймд 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй. Мөн нэхэмжлэгч нарыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байгаа бол шүүхээс хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэх боломжтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: А.Б- нь УБТЗ-ын Сайншанд дахь Татах хэсгийн даргын 2001 оноос ачааны хөдөлгөөний илчит тэрэгний туслах машинчийн дагалдан, 2004 оноос сэлгээний хөдөлгөөнд илчит тэрэгний машинчаар, Э.Э-нь 2009 оноос илчит тэрэгний туслах машинчийн дагалдан, мөн оны 8 дугаар сараас ашиглалтын цехийн 3 дугаар цуваанд илчит тэрэгний туслах машинчаар ажилласан. Ажиллах хугацаандаа А.Б- 2016 оны 7 дугаар сард 2 сарын хугацаатай 20 хувиар цалин бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. 2017 онд өмнө гаргасан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан. Э.Э-2012, 2014 онуудад сахилгын шийтгэл авсан ч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чойр өртөөнөөс Шивээ-Овооны татах хэсэгт галт тэрэгний туслах найруулагч нь зүтгүүр салгах сэлгээний ажил хийх явцад зүтгүүр болон вагоны хооронд хавчуулагдаж нас барсан. Осол гарах үед А.Б- машинчаар, Э.Э-туслах машинчаар тус тус ажиллаж байсан.

Тухайн үед А.Б-, Э.Э-нарын 4 ажилтанд 2017 оны Замын даргын тушаалаар сахилгын арга хэмжээ авсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Замын даргын 2009 оны А-55 дугаартай тушаал биелүүлж ажиллаагүй, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр зэрэг болно. Нэхэмжлэгч нарыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгож ажлаас нь халсан ба ажил үүргээ гүйцэтгэж байхдаа УБТЗ ХНН-ийн Сайншанд дахь татах хэсгийн Хөдөлмөрийн дотоод журмын 10.2, 10.3.6, Хөдөлмөрийн гэрээний 2.3, Төмөр замын техник ашиглалтын дүрмийн 12.9, 16.17, 17.18, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34, 10.34г, 10.35, Хөдөлмөрийн аюулгүй байдал Эрүүл ахуйн тухай хуулийн 11.2.7 зэргийг тус тус зөрчсөн тул Төмөр замын тээврийн тухай хуулийн 3.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нарын гэм буруугүйг шүүх тогтоосон гэж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тайлбарладаг. Говьсүмбэр аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-, Э.Э-нарыг Төмөр замын тээврийн хөдөлгөөний ашиглалтын аюулгүй байдал сахих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр 1 жилийн хорих ялаар шийтгэсэн.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Машинч нарын хувьд холболт хийсэн эсэхийг шалгаж, найруулагч дохио өгсөн тохиолдолд хөдөлгөөн эхлэх ёстой. Тухайн үед технологийн процесс болон Хөдөлмөрийн сахилга зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон. Сэлгээний бригадад туслах найруулагч, машинч, найруулагч, холбогч нар ордог. Тэдний үйл ажиллагаа харилцан хамааралтай, уялдаатай байдаг. Тиймээс хамтын хариуцлагын тухай асуудал яригдана. Эрүүгийн хариуцлага, Хөдөлмөрийн сахилга, зөрчлийн асуудлыг ялгаж салгаж, зөв дүгнэх ёстой. Хэдийгээр нэхэмжлэгч нарыг эрүүгийн хэрэгт гэм буруугүй гэж цагаатгасан ч Төмөр замын ажилтны сахилгын тусгай дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, мөрдвөл зохих эрх зүйн актууд, Замын даргын тушаалууд зэргийг зөрчсөн. Нэхэмжлэгч нарыг ноцтой зөрчил гаргасан болохыг 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газрын ажилласан комиссын акт, хэргийн газрын үзлэг, нэхэмжлэгч нарын өөрсдийн бичсэн тодорхойлолт, радио станцын бичлэг шалгасан акт, Шивээ овоо салбарын шуурхай хурлын тэмдэглэл, УБТЗ ХНН-ийн шуурхай хурлын тэмдэглэл зэргээр нотлогдоно.

2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сайншанд татах хэсгээс нэхэмжлэгч нартай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж, ажиллуулсан. 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр даргын 507, 509 дүгээр тушаал, хамтын гэрээ зэргээр нэхэмжлэгч нарыг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл илчит тэрэгний туслах машинчийн дагалдангаар ажиллуулахаар, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 579 дугаартай тушаалыг үндэслэж ажиллуулсан. Э.Э-ажиллаж байхдаа ажлын байранд архи ууж, согтуу ирсэн үндэслэлээр ажлаас халагдсан. Ажилд эгүүлэн авсан талаар баримт байхгүй. Нэхэхмжлэгч нар ажил олгогчийн ажлаас халсан шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр авсан боловч хуулийн хугацаанд гомдол гаргаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гадуур шалгагдаж, анхан шатны шүүх шийдвэрлэж, давж заалдах хүртэл 21 хоног цагдан хоригдсон нь ажилгүй байсан хугацаанд тооцогдохгүй, 14 сар 20 хоногийн 55 220 240 төгрөг нэхэмжилсэн. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажлын 317 хоног, үүнээс 1 дүгээр сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ажлын 42, хуанлийн 57 хоног. Энэ хугацааны хохиролд тус бүр 3 636 291 төгрөгийг шүүхийн шийдвэрээр олгосон. А.Б-ийн 1 өдрийн цалин 59 431 төгрөг, Э.Энхбаатарынх 47 300 төгрөг бөгөөд А.Б- 4 045 220 төгрөг, Э.Э-2 880 540 төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж авсан. Сайн дурын даатгалын гэрээний дагуу А.Б-ийн төлсөн гэх 318 800 төгрөгийг бид хариуцахгүй. Түүний ажиллах хугацаанд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасны улмаас хүний амь нас хохирсон. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар Төмөр зам”-д холбогдох, Замын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговорт нийт 55 560 244 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, А.Б-т учруулсан гэм хорын хохирол 318 800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А.Б-, Э.Э-нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Б-ийн гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нарыг ажлаас үндэслэлгүй халсан болохоо хариуцагч тайлбартаа зөвшөөрсөн энэ талаар талууд маргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан ажилтан ажлаас буруу халсан гэх хуулийн диспозици хэм хэмжээ нь ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсанаа мэдсэн цаг хугацаа гэж ойлгоно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2 дах хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс үүснэ гэж хуульчилжээ. Нэхэмжлэгч нар “ажлаас үндэслэлгүй халагдсан” болохоо мэдсэн цаг хугацаа буюу эрхээ зөрчигдсөн тухай мэдсэн үе нь Улсын Дээд шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаар тогтоолыг гардан авсан 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр юм. Иймд нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд хандсан. Нэхэмжлэгч нар “ажлаас үндэслэлгүй халагдсан болох”-оо тогтоолгосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл арилсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг эрүүгийн гэмт хэрэгт холбогдсонтой нь холбогдуулан ажлаас халсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн, мөн хөдөлмөрийн гэрээний 2.1-т байгууллагын дотоод журмын 10.3-т заасан “ажил олгогчийн санаачилгаар ажил ажлаас халах” үндэслэл тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэгч нарыг “зөрчил гаргасан гэж ажлаас халах үндэслэл болсон” мэтээр ямар ч нотлох баримтгүй буруутгаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө. Хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан зарчимд нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Б-, Э.Э-нар нь хариуцагч МОХНН УБТЗд холбогдуулан, тус байгууллагын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалыг хүчингүй болгуулах, А.Б-ийн ажилгүй байсан 14 сар 22 хоногийн цалин болон ээлжийн амралтын олговорт 28 354 097 төгрөг, Э.Энхбаатарын ажилгүй байсан хугацаа, ээлжийн амралтын олговорт 22 637 775 төгрөг, нийт 55 560 244 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд зохих бичилт хийлгэх, А.Б-т учруулсан гэм хорын хохиролд 318 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1, 131 дүгээр зүйлийн 131.1.2, 131.1.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.2, 30.2.4, Хөдөлмөрийн гэрээний 2.3 дахь заалт, УБТЗ ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн А, И, З заалтууд, 2017 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай хурлын шийдвэрийн санал зэргийг баримтлан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 8 цаг 45 минутын орчимд Шивээ-Овоо өртөөний галт тэрэгний туслах найруулагч нь өртөөний 1 дүгээр замд вагонд зүтгүүр залгах сэлгээний ажил хийх үедээ нас барсан осол гарсантай холбогдуулан Техник ашиглалтын дүрэм, Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам, УБТЗ-ын даргын 2009 оны А-55 дугаар тушаалыг биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч А.Б-, Э.Э-нарт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /1хх58-59/

 

Дээрх тушаалд тусгагдсан үйл баримт болох үед нэхэмжлэгч А.Б- нь УБТЗ-ын Сайншанд татах хэсгийн машинчаар, Э.Э-нь туслах машинчаар ажиллаж байсан нь хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ослын газар ажилласан комиссын анхны акт, радио станцын бичлэг шалгасан тухай акт, тодорхойлолт, тэмдэглэл, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөний хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй. /1хх60, 63, 86-117/

 

Харин тушаалд заасан үндэслэл нь ажлаас халах сахилгын шийтгэлд хамаарах эсэх, хожим уг осолд нэхэмжлэгч нар гэм буруугүй болохыг шүүх тогтоосноор энэ талаар гомдол гаргасан, хугацааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасанд нийцсэн эсэхэд зохигчид маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний 2.3-т... ажилтан нь аваарь сүйрэл, ажлын ноцтой гологдол гаргасан, гаргах нөхцлийг бүрдүүлсэн, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг ноцтой зөрчиж хүнд болон бүлэг осол гаргасан, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй... зэрэг ноцтой зөрчил гаргасан тохиолдолд сахилгын шийтгэл урьд ногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. Түүнчлэн энэхүү нөхцөл нь хөдөлмөрийн дотоод журмын 10.3.5, 10.3.6-д тусгагдсан байна. /1хх-60, 63, 69-74/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалахаар зохицуулсан. Ажил олгогчийн дээрх тушаал нь хуулийн энэхүү зохицуулалтад нийцсэн байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан гэх нэхэмжлэгч талын шаардлага, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нар ажил олгогчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-07 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалыг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гардан авсан гэдэгт маргаагүй. Харин уг тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэхэд маргаж, үндэслэлээ, ажлаас халах сахилгын шийтгэлд тусгагдсан осолтой холбоотой эрүүгийн хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсанаар нэхэмжлэгч нар гэм буруугүй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон. Иймээс ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авсан өдрөөс хойш буюу эрх зөрчигдсөн тухай мэдсэн үеэс шаардах эрх үүснэ гэж тайлбарлажээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч нар нь тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт тусгайлан зохицуулсан хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж хуульчлан тогтоосныг нэхэмжлэгч нар тухайн осолд гэм буруугүй талаарх УДШ-ийн тогтоолыг хүлээн авсан өдрөөр тооцох үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож буй тохиолдолд ажилтны гомдол гаргах хугацааг уг шийдвэрийг гардан авсан үеэс эхлэн тоолох нь Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцэх юм. Түүнчлэн, нэхэмжлэгч нарыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан буюу хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт заасан үндэслэлээр хугацааг сэргээх боломжгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн дээрх тушаал гарснаас хойш А.Б-т 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 4 045 222 төгрөг, Э.Энхбаатарт 2 881 540 төгрөгийн тэтгэмжийг тус тус ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон нь хэрэгт авагдсан Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 256 тоот албан бичгээр тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

А.Б- нь хариуцагч байгууллагад холбогдуулан, Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй сайн дурын даатгалын гэрээ байгуулж, улмаар 318 800 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь гэм хорын хохирол гэж шаардсныг шүүх хэрэгсэхгүй болгожээ. Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зохицуулсан. Хэргийн баримтаас үзвэл, хариуцагч нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч А.Б-т 318 800 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.Б- нь нийгмийн даатгалд сайн дураар даатгуулсан тухай гэрээг өөрийн хүсэл зоригийг илэрхийлэн байгуулж, шимтгэл төлсөн нь ажил олгогчийн гэм буруутай үйлдлийн улмаас түүнд учирсан гэм хорын хохирол гэж үзэхгүй. /2хх82-83/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2019/02547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА