Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 135/2022/01947/И |
Дугаар | 135/шш2024/00617 |
Огноо | 2024-05-09 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 135/шш2024/00617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2022/01947/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны ø¿¿õèéí ø¿¿ã÷ М.Оюунцэцэг äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä õèéñýí иргэний хэргийн шүүх õóðàëäààíààð,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот хаягт байрлах “Дарханшар” бүрд ХХК /утас:*****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ***** баг, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /утас: ******/,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, **** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Утас: *****/ нарт холбогдох,
“170,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *****,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Содболд,
Хариуцагч: *****,
Хариуцагч: *****
Хариуцагч нарын өмгөөлөгч: Б.Цэдэндамбаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... *****ын хүсэлтээр тус орон сууцны гэрчилгээг *****ын нэр дээр түр хугацаанд шилжүүлээд өгөөч, барьцаанд тавиад чөлөөлөнгүүт буцаан өгье” гэж гуйсны дагуу манай ****** ХХК нь зөвшөөрч, өөрсдийн оффислож суудаг байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө байраа 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр *****ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Бид *****той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж, зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр *****ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан. Зээлээ төлсний дараа байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон байсан тул “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр шилжүүлэн өгөхдөө *****аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар *****д хүлээлгэж өгөөгүй. Манай зүгээс байрны өмчлөх эрхийг буцааж өгнө гэдэгт итгэлтэй байсан учир 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу ***** 3 өрөө байрыг ажлын хөлсөнд бартераар тохиролцон, хүлээлгэж өгсөн. ****** нь тус байранд засвар үйлчилгээ хийн 2 өрөө болгож, СӨХ, дулаан, цахилгааны төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл төлөн амьдарч байсан. ****** амьдарч байх хугацаандаа удаа дараа гэрчилгээгээ авах шаардлагыг утсаар болон бичгээр бидэнд ирүүлж байсан бөгөөд тухай бүрт *****той бид утсаар холбогдож гэрчилгээгээ авах тухай ярихад Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьсан байгаа чөлөөлөнгүүт өгнө гэх байдлаар явсаар байсан. ****** утсаар холбогдсон тухайг мөн ***** албан бичгээр мэдэгдэж, учирлан хэлж, гэрчилгээгээ гаргаж өгөхийг хүлээж байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 322 тоот гүйцэтгэх хуудсын дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх байрыг ***** нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь барьцаанаас чөлөөлөөд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ***** гэх хүнд худалдсан, улмаар байрыг *****аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ***** нь шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудас ***** ирснээр бид мэдсэн. *****тай хийсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Учир нь тухайн байрыг уг гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн банкны барьцаанд тавихын тулд уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хийсэн юм. Талуудын хооронд байгуулсан “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ буюу *****, ***** нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус болно. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. 2014 онд ****** ХХК-ийг манай байгууллага авлагатай, өртэй, зохих ёсны хөрөнгөтэй нь шилжүүлэн авсан. Бичиг баримтын хувьд 2015 он, 2017онд шилжсэн байдаг. Компанийг 2014 онд хүлээж авахад Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** байр, ***** тоот 70,63 метр квадрат 3 өрөө байрыг бид оффисын зориулалтаар ашиглаж, суудаг байсан. Энэ байрны гэрчилгээг *****ыг зээл авахад нь ашиглуулж, ***** гэдэг хүний нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлж өгсөн байсан. Хэсэг хугацааны дараа зээлээ төлчхөөд гэрчилгээг буцаад манайд шилжүүлэхээр тохиролцсон байсан. Манайх тухайн байраа барилга угсралт хийдэг ****** гэдэг хүнд хоорондын тооцоондоо буюу байр барьсан ажлын төлбөрт өгсөн. ****** гэдэг хүн 2014 оноос 2022 он хүртэл тухайн байранд оршин сууж байсан. 2022 оны 05 дугаар сараас ****** гэдэг хүнийг тухайн байрнаас нь гаргаж, гэрчилгээг бид нарт өгөөгүй. Байрнаас бид нарыг албадаж гаргасан асуудал байна. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнэ болох 170,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна” гэв.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Хэрэгт цугларсан нотлох баримтыг харахад нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж харж байна. Тэгэхээр ***** гэж хүн уг байрыг худалдаж аваад эзэмшээд, захиран зарцуулаад явах хүсэл сонирхол харагдахгүй байна. Харин эсрэгээрээ нэхэмжлэлд дурдагдаад байгаа хувьцаа эзэмшигч байсан, мөн бизнесийн хамтрагч байсан ***** гэж хүний саналыг аваад барьцаанд тавих зорилгоор нэр шилжүүлсэн үйл баримт харагдаж байна. Тийм учраас 2014 онд шилжүүлж авсан гэж байгаа боловч одоо 2024 он болж байна. Энэ хугацаанд хүн орж сууж байгааг ч мэдэхгүй хэдэн жил явчихсан. Шүүхэд гаргахад нь мэдсэн гэдэг тайлбар хэлж байгаа нь өнөөдөр хөдлөх хөрөнгө авчхаад хайхрахгүй хаядаг асуудал амьдрал дээр байхгүй. Тэгэхээр энэ нь цаанаа ямар агуулга зорилготой байсан нь тодорхой байна. ***** гэж хүн баримт асуугаад байгаа. Анхнаасаа ийм санаа зорилго агуулж байгаагүй учраас тухайн үед баримт үйлдэхгүйгээр явж байсан гэдэг нь илэрхий харагдаж байна. Тэгэхээр энд ямар зүйлээр холбогдоод байгаа вэ гэхээр ***** ХХК-ийн хувьцаа эзэмшдэг байсан Мандах захиралтай бизнесийн хамтрагч байсан гэдэг нь тогтоогдож байна гэж үзэж байна. Компани шилжихэд маргаан бүхий байрыг гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байгаа юу гэж асуугаад байна. Үүн дээр тайлбар хэлэхэд компанийг шилжүүлэх асуудал компанийн гүйцэтгэх удирдлагууд захирлынх нь бүртгэл солигдож нэг ёсондоо эзэн нь солигдож байна гэсэн үг. Түүнээс тодорхой үйл ажиллагааг нь салгаж авсан зүйл байхгүй. Хэрвээ ***** ХХК-с тодорхой эд хөрөнгө салгаж авч байгаа бол энэ хүмүүсийн шаардаад байгаа баримт байх ёстой. Гэтэл ***** ХХК бусдад өгөх өр болон бусдаас авах авлагыг ч гэсэн шилжүүлж авах асуудал. 2 эзэн солигдож байгаа болохоос үйл ажиллагаа нь өөрчлөгдөөгүй. Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаад явж байгаа учраас ийм баримт байхгүй байна гэж тайлбарлаж асуугаад байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тэгэхээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан энэ хэлцэл хийгдсэн тохиолдолд үр дагаврыг нь шаардах хуулийн зохицуулалт байгаа. Хэрвээ өгсөн авсан зүйлээ биет байдлаар өгч авах боломжгүй бол тухайн зүйлийн үнийг шаардах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт гаргуулахад ***** гэдэг хүн цааш нь ***** гэж хүнд худалдаад ***** гэж хүн нь дахиад өөр хүнд зараад явчихсан байгаа. Хэрэв буцааж авъя гэвэл хэд хэдэн хүн давхар хохирох асуудал яригдаж байгаа. Дээрээс нь биет байдлаар авах боломжгүй байгаа учраас нэхэмжлэгч өөрөө үнээ тогтоосон байгаа. Үнийн дүн дээр маргаан гараагүй учраас энэ үнэ үндэслэлтэй юу үгүй юу гэдэг асуудал яригдах боломжгүй болж байгаа. Бас нэг баримт нь үнэхээр худалдаж авах хүсэл сонирхол байгаагүй, барьцаанд тавих гэж байсан гэдэг үйл баримтыг нотлох баримт нь ****** гэж хүнтэй хийсэн гэрээний асуудал байгаа. Энэ ***** гэж хүн авснаас 3 сарын дараа ****** гэдэг хүн өөрөө биет байдлаар хүлээж аваад тайлбар өгөөд явж байсан процесс байна. *****д жинхнээсээ зарсан бол юу гэж хүнд зарсан байраа давхар зарах вэ. Ингээд харахаар иргэний маргаан болчхож байгаа юм, ер нь бол залилангийн үйлдэл. Ингэж хүний эд хөрөнгийг залилж болохгүй. Тэгэхээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн учраас үр дагавраа шаардах эрхтэй. Гэрчилгээ дээр миний нэр бичигдсэн минийх гэж дайраад байгаа боловч үндсэндээ би өмчлөлдөө авсан, ийм зорилгоор худалдаж авсан гэдгээ нотолж чадахгүй байна. Барьцаанд тавьсан гэдгийг нотлох гээд хэдэн залуучууд барьцаанд тавьсан гээд байгаа боловч энэ хүмүүс ямар хүмүүс нь тодорхойгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
3. Хариуцагч ***** шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч гэх ***** би ****** ХХК-ийн гүйцэтгэх захирал ****** 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14 дугаартай захиалагчаар орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр Дархан сумын 11 дүгээр баг, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууц худалдан авч ***** миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байна. Би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ***** гэх хүнд худалдсан. Одоо орон сууц өмчлөгч нь ***** гэдэг хүн байгаа болно. ***** миний өмчлөлийн орон сууц учраас гуравдагч этгээд болох итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** миний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж, Дархан сумын 11 дүгээр баг, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Энэ байрыг би албан ёсны гэрээ байгуулж худалдан авсан. Миний өөрийн эзэмшлийн байр. Би ***** ХХК-ийн хоорондын тооцоогоор авсан гэж нотлох баримтыг гаргаж өгсөн. Тиймээс улсын бүртгэлийн гэрчилгээнд албан ёсоор миний нэрээр гарсан, миний албан ёсны өөрийн байр гэдгийг баттай хэлж байна. Уг орон сууцыг ***** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ***** гэдэг хүн ажиллаж байх үед худалдан авч эзэмшсэн бөгөөд ***** ХХК-ий гүйцэтгэх захирлаар ***** гэдэг хүн огт ажиллаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймд би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.
4. Хариуцагч ***** шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би 2014 онд ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд иргэн *****тай 09/14 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд тухайн үед ****** ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ***** гэдэг хүн ажиллаж байсан байна. Мөн энэхүү нэхэмжлэлд бид *****од туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, *****ын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан гэж дурджээ. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд миний бие иргэн *****ын өмчлөлийн 3 өрөө орон сууцны байрыг барьцаалж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээл аваагүй, уг 3 өрөө орон сууцыг огт барьцаалаагүй болно. Иймд би энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагч биш болно. Би ***** гэдэг хүний байрыг барьцаалж зээл аваагүй. Үүнтэй би ямар ч хамааралгүй. *****ын өмчлөлийн байрыг ****** ХХК нь суллаж өгөхгүй, олон жил болж, дээрээс нь өөр компанийн нэр дээр зээлд тавьсан байсан. ***** өөрөө мөнгийг нь төлж байраа олж авсан гэсэн тайлбарыг өгсөн. Надтай энэ байртай холбоотой зүйл байхгүй. Би ***** ХХК-ий гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй. Мөн ***** ХХК-ий гүйцэтгэх захирал ***** гэдэг хүн өөрийн бүрэн эрхийн хүрээнд иргэн *****тай гэрээ, хэлцэл байгуулан орон сууцны байраа худалдах, худалдан авах нь надад огт хамааралгүй тул би энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
5. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөрийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн ямар ч хэлцэл байхгүй. Ер нь яагаад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар гэж байдаг вэ. Өнөөдөр хэн нэгэн хүний би тэгж хэлсэн, ингэж хэлсэн гэдэг үгээр шүүх асуудлыг шийдвэрлэхгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх асуудлыг шийдвэрлэх ёстой. 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэл гүйцэтгэх захирлаар Алтангэрэл гэж хүн ажиллаж байсан. Энэ нотлох баримт хэрэгт байгаа. Алтангэрэл гэж хүн ажиллаж байх хугацаандаа *****тай гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50/14 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах албан тоот өгсөн. Энэ бол нотлох баримт, халхавчлах зорилгоор хийсэн гэж яриад байгаа асуудал үндэслэлгүй. Энэ хүн өөрийн хөрөнгөө яаж ашиглах, зарцуулах нь энэ хүний асуудал. Энэ байрыг ***** гэдэг хүн барьцаанд тавиад сүүлд нь мөнгийг ***** төлж 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр барьцаанаас чөлөөлүүлж авсан. Мандах гэж хүн гүйцэтгэх удирдлага болон ямар нэгэн байдлаар ***** ХХК-д байгаагүй, огт хамааралгүй хүн гэрээ байгуулсан учраас хүчин төгөлдөр бус байна. Гүйцэтгэх удирдлага биш хүн тамга барьж хүнтэй гэрээ хийсэн бол хүчингүй. 2014 оноос өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөөд чөлөөлүүлээд явж байхад яагаад тэр үедээ шүүхэд өгөөгүй вэ. Энэ худлаа учраас өгөөгүй байна, ямар ч үндэслэлгүй нэхэмжилж байна. Эрх зүйн хувьд ямар ч тохиолдолд *****ын өмч мөн гэдэг нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******” ХХК-ийн хариуцагч *****, ***** нарт холбогдуулан гаргасан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, орон сууцны үнэ 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, *****хороолол, ***** байр, ***** тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцыг хариуцагч нараас гаргуулж, өөрийн өмчлөлд шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус орон сууцны үнэ болох 170,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.
2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг “...*****ын хүсэлтээр зээлийн барьцаанд тавих зорилгоор “******” ХХК-ийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө байрыг 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот “Захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ээр *****ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Зээлийн барьцаанаас чөлөөлөгдмөгц буцаан шилжүүлэхээр тохирсон байсан. *****аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар шилжүүлэн өгөөгүй. Иймд дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний үр дагаварыг шаардах эрхтэй. Тус байр хэд хэдэн хүнд дамжуулан худалдагдсан тул үнийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй” гэж тайлбарлаж байна.
3. Хариуцагч ***** нь “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****** орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцыг худалдан авч ***** миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байгаа, би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ***** гэх хүнд худалдсан, тул 170,000,000 төгрөг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж,
Хариуцагч ***** нь “...би 2014 онд “******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй, иргэн *****тай 09/14 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй бөгөөд миний хүсэлтээр байрыг барьцаалж зээл авсан гэж үндэслэлгүй ярьж байгааг зөвшөөрөхгүй, тухайн үед гүйцэтгэх захирлаар ***** гэдэг хүн ажиллаж байсан, би энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно” гэж тус тус маргадаг болно.
4. Хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14 дугаартай гэрээгээр “******” ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, Дархан зочид буудлын зүүн талд хаягт орших орон сууцны “13-р хороолол” хотхоны 20 айлын орон сууцны В блок 70.53 м.кв 3 өрөө /1 давхарт/ орон сууцыг барих ажлыг гүйцэтгэн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч нь гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохирсон бөгөөд гэрээг “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ***** баталж гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Мөн хэрэгт “2014 оны 06 сарын 20-ны өдрийн 01-01-02 дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” авагдсан бөгөөд тус гэрээгээр “******” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барих, ****** нь 88,162,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохирсон байгаа бөгөөд ****** ХХК-ийн захирал ***** гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа болон холбогдох бусад баримтуудаар 2013 оны 10 сарын 17-ны өдрөөс 2015 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ****** ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар ***** ажиллаж байсан байна. /хх-ийн 51-72 дугаар хуудас/
Хэрэгт авагдсан “*****” ХХК-ийн 2014 оны 04 сарын 02-ны өдрийн 02 дугаартай “хоорондын тооцооны тухай” албан бичигт ““******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *****д иргэн ***** нь 85 сая төгрөгийн үнэ бүхий салбар төмөр замын рейлс төмрүүд, түүний дагалдах хэрэгсэл болох ивүүр, хавчаар , хадаас болон дэр мод зэргийг үйлдвэрийн талбайн нөхцлөөр нийлүүлсэн бөгөөд төлбөрийг бартер хэлцэрээр тооцож баргадуулахаар тохиролцсон. Иймд танай компанид манай тоосгоны үйлдвэрээс нийлүүлсэн өнгөт болон цагаан тоосгоны авлагаас суутган тооцож, иргэн *****д дээрх үнийн дүнтэй тэнцэхүйц орон сууцыг түүнтэй гэрээ байгуулан олгож хоорондын тооцоонд тусгана уу. Гүйцэтгэх захирал *****” гэжээ.
“*****” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тус компанийн гүйцэтгэх захирлаар ****** бүртгэсэн байна. /хх-ийн 77-78 дугаар хуудас/
Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 сарын 19-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн баримтуудаар хариуцагч ***** нь 2014 оны 04 сарын 15-ны өдөр Дархан сумын ***** баг, ***** хороолол, ***** байр, ***** тоот орон сууцыг өмчлөлдөө бүртгүүлэхээр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан, энэхүү мэдүүлэгтээ “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *****ийн Дархан-Уул аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай 50/14 дугаартай албан бичгийг хавсаргаж хүргүүлсэн байна.
Тус албан бичигт “***** овогтой ******* /РД: Т****** нь Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хороолол, ***** байр, *****тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэт төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *****ын нэр дээр олгож өгнө үү” гэсний дагуу тус орон сууц 2014 оны 04 сарын 18-ны өдөр хариуцагч *****ын өмчлөлд бүртгэгдсэн, 2022 оны 03 сарын 22-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр ***** нь *****д орон сууцыг худалдаж, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр маргаан бүхий орон сууц *****ийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн, мөн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн үл хөлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр *****ээс ***** тус орон сууц шилжиж 2023 оны 01 сарын 13-ны өдрийн гэрчилгээгээр өмчлөгчөөр ***** бүртгэгдсэн байна. /хх-ийн 210 дугаар хуудас/
Шүүх хуралдаан дээр хариуцагч ***** нь орон сууцны төлбөрийг байгууллага хоорондын тооцоогоор төлсөн гэх тайлбартаа холбогдуулан “*****” ХХК-тай хийсэн 2014 оны 04 сарын 08-ны өдрийн төмөр замын хэрэгсэл хүлээлцсэн акт, түүнтэй холбоотой зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5. Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудыг дүгнэж үзэхэд нэхэмжлэгч “******” ХХК болон хариуцагч ***** нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д: “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан.
Дээрх хуульд зааснаар “******” ХХК нь гэрээний дагуу Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, ***** хороолол, ***** байр, *****тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг *****ын өмчлөлд шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн, нөгөө талаас ***** нь гэрээнд заасан орон сууцны үнийг төлсөн болох нь хэрэгт Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтууд, дээр дурдсан “*****” ХХК-ийн 2014 оны 04 сарын 02-ны өдрийн 02 дугаартай “хоорондын тооцооны тухай” албан бичиг, “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *****ийн Дархан-Уул аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах тухай 50/14 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна гэж үзнэ.
Дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй.” 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасантай нийцэж байна.
6. Нэхэмжлэгч тал *****тай байгуулсан захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, мөн хуулийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасны дагуу орон сууцны үнийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал хариуцагч ***** нь тухайн орон сууцыг худалдан авсан атлаа бодит байдлаар өөрийн эзэмшил, ашиглалтанд шилжүүлээгүй, тухайн орон сууцыг нэхэмжлэгч байгууллага албан ажлын өрөөний зориулалтаар ашиглаж байсан гэж тайлбарладаг бөгөөд 2014 оны 04 сарын 18-ны өдрийн өмчлөх эрхийн гэрчилгээ *****ын нэр дээр гарсан, улмаар тухайн орон сууцыг 2022 оны 03 сарын 25-ны өдөр *****д гэрээний үндсэн дээр шилжүүлсэн, энэ хугацаанд орон сууцыг ****** эзэмшиж, ашиглаж байсан боловч 2022 оны 05 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг чөлөөлж, *****д олгосон, 2022 оны 10 сарын 27-ны өдөр нэхэмжлэгч “******” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч тал *****ын нэр дээр тус орон сууц үндэслэлгүйгээр шилжсэн гэж тайлбарлаж байгаа боловч 2022 оны 10 сарын 27-ны өдрөөс өмнө орон сууцтай холбоотой асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, хариуцагч *****ын хүсэлтээр тус орон сууцыг *****ын нэр дээр шилжүүлсэн гэх боловч хариуцагч ***** үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалздаг болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй байхад хариуцагч *****ыг маргаан бүхий орон сууцыг бодитоор өөрийн эзэмшилд аваагүй байсныг үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
8. Нэхэмжлэгч нь хариуцагчаар *****ыг тодорхойлсон, түүнд холбогдох нэхэмжлэлийн үндэслэлээ ...Бид *****той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр *****ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан... *****той бид утсаар холбогдож гэрчилгээгээ авах тухай ярихад Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд барьцаанд тавьсан байгаа чөлөөлүүлэнгүүт өгнө гэх байдлаар явсаар байсан. *****той утсаар холбогдсон тухай мөн ***** албан бичгээр мэдэгдэж учирлан хэлж гэрчилгээ гаргаж өгөхийг хүлээж байсан... гэжээ.
Хариуцагч ***** энэхүү тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байгаа бөгөөд талуудын хооронд ямар нэгэн хэлцэл байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн дээрх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч “******” ХХК-ийн *****, ***** нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
9. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан “******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****, ***** нарт холбогдох 170,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт төлсөн 1,078,150 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ