Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 209/МА2023/00022

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах” тухай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Туул илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Хариуцагч *******ын хүсэлтээр “...орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр түр хугацаанд шилжүүлээд өгөөч, барьцаанд тавиад чөлөөлөнгүүт буцаан өгье” гэж гуйсны дагуу манай “*******” ХХК нь зөвшөөрч, өөрсдийн оффислож суудаг байсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот, 70.53 м.кв талбайтай 3 өрөө байраа 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр *******ын нэр дээр шилжүүлэн өгсөн.

Бид *******той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж, зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр *******ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан. Зээлээ төлсний дараа байрыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгөхөөр харилцан тохиролцсон байсан тул захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн өгөхдөө *******аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар *******д хүлээлгэж өгөөгүй.

Манай зүгээс байрны өмчлөх эрхийг буцааж өгнө гэдэгт итгэлтэй байсан учир 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу *******д 3 өрөө байрыг ажлын хөлсөнд бартераар тохиролцон, хүлээлгэж өгсөн. *******той утсаар холбогдсон тухайг мөн *******д албан бичгээр мэдэгдэж, учирлан хэлж, гэрчилгээгээ гаргаж өгөхийг хүлээж байсан. Гэтэл 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 322 тоот гүйцэтгэх хуудасны дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад дээрх байрыг ******* нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкин дахь барьцаанаас чөлөөлөөд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ******* гэх хүнд худалдсан, улмаар байрыг *******аас чөлөөлүүлэх нэхэмжлэлийг ******* нь шүүхэд гаргаж, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэх хуудас *******д ирснээр бид мэдсэн.

*******тай хийсэн 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл юм. Учир нь тухайн байрыг уг гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн банкны барьцаанд тавихын тулд уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хийсэн юм. Талуудын хооронд байгуулсан захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж үзэх ба уг гэрээний үндсэн дээр хийгдсэн бусад гэрээ буюу *******, ******* нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ ч хүчин төгөлдөр бус болно.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №09/14 тоот хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* би “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14 дугаартай “захиалагаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, төлбөрийг хоорондын тооцоогоор бүрэн барагдуулсны үндсэн дээр Дархан сумын 11 дүгээр баг, 13-р хороолол 1 байр 2 тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууц худалдан авч, ******* миний нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон нь баримтаар нотлогдож байна.

Би өөрийнхөө эд хөрөнгийг яаж захиран зарцуулах нь миний эрх учраас 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ******* гэх хүнд худалдсан. Одоо орон сууц өмчлөгч нь ******* гэдэг хүн байгаа. ******* миний өмчлөлийн орон сууц учраас гуравдагч этгээд болох итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж, Дархан сумын 11 дүгээр баг, 13-р хороолол 1 байр 2 тоот 70.53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхиж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч ******* би 2014 онд “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаагүй бөгөөд иргэн *******тай 09/14 тоот “захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулаагүй бөгөөд тухайн үед “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ******* гэдэг хүн ажиллаж байсан байна. Мөн энэхүү нэхэмжлэлд бид *******од туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж зээл авах боломж олгож, *******ын нэр дээр түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан гэж дурджээ. Энэ нь ор үндэслэлгүй гүтгэлэг бөгөөд миний бие иргэн *******ын өмчлөлийн 3 өрөө орон сууцны байрыг барьцаалж Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас зээл аваагүй, уг 3 өрөө орон сууцыг огт барьцаалаагүй болно. Иймд би энэхүү нэхэмжлэлд хамтран хариуцагч биш болно.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээс давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1 Хариуцагч *******ын хүсэлтээр тус орон сууцны гэрчилгээг *******ын нэр дээр түр хугацаанд шилжүүлээд өгөөч, барьцаанд тавиад чөлөөлөнгүүт буцаан өгье гэж гуйсны дагуу нэр дээр нь шилжүүлэн өгсөн. Бид *******той бизнесийн хамтрагч байсан бөгөөд түүний хүсэлтийн дагуу түүнд туслах зорилгоор тус байрыг барьцаанд тавьж, зээл авах боломж олгож, итгэлцлийн үндсэн дээр *******ын нэр дээр нь түр хугацаанд шилжүүлэн өгсөн байсан. *******аас ямар нэгэн төлбөр аваагүй, байрыг биет байдлаар *******д хүлээлгэж өгөөгүй.

4.2 Манай зүгээс байрны өмчлөх эрхийг буцааж өгнө гэдэгт итгэлтэй байсан учир 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний дагуу *******д 3 өрөө байрыг ажлын хөлсөнд бартераар тохиролцон, хүлээлгэж өгсөн. Хэрэв байр нь *******ын байр байсан бол “*******” ХХК, ******* нар 8 жил амьдрах боломжгүй. ******* нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч болон хариуцагч талууд барьцаалсан талаар хүлэн зөвшөөрч ярьсан байдаг. *******ын шүүхэд гаргасан тайлбарт байрны төлбөр дансаар болон бэлнээр хоорондын тооцоогоор гэх ямар ч төлбөр төлөөгүй байгаа бөгөөд шүүх хуралдааны үеэр хариуцагч талаас гаргасан баримт үндэслэлгүй баримт юм.

            4.3 *******, ******* нарын хооронд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн гэрээ нь хүчин төгөлдөр бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагч нараас давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаж байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэргээс судлан үзэхэд:

2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргажээ.

3. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ын хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *******д түр шилжүүлсэн, “захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ” нь хүчин төгөлдөр бус гэрээ учир хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцаан авах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.

4. Хариуцагч ******* нь 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******тэй “Захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан ба уг гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т орон сууцны 1 м.кв нь 1,200,000 төгрөгийн үнэтэй ба тухайн орон сууц нь нийт 84,636,000 төгрөгийн үнэтэй, гэрээ байгуулах өдөр 84,636,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...хариуцагч *******тай байгуулсан захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн, 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл учир маргаж буй дээрх орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч *******ын хүсэлтийн дагуу хариуцагч *******д түр шилжүүлсэн тул хариуцагч ******* нь орон сууцны үнэ гэж ямар нэгэн төлбөр төлөөгүй, нэгэнт тухайн орон сууцны өмчлөх эрхийг *******д түр шилжүүлсэн учир  2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-01-02 тоот “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу маргаан бүхий орон сууцыг иргэн *******д 88,162,500 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцон хүлээлгэж өгсөн” гэж, хариуцагч *******ын зүгээс “орон сууцны үнийг бүрэн төлсөн” гэж тус тус маргаж байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “орон сууцны өмчлөх эрхийг *******д түр шилжүүлсэн” гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна.

Харин хариуцагч ******* нь хоорондын тооцооны дагуу орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж “Чин удам” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот албан тоотыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл, хариуцагч талаас шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн хоорондын тооцоогоор байрны үнийг төлсөн гэх баримт нь үндэслэлгүй.” гэж маргаж байгаа боловч дүр үзүүлсэн хэлцэл нь хүсэл зориг илэрхийлэх эрмэлзэлгүй, хууль зүйн үр дагавар гаргах хүсэлгүй байдаг ба энэ талаар нэхэмжлэгч нь нотлох баримтын үндсэн дээр мэтгэлцэж чадаагүй, татгалзлаа мөн баримтаар нотолж чадаагүй байна. /хавтаст хэргийн 97/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцны өмчлөх эрхийг *******д түр шилжүүлсэн учир  2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01-01-02 тоот “захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу маргаан бүхий орон сууцыг иргэн *******д 88,162,500 төгрөгийн ажлын хөлсөнд тооцож өгөхөөр тохиролцон хүлээлгэж өгсөн” гэж мэтгэлцэж байгаа бөгөөд иргэн *******тэй “*******” ХХК-нийг  төлөөлж захирал гэгч гэрээ байгуулсан байна. /хавтаст хэргийн 10-11/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанаас үзэхэд гэрээ байгуулагдсан үе буюу 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “*******” ХХК-ны гүйцэтгэх захирлаар ******* ажиллаж байсан болох нь нотлогдож байгаа бөгөөд нь “*******” ХХК-нийг төлөөлж гэрээ байгуулах эрхгүй этгээд байна. /хавтаст хэргийн 51/

6. Нэхэмжлэгч “*******” ХХК нь “Банзрагч овогтой Жаргал нь /РД:ТЯ60123116/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хорооллын 1 дүгээр байрны 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны төлбөрийг бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг *******ын нэр дээр олгож өгнө үү.” гэх хүсэлтийг “захиалгаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-ний хамт 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 50/14 тоот албан тоотоор Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсний улмаас Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасны дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч *******д үүсэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан болох нь төрийн мэдээллийн сангийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байна. /хавтаст хэргийн 35, 40/

Талуудын хооронд байгуулагдсан “захиалгаар орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдагч тал буюу “*******” ХХК нь гэрээнд заасан орон сууц барих үүргээ, худалдан авагч тал буюу ******* нь гэрээгээр хүлээсэн орон сууцны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ тус тус биелүүлж, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн хангагдсан байх тул энэхүү гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

7. Хэлцэл нь ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус байхыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зохицуулж өгсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тодорхойлсон атлаа холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ...түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж үзнэ.

Иймд хүчин төгөлдөр бус гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар арилгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11-р баг, 13-р хороолол, 1-р байр, 2 тоот 70,53 м.кв 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг буцааж авах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  01 дүгээр сарын 11-ний өдрийн 62 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                                 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Л.АМАРСАНАА

                                                 ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН

  Я.ТУУЛ