Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2017/0562/з |
Дугаар | 325 |
Огноо | 2018-09-19 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 325
Д.З-н нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн Татварын хэлтэс болон
тус хэлтсийн татварын улсын байцаагч
Л.Н, Ж.Э нарт холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь,
Шүүгчид: Л.Атарцэцэг
Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 232088 тоот актыг хүчингүй болгуулах, эрх зүйн харилцаа байгаа буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, Д.З-г хувьцаа худалдан борлуулсны орлогод ногдох 1,026,567.4 төгрөгийн татвараас чөлөөлүүлэх тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0267 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, хариуцагч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг тус тус баримтлан “...Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 232088 тоот актыг хүчингүй болгуулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д заасны дагуу эрх зүйн харилцаа байгаа буюу Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоож, Д.З-г хувьцаа худалдан борлуулсны орлогод ногдох 1,026,567.4 төгрөгийн татвараас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг баримтлан Д.З-р төлүүлэхээр тогтоосон 1026567.4 мянган төгрөгийн нөхөн татвар, 307970.2 мянган төгрөгийн торгууль, 255820.6 мянган төгрөгийн алданги нийт 1,590,358.2 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0267 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0099 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2-т заасныг баримтлан иргэн Д.З-р төлүүлэхээр тогтоосон 307,970.2 мянган төгрөгийн торгууль, 255,820.6 мянган төгрөгийн алдангийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, актаар тогтоосон төлбөрийн хэмжээнээс нийт 563,790.8 мянган төгрөгийг хасч багасгасугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль /цаашид “Өршөөл үзүүлэх тухай хууль” гэх/-ийн зорилт, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “...хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж зааснаас үзэхэд “захиргааны зөрчил” үйлдсэн эсэх талаарх шалгалт, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа этгээдийг ч өршөөн хэлтрүүлэхээр байх ажээ. Өөрөөр хэлбэл шийтгэл хүлээгээгүй буюу шийтгэл хүлээлгэх захиргааны хариуцлага хүлээлгэх эрх зүйн акт хүчин төгөлдөр болоогүй байгаа тохиолдолд тухайн хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгох замаар өршөөлд хамруулахаар хуульчилсан.
4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлээр тогтоосон “хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” зохицуулалт нь мөн хэлэлцэн шийдвэрлэх шатанд буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа захиргааны зөрчлийн хэрэгт ч мөн нийтлэг байдлаар хамаарах зохицуулалт болохыг давж заалдах шатны шүүх анхаарсангүй.
5. Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг шүүх анхаарсангүй. Манай тохиолдолд татварын улсын байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 10- ний өдөр гарсан, уг актыг нэхэмжлэгч эс зөвшөөрсөн учир актад гарын үзэг зураагүй тул Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан үндэслэл бий болоогүй буюу эл үндэслэлийн хүрээнд акт хүчин төгөлдөр болоогүй. Улмаар актыг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлэх журмаар маргаан таслах зөвлөлд хандаж гомдол гаргасан, уг гомдлыг 2017 оны 5-р сарын 5-ны өдөр шийдвэрлэсэн, ийнхүү урьдчилан шийдвэрлэх журмаар гаргасан Маргаан таслах зөвлөлийн тогтоол шийдвэрийг эс зөвшөөрч өдгөө бид шүүхэд маргаж байгаа билээ. Эндээс татварын акт одоог хүртэл хүчин төгөлдөр болоогүй, тийм учраас татварын өрийг тогтоох дээр дурдсан хоёр дахь аргын хүрээнд өр тогтоогдоогүй байгаа.
6. Иймд нэхэмжлэгч Д.З-д нөхөн татвар ногдуулсан татварын байцаагчийн акт хүчин төгөлдөр болоогүй, тиймээс татварын бий болоогүй байх тул, хэрвээ энэ бүх шүүхийн маргааны эцэст нөхөн татвар төлөх үндэслэлийг шүүхээс тогтоосон байсан ч энэ тухай шүүхийн эцсийн шийдвэр гарсан тэр цаг мөчид л “татварын өр үүсч” буй хэрэг юм. Энэ тохиолдолд татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д заасан зохицуулалтыг хэрэглэх бус харин татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх зохицуулалтыг шүүхээс хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байна.
7. Хөөн хэлэлцэх хэрэглэх тохиолдолд 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн хувьцаа худалдан борлуулсан харилцаанд холбогдуулан 2012 онд нөхөн татвар ногдуулах акт гарсан, уг акт нь хүчин төгөлдөр болоогүй тул татварын өр бий болоогүй, тиймээс нөхөн татвар ногдуулах хугацааг 2009 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолох үндэслэлтэй. Ийнхүү тоолоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болсон байх ажээ.
8. Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч Д.З нь Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 232088 тоот актыг хүчингүй болгуулах, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд заасан хариуцлага, нөхөн татвараас чөлөөлөгдөх эрх зүйн үндэслэл байгааг тогтоолгож, 1,026,567.4 мянган төгрөгийн татвараас чөлөөлүүлэх нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
11. Маргаан бүхий актаар Д.З-г “хувьцаа худалдсаны орлогыг дутуу тайлагнасан” гэх үндэслэлээр 1,590,358.2 мянган төгрөгийн төлбөр тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг зөрчил гаргасан болохыг буюу орлого дутуу тайлагнасан зөрчил гаргасан, татварын улсын байцаагчийн акт хуульд нийцсэн болохыг тогтоож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс энэ дүгнэлттэй маргаагүй, зөвхөн “нөхөн төлбөрийг өршөөлд хамруулах” агуулгаар хяналтын гомдол гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс гомдлын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийлээ.
12. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлөх үүргээс гэм буруутай этгээдийг чөлөөлөхгүй байхаар зохицуулжээ. Хууль тогтоогчийн энэхүү хүсэл зориг нь захиргааны зөрчил гаргасан этгээдэд ч мөн хамааралтай байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөх зорилгоор уг хуулийг батлан мөрдүүлсэн байна.
13. Эндээс үзвэл татварын хууль тогтоомж зөрчсөн этгээдийн тухайд захиргааны хариуцлага болох торгууль, алдангиас зөрчил гаргагчийг чөлөөлөх зорилготой болохоос учруулсан хохирол, төлөх ёстой байсан нөхөн татвараас өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх зорилгоор уг хуулийг батлаагүй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийг нөхөн татвараас өршөөн хэлтрүүлэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.
14. Нэхэмжлэгчийн “актад гарын үсэг зураагүй, дээд шатны байгууллагад хандсан учир хүчин төгөлдөр болоогүй тул татварын өр бий болоогүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан” тухай гомдол үндэслэлгүй, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “татварын улсын байцаагчийн акт нь татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч, ...хэлтэс, тасгийн дарга хянан баталгаажуулж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэхээс үл хамааран акт хүчин төгөлдөр болсон байна. Иймээс нэхэмжлэгчийн “шүүхийн эцсийн шийдвэр гарснаар татварын өр үүссэн” гэх үндэслэл няцаагдаж байна.
15. Үүний зэрэгцээ, Татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “татвар нөхөн ногдуулах, алданги торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байна ...” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэвэл татварын улсын байцаагчийн актаар нэхэмжлэгчийн 2009-2011 оны хувь хүний орлогын албан татварын төлөлтийг шалгаж, 2012 онд акт үйлдсэн байгаа нь хуулийн дээрх хугацаанд багатаж байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй, нэхэмжлэгчийн хөөн хэлэлцэх хугацааг 2009 оны 8 дугаар сарын 5-наас эхлэн тооцох тухай гомдол үндэслэлгүй юм.
16. Анхан шатны шүүхээс “өршөөл үзүүлж байгаагийн гол утга учир нь үйлдэгдсэн зөрчилд түүнийг хэзээ илрүүлснээс үл хамааран хариуцлага хүлээхгүй байхад оршдог ...” зэргээр үндэслэлгүй дүгнэлт хийж, хуулийг буруу тайлбарласан, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулсан байх тул магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0267 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ