Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 110

 

 

 

 

 

 

 

 

 

О.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/03044 дугаар шийдвэртэй, О.О-ы нэхэмжлэлтэй, Ц.Т--д холбогдох гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоох, хариуцагч нь хүүхдүүдийг өөрийн асрамжид авах, дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.О-, өмгөөлөгч Б.Гантөмөр, хариуцагч Ц.Т--, түүний өмгөөлөгч С.Отгонгэрэл, Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие Ц.Т--тэй 2003 онд танилцаж, 2003 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн, 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдөр охин Т.Эрдэнэжаргал, 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хүү Т.Үнэнбат нар төрсөн. Амьдрах хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл дунд амьдарсан гэхэд хилсдэхгүй. 2014 оны 9 дүгээр сараас хойш бид тусдаа амьдарсан.

Иймд гэрлэлтийг цуцалж, охин Т.Эрдэнэжаргал, хүү Т.Үнэнбат нарыг эхийн асрамжид үлдээж, Ц.Т--ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Миний бие 2003 оноос О.О-тай хамтран амьдарч 2005 онд охин Т.Эрдэнэжаргал, 2007 онд хүү Т.Үнэнбат нар төрсөн. Эхнэр О.О-ы ааш зан өөрчлөгдөж, сэтгэл санааны хүчирхийлэлд амьдарч байсан тул 2015 оны 9 дүгээр сараас хойш тусдаа амьдарсан. Хүү Т.Үнэнбат маань ээжээс тусдаа өөр газар амьдарья гэж хэлж байсан, хоёр хүүхдээ ямар эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгааг мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлахыг зөвшөөрч, хүүхдүүдийг эхийн асрамжид өгөхийг зөвшөөрөхгүй гэсэн боловч уг тайлбараа өөрчлөн, гэрлэлт цуцлах, хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээх, тэтгэлэгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Гэр бүл болсон цагаас хойш хамтран хөдөлмөрлөсний хүчинд 2008 онд 85 000 000 төгрөгөөр Сонгинохайрхан дүүрэгт 3 өрөө орон сууц, Зүүнсалаа, Хадатын аманд зуслангийн байшин барьсан, Бөмбөгөр худалдааны төвд бизнесийн зорилгоор  хоёр лангуу түрээслэн ажиллуулдаг. Хадам ээж н.Цэрэнхандад 2011 онд Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 39 байр, 26 тоот 2 өрөө орон сууц худалдан авч, бэлэглэж байсан, 2013 онд 65 000 000 төгрөгөөр Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгслийг эхнэр О.О-д худалдан авч өгсөн, Ногоон толгой гэх газар гэр бүлийн эзэмшлийн 0.7 га газартай. Би Улаанбаатар төмөр замд ажиллахын хажуугаар бизнес эхлүүлэн Бөмбөгөр худалдааны төв, хүнсний дэлгүүрийг өөрийн гараар барьж байгуулсан. Бизнесийн бүх ажиллагаа, эдийн засаг санхүү, үл хөдлөх хөрөнгийн асуудлыг эхнэр О.О-ы нэр дээр шилжүүлсэн.

Дээрх хөрөнгөөс надад ногдох хэсгийг гаргуулахаар шаардаж байна. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК орон сууцыг 84 498 000 төгрөг, зуслангийн байшинг 32 571 000 төгрөг, нийт 117 070 000 төгрөгөөр үнэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид уулзаад Сонгинохайрхан дүүрэг, 32 дугаар хороо, Ногоон толгойн 4 айлын эзэмшлийн газар, бизнесийн эргэлтийн мөнгөтэй холбоотой шаардлагад шинжээч томилуулах шаардлагагүй гэж үзсэн. Үндсэндээ  үнэлгээ тогтоосон 2 хөрөнгөөс ногдох хувь гаргуулах шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгээс татгалзсан тул тухайн хэсэгт нь тайлбар гаргах шаардлагагүй бөгөөд шаардаж буй 2 үл хөдлөх эд хөрөнгийн хувьд, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр, 9 тоот орон сууцны үнэлгээ 84 498 000 төгрөг гэж байна, энэ нь Иргэний хуулийн 129, 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдэд тэнцүү хуваах буюу үнийн дүнгийн 4 хуваасны 1 хувь нь хариуцагчид ногдоно. Зуслангийн байшингийн хувьд хариуцагчид огт хамааралгүй гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ц.Т--, О.О- нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт зааснаар охин Т.Эрдэнэжаргал, хүү Т.Үнэнбат нарыг эх О.О-ы асрамжид үлдээх, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар хариуцагч Ц.Т--ээс охин Т.Эрдэнэжаргал, хүү Т.Үнэнбат нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх,

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2 дах хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, өнөр хороолол, 25 байр, 9 тоот 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Толгойтын зүүн салаа, Хадатын ам дахь 7х7 мансардтай зуслангийн байшин, газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын өмчид тооцон, түүнээс өөрт ногдох хувийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч Ц.Т-- нь охин Т.Эрдэнэжаргал, хүү Т.Үнэнбатыг өөрийн асрамжид тогтоолгох, О.О-ы өмчлөл дэх УНО 0244 улсын дугаартай, Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Ногоон толгой зөрлөг дэх 4 айлын эзэмшлийн газар, Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн 2 дангууны эргэлтийн бараа, мөнгөн орлогоос өөрт ногдох хувийг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.О-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 183 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх, хариуцагч Ц.Т--ээс 183 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, хариуцагч Ц.Т--ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 392 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Шүүх, шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй гээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/Ш32019/09881 дугаартай “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж”-ийн тогтоох хэсгийн 3 дах заалтаар шинжээчид дараахь хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гаргаж, дүгнэлтийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор ирүүлэхийг даалгахдаа Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 байр 9 тоот, Ү-2201006047 улсын бүртгэлийн дугаартай, 40 мкв орон сууц, Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа, 25 дугаар хороо, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн 000657435 дугаартай 700 м.кв газар, Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салаа, Хадатын аманд байрлах зуслангийн байшин гэж тодорхойлон заасан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1. Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ, 19.2. Нэмэлт шинжилгээг энэ хуулийн 19.1-д заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ, 21 дүгээр зүйлийн 21.1.Шаардлагатай тохиолдолд шинжилгээг ижил буюу өөр өөр мэргэжлийн хоёроос дээш шинжээчийн бүрэлдэхүүнтэй хийлгэж болно, 21.2. Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд шинжилгээний байгууллагын шинжээчээс гадна тухайн шинжилгээний байгууллагад ажилладаггүй хүнийг оролцуулах бол хамтран ажиллах нөхцөлийг шинжээч томилсон албан тушаалтан хамтран хариуцна гэж тус тус заасан байдаг.

Миний бие гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хувиа гаргуулахын тулд шүүхэд 1 392 950 төгрөг, хөрөнгийн үнэлгээ гаргуулах зорилгоор шинжээчийн хөлс 250 000 төгрөг төлсөн. Өөрөөр хэлбэл, төрөөс шүүхийн үйлчилгээ авахын тулд төлбөл зохих бүх л зардал хураамжийг төлсөн. Гэтэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийг томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн атлаа уг үнэлгээг хүчин төгөлдөр биш гээд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Хэрэв энэхүү хөрөнгийн үнэлгээний тайланг хууль зөрчсөн гэж үзвэл дахин шинжээч томилох, нэмэлт шинжилгээ хийх, бүрдүүлбэрийг хангах, бүрэлдэхүүнтэй шинжээч томилох бүрэн эрх нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн дээрх заалтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар олгогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч О.О- хариуцагч Ц.Т--д холбогдуулан, гэрлэлт цуцлуулах, охин Т.Эрдэнэжаргал, хүү Т.Үнэнбат нарыг эхийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагаас бусад хэсгийг эс зөвшөөрсөн тайлбар гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч /1хх33, 2хх96/, харин дундын эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр, 9 тоот 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 23 дугаар хороо, Толгойтын зүүн салаа Хадатын ам дахь 7х7 мансардтай зуслангийн байшин, Ногоон толгой зөрлөг дэх 4 айлын эзэмшлийн газар, 02-44 УНО улсын дугаартай, Тоёота Ландкруйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, Бөмбөгөр худалдааны төвийн хоёр лангууны эргэлтийн бараа, мөнгөн орлогоос ногдох хувийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад О.О-ы өмчлөл дэх УНО 02-44 улсын дугаартай, Тоёота Ланд круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Ногоон толгой зөрлөг дэх 4 айлын эзэмшлийн газар, Чингэлтэй дүүрэг, Бөмбөгөр худалдааны төвийн 2 лангууны эргэлтийн бараа, мөнгөн орлогоос өөрт ногдох хувийг гаргуулах шаардлагаас татгалзаж, Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол 25 байр, 9 тоот 3 өрөө орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Толгойтын зүүн салаа, Хадатын ам дахь 7х7 мансардтай зуслангийн байшин, газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын өмчид тооцон, түүнээс өөрт ногдох хувийг гаргуулна гэснийг, О.О- зарим хэсгийг нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаагүй байх бөгөөд сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүдээс Ц.Т--д ногдох хэсгийг гаргуулах эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 25 дугаар байр 9 тоот орон сууц, Зүүн салаанд байрлах зуслангийн зориулалттай газар, байшинг үнэлүүлж, зах зээлийн үнэлгээ тогтоолгох” тухай хүсэлт гаргасныг, шүүх хангаж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. /2хх6-8/

 

Харин “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар бүхий “Хөрөнгө үнэлсэн тухай” тайланг Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцээгүй гэх үндэслэл зааж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан эрх зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 

Тодруулбал, хариуцагч нь гэр бүлийн дундын өмчөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, шүүх уг хүсэлтийг нь хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулсан боловч ажиллагааны үр дүн болох шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлага хангаагүй бол дахин шинжээч томилох, энэ талаар тодруулснаар тухайн хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэхээр гаргасан хүсэлт шийдвэрлэгдэх учиртай.  

 

Үүнээс гадна, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд дүгнэлт хийхэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 443 дугаар “Хөрөнгө үнэлсэн тухай” тайлан хуульд заасан журмын дагуу хийгдээгүй байх тул  уг дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. /2хх44-75/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийн хүсэлт, уг хүсэлтийг хангасан тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 184/Ш32019/09881 дугаартай “Шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж”-д шинжээчээр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 25 дугаар байр, 9 тоот 40 м.кв орон сууц, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, зуслангийн зориулалттай газар эзэмших эрхийн 000657435 дугаартай 700 м.кв газар, зуслангийн байшин зэргийн зах зээлийн бодит үнэлгээг гаргах талаар заасан байх боловч шинжээч үнэлгээг тогтоохдоо шинжилгээний зүйлийн зарим хэсгийг орхигдуулсан, үнэлгээг нэг бүрчлэн нарийвчлан тогтоогоогүй, бүхэлд нь үнэлсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүх хариуцагчийн нотлох баримт бүрдүүлэх дээрх хүсэлтийг шийдвэрлэснээр талууд тухайн шаардлагын хэмжээнд бүрэн мэтгэлцэж, маргаан нэг мөр шийдвэрлэгдэх учиртай. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                   167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 184/ШШ2019/03044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Т-- давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 743 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн                                                          дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход                              саад болохгүй ба магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.ЭНХТӨР

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА