Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0977/з |
Дугаар | 221/МА2017/0454 |
Огноо | 2017-06-27 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2017/0454
2017 оны 06 сарын 27 өдөр Дугаар 221/МА2017/0454 Улаанбаатар хот
С.С, Ц.Б, Л.Э,
Г.Б нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгч Л.Э, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирваань нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.С, Ц.Б, Л.Э, Г.Б нарын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.4, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.С, Ц.Б, Л.Э, Г.Б нарын “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын нэхэмжлэгч нарыг ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон акт гаргахыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Нэхэмжлэгч нарыг үүрэгт ажлаас чөлөөлөхдөө эрхэлж байсан албан тушаалын орон тоо хасагдасан тухай урьдчилан мэдэгдэж, хуулийн дагуу өөр ажлын байр санал болгосон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэлт өгсөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсаны дараа нэхэмжлэл гаргач иргэдийн урьд ажиллаж байсан ажил албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байтал уг албан тушаалд нэхэмжлэгч нарыг, үргэжлүүлэн ажиллуулах тушаал гаргахгүй Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасан заалтыг зөрчсөн хариуцагчийн үйлдлийг шүүхийн зүгээс зөвтгөж буй нь Төрийн албаны тухай хуулийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Нөгөө талаар дүүрэг, газрын дарга нарын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй, ажлын байр хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна гэсэн нь ойлгомжгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан ерөнхий болон 33 дугаар зүйлийн 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг ханган төрийн албанд ажиллаж байсан нэхэмжлэгч нарын тухай Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй ба Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д заасан нөхцөл байдал бий тохиолдолд урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлэх талаар хуулиар хүлээсэн үүрэггүй ба харин ажил олгогчийн хувьд нэхэмжлэгч нарыг ажилд томилох үүрэгтэй юм.
Хариуцагч талаас гаргаж өгсөн утсаар ярьсан тэмдэглэл гэх баримтыг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл тухайн баримтыг олж авахдаа хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан, хариуцагчийн хувьд нотолгооны давамгай байдал өөрт бий болгохын тулд зохиомлоор хийсэн баримт байхыг үгүйсгэхгүй ба тухайн яриа болсон талаарх дуу, дүрсний бичлэг байдаггүй. Түүнчлэн нэхэмжлэгч нарын тухайд эрхлэж байсан ажил албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ аман болон бичгийн хэлбэрээр илэрхийлж байгаагүй болно.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 381 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч С.С, Ц.Б, Л.Э, Г.Б нар нь “Ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон акт гаргах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргажээ.
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” 100 дугаар тогтоолоор Монгол Улсын Их Хурлын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 75 дугаар тогтоолын хавсралт буюу “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “7.Улсын бүртгэлийн ерөнхий газар” гэснийг “6.Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар” гэж өөрчилсөн байна.
Харин Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийг шинэчлэн баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг гэсэн хэсэгт Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хамаарахаар болжээ.
Уг тогтоол батлагдан гаргасантай холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” 2016 оны А/16 дугаар тушаал гаргажээ.
Улмаар дээрх тогтоол, тушаалыг тус тус үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай нийцүүлэн аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын төрийн захиргааны албан хаагчдыг /С.С-ийг Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын дарга, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Л.Э, Г.Б, Ц.Б нарыг/ 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д “... хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх,...”, 8.4-д “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана” гэж зааснаар чөлөөлжээ.
Улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүтцийн тогтолцоо нь нийслэлийн Улсын бүртгэлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалын орон тоо, ангилал зэрэглэлийг баталж, Нийслэлийн газар, дүүргийн Улсын бүртгэлийн нийт орон тоог баталсан бөгөөд түүн дотроо Нийслэлийн бүртгэлийн газрын дарга орон тоотой 1, дүүргүүдийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга орон тоотой 1 байхаар тогтоосон болох нь энэхүү тушаалаар нотлогдож байна.
Дээрх Б/37 дугаар тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын даргын, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын орон тоог баталсан бөгөөд уг шинээр зохион байгуулагдсан бүтэц орон тооны ажлын байрны чиг үүрэг нь өмнө нэхэмжлэгч нарын Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргын, дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн ажил, албан тушаалыг эрхэлж байсан ажлын байрны чиг үүргээс өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдан үлдсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал, уг ажлын байрны тодорхойлолт зэргээр нотлогдсон гэж үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2016 оны А/16 дугаар тушаал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/35 дугаар тушаалаас үзэхэд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар гэсэн бүтцээс Статистикийн ерөнхий газрыг хувааж, Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлд нэгтгэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болгон нь өөрчлөн байгуулагдсан байна.
Хэдийгээр байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт заасан чиг үүрэг нь Нийслэлийн бүртгэлийн газар, дүүргийн бүртгэлийн хэлтэст хэвээр хадгалагдан үлдсэн болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх салбар, нэгжийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, удирдлага зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Б/37 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар тогтоогдсон байгаа.
Тиймээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэж тодорхой заасан байгаа нь төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн хэдий ч төрийн албан хаагчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн тохиолдолд төрийн албан хаагч шинээр зохион байгуулагдсан ажлын байрны орон тоонд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтийг гаргасан, гаргаагүйгээс үл хамааран томилох эрх бүхий албан тушаалтан үргэлжлүүлэн ажиллуулахыг энэхүү хуулиар тогтоож өгсөн байна.
Нэхэмжлэгч С.С нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/274 дүгээр тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэл, статистикийн газрын даргаар, Л.Э нь мөн тус газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 1034 дүгээр тушаалаар Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн даргаар, Г.Б нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/278 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргаар, Ц.Б нь 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/297 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтсийн даргаар тус тус томилогдон ажиллаж байжээ.
Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/38 дугаар, Б/39, Б/43, Б/58 тушаалаар Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчдыг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс томилон ажиллуулах шийдвэрийг гаргахдаа дээрх нэхэмжлэгч нарыг төрийн албанд нь үргэлжлүүлэн ажиллахгүй орхигдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг зөрчиж, нэхэмжлэгч нарын төрийн албанд ажиллах баталгаагаар хангаагүй нь тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нар нь “хариуцагчийн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа үйлдэл, эс үйлдэхүйн” талаарх гомдлыг Төрийн албаны зөвлөлд гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс “хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй болно” гэсэн агуулга бүхий 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1101 тоот албан бичгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.С-д хүргүүлж байжээ.
Тиймээс анхан шатны шүүх, “нэхэмжлэгч нар ажил, албан тушаалын чиг үүрэг шилжсэн ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах тухай хүсэлтээ гаргаагүй”, мөн Улсын бүртгэл, статистикийн газарт хийгдэж буй бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан “урьдчилан утсаар хариуцагч мэдэгдсэн” гэсэн үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.2.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээрх үндэслэлээр “нэхэмжлэгч нарыг төрийн албанд үргэлжлүүлэн ажиллуулахгүй, ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоогдсон гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь давж заалдах шатны шүүхийн эдгээр үндэслэл, дүгнэлтээр болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б-ийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан аймаг, нийслэл, дүүргийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн дарга нарын саналыг сонссон тухай” утсаар ярьсан тэмдэглэлээр нэхэмжлэгч нар нь ажил, албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахгүй гэх саналыг тодорхой гаргаагүй болох нь нотлогдож байгаа.
Иймд нэхэмжлэгч С.С, Ц.Б, Л.Э, Г.Б нарын “Ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилсон акт гаргах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг дагуу нэхэмжлэгч нарыг ажилд томилоогүй буюу 2016 оны 09 дугаар сарын 15-ны өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртлэх 176 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинг Төрийн албан хаагчийн цалингийн шатлалын ТЗ-9-3 ангиллаар тооцож, нэхэмжлэгч С.С-д 12155792 төгрөг, Ц.Б, Л.Э нарт тус тус 8245776 төгрөг, Г.Б 8582288 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй байна.
Харин тус шүүхийн магадлалыг гарсантай холбоотойгоор нэхэмжлэгч нарт 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгосон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Б/111 дүгээр тушаалаа хүчингүй болгох, олгогдсон тэтгэлгийг буцаан авах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 381 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д заасныг тус тус баримтлан С.С, Ц.Б, Л.Э, Г.Б нарыг ажилд томилсон тушаал гаргахгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч С.С-ийг Нийслэлийн улсын бүртгэлийн газрын даргын, Л.Э-ыг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын, Г.Б-ийг Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын, Ц.Б-ыг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн даргын албан тушаалд тус тус томилсон тушаал гаргахыг хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор С.С-д 12155792 төгрөг, Ц.Б-д 8245776 төгрөг, Л.Э-т 8245776 төгрөг, Г.Б-т 8582288 төгрөгийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч нарт тус тус олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР