Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 228

 

 

 

 

 

 

 

 

 

А.Х-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02581 дугаар шийдвэртэй, А.Х-ын нэхэмжлэлтэй, Б.О-, Ц.А- нарт холбогдох, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гүн-Ирвэд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ариунзаяа, хариуцагч Ц.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 20 байрны 16 тоотод 1967 оноос хойш 1999 он хүртэл эцэг, эх, ах, эгчийн хамт амьдарсан ба 1999 онд бусдын хууль бус үйлдлийн улмаас орон сууцнаасаа түр гарсан. Хууль бусаар орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлсэн этгээдэд холбогдуулан шүүхэд 2 удаа хандсан боловч хууль бус үйлдлийг нь эцэслэн тогтоолгож чадаагүй. Гэтэл манай гэр бүлийн хамтын өмчлөлийн орон сууцыг бидэнд мэдэгдэлгүйгээр, тодорхой бус үнэ ханшаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Буман дусал ББСБ” ХХК-д хууль бусаар барьцаалсан байна. Нэхэмжлэгч нь “Буман дусал ББСБ” ХХК-д орон сууцны өмчлөл хууль бусаар шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн хэмээн эндүүрч барьцааны гэрээг хууль бус болохыг тогтоож, орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан байна.

Харин Ц.А- гэх хүн нэхэмжлэлд дурдсан орон сууцыг хууль бусаар Б.О-т шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “Буман дусал ББСБ” ХХК-ийг Ц.А-, Б.О- нараар сольсон. Маргаж буй орон сууцны өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл манай гэр бүлийн нэр дээр байсан. Гэтэл Ц.А- 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бидэнд мэдэгдэлгүй бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.О-т үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул бэлэглэлийн гэрээг үндэслэн шилжүүлснийг хууль бус болохыг тогтоолгож, орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.А- тайлбартаа: Миний бие дээрх хаягт байршилтай, эд хөрөнгийн бүртгэлийн 16158 дугаартай, 5 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байхад нь 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлд авсан. Гэтэл А.Х- 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл манай гэр бүлийн өмчлөлд байсан гэж ор үндэслэлгүй зүйл ярьж байна. Орон сууцыг худалдан авах гээд очих үедээ байрны эзэн гэх хүний хүсэлтээр түүнд 1 000 000 төгрөг болон гэрээ нүүлгэх унааны мөнгө өгч байсан. А.Х-ын эгч н.Халиунаа өмнө нь Чингэлтэй дүүргийн шүүхэд нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 329 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон.

Гэтэл 10 жилийн дараа дүү А.Х- нь дахин энэ агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь өмчлөгч миний Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуулинд заасан эрхийг зөрчиж байна. Дээрх нэхэмжлэл хууль зүйн ямарч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.О- тайлбартаа: Тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Ц.А- ба 2006 оноос хойш 2018 оны 10 дугаар сар хүртэл би тус орон сууцыг түрээслэсэн. Энэ хугацаанд А.Х-ын гэр бүлээс нэг ч удаа ирж маргаан гаргаж байгаагүй. Миний бие уг орон сууцны өмчлөх эрхийг Ц.А-гаас хуулийн дагуу буюу бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан тул албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Мөн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 329 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч А.Х-ын эгч А.Халиуны гаргасан тус орон сууцны өмчлөлийн талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймд хууль ёсны өмчлөгчийн надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.А-, Б.О- нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай А.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгчийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хангаж шийдвэрлэсэн, улмаар уг захирамжид гомдол гаргах хугацааг 10 хоног гэж тусгасан атлаа тухайн хугацаа дуусаагүй байхад дараагийн шүүх хуралдааныг товлосон. Мөн маргаан бүхий орон сууц нь “Буман дусал ББСБ” ХХК-ийн барьцаанд байгаа талаар хариуцагч дурдсан байхад уг хуулийн этгээдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Миний бие гэр бүлийн өмчлөлийн орон сууцыг бидний зөвшөөрөлгүй бэлэглэсэн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүйд тооцуулах, орон сууцнаас албадан гаргуулах гэсэн 2 шаардлагыг гаргасан. Гэтэл шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад орон сууцнаас албадан гаргуулах шаардлагадаа 70 200 төгрөг төлсөн байна гээд “Бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлээгүйд гомдолтой. Учир нь, шүүхэд анх нэхэмжлэл гаргахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж нэмж төлөхийг нэхэмжлэгчид мэдэгдэх ёстой ч мэдэгдээгүй, тулган асууж нэхэмжлэлийн нэг шаардлагыг огт дурдалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

 Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч “Буман дусал ББСБ” ХХК-д холбогдуулан бусдын хууль бус өмчлөлөөс орон сууц чөлөөлүүлэх тухай шаардлага гаргаж, үндэслэлээ барьцааны гэрээг хүчингүй болгох гэж тайлбарласан /хх1,14/ боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаж, Ц.А-, Б.О- нарт холбогдуулан хууль бус өмчлөлөөс орон сууц чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэхүү шаардлагын үндэслэлээ, бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоож, орон сууцыг Б.О-ийн өмчлөлөөс чөлөөлүүлнэ гэснийг, хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч талууд харилцан маргажээ. /хх59-60, 88, 95/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн гэх байдлаа нотлох зорилгоор Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Шүүхийн төрөлжсөн архиваас тус тус нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна. Тухайн байгууллага тус бүрээс ирүүлсэн баримтуудаас үзвэл, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдөр М.Жаргалсайхан, Ц.А-, А.Халиун, А.Булган, А.Х- нар өмчлөн авсан, улмаар М.Жаргалсайхан нь 1999 оны 5 дугаар сарын 17-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газарт 5 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Ц.А-гийн өмчлөлд шилжүүлэх хүсэлт гаргаж, мөн өдөр 23 дугаартай нотариатчийн гэрчилсэн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг үндэслэн уг орон сууц Ц.А-гийн өмчлөлд бүртгэгдэж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн №16158 дугаартай гэрчилгээ олгогдож байжээ. Ц.А- нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээгээр уг орон сууцыг Б.О-ийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон байна. /хх42,48-49,58,64-65,70-85/

 

Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч А.Х-ыг маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзнэ.

 

Харин, шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу. Хэдийгээр энэ талаар зохигч гомдол гаргаагүй боловч давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохицуулсан. Иймд уг эрхийг хэрэгжүүлэх хүрээнд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшилтэй холбоотой шаардлага гаргасан байхад эзэмшилтэй холбоогүй боловч өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа этгээдийн эсрэг гаргах шаардлагад хамаарах Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дах заалтыг баримталсан байх тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хуулийн энэхүү зохицуулалтыг хассан өөрчлөлт оруулж байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ “анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад дараагийн шүүх хуралдааныг товлосон, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцвол зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн 2 шаардлагаас бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлээгүй” гэх агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх үйлдлийг хориглох тухай” хүсэлт гаргасныг нь шүүх хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээг авч, дараагийн шүүх хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан 10 хоногоос өмнө товлосон байна. /хх98-100,105/

 

Шүүх дээрх хуульд заасан гомдол гаргах хугацаа дуусахаас өмнө хэргийг хянан шийдвэрлэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээ авахуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан байх бөгөөд уг захирамжийн улмаас эрх ашиг нь зөрчигдсөн талаар хэргийн бусад оролцогчийн зүгээс гомдол гаргасан, эсхүл тэдгээрийн гомдол гаргах эрхийг шүүх зөрчсөн гэх гомдол, хүсэлт хэрэгт байхгүй байна. Иймд шүүхийн гаргасан дээрх захирамж нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, үүний улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан бусад үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн маргаан бүхий орон сууцны барьцаалагч “Буман дусал ББСБ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулах эсэх нь шүүхийн санаачилгаар бус, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дах хэсэгт зааснаар тухайн этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтийн дагуу хийгддэг ажиллагаа юм. Хэргийн оролцогчийн зүгээс шүүх хуралдааны явцад “маргааны зүйл нь барьцаанд байгаа” гэх тайлбар гаргасан нь гуравдагч этгээдийг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй татан оролцуулах ажиллагаа хийх үндэслэл болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцэх зарчмын үндсэн дээр тодорхойлогддог бөгөөд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр оролцуулах ёстой байсан гэж гомдолдоо зааж буй “Буман дусал ББСБ” ХХК-ийг анх хариуцагчаар тодорхойлсноор холбогдох тайлбарыг гаргаж байсан боловч нэхэмжлэгч нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд хариуцагчийг өөр этгээдээр сольсон байна. Энэ тохиолдолд тухайн маргааны талаар мэдэгдээгүй, мэдэх боломжгүй гуравдагч этгээдийн эрхийг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй. Түүнчлэн, хэргийн оролцогч өөрөө хүсэлт гаргаагүй байхад шүүх гуравдагч этгээдийг оролцуулахаар санаачлах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй гэх гомдлын тухайд, нэхэмжлэгч А.Х- шүүхэд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргаж мөн өдрөө Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дах хэсэгт заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байна. /хх7,103-104/ Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын талаар мэтгэлцэх эрх нь нээлттэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага буюу шүүхээр шийдвэрлүүлэх асуудлын талаар түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас удаа дараа тодруулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хх109-113/ Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ, нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл, өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх асуудлаар нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Харин шүүхийн энэхүү шийдвэрээр шийдвэрлэгдээгүй гэж үзэж байгаа “бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” шаардлагаа нэхэмжлэгч тал хариуцагчид холбогдуулан гаргах эрхийг нь шүүх хөндөөгүй, хязгаарлаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2019/02581 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “106.2” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А.Х-аас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         Т.ТУЯА