Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02581

 

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2019/02581

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух, Б овогт А.Х /рд:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, С овогт Б.О /рд:000000000/,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоотод оршин суух, С овогт Ц.А /рд:0000000/ нарт тус тус холбогдох,

 

Бусдын хууль эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А /ШТЭҮД-0000/, хариуцагч Ц.А, хариуцагч Б.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Б.О-ийн өмгөөлөгч З.А /ШТЭҮД-0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А.Х нь эцэг, эх, ах, эгчийн хамт ам бүл тавуул Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат,  00 байр, 00 тоотод 1967 оноос хойш 1999 он хүртэл амьдарч байсан, 1999 онд бусдын хууль бус үйлдлийн улмаас тус орон сууцнаасаа түр гарсан юм. Тухайн этгээдийн хууль бус үйлдлийг нь таслан зогсоох гэж хоёр удаа шүүхээр явсан боловч тэдний хууль бус үйлдлийг шүүхээр эцэслэн тогтоолгож чадаагүй. Гэтэл манай гэр бүлийн хамтын өмчлөлийн орон сууцыг маань бидэнд мэдэгдэлгүйгээр, тодорхой бус үнэ ханшаар 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Б ББСБ ХХК-д хууь бусаар барьцаалсан байх тул тус барьцааны гэрээг хууль бус болохыг тогтоож, манай өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү гэж анх шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тус хэрэгт нэхэмжлэгч А.Х нь өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрх Б ББСБ ХХК-д хууль бусаар шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна хэмээн эндүүрч ойлгон дээрх шаардлагыг гаргасан боловч Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 0 дугаар байр, 0 тоотод байршилтай, Ү-00000000 бүртгэлийн дугаартай, 29 м2 хоёр өрөө орон сууцыг Ц.А гэх хүн хууль бусаар Б.О шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1  дэх хэсэгт заасны дагуу Б ББСБ ХХК-ийг Ц.А, Б.О нараар сольсон. Маргаж буй орон сууц 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл манай гэр бүлийн нэр дээр байсан, гэтэл Ц.А нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.О-т манай өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг шилжуүлсэн байх тул бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоож, манай өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ц.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир нь Ц.А би Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 0 дугаар байр, 0 тоот хаяг байршилтай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө 5 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг эд хөрөнгийн бүртгэлийн 16158 дугаартай байрыг 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өөрийн өмчлөлд авсан. Гэтэл А.Х гэгч уг байрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл манай гэр бүлийн өмчлөлд байсан гэж ор үндэслэлгүй худал юм ярьж байна. Энэ байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байр байсан ба би шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг авсан юм. Намайг энэ байрыг авах гэж очиход байрны эзэд надаас та нэмээд 1 000 000 төгрөг өгөөч тэгээд та худалдах, худалдан авах гэрээ хийгээд аваач гэж гуйгаад байсан мөн нүүх болсон тул та унааны мөнгө өгөөч гэхэд би унааны мөнгө өгч энэ айл нүүж байлаа. Хэрэв энэ байр шүүхийн шийдвэрт хураагдсан бол энэ хүмүүс 5 040 000 төгрөгөөр зарж чадахгүй байсан байрыг нь би нэмж мөнгө өгч худалдаж авсан юм. А.Х-ын эгч н.Х гэгч 2009 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж улмаар энэ байрыг үндэслэлгүйгээр Ц.А гэгч хүний өмч болсон тул нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар 00 шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Гэтэл 10 жилийн дараа н.Х-н дүү гэх А.Х дахин энэ агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь уг байрны өмчлөгч миний үндсэн хууль болон иргэний хуулинд заасан эрхийг заасан зөрчиж байна. Иймд дээрх нэхэмжлэл хууль зүйн ямарч үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй эолгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 0 дугаар байр, 0 тоот байрны хууль ёсны өмчлөгч нь Цэрэндоржийн Амгалан гэдэг хүн байсан. Улсын бүртгэлийн газар өмчлөгчөөр Ц.А бүртгүүлсэн байсан. 2006 онд байр хөлслөх гэж зар харж байгаад ажил төрөл, хүүхдийн сургууль зэрэг байрлалыг харж, уг байрыг хөлслөх болж, байрны эзэн Ц.А-тай танилцаж, 2018 оны 10 дугаар сарыг хүртэл түрээсэлж энэ байранд 12 жилийг үдсэн бөгөөд намайг байр хөлсөлж байх 12 жилийн хугацаанд энэ хүмүүс нэг ч удаа ирж маргаан гаргаж байгаагүй. Тиймээс энэ байрны цорын ганц өмчлөгч ЦА нь өөрийн байраа надад бэлэглэлийн гэрээгээр байрны өмчлөлийг шилжүүлсэн. Энэ нь Монгол улсын Үндсэн хууль болон Иргэний хуулиар өмчлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө бусад хөрөнгөө бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх эрхийнхээ дагуу надад бэлэглэсэн тул би энэ байрны өмчлөгч хуулийн дагуу болсон. Гэтэл миний өмчлөлийн байрнаас намайг албадан чөлөөлуүлэх нэхэмжлэл гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Мөн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн дугаар 000 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.Х-ын эгч А.Х гэгч бас энэ байрны өмчлөлийн талаар маргаан гаргаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Иймээс миний өмчлөлийн байрнаас намайг гаргах, мөн байрны хууль ёсны өмчлөгчийн надад бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хууль бус болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэл гаргасан А.Хын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х нь анх тус шүүхэд хариуцагч Б ББСБ ХХК-д холбогдуулан барьцааны гэрээ хууль бус болохыг тогтоож, бусдын өмчлөлөөс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гарган хариуцагч Б ББСБ ХХК-ийг хариуцагч Ц.А, Б.О нараар сольж, нэхэмжлэлийн шаардлагаа бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай гэж тодорхойлсныг хариуцагч нар эс зөвшөөрчээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 00 байр, 00 тоот хаягт байрлах, Ү-00000000 бүртгэлийн дугаартай, 29 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл манай 5 ам бүлийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэлтэй байсан. Гэтэл Ц.А нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр бидэнд мэдэгдэлгүйгээр бэлэглэлийн гэрээ байгуулж, Б.О-т шилжүүлсэн тул орон сууцаа чөлөөлүүлнэ” гэж тайлбарласан. 

 

Хариуцагч Ц.А “...уг байр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хураагдсан байсныг би худалдан авч, 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр миний өмчлөлд шилжсэн” гэж,

хариуцагч Б.О “...би уг байрыг Ц.А-гаас 2006 оноос 2019 он хүртэл хөлсөлсөн, улмаар 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр өмчлөлийг шилжүүлж авсан, миний өмч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”, 106.3-т “Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна” гэж тус тус заасан.

 

Харин энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцлүүд бүрдэх ёстой.  

 

Хэргийн баримтаас үзвэл маргаан бүхий Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 0 дугаар байрны 00 тоот 2 өрөө орон сууцыг М.Ж болон Ц.А, А.Х, А.Б, А.Х нар 1998 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өмчлөн авчээ.  

М.Ж нь 1999 оны 5 дугаар сарын 17-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн газарт 5 040 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Ц.А-гийн өмчлөлд шилжүүлсэн хүсэлт гаргаж, улмаар мөн өдөр 23 дугаартай нотариатчийн гэрчилсэн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг үндэслэн уг орон сууц Ц.Агийн өмчлөлд бүртгэгдэж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн №0000 дугаартай гэрчилгээ олгосон байх бөгөөд М.Жаргалсайхан зээл, зээлийн хүүгийн 5 040 000 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь Хан-Уул дүүргийн 1998 оны 11 дүгээр  сарын 21-ний өдрийн 00 дугаар хариуцагчийн зөвшөөрөл баталж, хэргийн хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар тогтоогдож байна.

 

Энэ асуудлаар А.Х Чингэлтэй дүүргийн шүүхэд нотариатч Ц.Ж-д холбогдуулан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 000 дүгээр шийдвэрээр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.      

 

Улмаар Ц.А нь 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээгээр уг орон сууцыг Б.О-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 7/0000 тоот албан бичиг, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 000 дугаартай үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгож буй хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн лавлагаанд маргаж буй орон сууц 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл М.Ж нарын 5 хүний өмчлөлд байсан гэж бичигдсэн боловч уг баримтыг эргэлзээгүй үнэн зөв баримт гэж үнэлэх, мөн энэхүү баримтаар А.Х нарыг өмчлөгч гэж үзэх боломжгүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн албан бичгээр тус орон сууц 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Ц.А-гийн өмчлөлд шилжсэн болох нь тогтоогджээ.

 

Иймд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, 120 мянгат, 0 дугаар байр, 0 тоот  хаягт байрлах, 29 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч А.Х болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсгийг баримтлан хариуцагч Ц.А, Б.О нарын хууль эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай А.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ