Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

М.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102ШШ2019/03025 дугаар шийдвэртэй, М.Э-ийн нэхэмжлэлтэй, “Д М Н”  ХХК-д холбогдох, гэрээний улмаас учирсан хохиролд нийт 13 685 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчээс 3 200 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э-, түүний өмгөөлөгч Л.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Д М Н”  ХХК-тай гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгөөр 8х6 харьцаатай байшин, 4х2 харьцаатай тамбур бариулахаар харилцан тохиролцсон. Бид палкны үнэ 2 000 000 төгрөг, паркетан шалны үнэ 450 000 төгрөгийг дээрх үнээс суутгаж, нийт 11 550 000 төгрөг байхаар гэрээний үнийг өөрчилсөн. 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр урьдчилгаа 6 000 000 төгрөгийг 5405597090 тоот дансанд, 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл 5 550 000 төгрөгийг мөн дансанд шилжүүлснээр төлбөрийг төлж дуусгасан. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаа буюу 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байшинг барьж дуусгах байсан боловч дутуу орхисон ба барьсан хэсэг нь доголдолтой. Гэрээнд заасан хугацаанд чанарын шаардлага хангасан байдлаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учир гэрээнээс учирсан хохирлоо шаардахын зэрэгцээ, гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийг нийт 740 хоногоор тооцвол 25 641 000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа. Гэвч бид байшинг хүлээлгэж өгөх 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 0,3 хувиар буюу 1 өдрийн 18 000 төгрөгөөр тооцож нийт 10 404 000 төгрөг шаардсан.

Гэрээнд хүү гэж бичсэн байгаа боловч бодитоор хариуцлага тооцсон, анз гэж үзнэ. Иймд  анз 10 404 000 төгрөг, хувийн сууцны дотор засал болон далий муруй хийгдсэн ажлын хохирлын үнэлгээний дүн 3 021 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд тусгагдаагүй үлдсэн хаалга  120 000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 140 000 төгрөг, нийт 13 685 000 төгрөг гаргуулж өгнө  үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Манай компани 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 17/36 дугаартай Палкан байшингийн материал нийлүүлэх барих захиалгын гэрээг М.Э-тэй байгуулсан. Уг гэрээгээр 8*6 хэмжээтэй палкан байшин, 4*2 хэмжээтэй тамбур барихаар, нийт 48 м.кв талбайтай байшинг 14 000 000 төгрөгөөр барихаар хоёр тал харилцан тохиролцсон. Ажлын явцад М.Э- 2 000 000 төгрөгийн палк, 450 000 төгрөгийн шалыг өөрөө гаргахаар болсон тул ажлын хөлсөөс хасч, 11 550 000 төгрөгийг төлөхөөр амаар тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулсан.

Дээрх гэрээний дагуу байшин баригдаж байх явцад М.Э-ийн зүгээс 12 м.кв-ыг нэмж бариулах хүсэлт гаргасан тул бид харилцан тохиролцож, барилгад өөрчлөлт оруулж барихаар болсон. М.Э- тухайн нэмэлтийг бариулах палкыг 4 200 000 төгрөгийн хамт нэмж төлөхийг зөвшөөрсөн. Манай компани байшингийн 12 м.кв-ыг өөрийн хөрөнгөөр нэмж барьсан бөгөөд М.Э- тохирсон 4 200 000 төгрөг төлөөгүй тул арга буюу 90 хувьд хүргээд ажлыг түр зогсоосон. Төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас байшинг гүйцээж чадаагүй. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү тооцно гээд 10,404,000 төгрөг шаардаж байна. Анз, дэнчин, баталгаа, батлан даалт гэх үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд байгаа. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг тооцох арга биш учраас уг шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байх явцад М.Э- палк илүү гарах тул загвар гаргаж байшингийн нүүрэн талд 4 м.кв нэмүүлэх, үүдний хэсэгт 3*3 хэмжээтэй өрөө нэмж, нийт 12 м.кв нэмүүлж бариулах хүсэлт гаргасны дагуу 3*3 хэмжээтэй өрөө нэмж, байшин хойд хэсгээрээ 11 м болж сунгагдсан.  Анх тохирсон гэрээт ажлаас илүү ажил, зардал орох болсон тул тэрээр палкаа өөрөө өгч 4 200 000 төгрөг төлж нэмэлт ажлаа хийлгэхээр амаар тохиролцсон. Бид өөрсдийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан боловч төлбөрөө төлөхгүй байсны улмаас зөвхөн 3*3-тай тамбурын хэсэгт нэмсэн өрөөний лампир тааз, шал шахах ажил, бүх өрөөний обой, обой наах ажлыг хийгээгүй үлдээсэн. Иймд хийгээгүй дээрх ажлын хөлс, материалын зардалд 1 000 000 төгрөгийг тооцож хасаад, үлдэгдэл ажлын хөлс, материалын зардал болох 3 200 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: План зургийн дагуу захиалсан байшингийн нүүрэн хэсэг анхнаасаа урагшаа илүү гарсан хэсэгтэй байсан бөгөөд барилгаа барихдаа харин тэр хэсгийн дээврийн загварыг хэлэлгүй өөрчилж, шууд налуу байдлаар гаргасан байсан. Захиалгын гэрээнд тамбур 3*4 хэмжээтэй, 3-ын банзаар барих талаар заасан боловч манайхаас гаргаж өгсөн палк илүү гарсан тул тамбур хэсгийг палкаар өрсөн. Түүнээс биш тамбурт нэмж 12 м.кв бариулсан зүйл байхгүй. Тэр хэсэгт орох ёстой байсан 2 м 20 урттай 3-ын банз нь дээвэр хэсэгт нэмэлтээр орсноос өөрөөр тус компаниас гарсан барилгын материал байхгүй. Захиалагч талаас өөрсдийн гэрээнд заасан үүрэг болох хундам цутгах, хайрга, элс, цемент, ус зэргийг саадгүй гаргаж өгөөд зогсохгүй, ажилчдын байраар хангаж, хоолыг нь хийж байсан. Мөн хямд үнээр 12*12 хэмжээтэй 176 ширхэг палк, 15*15 хэмжээтэй 25 ширхэг палк, дам нуруунд 12*12 хэмжээтэй 17 ширхэг палк, нийт 218 ширхэг палк орсныг 20 000 төгрөгөөр тооцвол нийт 4 360 000 төгрөг, дээрээс нь паркетан шалны 450 000 төгрөгийг нэмвэл нийт үнээс 4 180 000 төгрөг хасагдаж тооцогдох байсан.

Бидний хооронд ямар нэгэн үнийн дүн ярьсан яриа болоогүй бөгөөд гарч байгаа палкны хэмжээг харилцан хараад, банз байх хэсэгт палк өрүүлэх, түүнээс гарсан 3-ын банзаар дээвэр тааз зэрэгт оруулах, тамбурын дээврийн налууг А нуруугаар хийх буюу нэгээс нь нөгөөд шилжүүлэх талаар ярилцан хийсэн. Хариуцагч гэрээний хугацаанд хийх ёстой ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй төдийгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Гэрээгээр материал худалдах үнэ, ажлын хөлс бүгд ороод 14 000 000 төгрөг гэж байгуулсан атал шүүхэд нэхэмжлэл гаргахаар огт хамааралгүй төсөв гарган ирж, хэлэлцэн тохиролцоогүй үнийн дүн нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Д М Н”  ХХК-аас 8 936 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 749 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Э-ээс 2 250 000 төгрөг гаргуулан хариуцагч “Д М Н”  ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 950 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222 375 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 65 150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157 926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 50 950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Нэхэмжлэгчтэй 11 550 000 төгрөгийн гэрээнээс гадна 4 200 000 төгрөгийн үнийн дүнгээр нэмэлт ажил хийхээр тохиролцсон. Тэрээр уг ажлын хөлсөө өгөөгүй, бидний төсөв хүрээгүй тул гүйцэтгэлийг 90 хувьд хүргэснээр ажлыг зогсоосон. Хийсэн нэмэлт ажил нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Үлдэгдэл төлбөрөө төлснөөр ажлаа дуусгуулах талаар шаардсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу ашиггүй, алдагдалтай ажилласан байхад шүүх 8 936 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн, гэрээнд алдангийн талаар тохироогүй байхад алданги гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас хэтэрсэн шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд 0,3 хувийн хүү тооцох талаар тохиролцоог анз тохирсон гэж үзсэн нь буруу. Нэхэмжлэгч нь урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөгөөс алданги тооцож нийт 10 404 000 төгрөгийн хүү тооцон шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн төлсөн нийт 11 550 000 төгрөгийн 50 хувьд нийцүүлэн 5 775 000 төгрөгийн алданги гаргуулсан нь нэхэмжлэлийн шаардлагыг хэтрүүлэн дүгнэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Шинжээчийн дүгнэлтээр гүйцэтгэгч талыг огт ажил хийгээгүй гэж дүгнээгүй байхад нийт ажлын хөлс 11 550 000 төгрөгт алданги тооцож 5 775 000 төгрөг гаргуулж байгаа нь үндэслэлгүй. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 8х6 хэмжээтэй байшин баригдсан талаар дүгнэсэн. Үүнээс үзэхэд байшинд нэмэлт ажил хийж, захиалагчийн буруугаас барилгын ажил зогссон нь харагддаг. Иргэний хуулийн зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1-д иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх үүргээ шударга хэрэгжүүлнэ гэж заасан. “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд мөн адил гадна талаараа 48 м.кв байшинд лампиран тааз 54 м.кв хийнэ хэмээн үнэлгээ гарсан нь илүү ажил хийсэн харагддаг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2 дах хэсэгт талууд тохироогүй бол жишиг үнэлгээгээр хөлсийг төлөхөөр зохицуулсан байдаг. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг бүхэлд нь  зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Э- нь хариуцагч “Д М Н”  ХХК-д холбогдуулан, “Хас үнэлгээ” ХХК-аар тогтоолгосон ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг сэргээн засварлах зардлын үнэ 3 021 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 140 000 төгрөг, үнэлгээнд тусгагдаагүй 2 ширхэг хаалганы үнэ 120 000 төгрөг, урьдчилгаанд 6 000 000 төгрөг төлснөөс хойш 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 578 хоногт 1 хоногийн 18 000 төгрөг тооцож, 10 404 000 төгрөгийн хохирол, нийт 13 685 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч дээрх шаардлагыг эс зөвшөөрч, захиалагч буюу нэхэмжлэгч нь гэрээ ёсоор төлөх төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүйн улмаас гүйцэтгэгч тал хийвэл зохих ажлыг 90 хувьд хүргэн зогсоосон гэж маргаж, түүнээс нэмэлт ажлын хөлс гэх 3 200 000 төгрөгийг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргасныг, нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна. /хх1, 27, 43, 44, 67, 68/

 

Хэргийн баримтаас үзвэл, талууд 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Палкан байшингийн материал нийлүүлэх, барих, захиалгын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр А тал  болох “Д М Н”  ХХК нь 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшингийн хана, шал, тааз, шувуун болон дан нуруу, дээврийн төмөр 3-ын банзан дээвэр, пишингийн тоосго, лампер тааз, паркетан шал, обой, 5 ширхэг вакум цонх, 5 ширхэг модон хаалга, дотор талыг шилэн хөвөн тугалгатай цаасаар дулаалж, шохойтой цаас хадаж, 3-н банзан 4х2 хэмжээтэй тамбар барьж Б талд хүлээлгэн өгөх, Б тал болох М.Э- нь хундам цутгах цемент 30 уут, элс, хайрга болон, ажилчдын байр, хоолыг бүрэн хариуцах үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож, материалын үнэ, ажлын хөлсийг нийт 14 000 000 төгрөг гэж тодорхойлсон байна. /хх15/

 

Зохигчдын тайлбараар гэрээний үнийг 11 550 000 төгрөг гэж өөрчилсөн болох нь тогтоогдох бөгөөд гэрээний Б тал буюу захиалагч нь уг төлбөрийг бүрэн төлсөн эсэх үйл баримтын талаар маргаагүй байна. Харин ажлын үр дүн дутуу орхигдсон эсэхэд гэрээний аль тал буруутай эсэхэд маргаж, нэхэмжлэгч нь гэрээний улмаас учирсан хохирол, хариуцагч нь нэмэлт ажлын хөлс болох мөнгөн хөрөнгийг харилцан шаарджээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт холбогдох харилцаа гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлтэй. Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилогдсон “Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Барилга, архитектурын сургууль, Геотехникийн судалгааны төв”-өөс гаргасан шинжээчийн дүгнэлт /хх84-96/, хэрэгт авагдсан “Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх6-13/, талуудын хооронд байгуулсан гэрээ зэргийг харьцуулан үзвэл, анхан шатны шүүх биет байдлын доголдолтой ажлын гүйцэтгэлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэснийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас ажлын доголдлыг сэргээн засварлах зардлын үнэ 3 021 000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн төлбөр 140 000 төгрөг, үнэлгээнд тусгагдаагүй 2 ширхэг хаалганы үнэ 120 000 төгрөг, нийт 3 281 000 төгрөгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Харин, талуудын хооронд байгуулагдсан гэрээнд “анзын талаарх тохиролцоог бичгээр хийгдсэн” гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд “...А тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөсөө эхлэн сараас 0,3 хувийн хүү тооцож буцааж авна ...” гэж тусгасныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын тохиролцоо гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. /хх15/

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тодорхойлсонтой талуудын тохиролцоо агуулгын хувьд нийцэхгүй байна. Иймд алданги шаардах эрхгүй талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт 10 404 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102ШШ2019/03025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Д М Н”  ХХК-аас 3 281 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10 404 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дах заалтын “...157 926...” гэснийг “...67 446...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах            хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “Д М Н”  ХХК-аас төлсөн 157 926 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Ш.ОЮУНХАНД

 

                                                                                         Т.ТУЯА