Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/01327

 

 

М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, Б.Мөнхтуяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03025 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 286 дугаар магадлалтай,

 

М.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй

Дорнын мөнх нар ХХК-д холбогдох

 

Үндсэн нэхэмжлэл: Гэрээний улмаас учирсан хохиролд нийт 13,685,000 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Нэмэлт ажлын хөлс гэх 3,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017.07.25-ны өдөр Дорнын мөнх нар ХХК-тай гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгөөр 8х6 харьцаатай байшин, 4х2 харьцаатай тамбар бариулахаар харилцан тохиролцсон. Бид палкны үнэ 2,000,000 төгрөг, паркетан шалны үнэ 450,000 төгрөгийг дээрх үнээс суутгаж, нийт 11,550,000 төгрөг байхаар гэрээний үнийг өөрчилсөн. 2017.07.25-ны өдөр урьдчилгаа 6,000,000 төгрөгийг 5405597090 тоот дансанд, 2017.09.05-ны өдөр үлдэгдэл 5,550,000 төгрөгийг мөн дансанд шилжүүлснээр төлбөрийг төлж дуусгасан. Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаа буюу 2017.09.20-ны өдөр байшинг барьж дуусгах байсан боловч дутуу орхисон ба барьсан хэсэг нь доголдолтой. Гэрээнд заасан хугацаанд чанарын шаардлага хангасан байдлаар ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй учир гэрээнээс учирсан хохирлоо шаардахын зэрэгцээ, гэрээгээр болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийг нийт 740 хоногоор тооцвол 25,641,000 төгрөгийн алданги төлөхөөр байгаа. Гэвч бид байшинг хүлээлгэж өгөх 2017.07.25-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2019.04.25-ны өдөр хүртэл хугацаанд 0,3 хувиар буюу 1 өдрийн 18,000 төгрөгөөр тооцож нийт 10,404,000 төгрөг шаардсан. Гэрээнд хүү гэж бичсэн байгаа боловч бодитоор хариуцлага тооцсон, анз гэж үзнэ. Иймд анз 10,404,000 төгрөг, хувийн сууцны дотор засал болон далий муруй хийгдсэн ажлын хохирлын үнэлгээний дүн 3,021,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээнд тусгагдаагүй үлдсэн хаалга 120,000 төгрөг, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөр 140,000 төгрөг, нийт 13,685,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани 2017.07.25-ны өдөр 17/36 дугаартай Палкан байшингийн материал нийлүүлэх барих захиалгын гэрээг М.Эрдэнэчимэгтэй байгуулсан. Уг гэрээгээр 8x6 хэмжээтэй палкан байшин, 4x2 хэмжээтэй тамбар барихаар, нийт 48 м.кв талбайтай байшинг 14,000,000 төгрөгөөр барихаар хоёр тал харилцан тохиролцсон. Ажлын явцад М.Эрдэнэчимэг 2,000,000 төгрөгийн палк, 450,000 төгрөгийн шалыг өөрөө гаргахаар болсон тул ажлын хөлсөөс хасч, 11,550,000 төгрөгийг төлөхөөр амаар тохиролцон гэрээнд өөрчлөлт оруулсан. Дээрх гэрээний дагуу байшин баригдаж байх явцад М.Эрдэнэчимэгийн зүгээс 12 м.кв-ыг нэмж бариулах хүсэлт гаргасан тул бид харилцан тохиролцож, барилгад өөрчлөлт оруулж барихаар болсон. М.Эрдэнэчимэг тухайн нэмэлтийг бариулах палкыг 4,200,000 төгрөгийн хамт нэмж төлөхийг зөвшөөрсөн. Манай компани байшингийн 12 м.кв-ыг өөрийн хөрөнгөөр нэмж барьсан бөгөөд М.Эрдэнэчимэг тохирсон 4,200,000 төгрөг төлөөгүй тул арга буюу 90 хувьд хүргээд ажлыг түр зогсоосон. Төлбөрөө бүрэн төлөөгүйн улмаас байшинг гүйцээж чадаагүй. Нэхэмжлэлд гэрээнд зааснаар хүү тооцно гээд 10,404,000 төгрөг шаардаж байна. Анз, дэнчин, баталгаа, батлан даалт гэх үүргийн гүйцэтгэлийг хангах аргууд байгаа. Хүү бол үүргийн гүйцэтгэлийг тооцох арга биш учраас уг шаардлага үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Гэрээний дагуу ажлаа гүйцэтгэж байх явцад М.Эрдэнэчимэг палк илүү гарах тул загвар гаргаж байшингийн нүүрэн талд 4 м.кв нэмүүлэх, үүдний хэсэгт 3x3 хэмжээтэй өрөө нэмж, нийт 12 м.кв нэмүүлж бариулах хүсэлт гаргасны дагуу 3x3 хэмжээтэй өрөө нэмж, байшин хойд хэсгээрээ 11 м болж сунгагдсан. Анх тохирсон гэрээт ажлаас илүү ажил, зардал орох болсон тул тэрээр палкаа өөрөө өгч 4,200,000 төгрөг төлж нэмэлт ажлаа хийлгэхээр амаар тохиролцсон. Бид өөрсдийн хөрөнгөөр ажлыг гүйцэтгэж байсан боловч төлбөрөө төлөхгүй байсны улмаас зөвхөн 3x3-тай тамбарын хэсэгт нэмсэн өрөөний лампир тааз, шал шахах ажил, бүх өрөөний обой, обой наах ажлыг хийгээгүй үлдээсэн. Иймд хийгээгүй дээрх ажлын хөлс, материалын зардалд 1,000,000 төгрөгийг тооцож хасаад, үлдэгдэл ажлын хөлс, материалын зардал болох 3,200,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: План зургийн дагуу захиалсан байшингийн нүүрэн хэсэг анхнаасаа урагшаа илүү гарсан хэсэгтэй байсан бөгөөд барилгаа барихдаа харин тэр хэсгийн дээврийн загварыг хэлэлгүй өөрчилж, шууд налуу байдлаар гаргасан байсан. Захиалгын гэрээнд тамбар 3x4 хэмжээтэй, 3-ын банзаар барих талаар заасан боловч манайхаас гаргаж өгсөн палк илүү гарсан тул тамбар хэсгийг палкаар өрсөн. Түүнээс биш тамбарт нэмж 12 м.кв бариулсан зүйл байхгүй. Тэр хэсэгт орох ёстой байсан 2 м 20 урттай 3-ын банз нь дээвэр хэсэгт нэмэлтээр орсноос өөрөөр тус компаниас гарсан барилгын материал байхгүй. Захиалагч талаас өөрсдийн гэрээнд заасан үүрэг болох хундам цутгах, хайрга, элс, цемент, ус зэргийг саадгүй гаргаж өгөөд зогсохгүй, ажилчдын байраар хангаж, хоолыг нь хийж байсан. Мөн хямд үнээр 12x12 хэмжээтэй 176 ширхэг палк, 15x15 хэмжээтэй 25 ширхэг палк, дам нуруунд 12x12 хэмжээтэй 17 ширхэг палк, нийт 218 ширхэг палк орсныг 20,000 төгрөгөөр тооцвол нийт 4,360,000 төгрөг, дээрээс нь паркетан шалны 450,000 төгрөгийг нэмвэл нийт үнээс 4,180,000 төгрөг хасагдаж тооцогдох байсан. Бидний хооронд ямар нэгэн үнийн дүн ярьсан яриа болоогүй бөгөөд гарч байгаа палкны хэмжээг харилцан хараад, банз байх хэсэгт палк өрүүлэх, түүнээс гарсан 3-ын банзаар дээвэр тааз зэрэгт оруулах, тамбарын дээврийн налууг А нуруугаар хийх буюу нэгээс нь нөгөөд шилжүүлэх талаар ярилцан хийсэн. Хариуцагч гэрээний хугацаанд хийх ёстой ажлаа бүрэн гүйцэт хийгээгүй төдийгүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй. Гэрээгээр материал худалдах үнэ, ажлын хөлс бүгд ороод 14,000,000 төгрөг гэж байгуулсан атал шүүхэд нэхэмжлэл гаргахаар огт хамааралгүй төсөв гарган ирж, хэлэлцэн тохиролцоогүй үнийн дүн нэхэмжилж байгааг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03025 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнын мөнх нар ХХК-аас 8,936,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,749,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгээс 2,250,000 төгрөг гаргуулан хариуцагч Дорнын мөнх нар ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,375 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн тэмдэгтийн хураамжид төлсөн 65,150 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 157,926 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчээс 50,950 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 286 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Дорнын мөнх нар ХХК-аас 3,281,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,404,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...157,926... гэснийг ...67,446... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Дорнын мөнх нар ХХК-аас төлсөн 157,926 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Азжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч М.Эрдэнэчимэгийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 172-р зүйлийн 172. 2.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Үндэслэл нь:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт Дорнын мөнх нар ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс 2,250,000 төгрөгийг ханган шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлтэй холбоотой асуудалд дүгнэлт хийхдээ 8x6 хэмжээтэй байшин 11x6 хэмжээтэй болсон нь тогтоогдож байна гэжээ. Дээрх уртын 8 метр дээр тамбарын хэсэг болох З метрийг нэмэхээр Урт нь 11 метр болох аргагүй юм. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2017.07.25-ны өдрийн гэрээгээр 8x6 харьцаатай байшин, 4x2 харьцаатай тамбар нийт 56 м.кв барилга барьж өгөхөөр тохиролцсон. Гэтэл Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр уг барилга тамбартайгаа 54.46 м.кв болох нь тогтоогдсон.

2. Мөн Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ сөрөг нэхэмжлэлийн 3-ын банз 300 ширхэг нийт 2,250,000 төгрөгийн банзыг ажил гүйцэтгэхэд ашигласан эсэх талаар маргаагүй гэж ээ. Харин ч нэхэмжлэгч М.Эрдэнэчимэг нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй маргасан бөгөөд хариуцагч тал тамбарыг 3-ын банзаар бариагүй нэхэмжлэгчийн гаргаж өгсөн палкаар өрсөн талаар маргаагүй болно. Тэгээд ч 2017.07.25 өдрийн гэрээгээр нэхэмжлэгч тал палкаа гаргахаар, хариуцагч тал 3-ын банзаар дээврийг хийхээр мөн тамбарыг З-ын банзаар хийхээр тохиролцсон. Хариуцагч тал тамбарын ханыг барих ёстой байсан 3-ын банзыг харин ч гаргаагүй байхад 300 ширхэг банзыг нэмэлтээр хийсэн ажил, гэрээгээр тохирсноос илүү гарсан материал гэж үзэж байгаад гомдолтой байна. Энэ 300 ширхэг банз нь нэмэлтээр хийсэн гэх ажлын материал биш бөгөөд нийт байшингийн дээвэрт орсон материал юм. Хариуцагч тал уг байшингийн дээвэрт нийт хэдэн ширхэг банз орсон үүнээс тамбарт хэдэн ширхэг банз оруулсан ч нотолж чадаагүй гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэмэлтээр хийсэн ажлын зардал 3,200,000 төгрөг бөгөөд 2 ширхэг баримт гаргаж өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрээс үзвэл манай маргаж буй байшин нь дээвэргүй хучилт хийгдээгүй байшин болж зөвхөн тамбар хэсэгтээ л дээвэрт 300 ширхэг банз орсон болж байна. Хариуцагч тал тамбарт 4x2 буюу 8 м.кв байх ёстой байтал 3x3 буюу 9м2 болсон гэж маргаж байгаа бол зөрүү гэх 1 м.кв асуудал, түүнд орсон материал яригдах ёстой. Гэтэл 3-ын банзаар баригдах ёстой байсан тамбарын хананд орох ёстой байсан банз юунд ашиглагдах вэ? Үүгээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2-т заасан үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байна гэж үзэж байна.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4 хэсэгт заасныг баримтлан 5,775,000 төгрөгийн алданги хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэн хассан тул гомдолтой байна. Анхан шатны шүүхээс талуудын 2017.07.25 өдрийн гэрээнд А-тал гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд Б-тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн сарын 0.3 % хүү тооцож буцаан авахаар Мөн Б-тал үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хоног тутам үнийн дүнгийн 0.3 % хүү тооцож А-талд төлнө гэсэн заалтуудыг тайлбарлахдаа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. 2017.07.25-ны өдөр урьдчилан гэрээ хийж урьдчилгаа мөнгөө авсан хариуцагч тал гэрээгээр тохирсон 2017.09.05-аас ажил эхлэн 9 сарын 20-ны өдөр дуусган хүлээлгэж өгөх ёстой байшин өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэт дуусгах нь бүү хэл хийгдсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой болох нь шинжлэх ухаан технологийн Их сургуулийн Барилга, архитектурын сургууль, Геотехникийн судалгааны төвийн шинжээчийн дүнгэлт, Хас үнэлгээ хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. Гэтэл Давж заалдах шатны шүүхээс дээрх гэрээнд байх ганц хариуцлага тооцсон, үүрэгжүүлсэн заалтыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль бус юм. Иргэн М.Эрдэнэчимэг Дорнын мөнх нар ХХК-аас болж 2 жил 5 сар хохирч байна. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах боловч мөн хуулийн 198.2-т зааснаар хэрэв гэрээний аль нэг нөхцөлийн утга ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэсэн заалтыг баримтлан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгээр 5,775,000 төгрөгийн алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв зүйтэй юм. Гэрээ нь Палкан байшингийн материал нийлүүлэх, барих захиалгын гэрээ гэх нэршилтэй Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс уг гэрээг дүгнэхдээ Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ түүнтэй холбоотой харилцаа гэж тодорхойлж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох Анз гэх яригдах болохоос зээлийн мөнгөн төлбөрийн үүрэгтэй холбоотой Хүү гэх зүйл яригдах ёсгүй юм. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн сөрөг нэхэмжлэлээс хангасан 2,250,000 төгрөгтэй холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

М.Эрдэнэчимэг, Дорнын мөнх нар ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлттэй холбоотой учирсан хохиролд нийт 13,685,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан нэмэлт ажлын хөлс 3,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг зохигч хэн аль нь зөвшөөрөөгүй маргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, ...зуслангийн байшин бариулахаар харилцан тохиролцсон, гүйцэтгэсэн ажил нь доголдолтойн улмаас дахин засварлах зардалд 3,021,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 140,000 төгрөг, үнэлгээнд тусгагдаагүй 2 ширхэг хаалганы үнэ 120,000 төгрөг, урьдчилгаа төлбөрт төлсөн 6,000,000 төгрөгөөс хугацаа хэтрүүлсний алданги 10,404,000 төгрөг гаргуулна гэснийг, хариуцагч эс зөвшөөрч, ...ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, нэхэмжлэгчийн хүсэлтээр 12 м.кв-ыг нэмж барих, палкийг захиалагч гаргах, нэмж 4,200,000 төгрөгийн хөлс өгөхөөр амаар тохирсон боловч өгөөгүйгээс ажлаа зогсоосон, алданги төлөхөөр тохироогүй гэж марган сөрөг нэхэмжлэлээр нэмэлт ажлын зардал, хөлс 3,200,000 төгрөг шаардсан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлээс доголдлыг арилгах зардалд 3,021,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн хөлс 140,000 төгрөг, алдангид 5,775,000 төгрөг, нийт 8,936,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, сөрөг нэхэмжлэлээс 2,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хаалганы үнэ 120,000 төгрөгийг нэмж, нийт 3,281,000 төгрөг гаргуулахаар болсон байна.

 

Магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Зохигчийн хооронд 2017.07.25-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаж, Дорнын мөнх нар ХХК нь М.Эрдэнэчимэгийн захиалгаар Сонгинохайрхан дүүргийн, 22 дугаар хороо, Хилчин 44-267а тоот хаягт байрлах хашаанд 8х6 хэмжээтэй мансардгүй палкан байшин, 4х2 хэмжээтэй тамбарын хамт материал буулгасан 2017.09.05-ны өдрөөс хойш 10-15 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч материалын үнэ болон ажлын хөлст 14,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ. Хожим нь нэхэмжлэгч /захиалагч/ 2,000,000 төгрөгийн палк, 450,000 төгрөгийн паркетин шалыг өөрөө гаргахаар болсон тул хариуцагчид /ажил гүйцэтгэгч/ төлөх гэрээнд заасан үнийг 11,550,000 төгрөг болгохоор талууд тохиролцсон байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан, гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

 

Зохигч хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нэхэмжлэгчийн гэрээний үнэ 11,550,000 төгрөг төлсөн болон ажлыг 2017.11.24-25-ны өдөр хүртэл гүйцэтгэсэн хугацааны талаар маргаагүй, гагцхүү ажлын үр дүн доголдолтой эсэх талаар маргасан байна.

 

Шинжээчээр томилогдсон Барилга архитектурын сургууль геотехникийн судалгааны төв ажлыг доголдолтой, дутуу хийсэн болохыг, мөн Хас үнэлгээ ХХК нь ажлын доголдлыг арилгах зардлын хэмжээг 3,021,000 төгрөг гэж /үүнд: цонхыг дахин суулгах, обой наах, шал тэгшлэх/ тогтоосон уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Гэрээнд А тал нь гэрээгээр тохиролцсон хугацаанд байшинг барихгүй байх, удаашруулах, хойшлуулах хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Б тал урьдчилгаанд өгсөн төлбөрөө өгсөн өдрөөс эхлэн сарын 0.3 хувь хүү тооцож буцааж авна. Б тал үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөөгүй нөхцөлд хоног тутам үнийн дүнгийн 0.3 хувийн хүү тооцож А талд төлнө. гэжээ. А тал гэж гүйцэтгэгчийг, Б тал гэж захиалагчийг тус тус хэлэхийг мөн гэрээнд заасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 болон 198.2-т зааснаар гэрээний дээрх заалтыг тайлбарлаж, уг заалтад тусгагдсан талуудын гэрээний үүргээ биелүүлээгүй хариуцлагын талаарх зохицуулалт нь нэршлийн хувьд хүү гэсэн боловч агуулгын хувьд алданги гэж үзэн, нэхэмжлэгчийн төлсөн 11,550,000 төгрөгөөс алданги тооцож, 5,775,000 төгрөг гаргуулжээ.

 

Давж заалдах шатны шүүх гэрээний заалтыг агуулгын хувьд алдангийн талаарх тохиролцоо гэж үзэхгүй гэж, дээрх байдлаар талууд гэрээгээр алданги тохиролцсон эсэхэд хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт өгчээ.

 

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги болох-ыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан байна.

 

Гэрээний дээр дурдсан, үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотой хоёр талын хариуцлагыг тодорхойлсон зохицуулалтад нэр томъёог хүү гэж тодорхойлсон боловч энэ нь алдангийн агуулгатай, гэрээний тэгш байдлын зарчмын үүднээс үзвэл тухайн заалт нь хоёр талын хэн алины үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх тохиролцоо гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Харин нэхэмжлэгч алдангийг урьдчилгаанд төлсөн 6,000,000 төгрөгөөс тооцож үндэслэлээ тайлбарласан атал анхан шатны шүүх алдангийг нэхэмжлэлийн үндэслэлийн хүрээгээр тогтоогоогүй нь буруу болсон байх тул алдангид уг үүргийн 50 хувиас хэтрэхгүйгээр 3,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцнэ.

 

Нэхэмжлэгч нь байшингийн доголдлыг засварлахад гарах зардлыг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээ тогтоолгож Хас үнэлгээ ХХК-д ажлын хөлсөнд 140,000 төгрөг төлсөн, гэрээнд заасан байшинд суурилуулах 2 хаалганы ажлыг хариуцагч хийгээгүй орхигдуулснаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 2,250,000 төгрөгийн нэмэлт ажил гүйцэтгэсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон байна. Иймд шинжээчийн ажлын хөлс, 2 хаалганы үнийг гаргуулах болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэв.

 

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 286 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2019/03025 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 8,936,000 төгрөг гэснийг 6,281,000 төгрөг гэж, 4,749,000 төгрөг гэснийг 7,404,000 төгрөг гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад 157,926 төгрөг гэснийг 115,446 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Азжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.03-ны өдөр төлсөн 143,350 төгрөгийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

Б.МӨНХТУЯА

 

Х.СОНИНБАЯР