Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2017/0625

 

2017 оны 08 сарын 23 өдөр Дугаар 128/ШШ2017/0625 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Баярмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргад холбогдох

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярмаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Миний бие нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны мэргэшсэн гэрчилгээтэй.

Дүүргийн иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдааны 01 дүгээр тогтоолоор тус албаны 2017 оны төсөв 72016400 төгрөг байхаар баталсан ба үүнд албаны бүтэц, орон тоо 6 ажилтантай байх, тэдгээрийн цалин урамшуулал, бусад холбогдох зардлууд тооцогдож батлагдсан байдаг. Гэтэл Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал гарч намайг ажил албан тушаалаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие тус 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг гарсан өдөр нь хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 15/67 тоот албан бичгээр намайг шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл" гэсэн хариу ирүүлсэн.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн дараах заалтуудыг зөрчсөн бөгөөд миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр болсон. Үүнд:

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаал гаргасан үндэслэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг дурьджээ. Энэ заалт нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг томилж, чөлөөлөх тухай Тамгын газрын даргын эрх, үүргийн тухай заалт бөгөөд дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь Засаг даргын Тамгын газарт хамаарахгүй, Засаг даргын дэргэдэх алба учир намайг ажлаас чөлөөлөх үндэслэл биш юм.

Мөн энэ тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг үндэслэсэн нь намайг чөлөөлөх үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл нь төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хангасан зүйл, заалт бөгөөд уг зүйлийн 27.2.4 дэх хэсэгт ... эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаанд дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан ба энд эхний ээлжинд ажлаас чөлөөлөх тухай заалт байхгүй байна. Түүнчлэн уг хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт энэ хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх нэмэлт баталгааг хуульчлан зааж өгсөн байна.

Мөн дээрх тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт "... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна гэж заасныг хэрэгжүүлээгүй буюу зөрчсөн.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Амартүвшин нь өөрөө төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, худалдан авах ажиллагааны мэргэшсэн гэрчилгээгүй гэж байсан бөгөөд энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 53.5 дахь зүйлд заасан ...албаны дарга нь төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс худалдан авах ажиллагааны чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байна. гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж томилогдсон байж болзошгүй. Мөн Худалдан авах ажиллагааны албанд шинээр ажилд авсан 1, одоо ажиллаж байгаа 1 ажилтан нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байгаа болно. Өөрөөр хэлбэл албаны дарга болон бүтцийн өөрчлөлтөөр томилогдоод байгаа 3 ажилтан гээд 4 хүн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөөгүй, бүтцийн захирамжид заасан ажлын байранд тавигдах ТЗ-4 ангилалын шаардлагыг хангаагүй. Гэтэл холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч намайг ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт ...Төрийн жинхэнэ албаны сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. гэж заасныг хэрэгжүүлээгүй зэрэг байдлаар хууль тогтоомж зөрчин намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж миний эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөнд гомдолтой байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох, ажлын байраар хангуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Уг нэхэмжлэлдээ Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн
Б/06 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-ийн эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь
агдсан тохиолдолд цалин хөлсийг нь бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн

дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл
щаанд дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан
ан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжинд заасан журмын дагуу
ын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн
элэг тухайн байгууллагаас олгоно гэсэн заалтыг зөрчиж эхний ээлжинд ажлаа
с чөлөөлөх тухай асуудлыг хөндөхгүйгээр хуульд заасан нөхцлүүдийг сонгоогүйгээс
ерийнх нь эрх, хууль ёсны эрх ашиг сонирхолд сөрөг нөлөөл үзүүлж байгааг
дурдсан байгаа болно.

Түүнчлэн дээрх тушаалыг гаргахаас өмнө Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт ... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжпийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна. гэж заасныг албаны дарга баримтлаж, хэрэгжүүлэх ёстой атал төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, мэргэжил нь албаны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй, өөрөөр хэлбэл тангараг өргөөгүй, бүтэц зохион байгуулалтыг өөрчилсөн захирамжид заасан ажлын байранд тавигдах ТЗ-4 ангилалын шаардлагыг хангаагүй хүмүүсийг албаны орон тоонд ажиллуулж байгаа нь холбогдох хуулийн дагуу төрийн захиргааны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд тэнцэж, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ хаагч Т.Баярмаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх гол угтвар нөхцөл болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын Дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн, ажилд томилох гэснийг Багануур дүүргийн Засаг даргыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны А/04 дүгээр Худалдан авах ажиллагааны албан бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батласан захирамжийн дагуу Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилох гэж өөрчлөн найруулж байна.

Дээрх албан тушаалд томилогдоод байгаа А.Эрчис нь төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч биш, харин 2016 онд Хөдөлмөрийн хэлтэст нярав хийж байгаад ажлаас халагдсан бөгөөд урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийг шүүх гаргасан ч тухайн үеийн дарга нь хамтран ажиллахаас татгалзаж, манай албанд түр томилогдсон байсан. Одоо шүүхийн шийдвэрээрээ хөдөлмөр халамж үйлчилээний хэлтэст томилогдох хүсэлтээ илэрхийлсэн ч Т.Баярмаагийн үүсгэсэн маргаанаас шалтгаалж түр хойшлуулсан байгаа юм. Учир нь сул ажлын байр гарчихаар Т.Баярмаагийн боломж нээгдэх гээд байгаа болохоор албаны даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч хаширласаар байгаагийн тод жишээ юм гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны дарга О.Амартүвшин бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэн Т.Баярмаагийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж тушаал хүчингүй болгуулж ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах агуулга бүхий нэхэмжпэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандаж Багануур дүүргийн Худалдан авах 1 ажиллагааны албаны даргын үүрэг гүйцэтгэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн бүрэн үндэстэй гэж үзэж байна. Учир нь Багануур дүүргийн Засаг даргын Албаны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 дугаартай захирамж батлагдан гарснаар орон тооны цомхотгол хийх үүрэг бий болсон.

Тус захирамжаар манай Худалдан авах ажиллагааны албаны бүтэц зохион байгуулалтыг баталсан бөгөөд шинэчлэгдсэн бүтцээр 6 байсан орон тоог 4 болгож өөрчилсөн. Хасагдсан орон тоо буюу ахлах мэргэжилтнээр нэхэмжпэгч Т.Баярмаа ажиллаж байсан бөгөөд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 /орон тоо хасагдсан/ дэх заалтад заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.5 дахь заалтуудын үйл ажиллагааг дэс дараалан хийж, Т.Баярмаагийн өөрийнх нь саналыг авч ажлаас чөлөөлсөн. Энэ нь Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын түр орлон гүйцэтгэгч нь санаатайгаар ажлаас халсан тушаал биш байна.

Дүүргийн Засаг даргын захирамж гарсны дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар 1 сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл гардуулж өгсөн.

Нэхэмжлэлд дурдсан тушаалынхаа үндэслэх хэсэгт Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дахь заалт нь /Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө/ тухайн ажилтныг шууд чөлөөлөх агуулга бүхий заалт биш бөгөөд удирдлага болгосон нь хууль зүйн техникийн алдаа юм. Гэхдээ дээрх заалт ажлаас чөлөөлөх үр дагавар үүсгэсэн заалт биш учраас тушаалын хууль зүйн үндэслэлд нөлөө үзүүлэхгүй, ач холбогдолгүй гэж үзэж байна.

Багануур дүүргийн Засаг дарга дээрх актуудыг үндэс болгоод Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлахдаа тус албанд ажиллаж байгаа Т.Баярмаагийн ажлын байр түр орлон гүйцэтгэгчийн ажлын байртай давхцаж байгаа учраас давхцлыг нь арилгах үүднээс Т.Баярмаагийн ажлын байр тэр чигтээ хасагдсан. Хавтаст хэрэгт Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/04 тоот захирамжаар баталсан баримт байна.

Ийм учраас Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны алба нь Засаг даргын харьяа хэлтэс учраас Засаг даргаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу Засаг даргын захирамжийг биелүүлж, Т.Баярмааг чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. Тэтгэмжийг хуулийн дагуу олгосон. Т.Баярмаагийн ажлын байр хэвээр байгаа нь тогтоогдохгүй байна. н.Эрчис, Т.Баярмаа нарын ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдсан. Энэ нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Т.Баярмаа нь ТЗ-5 зэргийн албан тушаал хашиж байсан бол одоо томилуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа албан тушаалтан нь ТЗ-4 ажилтных юм.

Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны үндсэн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр багасаагүй, харин хасагдсан. Иймээс Т.Баярмаагийн ажлын байр нь хасагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Т.Баярмаад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгосон. Иймд Т.Баярмаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Баярмаа тус шүүхэд хандан Багануур дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/434 дүгээр захирамжаар Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны бүтцийг дарга, ахлах мэргэжилтэн, инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, дотоод ажил, нягтлан бодох бүртгэл хариуцсан мэргэжилтэн, тайлан мэдээ, дотоод аудит хариуцсан мэргэжилтэн, архив, бичиг хэрэг, сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн 6 орон тоотой ажиллахаар баталжээ[1].

Харин Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар тус албаны бүтцийг дарга, инженерийн тооцоолол, зураг төсвийн хяналт, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодох бүртгэл, хуулийн этгээдтэй харилцах мэргэжилтэн гэсэн 4 орон тоотой ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар[2] Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, Дүүргийн Засаг даргын 2017 оны А/04 дугаар захирамжийг үндэслэн Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэний орон тоо хасагдаж, цаашид ажиллах боломжгүй болсон гэсэн үндэслэлээр Т.Баярмааг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ[3].

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.4-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно гэж заасан байна.

Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны бүтэц, орон тоог баталсан Багануур дүүргийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/434 дүгээр, Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн А/04 дүгээр захирамжуудаас үзвэл Т.Баярмаагийн эрхэлж байсан албан тушаалын орон тоо нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар хасагджээ.

Харин захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Т.Баярмаагаас тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагааг явуулаагүйгээс Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт заасан мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжин ажиллах эрхээр хангаж ажиллаагүй байх тул Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Тодруулбал, Багануур дүүргийн Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар Т.Баярмаагийн эрхэлж байсан албан тушаал болох ахлах мэргэжилтний орон тоо хасагдсан хэдий ч Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаал нэмэгдсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Т.Баярмааг ажлаас чөлөөлөгдөх үед Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд А.Эрчисийг томилогдон ажиллаж байсан тул тухайн албан тушаалд томилох боломжгүй байсан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Учир нь А.Эрчисийг уг албан тушаалд 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Б/02 дугаар тушаалаар томилсон байх бөгөөд уг тушаал гарахаас өмнө Т.Баярмаагийн орон тоо хасагдсан Засаг даргын захирамж гарсан, 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр орон тоо хасагдсан талаар түүнд мэдэгдэл хүргүүлсэн[4], А.Эрчис нь тухайн үед уг байгууллагад ажиллаж байгаагүй, шинээр томилогдсон байжээ.[5]

Т.Баярмаа нь системийн инженер мэргэжилтэй, инженерийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй байх бөгөөд тус албаны Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл уг албан тушаалд мэргэжил харгалзахгүй, дээд боловсролын бакалавр зэрэгтэй байх шаардлага тавигдсан, нэхэмжлэгч ажлын байраар хангаж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргаж байсан[6] байх тул нэхэмжлэгчийн уг албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй ажээ.

Иймд Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэгт зааснаар Т.Баярмааг тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилсон тушаал гаргахыг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргад даалгаж шийдвэрлэв.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5 төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, 4.2.6 төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах гэсэн зарчмыг хангаж ажиллаагүй, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх гэсэн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар Т.Баярмааг хангаж ажиллаагүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Баярмаад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалын ТЗ-4 ангиллын цалингаар тооцож, 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан хугацааны нийт дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,517,600 /гурван сая таван зуун арван долоон мянга зургаан зуу/ төгрөгийг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх дүнгээс Т.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгах үндэслэлтэй юм.

Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Т.Баярмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсгийн 27.2.1, 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Баярмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргын 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, түүнийг тус албанд Сургалт, олон нийтийн харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албаны даргад даалгасугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Баярмаагийн ажилгүй байсан хугацааны цалин олговор 3,517,600 /гурван сая таван зуун арван долоон мянга зургаан зуу/ төгрөгийг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас гаргуулж, Т.Баярмаад олгож, түүний ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанд даалгаж шийдвэрлэсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгосон 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 1,797,711.00 /нэг сая долоон зуун ерэн долоон мянга долоон зуун арван нэг/ төгрөгийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалингаас хасч тооцож, шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Багануур дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Баярмаад олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ