Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 325

 

 

 

 

 

 

 

 

 

 “Х”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэртэй, “Х”  ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С Э”   ХХК-д холбогдох, биет байдлын доголдолтой холбоотой худалдах, худалдан авах гэрээг цуцлах, гэрээг цуцалсантай холбоотой худалдан авагчаас гарсан зардал, учирсан хохиролд нийт 25 842 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 23 901 000 төгрөгийн үнэтэй, КГпЭ/3х70+1х25+1х10/ маркийн 70 мм-ийн голчтой 257 м хүчний кабелийг худалдан авсан. Кабелийг Төв аймгийн Заамар сум дахь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн уурхайд нийлүүлсэн боловч ашиглалтад оруулахаар холбосон эхний өдрөөс зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу цахилгаан дамжуулахгүй байсан. Хариуцагч нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ашиглахад доголдолтой, чанарын шаардлага хангаагүй 257 м өндөр хүчдэлийн кабелийн утсыг манай талд худалдан борлуулсан. Удаа дараа доголдолтой зүйл худалдсан тухай хариуцагч талд хүлээлгэн өгч худалдан авсан үнийг буцаан авах талаар мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Төв аймгийн Заамар сумаас зургаан удаа зөөвөрлөж ирсэн. Худалдагч тал доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэх байдлаар манайхаас төлсөн төлбөрийг буцаан өгөхгүй байсан тул “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн Өндөр хүчдэл туршилт хэмжилтийн лаборатори, Улаанбаатар төмөр замын Цахилгаан туршилт тохируулгын лабораторид шинжлүүлсэн ба тэдний зүгээс чанарын шаардлага хангахгүй, үйлдвэрийн доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг тогтоосон.

Тиймээс худалдаж авсан кабелийн үнэ 23 387 000 төгрөг, 6 удаагийн кабель тээвэрлэхэд гаргасан зардал болон Улаанбаатар хотоос “Алтан Дорнод Монгол” ХХК руу хүргүүлсэн 1 500 000 төгрөг, хуулийн зөвлөхийн зардал 755 000 төгрөг, туршилт тохируулга хийлгэсэн 200 000 төгрөг, нийт 25 842 000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд худалдах худалдан авах харилцаа үүссэн байдаг. Гэтэл тухайн эд зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу цахилгаан дамжуулахгүй байсан талаар тухайн эд зүйлийг худалдан авснаас хойш кабелийг хэрэглэх явцад доголдлыг мэдсэн бол Иргэний хуулийн 254 дүгээр зүйлд заасан доголдолтой холбоотой болж байна. Мэдэх боломжгүй байгаа үед худалдан аваад мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу тухайн эд зүйлийг доголдолгүй эд зүйлээр сольсон зардлаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 227 дугаар зүйлийн 227.5 дах хэсэгт заасны дагуу тухайн зардлыг нэхэмжилж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад харагдана гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчаас КГПЭ маркийн өндөр хүчдэлийн кабелийг худалдан авсан бөгөөд “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн уурхайд нийлүүлж холболтыг хийж өгсөн байдаг. Холболтыг хийхдээ Цахилгаан станц, цахилгаан сүлжээ техник ашиглалтын дүрэм зөрчин стандарт бус гар хийцийн муфт ашиглан буруу холболт хийсний улмаас, мөн тухайн үеийн дуу цахилгаантай, аадар борооны улмаас ус, чийг нэвтэрч, кабелийн фаз хоорондын богино залгаа үүсч уг кабелийг гэмтээсэн байдаг. Богино залгааны гүйдэл нь их хэмжээний гүйдэл байтугай өөрөөс ялгарах дулааны үйлчлэлээр резин кабель хоорондын тусгаарлагч муудаж кабель дахин ашиглагдах боломжгүй болдог. Өөрийн буруутай үйлдлээс болж гэмтээсэн кабелийг лабораторын туршилтэд оруулж үндэслэлгүйгээр туршилтын протокол гаргуулж биднээс нэхэмжилж байна. Манай компани нь Оросын Холбооны Улсаас нийлүүлсэн, Олон Улсын стандарт чанарын шаардлага хангасан кабелийн утсыг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг. Тухайн маргаан бүхий кабелийг анх үйлдвэрээс нь гаргахдаа үйлдвэрийн дэргэдэх өндөр хүчдэлийн лабораторийн туршилтад оруулж, ашиглалтын шаардлага хангасан хэвийн кабель болохыг баталсны дараа оруулж ирдэг. Манай кабель сайн чанарын кабель байсан. Шүүгчийн захирамжаар томилогдсон Монголын эрчим хүчний мэргэшсэн инженерүүдийн зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтээр худалдан авагч нь Цахилгаан станц, цахилгаан сүлжээ техник ашиглалтын дүрэм зөрчин стандарт бус гар хийцийн муфт ашиглан буруу холболт хийсний улмаас уг кабелийг гэмтээсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон байдаг. Кабель нь анхнаасаа доголдолтой гээд байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс хэвийн, стандартын шаардлага хангасан кабелийг худалдан авагч талд өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн уурхай дээр очиж холболтуудаа хийж, 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн акт үйлдсэн байдаг. Энэ актад хэвийн гэдгийг тэмдэглээд “Х”  ХХК-ийн захирал н.Одмаа болон 7 хүн гарын үсэг зурсан байдаг. Тиймээс энэ актаар кабель хэвийн байсан нь нотлогдож байгаа юм. Тиймээс доголдолтой кабель гэдэг нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С Э”   ХХК-д холбогдох биет байдлын доголдолтой холбоотой худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээг цуцалсантай холбоотой худалдан авагчаас гарсан зардал, учирсан хохиролд 25 842 000 төгрөг гаргуулах тухай “Х”  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Гэрээний зүйл биет байдлын доголдолтой талаарх шаардлагыг нотолсон 2 лабораторын туршилт, шинжээчийн 1 дүгнэлт байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгосон нь хэрэгт авагдсан өөр бусад баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн. 

Анхнаасаа зориулалтын дагуу ашиглагдах боломжгүй эд зүйлд ашиглалттай холбоотой гарах үр дагаварыг тогтоосон байгаа нь дээрх зарчмыг зөрчсөн гэдгийг харуулж байна. Шинжээчээс “...энэхүү кабель нь анхнаасаа нягт бус ороолттой, дамжуулагч хоорондын тусгаарлагч байхгүй байсан...” гэсэн тайлбар өгсөн, энэхүү шинжээчийн дүгнэлтээр утасны шинж байдлыг тодорхойлсон байдаг. Тухайн кабелийг үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан бөгөөд энэ төрлийн доголдолгүй кабелийн хувьд ердийн ашиглалтын явцад гэмтэл гардаггүй болох талаар шинжээчээс мэдүүлсэн. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэгт байгаа 2 шинжээчийн дүгнэлтийн аль нэгийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа бол нөгөөхийг нь хэрхэн няцааж буйгаа тодорхой дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан ба бидний зүгээс доголдолтой эд зүйлийг буцаан өгч ижил төрлийн доголдолгүй эд зүйлийг солиулж авахад гарсан зардал, мөн холбогдон гарсан бусад зардлуудыг гаргуулан авахаар шаардсан байдаг гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч “Х”  ХХК нь хариуцагч “С Э”   ХХК-д холбогдуулан, биет байдлын доголдолтой холбоотой худалдах, худалдан авах гэрээг цуцлах, цуцалсантай холбогдуулан гэрээний зүйлийн үнийг бусад зардал, учирсан хохирлын хамт тооцож нийт 25 842 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 28/

 

Хэргийн баримт, зохигчдын тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр КГпЭ (3х70+1х25+1х10) маркийн 70 мм-ийн хөндлөн огтлолтой, 257 метр урттай хүчний кабель утсыг /1 метрх91 000 төгрөг/ нийт 23 387 000 төгрөгөөр хариуцагчаас худалдан авч, үнийг төлсөн. Мөн 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр тус кабелийг Төв аймгийн Заамар сум дахь “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн ЭШ10/70 маркийн цахилгаан эксковаторт угсралтын ажлыг хийж гүйцэтгэн актаар хүлээлгэн өгсөн кабельд нь гэмтэл гарч 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн холбогдох ажил зогссон талаар “Алтан Дорнод Монгол” ХХК-аас мөн оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15/887 дугаар албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдсэн байна. “Х”  ХХК нь хариуцагч талд тухайн өдрөө 15/411 дугаар албан бичгээр гэмтэлтэй кабелийн талаар болон мөнгөн хөрөнгө шаардсан агуулгаар мэдэгдэл хүргүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй болно. /хх99-101, 120, 121/

 

Харин гэрээний зүйлийг худалдагчаас хүлээн авах үед доголдолтой байсан эсхүл худалдан авагч ашиглах явцдаа доголдол үүсгэсэн эсэх нь маргааны гол зүйл болжээ. Энэ тохиолдолд худалдагчаас хүлээн авсан эд зүйл доголдолтой байсан гэх нөхцөл байдлыг нотлох үүрэг нь нэхэмжлэгч буюу худалдагч талд байна. Учир нь, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч эд зүйлийг хүлээн авах үүрэгтэй.

 

Хэрэгт хариуцагчийн хүсэлтээр шүүхээс томилсон “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн шинжээчийн 6011 дугаар дүгнэлт /хх111,118-119/, Монголын эрчим хүчний мэргэшсэн инженерүүдийн зөвлөлийн гишүүд, эрчим хүчний зөвлөх инженер Ц.Нацагдож, М.Оюунбат, Н.Цэвгээ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 131 дугаартай 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн дүгнэлт /хх48-81/ тус тус авагджээ. Шүүх хэргийн оролцогчийн гомдол гаргаагүй буюу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнг 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлснийг буруутгахгүй. Тухайн дүгнэлтийн агуулгаас үзвэл, хариуцагч нь доголдолтой кабель нийлүүлсэн бус, харин нэхэмжлэгч нь кабелийг холбох, суурилуулах явцдаа зохих журмын дагуу хийгээгүйн улмаас гэрээний зүйл гэмтсэн болох нь тогтоогдсон байна. Уг дүгнэлтэд “...өндөр хүчдэлд ажиллах кабелийн залгаасын холболтууд нь технологийн горим зөрчсөн...кабелийг гэмтээсэн буруутан нь тухайн маргаан бүхий кабелийн угсралт холболтын ажлыг гэрээгээр гүйцэтгэсэн “Х”  ХХК гэж үзэх бүрэн үндэстэй...” гэж заасан байна. /хх49-72/ Давж заалдах шатны шүүхээс энэхүү дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргасан “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн Өндөр хүчдэл туршилт хэмжилтийн лабораторийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 1505, 1506 дугаартай протокол /хх105-106/, УБТЗ-ын Цахилгаан туршилт тохируулгын лабораторийн 72 дугаартай протокол /хх107/ болон “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудад шүүх дүгнэлт өгөөгүй гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх дээрх протоколд тусгагдсан кабель нь маргаж буй кабель мөн эсэх нь эргэлзээтэй, марк зөрүүтэй, хөндлөн огтлол тусгаагүй, мөн гэмтсэн гэх кабелийн ашиглагдаагүй хэсгээс авсан эсэх нь тодорхойгүй, мөн гэмтэл гарснаас хойш үйлдсэн, гэмтсэн кабель дээр туршсан байх магадлалтай, үнэлэх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Мөн “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал эс зөвшөөрч, дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон тул уг дүгнэлтийг үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

 Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнг 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргаж буй кабель утсыг анхнаасаа биет байдлын доголдолтой байсан гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ. /хх39-42, 48, 82-84, 99/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол журмаар гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилоос төлсөн 287 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА