Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/01444

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 25 001/ХТ2021/01444

 

 

 

Хазаарбат ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, Х.Сонинбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар магадлалтай,

 

Хазаарбат ХХК-ийн нэхэмжлэлтэй

Сибкабель энержи ХХК-д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээг цуцлах, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийн үнэ болон учирсан хохиролд нийт 25,842,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хазаарбат ХХК нь Сибкабель энержи ХХК-аас 2015.06.03-ны өдөр 23,901,000 төгрөгийн үнэтэй, КГпЭ/3х70+1х25+1х10/ маркийн 70 мм-ийн голчтой 257 м хүчний кабелийг худалдан авсан. Кабелийг Төв аймгийн Заамар сум дахь Алтан Дорнод Монгол ХХК-ийн уурхайд нийлүүлсэн боловч ашиглалтад оруулахаар холбосон эхний өдрөөс зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу цахилгаан дамжуулахгүй байсан. Хариуцагч нь зориулалтын дагуу ашиглах боломжгүй, ашиглахад доголдолтой, чанарын шаардлага хангаагүй 257 м өндөр хүчдэлийн кабелийн утсыг манай талд худалдан борлуулсан. Удаа дараа доголдолтой зүйл худалдсан тухай хариуцагч талд хүлээлгэн өгч худалдан авсан үнийг буцаан авах талаар мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй. Төв аймгийн Заамар сумаас зургаан удаа зөөвөрлөж ирсэн. Худалдагч тал доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгсөн гэх байдлаар манайхаас төлсөн төлбөрийг буцаан өгөхгүй байсан тул Дулааны цахилгаан станц-4 ТӨХК-ийн Өндөр хүчдэл туршилт хэмжилтийн лаборатори, Улаанбаатар төмөр замын Цахилгаан туршилт тохируулгын лабораторид шинжлүүлсэн ба тэдний зүгээс чанарын шаардлага хангахгүй, үйлдвэрийн доголдолтой, зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг тогтоосон. Тиймээс худалдаж авсан кабелийн үнэ 23,387,000 төгрөг, 6 удаагийн кабель тээвэрлэхэд гаргасан зардал болон Улаанбаатар хотоос Алтан Дорнод Монгол ХХК руу хүргүүлсэн 1,500,000 төгрөг, хуулийн зөвлөхийн зардал 755,000 төгрөг, туршилт тохируулга хийлгэсэн 200,000 төгрөг, нийт 25,842,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хазаарбат ХХК нь 2015.06.03-ны өдөр КГПЭ маркийн өндөр хүчдэлийн кабелийг худалдан авсан бөгөөд Алтан Дорнод Монгол ХХК-ийн уурхайд нийлүүлж холболтыг хийж өгсөн байдаг. Холболтыг хийхдээ цахилгаан станц, цахилгаан сүлжээ техник ашиглалтын дүрэм зөрчин стандарт бус гар хийцийн муфт ашиглан буруу холболт хийсний улмаас, мөн тухайн үеийн дуу цахилгаантай, аадар борооны улмаас ус, чийг нэвтэрч, кабелийн фаз хоорондын богино залгаа үүсч уг кабелийг гэмтээсэн байдаг. Богино залгааны гүйдэл нь их хэмжээний гүйдэл байтугай өөрөөс ялгарах дулааны үйлчлэлээр резин кабель хоорондын тусгаарлагч муудаж кабель дахин ашиглагдах боломжгүй болдог. Өөрийн буруутай үйлдлээс болж гэмтээсэн кабелийг лабораторийн туршилтад оруулж үндэслэлгүйгээр туршилтын протокол гаргуулж биднээс нэхэмжилж байна. Манай компани нь Оросын Холбооны Улсаас нийлүүлсэн, Олон Улсын стандарт чанарын шаардлага хангасан кабелийн утсыг албан ёсны эрхтэйгээр худалдан борлуулдаг. Тухайн маргаан бүхий кабелийг анх үйлдвэрээс нь гаргахдаа үйлдвэрийн дэргэдэх өндөр хүчдэлийн лабораторийн туршилтад оруулж, ашиглалтын шаардлага хангасан хэвийн кабель болохыг баталсны дараа оруулж ирдэг. Манай кабель сайн чанарын кабель байсан. Шүүгчийн захирамжаар томилогдсон Монголын эрчим хүчний мэргэшсэн инженерүүдийн зөвлөлийн шинжээч нарын дүгнэлтээр худалдан авагч нь Цахилгаан станц, цахилгаан сүлжээ техник ашиглалтын дүрэм зөрчин стандарт бус гар хийцийн муфт ашиглан буруу холболт хийсний улмаас уг кабелийг гэмтээсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон. Кабель нь анхнаасаа доголдолтой гээд байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс хэвийн, стандартын шаардлага хангасан кабелийг худалдан авагч талд өгсөн. 2015.08.02-ны өдөр Алтан Дорнод Монгол ХХК-ийн уурхай дээр очиж холболтуудаа хийж, 2015.08.26-ны өдөр хүлээлгэн өгсөн акт үйлдсэн. Энэ актад хэвийн гэдгийг тэмдэглээд Хазаарбат ХХК-ийн захирал Н.Одмаа болон 7 хүн гарын үсэг зурсан. Тиймээс энэ актаар кабель хэвийн байсан нь нотлогдож байгаа юм. Тиймээс доголдолтой кабель гэдэг нь үндэслэлгүй юм гэжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сибкабель энержи ХХК-д холбогдох биет байдлын доголдолтой холбоотой худалдах худалдан авах гэрээг цуцлах, гэрээг цуцалсантай холбоотой худалдан авагчаас гарсан зардал, учирсан хохиролд 25,842,000 төгрөг гаргуулах тухай Хазаарбат ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Хазаарбат ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилоос төлсөн 287,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна. Хэргийн нөхцөл байдлын хувьд талууд 2015.06.03-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан 23,901,000 төгрөгийн үнэтэй КГпЭ/Зх70+1х25+1х10/ маркийн 70 мм-ийн голчтой 257 м өндөр хүчний уян кабель худалдан авсан ба үүнийг Төв аймгийн Заамар сум дахь Алтан дорнод Монгол ХХК-ийн уурхайд нийлүүлсэн. Тухайн кабелийн холболтыг хийж ажиллуулах гэсэн боловч зориулалтын дагуу ажиллах боломжгүй үйлдвэрлэлийн доголдолтой бараа бүтээгдэхүүн байсан. Үүнийг туршилт шалгалтын ажлаар 2 газар тогтоосон байдаг ба биет байдлын доголдолтой эд хөрөнгө болохыг худалдагч талд хуульд заасан хугацаанд мэдэгдэж бараа бүтээгдэхүүнийг солих, эвсэл гэрээнээс татгалзах саналыг хүргүүлсэн. Худалдагчийн зүгээс дээрх алхмыг хийгээгүй тул манайхаас ижил нэр төрөл бүхий бараа бүтээгдэхүүнийг дахин авч худалдагч талаас биет байдлын доголдолтой холбоотой эд хөрөнгө худалдсан талаас Иргэний хуулийн 256.1-т ...худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу шаардлага гаргадаг. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой байсан талаар тогтоогдохгүй байх бөгөөд технологийн горим зөрчиж холбосон учраас тухайн гэмтэл учирсан гэдэг байдлаар дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдлаар дүгнэсэн нь үндэслэлтэй гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2-т ...хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл: Шүүхийн зүгээс талуудын хооронд үүссэн маргааныг анхаарч үзээгүй бөгөөд талуудын хооронд үүссэн асуудал нь биет байдлын доголдолтой холбоотой гэрээнээс үүдэлтэй бөгөөд худалдан авагч тал гэрээнээс учирсан хохирлоо гаргуулах байсан. Худалдан авсан бараа анхнаасаа доголдолтой буюу үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэдгийг шинжээч дүгнэсэн ба өөрийн тайлбар дээрээ шинжилгээнд оруулахаар авсан кабель нь худалдан авсан гэх кабель мөн байсан түүнийг талуудын төлөөлөгч нарыг байлцуулан авсан тухайгаа илэрхийлдэг. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан бөгөөд тухайн асуудлаар эд хөрөнгийн ашиглалтын талаар дүгнэлтийг гаргасан. Логик байдлаар тайлбарлавал анхнаасаа ашиглах боломжгүй эд зүйлийн хувьд ашиглах гэдэг ойлголт байж болохгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна. Ингэснээр хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т ...хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72.2-т ...нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг ба хариуцагч тус үүргээ хэрэгжүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдохоор байсан ба энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй байдаг. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т ...шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан байдаг ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй шинжээчийн дүгнэлт нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар биш байдаг. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргадаг бөгөөд шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэгсэхгүй болгосон хэргээс бичмэл баримтыг хуулбарлан авч тухайн хэрэгт хавсаргасан. Гэвч тухайн баримтууд нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байдаг. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад түүнийг үнэлж шийдвэр гаргасан байна. Дээрх үндэслэлүүдээр шийдвэр магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Хазаарбат ХХК нь Сибкабель энержи ХХК-д холбогдуулан худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө болон учирсан хохиролд нийт 25,842,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...худалдсан кабель доголдолтой нь тогтоогдоогүй, ...стандартын бус гар хийцийн муфт ашиглаж холболт хийсний улмаас гэмтсэн гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Хазаарбат ХХК нь хариуцагч Сибкабель энержи ХХК-аас 2015.06.03-ны өдөр КГпЭ маркийн 70 мм-ын хөндлөн огтлолтой 257 метр кабель утас худалдан авч үнэд 23,387,000 төгрөг төлсөн нь тогтоогдсон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр болохыг хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэсэн байна.

 

Тухайн худалдан авсан кабель утас биет байдлын хувьд доголдолтой байсан эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон, ...худалдсан эд зүйл нь анхнаасаа доголдолтой байсан нь нотлогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө... худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээх ба гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан байна.

 

Зохигч худалдан авсан кабелийн марк, хэмжээний талаар маргаагүй байна.

 

Гагцхүү нэхэмжлэгч Хазаарбат ХХК нь ...худалдан авсан кабелийг Төв аймгийн Заамар сум дахь Алтан Дорнод Монгол ХХК-д нийлүүлж, 2015.08 дугаар сард тус компанийн эзэмшлийн ЭҮ10/70 маркийн цахилгаан эксковаторт холбох, суурилуулах ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсний дараа Алтан Дорнод Монгол ХХК-аас Хазаарбат ХХК-д хандаж, 2015.09.03-ны өдрөөс техник саатсан тухай албан бичгийг мөн сарын 24-ний өдөр ирүүлсэн нь кабель доголдолтой байсан нь ашиглалтын явцад илэрсэн гэж тайлбарласан байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй.

 

Харин эд хөрөнгийг худалдан авах үед мэдэгдэх боломжгүй доголдолтой байсан нь хожим илэрсэн нь тогтоогдсон бол худалдан авагч дээрх шаардлагуудын аль нэгийг гаргах ба кабель биет байдлын доголдолтой байсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Тухайлбал, шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэрэг бүхий л баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч нь кабелийн холболтыг зохих стандартын дагуу хийгээгүйгээс эд хөрөнгө гэмтсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо ...шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу... хариуцагч тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй байхад нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцоогүй, ...хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд эх хувь эсхүл нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар биш байхад шийдвэрийн үндэслэл болгосон гэсэн нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, улмаар зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус заажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019.08.20-ны өдөр гардуулан өгч 14 хоногийн дотор буюу 2019.09.03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргийг хүлээлгэсэн /хх-11-р тал/ хариуцагч хариу тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй боловч, хэргийг хэлэлцэхээр зарласан 2019.10.01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлж, улмаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг хариу тайлбар бичгээр өгөөгүйгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүссэн хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхижээ. /хх-22-26-р тал/ Уг хугацаанаас хойш хариуцагч тал хариу тайлбарыг бичгээр гаргасан, зохигч хэн аль нь шүүхэд нотлох баримт гаргасан мөн нотлох баримтыг хүсэлт гаргаж шүүхээр бүрдүүлсэн, зохигч мэтгэлцэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан нь тогтоогдсон байна.

 

Дээрх байдлаас шүүх хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нөхцөл бүрдээгүй байна.

 

Зохигчийн хооронд үүссэн энэ хэргийн маргааныг өмнө нь анхан шатны шүүх хэлэлцэж, улмаар нэхэмжлэлийг буцааж байсан, нэхэмжлэгч шүүхэд хандаж дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хэлэлцэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шүүх гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэрэг баримтыг шүүхийн архивт байгаа өмнөх хэргийн материалаас гаргуулжээ. Эдгээр баримтыг шүүхийн тамгын газар нь архивын хуулбар үнэн гэсэн дардастай ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг зөрчөөгүй байна.

 

Иймд дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШШ2019/03200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 325 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнх-Оргилын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.16-ны өдөр төлсөн 287,160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР