Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 134

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа,

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар яллагдагч Ц.А-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1730000010081 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Шүүгдэгч 1980 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 1, Хэнтий аймаг дахь  Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын  02-ны өдрийн  70 дугаар шийтгэх  тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан,  Ц.А.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-06 тоотод оршин суух хаягтай иргэн Г.Э-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нэвтрэн орж жижиг хөлдөөгч, будаа агшаагч, цахилгаан тогоо, мөнгөн бүс, 40 летрийн бетон зэрэг эд зүйлс хулгайлан 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  Энэ айлаас эд зүйл авсан нь үнэн. Хохирлыг төлж барагдуулна.Одоогоор төлөх боломжгүй байна  гэв.  

 

- Шүүгдэгч Ц.А-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2017 оны 06-р сарын сүүлчээр Х гэдэг залуутай архи уучихаад гэр рүүгээ орчихоод ирье гэж хэлээд Хайлаастын гудамжинд байдаг улаан тоосгон байшинтай айл руу ороод будаа агшаагч, халуун тогоо хоёрыг нь аваад ченжид 10.000 төгрөгөөр зарж архи уусан. Дахин такситай  очоод хөлдөөгчийг нь  авч гарч ирээд ченжид 70.000 төгрөгөөр зараад 20.000 төгрөгийг нь таксинд өгөөд  үлдсэн мөнгөөр нь архи авч уусан... гэх мэдүүлэг / хх-н 43 х /, 

 

- Хохирогч Г.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 06-р сарын 30-ны өдөр гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байсан. Гэрээс мөнгөн бүс, жижиг цагаан хөлдөөгч, цахилгаан тогоо, 40 литрийн бетон, будаа агшаагч зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан.  Алдсан эд зүйлээс жижиг хөлдөөгч, халуун тогоо хоёроо Баттөр гэдэг хүнээс бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо будаа агшаагч, 40 литрийн бетон, мөнгөн бүс дутуу байгаа үүнийгээ Ц.А-аас нэхэмжилнэ.. гэх мэдүүлэг, /хх-н 18-20 х /

 

           -  Гэрч Х.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...намайг хөдөө гэртээ байхад А, Х хоёр утсаар залгаад хөргөгчөө зарах гэсэн юм гэж ярихаар нь би цагийн дараа гэртээ очиход тэр хоёр Готов гэдэг таксины жолоочтой манай гадаа зогсож байсан.  Тэр жижиг хөлдөөгчийг 70.000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх мэдүүлэг, / хх-н 22 х /

 

          -  Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Ц.А нь би гэр рүүгээ орчихоод гараад ирье гэж Готов бид хоёрт хэлээд буусан юм. Тэгтэл удалгүй жижиг цагаан хөлдөөгч аваад гарч ирсэн. Хөлдөөгч авахынхаа өмнө нь будаа агшаагч, ус буцалгагч барьж явахад нь түүнтэй гудамжинд таарсан юм.  Яг хаанаас авсныг нь мэдэхгүй. Хөлдөөгчийг 70.000 төгрөгөөр зарсан... гэх мэдүүлэг, / хх-н 24 х /

 

- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,

 

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд  / хх-н 5-14 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ, / хх-н 17 х /, 

 

- Ц.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44 х /

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р багийн Засаг даргын 2017 оны 09 сарын 14-ний өдрийн 9/401 дугаартай албан тоот, / хх-н 46 х /

 

-  Ц.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-н 45 х / зэрэг болно.

 

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар: 

 

           Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын 18-06 тоотод оршин суух хаягтай хохирогч  Г.Э-ын байшингийн хаалганы цоожийг эвдэн нэвтрэн орж эд зүйлсийг  хулгайлан 1 120 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Э, гэрч Х.Б, Б.Х  нарын мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, Баруун-Урт сумын эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

 Шүүгдэгч Ц.А-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

 Шүүхээс шүүгдэгч Ц.А-ыг хүн амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг  бүрэн төлөөгүй  байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан хорих ялыг  оногдуулж,  ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

  

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Э-д учирсан мөнгөн бүс, будаа агшаагч, 40 литрийн бетон зэргийн хохирол төлөгдөөгүй тул Баруун- Урт сумын Эд зүйлийн үнэлгээний комиссын үнэлгээг үндэслэн шүүгдэгч Ц.А-аас 950.000 төгрөг гаргуулан хохирогч Г.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

        Шүүгдэгч Ц.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.А-ыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 2 /хоёр/ жил  хорих ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.А-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ялтан Ц.А-аас 950.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Г.Э-д олгосугай. 

 

6. Ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА