Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 01

 

 

Ц.Ат холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ж.Долгормаа, О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга: С.Бат-Очир,

Прокурор: Н.Эрдэмбилэг 

Шүүгдэгч Ц.А нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаагийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Ц.Аын давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1730000010081 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн сумын харьяат, 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сар 20 хоног баривчлах ялаар шийтгэгдэж байсан Ц.А 

 

Ц.А нь 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багт оршин суух иргэн Г.Эын байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, жижиг хөлдөөгч, будаа агшаагч, цахилгаан тогоо, мөнгөн бүс, 40 литрийн бетон зэрэг эд зүйл хулгайлж 1120000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Тус аймгийн Прокурорын газраас Ц.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.Аыг орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Аыг 2 /хоёр/ жил  хорих ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Ат оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан ялтан Ц.Ааас 950.000 төгрөг гаргуулан хохирогч Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн иргэн Гэнэнгийн Эрдэнэтулгад олгож, ялтан Ц.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч Ц.А давж заалдах гомдолдоо: ... хөргөгч, будаа агшаагч, халуун тогоо гурвыг авсан. Харин мөнгөн бүс, 40 литрийн бетон хоёрыг аваагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Хүдэр “аваагүй хоёроо авсан гэж хэлвэл, тэнсэнтэй салгаж өгнө” гэхээр хэлсэн юм. Гэтэл маргааш нь өмгөөлөгч “хуралд чинь сууж чадахгүй боллоо” гэж хэлсэн. Иймээс мөнгөн бүс, 40 литрийн бетоны төлбөрийг төлөхгүй. Будаа агшаагчийн үнийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Анхан шатны шүүх яллагдагч Ц.Ат холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хийж, шийтгэх тогтоол гаргахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн  нь түүнийг хүчингүй болгох үндэслэлийг  бий болгож байна. Тухайлбал: - Шүүгч өөрийн санаачилгаар 2017 оны 11 дүгээр сарын 14-нд    яллагдагч Ц.Ат холбогдох хэрэгт  “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах  тухай” захирамж гаргахдаа хуульд заасан 17 үндэслэлээс ямар, ямар асуудал   хэлэлцэхийг тусгаагүйгээс болж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг тодорхой бус явагдан түүнээс ямар нэгэн асуудлыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг  гаргаагүй байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  33 .1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд ... эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж, шийдвэр гаргана” гэж заасныг, 

 

- Шүүхээс 2017 оны 11 дүгээр сарын 15-нд болсон шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг, мөн сарын 16-нд болсон шүүхийн хэлэлцүүлгийн  товыг хохирогч Г.Эад мэдэгдээгүй нь энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох  эрхтэй”,  энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг ... хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ”, энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө  талуудад мэдэгдэнэ” гэж заасныг,  

 - Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гаргаагүй  нь энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”,  энэ хэсгийн 1.1-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” ,  энэ зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрт дараах зүйлийг тусгана”, энэ хуулийн 33.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана” гэж заасныг тус тус зөрчжээ. 

 

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Яллагдагч Ц.Аын тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолд энэ удаагийн шүүх хуралдаанаас үнэлэлт, дүгнэлт өгөхгүй боломжгүй юм.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 134 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч Ц.Ат холбогдох эрүүгийн 1730000010081 дугаартай хэргийг тус шүүхийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатанд буцаасугай.

 

Хоёр: Тус шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан зүйл болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө, хувийн бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

Гурав: яллагдагч Ц.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ

 ШҮҮГЧИД                  Ж.ДОЛГОРМАА

                                                           О.БААТАРСҮХ