Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 326

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-, Х.Б-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дугаар шийдвэртэй, Д.Б-, Х.Б-нарын нэхэмжлэлтэй, Т.Ч-, Т.Э-нарт холбогдох, Т.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөг, Т.Ч-аас 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Х.Бямбажавын өмгөөлөгч А.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Т.Энх-Амгалан, хариуцагч Т.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Б- нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Т.Э-нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн талбайд хаягдал галь эфелийн овоолгыг дахин боловсруулж, техникийн нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулах гэж байна, яаралтай мөнгө хэрэгтэй гэснээр Д.Б-, Х.Б-нараас 100 000 000 төгрөг авсан ба энэ талаар баримт үйлдсэн. Уг мөнгөтэй холбоотой асуудал “Алтан дорнод Монгол” ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт мөн шалгагдсан бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаар тогтоолоор хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 32.5 дугаар зүйлийн 1.5-д тус тус заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Т.Э-мөрдөн байцаалтын шатанд 15 000 000 төгрөгийг буцаан төлж, үлдэгдэл 85 000 000 төгрөгийг өгөөгүй. 80 000 000 төгрөгийг Д.Сайнжаргал, Х.Бямбажав, Д.Б-, Т.Э-нар нь машинд хамт байхдаа Т.Ч-ыг дуудаж өгсөн. Харин 20 000 000 төгрөгийг Т.Ч- нь Д.Даваасамбуу захиралд оруулаад өгчих гэж хэлсэн тул Т.Ч-, Т.Э-нар дотогш хамт орж, Т.Э-Д.Даваасамбуугийн өрөөнд оруулж өгсөн. Энэ мөнгийг Д.Даваасамбуу нь мөрдөн байцаалтын шатанд 20 000 000 төгрөгийг Т.Энх-Амгаланд буцаан өгсөн боловч Т.Э-15 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгчийн данс руу хийж, үлдэгдэл 5 000 000 төгрөгийг өгөөгүй тул хариуцагч Т.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөг, бэлнээр авсан 80 000 000 төгрөгийг хариуцагч Т.Ч-аас тус тус гаргуулан өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Б-нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: 2011 оны 6 дугаар сарын эхээр нэг орой манай хүргэн Д.Сайнжаргал над руу утасдаад “Алтан дорнод Монгол” ХХК барьцаа 100 000 000 төгрөг аваад нөхөн сэргээлтийн гэрээ хийнэ гэж байна гэж хэлсэн. Ингээд маргааш нь дүү бид хоёр 70 000 000 төгрөгийг гэр бүлийн хөрөнгөнөөс босгож, үлдсэн 30 000 000 төгрөгийг Д.Б-оос авахаар уулзсан. Д.Б-ыг би танихгүй. Д.Б- иргэн В.Ганзоригоос 30 000 000 төгрөгийг Ард кино театрын “Хаан банк” ХХК-аас авч өгсөн. Д.Б-, н.Сайнжаргал, бид гурав “Алтан дорнод Монгол” ХХК-д очиж Т.Энх-Амгалантай уулзсан. Т.Энх-Амгалангаас гэрээний талаар асуухад оффисоос 2 хүн гарч ирнэ гээд Т.Ч- болон 1 ОХУ-ын иргэн 2 гарч ирээд машинд суухад нь 100 000 000 төгрөгийг Т.Ч-ад хүлээлгэж өгсөн. Т.Ч- өөрийгөө энэ компанийн ерөнхий геологич гэж танилцуулсан. 100 000 000 төгрөгийг Т.Ч- аваад оффис руугаа орсон. Т.Э-“Алтан дорнод Монгол” ХХК-тай гэрээ хийсэн. Гэрээ зурагдаж гарч ирэхэд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн удирдлагууд Т.Ч-ад гээд цохолт хийсэн байдаг. Гарч ирэхдээ Данилов гэдэг оросыг дагуулж ирсэн. Энэ хугацаанаас хойш 1 сарын дараа Данилов гэдэг хүн нутаг руугаа буцсан байдаг. Би энэ асуудлыг Нийслэлийн прокурорын Архиваас орж үзсэн. Тэгэхэд 17 хавтаст хэрэг байсан. “Алтан дорнод Монгол” ХХК нь аж ахуйн нэгжүүдээс тодорхой зардал гарна гэж мөнгө аваад, 19 аж ахуйн нэгжээс 20 000 000-100 000 000 төгрөг авсан асуудал нь хуучин Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь 6, 7 жил болсон. 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулиар гэм буруугийн асуудлыг хөнгөрүүлээд Байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэгт тооцуулаад, хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ Т.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан гэмт хэргийн шинжтэй боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж шинэ Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Интерполоор Даниловыг эрэн сурвалжилсан байдаг. Би мөрдөн байцаагчийн даалгаврыг нэхэмжлэл гаргахдаа л өгсөн. Учир нь, мөрдөн байцаагч ажиллагаа хийхдээ хэн нь ямар оролцоотой байсан, юу болсон талаар бүгдийг нь бичсэн учраас үүнийг гол нотлох баримт гэж үзэж байна. Мөрдөн байцаалтаар Т.Ч-ын үйлдэл болон мөнгө өгсөн үйлдлүүдийг дэлгэрэнгүй бичсэн, учраас мөнгө авсан нөхцөл байдлыг тогтоогдсон. 80 000 000 төгрөгийг Т.Ч- авсан нь хэргээс харагдана. Т.Ч-ад мөнгөө өгөхөд 20 000 000 төгрөгийг Д.Даваасамбуу даргад оруулаад өгчих гээд тухайн үед Т.Энх-Амгаланд өгөөд оруулсан. Мөрдөн байцаалтын шатанд “Алтан дорнод Монгол” ХХК-ийн удирдлагууд бүгд шалгагдаж байсан. Гүйцэтгэх захирал Ч.Бямбаа, орлогч захирал Д.Даваасамбуу нар шалгагдаж байгаад Д.Даваасамбуу ах төрийн өндөр одон, медаль авах гэж байна, наад асуудлыг чинь цэгцэлмээр байна гээд 20 000 000 төгрөгийг нь буцаагаад Т.Энх-Амгаланд өгсөн боловч Т.Э-бүрэн өгөөгүй, 5 000 000 төгрөгийг нь авч үлдээд 15 000 000 төгрөгийг Д.Сайнжаргал руу шилжүүлсэн. Хэрэгт авагдсан Т.Энх-Амгалангийн бичгийн тайлбарууд, Д.Сайнжаргал, ОХУ-ын иргэн Даниловын мэдүүлэг зэрэг ач холбогдол бүхий мэдүүлгүүдээр Т.Ч- 80 000 000 төгрөгийг авсан, Т.Э-5 000 000 төгрөгийг авсан гэдэг нь хангалттай тогтоогдож байгаа тул хариуцагч Т.Ч-аас 80 000 000 төгрөг, Т.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т.Э-тайлбартаа: “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн талбайд хаягдал эфелийг ашиглаж нөхөн сэргээлт хийх тухайд болон анхны ашгаас нөхөн төлөх мөнгө хэрэгтэй болсон тухайд нэхэмжлэгч талтай би ямар ч яриа хийгээгүй, гэрээ байгуулаагүй. 100 000 000 төгрөгийг би аваагүй. Цүнхтэй мөнгөтэй, машинтай ирсэн, “...мөнгө өгсний дараа гэрээг бичээд өг гээд 20 000 000 төгрөгийг нь Д.Даваасамбуу захиралд өг гэхэд нь өөрсдөө өг гэтэл та ороод гэрээгээ хийчих, гэрээн дээр чинь гарын үсэг зурна гэсэн. Ингээд би 20 000 000 төгрөгийг нь аваад дагаад орсон. Д.Даваасамбуутай уулзаад, Т.Ч- танд энийг өгчих гэж байна гээд манайх ямар баримт авах юм гэсэн манайх цалингаа тавьж чадаагүй, татвар бүх юмыг хаасан, тэгэхээр чамд гаргаж өгөх юм алга. Чи одоо гэрээгээ хийчих гэсэн. ...Гарын үсэг зуруулаад 20 000 000 төгрөгийг нь өгчихөөд гараад ирсэн. Дараа нь газар дээрээ очоод Т.Ч- өөрөө газраа хэмжиж, зааж өгсөн. Тэгсэн эд нар эрүүл газар байна. Урт нэртэй хуульд хамрагдах газар байна гэсэн. 500 метр гэсэн бараг 5 км юм байна л даа гээд бид нар орсон. Техник хэрэгслээ татна гээд 7 хоног Сэргэлэн сумаас техникээ зөөсөн. Очоод 4 хоног ажиллаад “Алтан дорнод Монгол” ХХК-ийн хамгаалалтынхан нь ирээд ажиллах боломжгүй болсон. Нөгөө хийсэн гэрээг хамгаалалт нь аваад явсан. Д.Даваасамбуу дээр очоод таны хийсэн гэрээ хүчингүй болчихлоо. Одоо яах уу гэсэн. Ингээд хөөцөлдөж байгаад гэрээгээ олж ирсэн чинь 2, 3 ухаад ус нь түрээд, гараад ирсэн. Тэгээд ажиллах ямар ч боломжгүй болоод, тэр хавийн уурхайд техникээ хийгээд бид нар яваад өгсөн. Т.Ч- 80 000 000 төгрөгийг авсан. Эрүүгийн хэрэг үүсэх шалтгаан нь Заамарын цагдаагийн хэлтэст би өөрөө өргөдөл өгсөн. “Алтан дорнод Монгол” ХХК-тай гэрээ хийгээд 100 000 000 төгрөгөө өгсөн. Бид нар ажиллаж чадсангүй гэсэн. Заамарын цагдаагийн хэлтсээс Мөрдөн байцаах газар руу шилжээд, эрүүгийн хэрэг үүсгэсэн. ...Миний бие 20 000 000 төгрөгийн 15 000 000 төгрөгийг нь шилжүүлээд 5 000 000 төгрөгийг нь аваад үлдсэн. Бид нарын хоорондын ярьсан асуудал байгаа, буцааж авна гэвэл би өгнө гэжээ.

 

Хариуцагч Т.Ч- тайлбартаа: “Баруун сөрт” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Алтан дорнод Монгол” ХХК-тай 007/03 тоот гэрээг байгуулсан байдаг. Энэхүү гэрээг байгуулах эрхийг олж авахаар нэхэмжлэгч Д.Б-, Х.Б-нар нь “Алтан дорнод Монгол” ХХК-ийн тухайн үеийн удирдлагуудтай тохиролцсон байдаг. Харин миний бие 2011 онд “Алтан дорнод Монгол” ХХК, мөн харилцан хамаарал бүхий “Бумбат” ХХК-д орчуулагчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан. Тиймээс “Баруун сөрт” ХХК болон “Алтан дорнод Монгол” ХХК-ын хооронд үүссэн төлбөр тооцооны харилцаанд бие даан оролцоогүй. Өөрөөр хэлбэл, дээрх 2 хуулийн этгээдийн хооронд байгуулсан гэрээнд талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд энэхүү гэрээ хэлцэлд Т.Ч- миний бие ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй, үр шимийг нь хүртээгүй, аливаа үүрэг амлалт өгөөгүй, хэн нэг этгээдийг төлөөлөн гарын үсэг зураагүй болно.

“Баруун сөрт” ХХК-ийн захирал Т.Э-гэдэг хүнийг би тухайн үед таньдаггүй байсан. Харин Данилов гэгч нь ОХУ-ын иргэн бөгөөд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багт орших “Алтан дорнод Монгол” ХХК-ийн эзэмшлийн Бааз /кемп/-ын даргаар ажиллаж байсан юм. Т.Э-болон Данилов нар тохиролцож гэрээ хийх болоод надад хандаж гэрээ хийх үеэр орчуулагчийн туслалцаа шаардлагатай гэж хандсаны үндсэн дээр утсаар ярихад нь орчуулга хийж Даниловын хэлсэн үгийг дамжуулж байсан болно.

Тодруулбал 2011 оны 6 дугаар сард Данилов надад хэлэхдээ хүмүүс ирж гэрээ хийнэ, 100 000 000 төгрөгөө авчраад гэрээ хийнэ. Хэрэв мөнгөө авчраагүй бол өөр хүмүүс гэрээ хийнэ гэж хэл гэсэн учраас би Даниловын утсаар ярьж байсан хүнд орчуулж хэлсэн.

Ийнхүү миний бие Баруун сөрт ХХК болон Алтан дорнод Монгол ХХК-ийн хооронд хийсэн гэрээ хэлцлийн талаар ойлголттой болсон. Нэхэмжлэгчдийн гаргасан мөнгө хүлээлцсэн баримт дээр Т.Ч- миний бие мөнгө хүлээж аваагүй. Хэргийн материалын 10 дугаар талд авагдсан мөнгө хүлээлцсэн баримт дээр 100 000 000 төгрөгийг Т.Ч-ад хүлээлгэж өгсөн тухай нэг ч үг үсэг байхгүй. 100 000 000 төгрөгийг гэрээ хийгдэхийн өмнө Данилов намайг орчуулга хийлгэхээр дагуулан машинд суух үед Данилов 80 000 000 төгрөг хүлээн авч байсан. 100 000 000 төгрөгийн гарал үүсэл нь Эрүүгийн 201201000296 тоот хэргийн материалын гэрч Д.Сайнжаргалын мэдүүлэгт энэ нэхэмжлэгч Д.Б-, Х.Б-нар нэг ч төгрөгийг өөрсдөөсөө гаргаагүй харин Д.Сайнжаргал 70 000 000 төгрөг, В.Ганзориг 30 000 000 төгрөгийг гаргасан тухай тодорхой байдаг. Иймд нэхэмжлэгч нар нь гэрээний оролцогч тал болох “Баруун сөрт” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш,  мөн мөнгө гаргасан этгээдүүд биш гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-, Х.Б-нарын хариуцагч Т.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөг, Т.Ч-аас 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Х.Бямбажавын өмгөөлөгч А.Оюун давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч Д.Б-, Х.Б-нар нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Т.Энх-Амгалан, Т.Ч- нараас шаардах эрхгүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй байна гэж дүгнэсэн нь дан ганц мөнгө хүлээлцсэн баримтыг үндэслэн зээлийн гэрээ мэтээр шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч зохигчид зээлийн гэрээ байгуулсан, байгуулагдаагүй тухай огт яриагүй бөгөөд нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурьдаагүй, мөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй.

“Аптан Дорнод Монгол” ХХК нь нөхөн сэргээлт явуулахаар “Баруун Сөрт” ХХК-тай тохиролцон, 100 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн асуудал нь зээлийн гэрээний бус мөнгө хүлээлгэн өгсөн харилцаа юм. ...Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг нь ойлгомжгүй, хоёрдмол утга агуулга бүхий шүүхийн шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь харьцуулан бодитоор үнэлээгүй. 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т.Энх-амгаланг хохирогчоор байцаасан тэмдэглэл, 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөрдөн байцаагчийн даалгавар, 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Баруун Сөрт” ХХК-ийн “Алтан Дорнод Монгол” ХХК-тай хамтран ажиллах хүсэлт, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн гэрч н.Сайнжаргалын мэдүүлэг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрч Х.Бямбажавын мэдүүлэг, ОХУ-ын иргэн Даниловын мэдүүлэг, Т.Энх-Амгалангийн тайлбар, 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэрэг бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасныг дагуу үнэлж чадаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар тус хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч В.Ганзориг, Д.Наранзул нар оролцсон байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад шүүгч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг гэрчилсэн гэрчүүдээс асуулт, асуугаагүй, хэргийн оролцогчдоос тайлбар асуултуудыг тодруулаагүй нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Б-, Х.Б-нар нь хариуцагч Т.Энх-Амгаланд холбогдуулан 85 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Ч-ыг хариуцагчаар татан оролцуулж, хариуцагч Т.Энх-Амгалангаас 5 000 000 төгрөг, Т.Ч-аас 80 000 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагч Т.Э-эвлэрсэн тохиолдолд 5 000 000 төгрөгийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хариуцагч Т.Ч- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, “Т.Энх-Амгалан, Т.Ч- нарт 100 000 000 төгрөг өгсөн, энэ нь хэрэгт авагдсан бичгээр хийсэн хэлцэл, эрүүгийн хэргийг шалгах явцад авсан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож, эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын явцад 15 000 000 төгрөгийг буцаан авч, 85 000 000 төгрөгөө авч чадаагүй, нөхөн сэргээлт хийгдэхгүй эрүүл газар зааж нөхөн сэргээлтийн гэрээ хийгдсэн, хэдхэн хоног ухаад ус гараад олборлолт явуулаагүй, хохирсон тул Т.Энх-Амгалангаас “Алтан дорнод Монгол” ХХК-ийн албан тушаалтан Д.Даваасамбуугаас буцааж авсан мөнгөний үлдэгдэл 5 000 000 төгрөгийг, “Алтан дорнод Монгол” ХХК-ийн геологичоор ажиллаж байсан Т.Ч- үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул 80 000 000 төгрөгийг буцаан гаргуулна” гэж, /1хх1, 160-161/

 

хариуцагч Т.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар “ нэхэмжлэгч нартай ямар нэгэн эрх зүйн харилцаанд бие даан оролцоогүй, ...2011 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Баруун-Сөрт” ХХК, “Алтан дорнод Монгол” ХХК-тай 027/03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч нараас мөнгө хүлээн авсан болон бичгийн баримт байхгүй, эрүүгийн журмаар шалгаад Т.Ч-ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэхүү иргэний хэргийн хариуцагч нь “Баруун сөрт” ХХК” гэж тус тус тайлбарлажээ. /1хх247-249/

 

Харин хариуцагч Т.Энх-Амгалангийн хувьд шүүхийн хэлэлцүүлгийн явцад эвлэрэн хэлэлцэх тохиолдолд 5 000 000 төгрөгийг буцаан өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан нь өөрт нь холбогдуулсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гэж үзэх үндэслэлгүй. /1хх25-28, 2хх52-53/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт “...зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан тул талуудын тайлбарыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой боловч гэрч Х.Наранзул, В.Ганзориг нарын мэдүүлгүүд нь Д.Сайнжаргал, Х.Б-нарын хооронд болон Д.Б-, В.Ганзориг нарын хооронд үүссэн мөнгө өгсөн, авсан асуудлыг гэрчилсэн байна. Иймд анхан шатны шүүх эдгээр баримтыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй. Гэрч асуух ажиллагаа зохих журмын дагуу явагдсан, хуульд заасны дагуу эрх, үүргийг тайлбарласан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хэргийн баримтаас үзвэл, “Баруун Сөрт” ХХК-ийн захирал Т.Э-нь 2012 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Заамар сум дахь цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж “...“Алтан дорнод Монгол” ХХК-ийн захирал Ч.Бямбаа, тэргүүн дэд захирал Д.Даваасамбуу нартай тус компанийн Заамар сум дахь Баянголын гольдрол гэх газарт 290А талбайд ажиллах гэрээг хийхээр тохиролцож, гэрээ байгуулах нэрээр дэд захирал Д.Даваасамбууд 20 000 000 төгрөг, Т.Ч-ад 80 000 000 төгрөг өгч залилан мэхэлснийг шалгаж өгнө үү...” гэх гомдол гаргасныг эрүүгийн журмаар шалгаж, “Баруун Сөрт” ХХК-ийн захирал Т.Э-нь хохирогчоор тогтоогдсон эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримтын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ. /1хх11-15, 29, 30, 146-152/

 

Дээрх үйл баримтаар тогтоогдсон 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г “Алтан дорнод Монгол” ХХК /захиалагч/-ийг тэргүүн дэд захирал Ч.Бямбаа, “Баруун Сөрт” ХХК /гүйцэтгэгч/-ийг захирал Т.Э-нар байгуулсан байх ба уг гэрээний дагуу “Төв аймгийн Заамар сумын нутагт Баянголын гольдрол нэртэй газарт орших Захиалагчийн 290А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хязгаарт хаягдал, галь-эфелийн овоолгыг дахин боловсруулах, 290А тусгай зөвшөөрөлтэй талбайд 11.4 га-д техникийн нөхөн сэргээлт хийх”-ээр харилцан тохиролцсон байна. /1хх-34-37/

 

Хэргийн 10 дугаар талд авагдсан “Мөнгө хүлээн авсан тухай” баримтаас үзвэл, 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдөр “Баруун Сөрт” ХХК-ийн захирал Т.Энх-Амгаланд Д.Б-оос 100 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар тусгаж, хүлээн авсан Т.Энх-Амгалан, хүлээлгэн өгсөн Д.Б-, байлцсан хүмүүс Д.Сайнжаргал, Х.Б-гэж тусгаснаар талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ.  

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно” гэж заасан бөгөөд дээрх “Мөнгө хүлээн авсан тухай” бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нараас хариуцагч Т.Энх-Амгалан, Х.Чинбат нарт мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу бодитойгоор хүлээлгэн өгсөн, шилжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүсээгүй гэж үзсэн нь хэргийн баримтад үндэслэгдсэн, энэ талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Шүүх нэхэмжлэгч Д.Б-, Х.Б-нараас бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хариуцагч Т.Энх-Амгалан, Т.Ч- нарт хөрөнгө шилжүүлсэн, тухайн мөнгөн хөрөнгийг олж авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгч Х.Бямбажавын өмгөөлөгч А.Оюуны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хариуцагч Т.Ч-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар нар нь  давж заалдах шатны шүүх хуралдаанаас эхлэхээс өмнө гомдлоосоо татгалзсан тул гомдол гаргаагүйд тооцно. Мөн хариуцагч Т.Ч-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатарын хүсэлтээр нэхэмжлэгч Д.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдуламын давж заалдах гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт заасан давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бямбажавын өмгөөлөгч А.Оюуны давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Бямбажавын өмгөөлөгч А.Оюунаас төлсөн 688 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА