Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00048

 

Д.Б, Х.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар магадлалтай,

 

Д.Б, Х.Б нарын нэхэмжлэлтэй

Т.Ч, Т.Энарт холбогдох

 

Т.Эгаас 5,000,000 төгрөг, Т.Чаас 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч А.Оюун нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Баасанжаргал, нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам, хариуцагч Т.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б, Х.Б нарын хариуцагч Т.Эгаас 5 000 000 төгрөг, Т.Чаас 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 688 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар магадлалаар Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Бын өмгөөлөгч А.Оюуны давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Х.Бын өмгөөлөгч А.Оюунаас төлсөн 688 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Оюун хяналтын гомдолдоо: Шийдвэр болон магадлалыг миний бие шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны магадлалыг 2020.03.02-ны өдөр гардан авсан болно. Шийдвэр болон магадлалаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд дээрх “Мөнгө хүлээн авсан тухай бичгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч нараас хариуцагч Т.Э, Т.Ч нарт мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний дагуу бодитойгоор хүлээлгэн өгсөн шилжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэжээ. Мөнгө хүлээн авсан баримт /хх-10/ нь хариуцагч Т.Энь тухайн үедээ А Д М  ХХК тай нөхөн сэргээлтийн гэрээ хийх болсон, тухайн үеийн Дорнод Монголын удирдлагууд нь Т.Чтай уулзаж газраа заалгаж ав гэж цохолт хийсний дагуу тэд Т.Чтай уулзахад тэрээр 100 сая төгрөг тушаах ёстой гэсний дагуу Бямбажав, Сайнжаргал /ах дүү 2/ Ганзориг нар нь тус мөнгийг дундаасаа бүрдүүлж өгсөн энэ асуудал нь түүнд мөнгө төгрөг зээлсэн асуудал огт биш юм. Өөрөөр хэлбэл Алтандорнодтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой мөнгө гэж тухайн үед Т.Ч хэлээд дотогшоо авч орсон бөгөөд Бямбажав нар нь тухайн үедээ Т.Чад байгууллагын дансанд чинь мөнгийг хиймээр байна гэхэд Шүүхийн шийдвэрээр манай данс хаагдсан байгаа учраас ажилчдын цалингаа өгөх гэж байгаа юм гэж хэлээд бэлнээр авсан мөнгө. Тухайлбал: мөнгийг өгсөн, өгсөн зүйлээ буцаан авах л асуудал байгаа. 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянан үзнэ гэж заасан тул шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзээгүй байна. 2. Анхан шатны шүүх хуралд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцоогүй шүүх хурал болсноос Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6,3, 6.4 дэх хэсгүүдэд заасан зохигчдын нотлох болон үгүйсгэх мэтгэлцээний суурь зарчим алдагдаж энэ хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл: Миний үйлчлүүлэгч Бямбажав нь маргаж байгаа асуудлынхаа талаар хариуцагчтайгаа шүүх хурлууд дээр мэтгэлцэх боломж олдоогүйгээс шүүхийн шийдвэр үнэн зөв гараагүй, хуулинд нийцсэнгүй гэж үзэж шүүх дээрхи хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж гомдол гаргаж байгаа болно. 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдол хэлэлцэх шүүх хурал 2020.02.10-ны өглөө болсон. Өглөө 08 цаг өнгөрч байхад шүүхээс 92079797 дугаартай утсаар залгаж шүүх хурал хойшлох байх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханбаатар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна ирж танилцаарай гэсэн энэ үед нэхэмжлэгч Бямбажав бид хоёр хамтдаа машинаар очиж байсан. Төд удалгүй дахин залгаж Дарханбаатарыг ирчихсэн байна гэсэн. Шүүхийн байрны 1 давхарт очиход нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гэлэгдулам ирчихсэн, шүүхийн 1 дүгээр давхарт сууж байсан бөгөөд Дарханбаатарын гаргасан гомдлыг хэлэлцэж байгаа гэнэ гэсэн. Бид хамтдаа 2 давхарт гарсан. Гарахад дэлгэцээр Дарханбаатар босоод ямар нэгэн зүйлийг тайлбарлаж байгаа бололтой байсан. Улмаар удалгүй хурал завсарлаад шүүхээс гарсан шийдвэрийг танилцуулахад биднийг орж болно гэсэн тул орсон. Хурал болсон байсныг сонсоод бүгд үнэхээр гайхсан. Шүүхийн, мөн дараагийн орох хурлын дэг журмыг бодож тухайн үед ямар нэгэн асуудал гаргаагүй болно. Эдгээр асуудлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэг журмыг зөрчсөн үйлдэл тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр болон магадлалыг дахин хянаж тус хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Х.Б хяналтын гомдолдоо: Миний бие нь 2020.02.10-ны иргэний хэргийн давж заалдах шатны 326-р тоот шийдвэрт гомдол гаргаж байна. Уг шийдвэрийг 2020.03.02-нд хүлээн авсан болно. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр иргэн Бямбажав миний иргэн хүний хуульд заасан эрх ашиг зөрчигдсөн тул дараах гомдлыг гаргаж байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралд оролцохоо утсаар ярихад нь мэдэгдээд ирсэн боловч нийслэлийн давж заалдах шатны шүүхийн туслах, хариуцагч Т.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханбаатарын хүсэлтийг хэлэлцээд, үргэлжлүүлэн хурал болно гэж нэхэмжлэгч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Гэлэгдуламд хэлсэн байсан учир бид шүүх хурлын танхимын гадна байдаг телевизийн дэлгэцийг хараад сууж байсан. Хурал завсарлаад ороход шүүх хурал явагдсан шийдвэрээ танилцуулахад маш их гайхсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралд бидний нүүр нүүрээ харж, мэтгэлцэх боломжийг анхнаасаа хангаагүй ба тийм боломж энэ явцад ерөөсөө олдсонгүй. Хариуцагч Т.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Дарханбаатар нь өөрөө нэг бус удаа шүүх хурлыг хойшлуулж байсан ч бид юм хэлдэггүй байсан. Тэрээр хуралд орохдоо ч Төв аймгийн шүүхийн үүдний цагдаагаас эхлээд хэрүүл хийж тэр хавиар бөөн асуудал үүсгэдэг байсан. Шүүхийн шатанд хоёр удаа шүүгчээс татгалзах хүсэлт гаргаж байсан. Анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдэх хурлыг өмнөх хурал (Мөнхбүрэн шүүгчтэй) болоход шүүгч болон хэргийн оролцогч нарыг байнга заналхийлж, сүрдүүлсэн байдалтай байдаг байсан. Шүүгч Мөнхбүрэн ч юм хэлдэггүй, цагдаа дуудаж дэгээ сахиулаач гэж хэлж байсан зэрэг шүүх танхимд болж байсан энэ зохисгүй үйлдлүүд нь хэргийг үнэн зөв шийдэхэд сөрөг нөлөөлсөн гэж үзэж байна. Төв аймгийн давж заалдах шатны хурал болоход гурван шүүгчтэй зүй бусаар харьцаж, шүүхийн танхимд гар утас ажиллуулахгүй гэж хэлсээр байтал бичлэг хийж байсныг шүүх бүрэлдэхүүн шаардаж болиулсан. Иймэрхүү байдал удаа гарсаар байхад энэ хүн эрүүл биш байх гэсэн сэтгэгдэл төрж байсан. Шүүх бүрэлдэхүүн та өмгөөлөгч үү гэж асуухад би Монгол улсын иргэн гэж хариулж байсан зэргээс харахад энэ хүний ёс зүйгүй, айх ичихээ мэдэхгүй, иймэрхүү үйлдлүүдээс нь болж бид цаг хугацааны хувьд хохирсон тул Дарханбаатарын сэтгэцийг нь шалгуулмаар байна. Шүүгч нарыг хардсан, сэрдсэн, доромжилсон энэ үйлдлүүдээс болж нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж, энэ хэргийн шийдвэр буруу гарсан гэж үзэж байна. Иймд иргэн Бямбажав миний гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Иргэн Д.Б Бямбажав миний гаргасан нэхэмжлэлд зээлийн гэрээ гэсэн нэг ч үг үсэг байхгүй байхад зээлийн гэрээ гэдгээр үндэслэн хэрэгсэхгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд энэ хэргийг буцаан анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.Б, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Б, Х.Б нар хариуцагч Т.Эгаас 5,000,000 төгрөг, Т.Чаас 80,000,000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг гаргасан, хариуцагч Т.Э5,000,000 төгрөгийг буцаан өгөх боломжтой гэж, хариуцагч Т.Ч “...нэхэмжлэгч нараас мөнгө аваагүй, 2011.11.06-ны өдөр “Б с” ХХК, “А Д М ” ХХК хаягдал овоолгыг дахин боловсруулах, нөхөн сэргээлт хийх гэрээг байгуулахад “А Д М ” ХХК-ийн орчуулагчаар оролцсон, гэрээгээр үүрэг хүлээгээгүй, эрүүгийн журмаар шалгаад надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон...” тул нэхэмжлэлийг хариуцах үндэслэл байхгүй гэж маргажээ.

 

7. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж чадаагүй, хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний талаар залруулах боломжгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...Т.Э, Т.Ч нарт 100,000,000 төгрөг өгсөн боловч Т.Ч нь нөхөн сэргээлт хийгдэхгүй эрүүл газар зааж өгсөн, хэдхэн хоног ухаад ус гараад олборлолт явуулаагүй, бичгээр хийсэн хэлцэл, эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хариуцагч нар мөнгийг авсан нь нотлогдож, мөрдөн байцаалтын явцад 15,000,000 төгрөгийг буцаан авч, 85,000,000 төгрөгөө авч чадаагүй, Т.Э5,000,000 төгрөгийг, Т.Ч 80,000,000 төгрөгийг авсан тул тус тус буцаан гаргуулна...” /1хх1, 160-161/ гэснээс үзвэл хариуцагч нарт мөнгө хүлээлгэн өгсөн гэх үндэслэлээ гэрээтэй холбож тайлбарласан болохыг шүүх анхаараагүй, зээл олгосон эсэх талаар талууд мэдүүлээгүй байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж маргааны үйл баримтад хамаарахгүй хуулийг хэрэглэсэн, өөрөөр хэлбэл, гэрээний талууд, мөнгө шилжүүлсэн үйл баримтын уялдаа холбоог дүгнэж чадаагүй нь учир дутагдалтай болжээ.

 

9. 2011.06.06-ны өдрийн гэрээг “А Д М ” ХХК /захиалагч/-ийг төлөөлж тэргүүн дэд захирал Ч.Бямбаа, “Б с” ХХК /гүйцэтгэгч/-ийн захирал Т.Энар байгуулж /хх-34-37/, Төв аймгийн Заамар сумын нутагт Баянголын гольдрол нэртэй газарт орших Захиалагчийн 290А тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайн хязгаарт хаягдал, галь-эфелийн овоолгыг дахин боловсруулах, 290А тусгай зөвшөөрөлтэй 11.4 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр харилцан тохиролцсон байх боловч уг гэрээнд ямар нэгэн төлбөр, үнийн дүн байхгүй, гэрээ байгуулсны дараа “А Д М ” ХХК-ийн удирдлага, харуул хамгаалалтын албанаас ажлыг зогсоосон учраас гэрээний дагуу ажлыг хийгээгүй, иймд 100,000,000 төгрөгөө буцаан авна гэсэн агуулгатай үндэслэлийг нэхэмжлэгч нар гаргасан, энэ талаар хариуцагч нар мэтгэлцсэн байна. Ийм үйл баримтад зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх агуулга ч байхгүй байхад шүүхийн дүгнэлтийг зөвтгөх үндэслэлгүй юм.

 

10. Дээрх гэрээнд төлбөр төлөх үүрэг тусгагдаагүй боловч нэхэмжлэгч нар яагаад мөнгө шилжүүлсэн, хэнд хэдэн төгрөг шилжүүлсэн, “А Д М ” ХХК гэрээний талаар ямар байр суурьтай байгаа, “2011.06.07-ны өдөр “Б с” ХХК-ийн захирал Т.Эд Д.Боос 100,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар тусгаж, хүлээн авсан Т.Э, хүлээлгэн өгсөн Д.Б, байлцсан хүмүүс Д.Сайнжаргал, Х.Б” гэж тусгасан бичмэл баримтаас /хх-10/ үзэхэд хариуцагч Т.Эмөнгийг хүлээн авсан боловч нэхэмжлэгч нар түүнийг 20,000,000 төгрөгийг хариуцахаас 15,000,000 төгрөгийг өгсөн тул үлдэх 5,000,000 төгрөгийг, хариуцагч Т.Ч 80,000,000 төгрөгийг авсан тул буцаан гаргуулна гэх үндэслэлийг тодруулж зайлшгүй дүгнэлт хийх шаардлагатай байжээ.

 

11. Хэргийн баримтаас үзвэл, “Б с” ХХК-ийн захирал Т.Энь 2012.03.11-ний өдөр Төв аймгийн Заамар сум дахь цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж “...”А Д М ” ХХК-ийн захирал Ч.Бямбаа, тэргүүн дэд захирал Д.Даваасамбуу нартай тус компанийн Заамар сум дахь Баянголын гольдрол гэх газарт 290А талбайд ажиллах гэрээг хийхээр тохиролцож, гэрээ байгуулах нэрээр дэд захирал Д.Даваасамбууд 20,000,000 төгрөг, Т.Чад 80,000,000 төгрөг өгч залилан мэхэлснийг шалгаж өгнө үү...”. гэх гомдол гаргасныг эрүүгийн журмаар шалгаж, эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрч мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын 2017.08.11-ний өдрийн 19 дугаартай тогтоолоор Ч.Бямбаад /“А Д М ” ХХК-ийн тэргүүн дэд захирал/ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /1хх11-15, 29, 30, 146-152/

 

Т.Ч нь 80,000,000 төгрөгийг авсан талаарх баримт эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдсэн байх боловч иргэний журмаар маргааныг шийдвэрлэж байгаа тохиолдолд хариуцагч Т.Ч компанийн өмнөөс гэрээний харилцаанд оролцсон эсэх, уг мөнгийг өөртөө эсвэл компанид шилжүүлсэн эсэх нөхцөл байдлыг тодруулж, талууд мэтгэлцэх шаардлагатай гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 151/ШШ2019/00990 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 326 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.11-ний өдөр төлсөн 688,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                   Г.БАНЗРАГЧ

                                                                                         П.ЗОЛЗАЯА

                                                                                         Х.ЭРДЭНЭСУВД