Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 370

 

 

 

 

 

 

 

 

 

А.Е-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэртэй, А.Е-ы нэхэмжлэлтэй, “М”  ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний улмаас учирсан хохирол 44 519 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Айзере, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Хариуцагч “М”  ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээ”-г байгуулсан. Гэрээгээр “М”  ХХК нь Мандала хотхоны А блокын 11 давхарын А-232 тоот 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 187 930 000 төгрөгөөр ашиглалтанд орсны дараагаар А.Е-ы өмчлөлд шилжүүлэхээр тохирч үнийн дүнд А.Е-ы өмчлөлийн Алтай хотхон, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 14-262 тоот 44.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70 000 000 төгрөгт, Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Хайландер маркийн УБИ 52-40 улсын дугаартай суудлын автомашиныг 25 000 000 төгрөгөөр тус тус тооцож Б.Энхзоригийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтанд орсны дараагаар банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон.

Гэрээний дагуу орон сууц, автомашины өмчлөлийг Б.Энхзоригийн нэр дээр 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн, орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр суллаж, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 12-8 тоот 2 өрөө орон сууцыг сарын 650 000 төгрөгөөр хөлслөн одоог хүртэл амьдарч байна. Гэрээний дагуу Мандала хотхоны орон сууц нь 2018 оны 2 дугаар улиралд ашиглалтанд орох ёстой боловч хугацаандаа ороогүй. Тухайн үед “Хас банк” ХХК-тай орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх зорилгоор ипотекийн зээлийн гэрээ байгуулахаар зээл судлуулж 2018 оны 5 дугаар сард бэлэн болмогц зээл гаргахаар тохирсон боловч байр 2018 оны 7 дугаар сард ашиглалтанд орсон. Орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй тул “Хас банк” ХХК санхүүжилтийн төлөвлөгөө өөрчлөгдсөн хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ талаар хариуцагчид хэлэхэд, үлдэгдэл төлбөр бэлэн байх ёстой гээд гэрээг цуцалж, өөр хүнд байрыг зарж, намайг түр хугацаагаар Казакстан улсад томилолтоор явсан хооронд 2018 оны 7 дугаар сард миний хувийн данс руу 70 000 000 төгрөг буцаан шилжүүлсэн байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг, байр хөлслөхөд гарсан зардал 5 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг буцааж төлөхийг 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш шаардаж байна. Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхзориг дээрх төлбөрийг удахгүй төлнө гэсэн ч төлөөгүй, манайх өнөөдрийг хүртэл хөлсний байранд амьдарч байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, гэрээний үнийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны байр хөлсөлсөн төлбөр 15 600 000 төгрөг, нийт 40 600 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 384 925 төгрөгийн хамт “М”  ХХК-аас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа нэмэгдүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 2 сарын хөлсний төлбөр 1 300 000 төгрөг, байр түрээслэх хугацаанд төлсөн ашиглалтын зардал 2 619 000 төгрөг, нийт 44 519 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 385 025 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Хариуцагчийн зүгээс А.Е-тай Мандала хотхоны орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд А.Е- өөрийн өмчлөлийн орон сууцыг 70 000 000 төгрөг, Тоёота Хайландер маркийн автомашиныг 25 000 000 төгрөгт тооцуулан нийт 95 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Үлдэгдэл төлбөрөө банкнаас зээл авснаар төлөх нөхцөлийг гэрээгээр тохирсон. А.Е-ы банкнаас авах зээл нь  бүтэмжгүй болсон тул гэрээний дагуу байрыг түүний өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон учир гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн. Урьдчилгаанд төлсөн 95 000 000 төгрөг, байр ашиглалтад орох хүртэл хугацаанд байр түрээслэсэн 5 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг Мандала хотхоны орон сууцыг өөр гуравдагч этгээдэд худалдсанаар А.Е-д өгөхөөр болсон. Мөнгийг шилжүүлэх гэхээр А.Е-тай холбогдох боломжгүй байсан учир А.Маратын дансанд 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг Б.Энхзориг өөрийн данснаас шилжүүлсэн боловч А.Марат нь А.Е-д 70 000 000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг өгөөгүй байсан. А.Е- 30 000 000 төгрөгөө авахаар шаардахад Б.Энхзориг А.Мараттай холбогдож үлдэгдэл мөнгийг асуухад удахгүй өгнө гэсээр ийм нөхцөл байдалд хүргэсэн.

Хариуцагчийн зүгээс Б.Энхзориг нь гэрээний дагуу 100 000 000 төгрөг төлж барагдуулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Орон сууцны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг гэрээ цуцласнаас хойш төлөхөөр тохиролцоогүй, харин гэрээ цуцлах үед түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг өгөхөөр тохирсон. Гэрээг цуцласнаас хойш түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ нэгэнт цуцлагдсан, үлдэгдэл төлбөрийн асуудал л байгаа. Гэрээг цуцалснаар талуудын хооронд гэрээний үүрэг дуусгавар болсон учир зардлыг хариуцах үндэслэлгүй. 95 000 000 төгрөгт өөрийн орон сууц, автомашиныг тооцуулж, арилжааны шинжтэй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр, байр ашиглалтын зардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М”  ХХК-аас 30 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Е-д олгож, нэхэмжлэлээс 14 519 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384 925 төгрөгөөс 380 545 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 4 380 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Е-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Хэрэгт “М”  ХХК нь нэхэмжлэгчид байрны түрээсийн төлбөр 5 000 000 төгрөгийг нэмж төлөх тухай баримт огт байхгүй, шүүх 30 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талууд гэрээг цуцлахдаа байрны түрээс, байр ашиглалтын зардлыг “М”  ХХК нэхэмжлэгчид төлөх тухай тохиролцоогүй бөгөөд энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 5 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.Е- нь хариуцагч “М”  ХХК-д холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 25 000 000 төгрөг, гэрээ цуцалсны улмаас учирсан хохирол 15 600 000 төгрөг, нийт 40 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа нэмэгдүүлж, нийт 44 519 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2,18-19, 40, 106-107/

 

Талууд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө арилжааны гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр “М”  ХХК нь Мандала хотхоны А блокын 11 давхарын А-232 тоот 181 930 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг А.Е-ы өмчлөлд шилжүүлэх, А.Е- нь үнийн 70 000 000 төгрөгт өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Алтай хотхон 14 дүгээр байр 262 тоот 44.30 м.кв талбай бүхий орон сууц, 25 000 000 төгрөгт Тоёота хайландер маркийн 52-40 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тус тус дүйцүүлэн тооцуулж тэдгээрийн өмчлөх эрхийг “М”  ХХК-д шилжүүлэх, үлдэгдэл  86 930 000 төгрөгийг орон сууц ашиглалтад орсны дараа банкнаас зээл авч төлөх нөхцлийг харилцан тохиролцсон байна. /хх6/

 

Тохиролцоо ёсоор А.Е- нь 95 000 000 төгрөгийн үнэ бүхий өөрийн өмчлөлийн дээрх хөрөнгө тус бүрийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар болон гэрээний үлдэгдэл төлбөрийн үүрэгтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсан тухайд талууд маргаагүй. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар уг гэрээнээс татгалзсан хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч хүлээн авснаар 2018 оны 6 дугаар сард гэрээ дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хариуцагч гэрээнээс татгалзаж, 95 000 000 төгрөгт тооцож өмчлөлд нь шилжүүлсэн үнээс 70 000 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлсэн, үлдэгдэл 25 000 000 төгрөг болон 2017 оны 9 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл 26 сарын хугацаанд сарын 650 000 төгрөгөөр орон сууц хөлсөлж амьдарсан тул 16 900 000 төгрөг, мөн хугацааны орон сууц ашиглалтын төлбөр 2 619 000 төгрөг, нийт 19 519 000 төгрөгийг хохирол гэж тодорхойлж 44 519 000 төгрөгийг шаардсан. Хариуцагч 95 000 000 төгрөг болон гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсөн зардал 5 000 000 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг “А.Е-д өгөөрэй” гээд А.Маратын дансанд шилжүүлсэн, гэрээнээс татгалзсанаас хойш хугацааны мөнгөн төлбөрийн үүргийг хариуцахгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх гэрээний биелэлт болон талуудын тайлбарыг үндэслэн, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2 дах хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, хэрэв биет байдлаар буцааж өгөх боломжгүй бол мөнгөн хөрөнгөөр нөхөн төлнө гэсний дагуу хариуцагчийн буцааж өгөөгүй 25 000 000 төгрөгийг гэрээг дуусгавар болгох үед нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн зардалд төлөхөөр тохиролцсон 5 000 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөгийг “М”  ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

Хариуцагч тал 5 000 000 төгрөгийг өгөх талаар тохиролцоогүй, энэ талаар баримтгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримт үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн гэх агуулгаар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарна. Хэргийн 92, 93 дах талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан гэрч оролцуулах хүсэлт, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх106,109/ зэргээс үзвэл, хариуцагч тал гэрээ дуусгавар болох хүртэл хугацаанд нэхэмжлэгчид орон сууц хөлсөлсний зардалд 5 000 000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар тайлбарласан байна. Шүүх зохигчийн бичгээр гаргасан хүсэлтэд тусгагдсан тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарыг харьцуулан нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 14 519 000 төгрөгийн талаар давж заалдах гомдол гаргаагүй боловч шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан хохирлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгахгүй. Учир нь гэрээ дуусгавар болсноос хойшхи хугацааны орон сууц хөлсөлсөн болон орон сууц ашиглалтын зардал гарсанд хариуцагчийн буруутай үйлдэл хамааралтай гэдгийг нэхэмжлэгч нотлоогүй гэж үзнэ. 

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж  заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М”  ХХК-аас төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ                                                            

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА