Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2021/01545

 

 

А.Ерланы нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2020/00370 дугаар магадлалтай, 

А.Ерланы нэхэмжлэлтэй,

Мэкон ХХК-д холбогдох  

Гэрээний үнийн үлдэгдэл, хохирол нийт 44,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалнямын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Ерлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов..

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Хариуцагч Мэкон ХХК-тай 2017.09.20-ны өдөр Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн арилжааны гэрээг байгуулсан. Гэрээгээр Мэкон ХХК нь Мандала хотхоны А блокын 11 давхрын А-232 тоот 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 187,930,000 төгрөгөөр ашиглалтад орсны дараа А.Ерланы өмчлөлд шилжүүлэхээр тохирч үнийн дүнд А.Ерланы өмчлөлийн Алтай хотхон, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 14-262 тоот 44.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгт, Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Хайландер маркийн УБИ 52-40 улсын дугаартай суудлын автомашиныг 25,000,000 төгрөгөөр тус тус тооцож, Б.Энхзоригийн нэр дээр шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг орон сууц ашиглалтад орсны дараагаар банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу орон сууц, автомашины өмчлөлийг Б.Энхзоригийн нэр дээр 2017.09.20-ны өдөр шилжүүлсэн, орон сууцыг 2017.09.14-ний өдөр суллаж, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 12-8 тоот 2 өрөө орон сууцыг сарын 650,000 төгрөгөөр хөлслөн одоог хүртэл амьдарч байна. Гэрээний дагуу Мандала хотхоны орон сууц нь 2018 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох ёстой боловч хугацаандаа ороогүй. Тухайн үед Хас банк ХХК-тай орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх зорилгоор ипотекийн зээлийн гэрээ байгуулахаар зээл судлуулж 2018.05 дугаар сард бэлэн болмогц зээл гаргахаар тохирсон боловч байр 2018.07 дугаар сард ашиглалтад орсон. Орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй тул Хас банк ХХК санхүүжилтийн төлөвлөгөө өөрчлөгдсөн, хэсэг хугацаанд хүлээх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ талаар хариуцагчид хэлэхэд, үлдэгдэл төлбөр бэлэн байх ёстой гээд гэрээг цуцалж, өөр хүнд байрыг зарж, намайг түр хугацаагаар Казакстан улсад томилолтоор явсан хооронд 2018.07 дугаар сард миний хувийн данс руу 70,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн байсан. Нэгэнт нөхцөл байдал ийм болсон тул үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг, байр хөлслөхөд гарсан зардал 5,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг буцааж төлөхийг 2018.07.26-ны өдрөөс хойш шаардаж байна. Хариуцагчийн төлөөлөгч Б.Энхзориг дээрх төлбөрийг удахгүй төлнө гэсэн ч төлөөгүй, манайх өнөөдрийг хүртэл хөлсний байранд амьдарч байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн, гэрээний үнийн үлдэгдэл 25,000,000 төгрөг, 2017.09 дүгээр сараас 2019.09 дүгээр сар хүртэл хугацааны байр хөлсөлсөн төлбөр 15,600,000 төгрөг, нийт 40,600,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 384,925 төгрөгийн хамт Мэкон ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагаа нэмэгдүүлж, 2019.09.15-ны өдрөөс 11.15-ны өдөр хүртэл 2 сарын хөлсний төлбөр 1,300,000 төгрөг, байр түрээслэх хугацаанд төлсөн ашиглалтын зардал 2,619,000 төгрөг, нийт 44,519,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 385,025 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийн зүгээс А.Ерлантай Мандала хотхоны орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд А.Ерлан өөрийн өмчлөлийн орон сууцыг 70,000,000 төгрөг, Тоёота Хайландер маркийн автомашиныг 25,000,000 төгрөгт тооцуулан нийт 95,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож өгсөн. Үлдэгдэл төлбөрөө банкнаас зээл авснаар төлөх нөхцөлийг гэрээгээр тохирсон. А.Ерланы банкнаас авах зээл нь бүтэмжгүй болсон тул гэрээний дагуу байрыг түүний өмчлөлд шилжүүлэх боломжгүй болсон учир гэрээг цуцлах нөхцөл бүрдсэн. Урьдчилгаанд төлсөн 95,000,000 төгрөг, байр ашиглалтад орох хүртэл хугацаанд байр түрээслэсэн 5,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг Мандала хотхоны орон сууцыг өөр гуравдагч этгээдэд худалдсанаар А.Ерланд өгөхөөр болсон. Мөнгийг шилжүүлэх гэхээр А.Ерлантай холбогдох боломжгүй байсан учир А.Маратын дансанд 2018.07.20-ны өдөр 100,000,000 төгрөг Б.Энхзориг өөрийн данснаас шилжүүлсэн боловч А.Марат нь А.Ерланд 70,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг өгөөгүй байсан. А.Ерлан 30,000,000 төгрөгөө авахаар шаардахад Б.Энхзориг А.Мараттай холбогдож үлдэгдэл мөнгийг асуухад удахгүй өгнө гэсээр ийм нөхцөл байдалд хүргэсэн. Хариуцагчийн зүгээс Б.Энхзориг нь гэрээний дагуу 100,000,000 төгрөг төлж барагдуулах үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Орон сууцны түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг гэрээ цуцалснаас хойш төлөхөөр тохиролцоогүй, харин гэрээ цуцлах үед түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг өгөхөөр тохирсон. Гэрээг цуцалснаас хойш түрээсийн төлбөр, ашиглалтын зардлыг төлөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, гэрээ нэгэнт цуцлагдсан, үлдэгдэл төлбөрийн асуудал л байгаа. Гэрээг цуцалснаар талуудын хооронд гэрээний үүрэг дуусгавар болсон учир зардлыг хариуцах үндэслэлгүй. 95,000,000 төгрөгт өөрийн орон сууц, автомашиныг тооцуулж, арилжааны шинжтэй нөхцөл байдал үүссэн. Иймд нэхэмжлэгчийн түрээсийн төлбөр, байр ашиглалтын зардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан Мэкон ХХК-иас 30,000,000 төгрөг гаргуулж А.Ерланд олгож, нэхэмжлэлээс 14,519,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 384,925 төгрөгөөс 380,545 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Мэкон ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 4,380 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Ерланд олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2020/00370 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Мэкон ХХК-иас төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Б.Энхзориг нь Мэкон ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд 2017.09.20-ны өдөр А.Ерлантай Мандала хотхоны А блокын 11 давхрын А-232 тоот 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 187,930,000 төгрөгөөр үнэлж ашиглалтад орсны дараа А.Ерланы өмчлөлд шилжүүлэхээр тохирч, үнийн дүнд А.Ерланы өмчлөлийн Алтай хотхон, БГД 1-р хороо 14- р байр 262 тоот 44.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр, Япон улсад 2005 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Хайландер маркийн УБИ 54-40 улсын дугаартай суудлын авто машиныг 25,000,000 төгрөгөөр тус тус тооцож Б.Энхзоригийн нэр дээр шилжүүлж үлдэгдэл төлбөрийг байр ашиглалтад орсны дараа банкнаас зээл авч төлөхөөр харилцан тохиролцож Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ байгуулсан. Ийнхүү Үл хөдлөх эд хөрөнгийн арилжааны гэрээ байгуулахдаа байр ашиглалтад орсны дараа А.Ерлан нь үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч төлөхөөр тохирсон боловч уг хугацаанд банкаар судлуулж байсан зээл нь гарах боломжгүй болсон тул бид харилцан тохиролцож гэрээг цуцлах болж, Мандала хотхоны А блокын 11 давхрын А-232 тоот 80 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зарж борлуулан А.Ерланд урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгийг буцаан өгөхөөр тохиролцсон. Улмаар дээрх орон сууцыг өөр этгээдэд зарж борлуулан А.Ерланд өгөх гэсэн боловч холбоо барьж болохгүй байсан тул түүний ах А.Маратад дээрх урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн боловч А.Марат нь 70,000,000 төгрөгийг шилжүүлж хариуцагчийг төлбөр төлөх үүргээ биелүүлэх боломжгүй болсныг сүүлд нэхэмжлэл гарснаар мэдсэн.

Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчаас 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудад Мэкон ХХК нь нэхэмжлэгчид байрны түрээс болох 5,000,000 төгрөгийг нэмж төлөхөөр болсон тухай баримт огт байхгүй байхад тус мөнгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Талууд харилцан тохиролцож гэрээг цуцлахдаа байрны түрээс болон байр ашиглалтын зардлыг Мэкон ХХК нэхэмжлэгчид төлөх тухай тохиролцоогүй бөгөөд энэ нь баримтуудаар нотлогдохгүй байгаа болно. Гэтэл давж заалдах шатны шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн, үндэслэлтэй шийдвэр гэж үзэн хэвээр үлдээсэн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.  

ХЯНАВАЛ: 

А.Ерлан нь Мэкон ХХК холбогдуулан гэрээний үнийн үлдэгдэл, хохирол нийт 44,519,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

Хяналтын шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чанцалням гомдол гаргасан боловч нэхэмжлэгч А.Ерлан шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Мэкон ХХК-иас 15,000,000, төгрөг авахаар тохиролцож, уг мөнгийг би авсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна... гэжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж заажээ. 

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 102/ШШ2019/03176 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2020/00370 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Мэкон ХХК-иас гэрээний үнийн үлдэгдэл, хохирол нийт 44,519,000 төгрөг гаргуулах тухай А.Ерланы нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ          Л.АТАРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                           Б.МӨНХТУЯА 

                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                            Х.СОНИНБАЯР

                                           Д.ЦОЛМОН