Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 423

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаар шийдвэртэй, Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

                       

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/02264 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-гийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар баг, Үнэгт тарни амралтын зүүн урд байрлах улсын бүртгэлийн Ү-1307002178 дугаартай, нийт 202 метр квадрат талбай бүхий 10 ширхэг амралтын байшин, мөн тус хаягт байрлах 170704359 нэгж талбарын дугаартай, 2.0 га талбай бүхий газарт хийсэн “Виннер Вэй” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Ш-07/10 дугаартай хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч байна.

Учир нь, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал аваагүй атлаа шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор газрыг хураасан байх бөгөөд хураан аваагүй хөрөнгө болох 10 ширхэг байшинд үнэлгээ хийлгэж зөрчил гаргасан. Шинжээч, тухайн бүс нутагт оршин үйл ажиллагаа явуулж буй ижил нэр төрөл, хэмжээний амралтын газруудтай харьцуулсан үнийн судалгаа хийгээгүйн улмаас хөрөнгүүдийг хэт багаар буюу 105 306 000 төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн, үнэлгээ хийлгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр гарч, шинжээч үнэлгээг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээнд хамрагдсан газар, байшин нь Сэлэнгэ аймагт байрладаг, нэг өдрийн дотор үнэлгээг гаргах боломжгүй юм.

Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл, өртгийн хандлага, зах зээлийн жишиг хандлага зэрэг аргыг ашигласан ч зах зээлийн жишиг хандлагын аргыг голлон үнэлгээ хийсэн байна. Зах зээлийн жишиг хандлагаар үнэлгээг хийхдээ өөр амралтын газрыг харьцуулсан. Тухайн газар нь Сэлэнгэ аймгийн хаана байдаг нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй. Өртгийн хандлагын аргаар газрын үнэлгээ хийхдээ газрын зэрэглэлийн бүсээр ангилсан Засгийн газрын тогтоолоор үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8, 9.3.9-т заасан шаардлагыг хангаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 02264 дугаартай захирамжаар 39 896 960 төгрөгийг Д.Б-гоос гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа Д.Б-д мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 8251286/05, 18251286/06 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлж, төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан.

Ингээд төлбөр төлөгч Д.Б-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдэлийг хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул төлбөр авагч “Хас банк” ХХК-аас 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 218 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ тогтоох эрх бүхий хуулийн этгээд “Виннер Вэй” ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээчин нь дээрх эд хөрөнгүүдийг 105 306 000 төгрөгийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө үнэлгээний тайланг ирүүлсэн.

2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 4/15817 дугаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Б-гийн оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 22-А дугаар байрны 79 тоот хаягт шуудангаар хүргүүлсэн ч хүлээн авахаас татгалзан буцаасан байдаг. Иймээс төлбөр төлөгчийн гэрийн хаягаар биечлэн очих үед Д.Б- тайлбар өгч, мэдүүлэг хүлээн авах чадваргүй согтуурсан байдалтай байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу түүний төрсөн хүү Б.Гантулгад “Мэдэгдэл”-ийг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан дамжуулж өгөхийг даалгасан.

“Виннер Вэй” ХХК-ийн зүгээс үнэлгээг гурван аргаар тогтоосон ба уг компани нь тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний байгууллага. Төлбөр төлөгчид үнийн санал болон дуудлага худалдаанд оруулах саналыг мэдэгдлээр хүргүүлэхэд төлбөр авагчийн зүгээс манайд хүсэлт ирүүлж, энэ нь төлбөр төлөгчид төлбөрөө төлөх хугацааг 3 сараар хойшлуулах тухай байсан. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан бодитой хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 177 дугаар зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч хэлбэр төдий буюу талуудаас үнийн санал авах тухай мэдэгдэл өгөх байдлаар хязгаарлаж, хуулийн зохицуулалтыг бодитой хэрэгжүүлээгүй. Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоох талаарх хариуцагчийг дээрх ажиллагааг зөвтгөж, хангалттай хэмээн үзэж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

“Виннер вэй” ХХК-ийн үнэлгээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт бөгөөд тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхэд багагүй хугацаа, ажиллагаа зарцуулах зайлшгүй шаардлагатай юм. Гэтэл “Виннер вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон өдрөөс 2 өдрийн дараа хөрөнгийн үнэлгээг гаргасан байдаг. Шинжээч томилсон тогтоол гаргасан хугацаа болон шинжээчийн үнэлгээний тайлан гарсан хугацаанаас үзвэл “Виннер вэй” ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийх ажлыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр буюу 1 өдөр хийсэн байна. Үнэлгээнд хамрагдсан газар, хөрөнгө нь байрлалын хувьд хөдөө орон нутагт байрладаг тул зөвхөн тэдгээрийг үзэж, танилцахад л нэг өдөр зарцуулагдана. Хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг хийхэд нилээдгүй олон өдөр зарцуулагдах тул 1 өдөр багтаан хийх ямар ч боломжгүй. Үүнээс үзэхэд шинжээчийн үнэлгээ бодитой хийгдээгүй байх магадлал маш өндөр байна. Анхан шатны шүүх энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шинжээч үнэлгээний тайландаа нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлага, харьцуулалтын аргыг үндэслэсэн гэдэг боловч яг хаана байрладаг, ямар ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй харьцуулсан талаарх мэдээлэл үнэлгээний тайланд тусгагдаагүй, орхигдуулсан бөгөөд энэ нь шинжээчийн үнэлгээг эс хүлээн зөвшөөрөх, цаашлаад хүчингүй болгох гол үндэслэл болох бөгөөд шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.  

 

Нэхэмжлэгч Д.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Виннэр Вэй” ХХК-ийн гаргасан “Хөрөнгө үнэлгээний тайлан”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 28/

 

Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2018/02264 дугаар “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч Д.Б- нь нийт 39 881 960.88 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15 000 төгрөгийн хамт “Хас банк” ХХК-д төлж барагдуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8 дах хэсэгт зааснаар захирамжид заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх37-39/

 

Д.Б- нь дээрх захирамжид заасан үүргээ сайн дураар биелүүлээгүйтэй холбоотойгоор төлбөр авагч “Хас банк” ХХК-ийн хүсэлтэд үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 102/ШЗ2018/05317 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 00416 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч тал 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн, мөн оны 6 дугаар сарын 10-ны өдөр хураах ажиллагаа явуулжээ. /хх36, 40-43/ Хариуцагч байгууллагын энэхүү ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. 

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо хариуцагч талыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасныг зөрчсөн, шинжээчийн үнэлгээ хууль болон бодит байдалд нийцээгүй, хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл заажээ. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч байгууллага 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Д.Б-д 4/15581 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” /хх70/ албан бичиг хүргүүлж, битүүмжлэн хураагдсан эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийг 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт шийдвэр гүйцэтгэгчид өгөх, дурдсан хугацаанд үнийн санал өгөөгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох талаар мэдэгдсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв гэж үзнэ.

 

Зохигчдын тайлбараас үзвэл, Д.Б- нь дээрх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлээгүй нь тогтоогдсон, төлбөр авагч “Хас банк” ХХК нь хариуцагч байгууллагад 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлбөр төлөгчийн өмчлөлийн дээрх хөрөнгөнүүдийн бодит үнийг тогтоож, хөндлөнгийн үнэлгээчин томилох талаар хүсэлт гаргасныг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 218 дугаар тогтоолоор “Виннэр Вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Түүнчлэн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Виннэр Вэй” ХХК-ийн Ш-07/10 дугаартай “Хөрөнгө үнэлгээний тайлан”-гаар /хх74-91/ нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хэт доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25  дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

“Виннэр Вэй” ХХК-ийн Ш-07/10 дугаартай “Хөрөнгө үнэлгээний тайлан”-д үнэлж буй хөрөнгийн төлөв байдлыг тэмдэглэн, гэрэл зургаар нь бэхжүүлсэн, зах зээлийн жишиг үнийн хандлагыг тогтоохдоо “жишиг №1”, “жишиг №2” гэж дурдаад харьцуулсан хөрөнгөнүүдийн хаяг, хөрөнгийн зориулалт зэргийг тодорхой тусгажээ. /хх79-80, 84/ Мөн “шинжээч нь үнэлгээний тайлангийн дүгнэлт, санал, зөвлөмж хэсэгтээ “тухайн хөрөнгийн бодит байдалтай очиж танилцахыг чухалчилж үзсэн” талаар тусгасан байна. /хх85/ Иймд хөрөнгийн үнэлгээг хэт богино хугацаанд хийсэн, харьцуулсан хөрөнгөнүүдийн хаяг тодорхой бус, үнэлгээний газар биечлэн очоогүй, 1 хоногийн дотор үнэлгээ гаргах боломжгүй, бодит байдалд нийцэхгүй” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээрхээс дүгнэвэл, анхан шатны шүүх хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Харин шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт гаргасан алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Тодруулбал, шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Д.Б-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгыг тусгасан байгааг хасах, мөн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол байхад шүүх тогтоох хэсэгтээ мөн хуулийн 55.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу.

 

Иймд шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсэгт дээрх байдлаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгээс “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 3100 дугаартай шийдвэрээр 115.803.150 төгрөгийг, Үндэсний хөрөнгө оруулалтын газарт төлөхөөр шийдвэр гарсан. Гэтэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ийн Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот 100 метр квадрат талбайтай орон сууцны метр квадрат талбай зах зээлийн ханшаар 2.300.000 төгрөгийн үнэтэй байгаа тул энэ үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэснийг хасах,

 тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55.1...” гэснийг “...55.7...” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Б.НАРМАНДАХ

 

                                                                                         Т.ТУЯА