Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00801

 

                                                                Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Сонинбаяр, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаар

шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар магадлалтай,          

Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох          

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.08-ны өдрийн 102/ШЗ2018/02264 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад Д.Б-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Мандал сум, Түнхэл 5 дугаар баг, Үнэгт тарни амралтын зүүн урд байрлах улсын бүртгэлийн Ү-1307002178 дугаартай, нийт 202 метр квадрат талбай бүхий 10 ширхэг амралтын байшин, мөн тус хаягт байрлах 170704359 нэгж талбарын дугаартай, 2.0 га талбай бүхий газарт хийсэн Виннэр Вэй ХХК-ийн 2019.07.10-ны өдрийн Ш-07/10 дугаартай хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч байна. Учир нь, Иргэний хуулийн 177 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үнийн санал аваагүй атлаа шинжээч томилж, үнэлгээ хийлгэсэн. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь 2019.06.10-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоолоор газрыг хураасан байх бөгөөд хураан аваагүй хөрөнгө болох 10 ширхэг байшинд үнэлгээ хийлгэж зөрчил гаргасан. Шинжээч, тухайн бүс нутагт оршин үйл ажиллагаа явуулж буй ижил нэр төрөл, хэмжээний амралтын газруудтай харьцуулсан үнийн судалгаа хийгээгүйн улмаас хөрөнгүүдийг хэт багаар буюу 105,306,000 төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн, үнэлгээ хийлгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2019.07.08-ны өдөр гарч, шинжээч үнэлгээг 2019.07.10-ны өдөр гаргасан байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээнд хамрагдсан газар, байшин нь Сэлэнгэ аймагт байрладаг, нэг өдрийн дотор үнэлгээг гаргах боломжгүй юм. Мөн хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл, өртгийн хандлага, зах зээлийн жишиг хандлага зэрэг аргыг ашигласан ч зах зээлийн жишиг хандлагын аргыг голлон үнэлгээ хийсэн байна. Зах зээлийн жишиг хандлагаар үнэлгээг хийхдээ өөр амралтын газрыг харьцуулсан. Тухайн газар нь Сэлэнгэ аймгийн хаана байдаг нь мэдэгдэхгүй, хаяг тодорхойгүй. Өртгийн хандлагын аргаар газрын үнэлгээ хийхдээ газрын зэрэглэлийн бүсээр ангилсан Засгийн газрын тогтоолоор үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.8, 9.3.9-т заасан шаардлагыг хангаагүй тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.08-ны өдрийн 02264 дугаартай захирамжаар 39,896,960 төгрөгийг Д.Б-оос гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус захирамжийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа Д.Б-д мэдэгдсэн боловч төлж барагдуулаагүй. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 23 дугаар зүйлд заасныг үндэслэн, Сэлэнгэ аймгийн Мандал сум дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст 2019.05.13-ны өдөр 8251286/05, 18251286/06 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар хүргүүлж, төлбөр төлөгчийн эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Ингээд төлбөр төлөгч Д.Б-д Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал ирүүлэх мэдэгдэлийг хүргүүлсэн боловч үнийн саналаа ирүүлээгүй тул төлбөр авагч Хас банк ХХК-иас 2019.07.04-ний өдөр гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг үндэслэн 2019.07.08-ны өдрийн 218 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ тогтоох эрх бүхий хуулийн этгээд Виннэр Вэй ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээчин нь дээрх эд хөрөнгүүдийг 105,306,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон Хөрөнгө үнэлгээний тайланг ирүүлсэн. 2019.07.10-ны өдрийн 4/15817 дугаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Д.Б-ийн оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамжны 22-А дугаар байрны 79 тоот хаягт шуудангаар хүргүүлсэн ч хүлээн авахаас татгалзан буцаасан байдаг. Иймээс төлбөр төлөгчийн гэрийн хаягаар биечлэн очих үед Д.Б тайлбар өгч, мэдүүлэг хүлээн авах чадваргүй согтуурсан байдалтай байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу түүний төрсөн хүү Б.Гантулгад мэдэгдэлийг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан дамжуулж өгөхийг даалгасан.Виннэр Вэй ХХК-ийн зүгээс үнэлгээг гурван аргаар тогтоосон ба уг компани нь тусгай зөвшөөрөлтэй үнэлгээний байгууллага. Төлбөр төлөгчид үнийн санал болон дуудлага худалдаанд оруулах саналыг мэдэгдлээр хүргүүлэхэд төлбөр авагчийн зүгээс манайд хүсэлт ирүүлж, энэ нь төлбөр төлөгчид төлбөрөө төлөх хугацааг 3 сараар хойшлуулах тухай байсан. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан бодитой хийгдсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”   гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгээс ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 3100 дугаартай шийдвэрээр 115,803,150 төгрөгийг, Үндэсний хөрөнгө оруулалтын газарт төлөхөөр шийдвэр гарсан. Гэтэл Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, АОС-ийн Б хэсэг 5 дугаар байрны 2 тоот 100 метр квадрат талбайтай орон сууцны метр квадрат талбай зах зээлийн ханшаар 2,300,000 төгрөгийн үнэтэй байгаа тул энэ үнээс хэт доогуур үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэснийг хасаж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...55.1... гэснийг ...55.7... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргил хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Д.Б-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 423 дугаартай магадлалыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.08-ны өдрийн 102/Ш32018/02264 дугаартай захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Д.Б-ийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг, Үнэгт тарни амралтын зүүн урд байрлах, улсын бүртгэлийн Ү-1307002178 дугаарт бүртгэлтэй, 202 м.кв талбатай 10 ширхэг байшин болон эрхийн улсын бүртгэлийн 0190599 дугаартай, нэгж талбарын 170704359 дугаартай, 2.0 га талбайтай газарт үнэ тогтоох, шинжээчээр үнэлгээ хийлгэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхдээ холбогдох хуулиар тогтоосон журам, өмчлөгчийн эрхийг зөрчсөн бодитой хууль бус үйлдэл, эс үйлдэл байсаар байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явагдсан байна хэмээн үзэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх нь тус иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Дээр дурдсан хуулийн холбогдох зүйлд албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр журамлан заасан зохицуулалтыг хариуцагчийн зүгээс хэлбэр төдий буюу талуудаас үнийн санал авах тухай мэдэгдэл өгөх төдий байдлаар хязгаарлаж, хуулийн тэрхүү зохицуулалтыг бодитой хэрэгжүүлээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ тогтоох талаарх хариуцагчийн уг ажиллагааг зөвтгөж, хангалттай хэмээн үзэж, хэргийг шийдвэрлэж буй явдалд гомдолтой байна.

“Виннэр вэй” ХХК-ийн үнэлгээ хийсэн үл хөдлөх эд хөрөнгө, газар нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт байрладаг тул тэдгээр үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхэд багагүй хугацаа, ажиллагаа зарцуулах зайлшгүй шаардлагатай юм.

Гэтэл хариуцагч нь “Виннэр вэй” ХХК-ийг 2019.07.08-ны өдөр шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 2019.07.10-ны өдөр гаргасан байдаг. Шинжээч томилсон тогтоол гаргасан хугацаа болон шинжээчийн үнэлгээний тайлан гарсан хугацаанаас үзвэл “Виннэр вэй” ХХК нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд үнэлгээ хийх ажлыг 2019.07.09-ний өдөр буюу ердөө ганцхан өдөр хийсэн байна. Үнэлгээнд хамрагдсан газар, байшин нь байрлалын хувьд хөдөө орон нутагт байрладаг тул зөвхөн тэдгээрийг үзэж, танилцахад л нэг өдөр зарцуулагдана. Тэдгээр хөрөнгийн зах зээлийн үнийн судалгааг хийхэд нилээдгүй олон өдөр зарцуулагдана. Тэдгээр хөрөнгүүдийн үнэлгээг нэг өдөр багтаан хийх ямар ч боломжгүй юм. Эндээс дүгнэж үзэхэд шинжээчийн үнэлгээ бодитой хийгдээгүй байх магадлал маш өндөр байна. Тийм байхад анхан болон давж заалдах шатны шүүх энэхүү байдлыг харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Шинжээч нь үнэлгээний тайландаа нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо зах зээлийн хандлага, харьцуулалтын аргыг үндэслэсэн гэдэг боловч яг хаана байрладаг, ямар ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй харьцуулсан талаарх мэдээлэл нь үнэлгээний тайланд тусгагдаагүй, орхигдуулсан байдаг бөгөөд энэ нь шинжээчийн үнэлгээг эс хүлээн зөвшөөрөх, цаашлаад хүчингүй болгох гол үндэслэл болно гэж үзэж байна.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.28-ны өдрийн 102/ШШ2019/03203 дугаартай шийдвэр болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 423 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Д.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэжээ.

ХЯНАВАЛ: 

Д.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.08-ны өдрийн 102/ШЗ2018/02264 дүгээр Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар, Д.Б-оос 39,881,960.88 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөгийн хамт гаргуулан, Хас банк ХХК-д олгож, захирамжид заасан үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Түнхэл”-ийн 5 дугаар багийн “Үнэгт тарни” амралтын зүүн урд байрлах 170704359 нэгж талбарын дугаартай, 2.0 га талбайтай газар, мөн сумын 8 дугаар баг Тарнийн амралтын зүүн урд байрлах улсын бүртгэлийн Ү-1307002178 дугаартай, нийт 202 м.кв талбай бүхий 10 ширхэг байшин, тус бүр 20.2 м.кв зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай  хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Д.Б-д 2019.07.04-ний өдрийн 4/15581 дүгээр албан бичгээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч нэхэмжлэгч уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.07.08-ны өдрийн 218 дугаар тогтоолоор “Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг 105,306,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.07.08-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагаар тус тус үнэлж, үнэлж буй хөрөнгийн төлөв байдлыг тэмдэглэн, гэрэл зургаар нь бэхжүүлсэн, харьцуулсан хөрөнгөнүүдийн хаяг, хөрөнгийн зориулалт зэргийг тодорхой тусгаж, үнэлгээний тайлангийн дүгнэлт, санал, зөвлөмж хэсэгтээ тухайн хөрөнгийн бодит байдалтай очиж танилцахыг чухалчилж үзсэн болохыг тэмдэглэх замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлт бодит бус буюу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байна.

 Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хөрөнгийн үнэлгээний “Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээг төлбөр төлөгчид 2019.07.10-ны өдөр танилцуулж, шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь болох 73,714,200 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар Б.Баттулгад мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “...мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заасантай нийцжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.09.17-ны өдрийн 10/30 дугаартай “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн 70 хувь болох 73,714,200 төгрөгөөр тооцон 2019.10.04-ний өдрийн 10:00 цагт анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар тогтоосон бөгөөд энэ талаар хариуцагч 2019.09.27-ны өдрийн 4/20746 дугаартай мэдэгдэлээр Д.Бд мэдэгдсэн байна.

Улмаар хариуцагч 2019.10.15-ны өдрийн 11/22 дугаартай “Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай” тогтоолоор анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн 50 хувь болох 52,653,000 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болжээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх нэхэмжлэлээ шүүхэд 2019.10.11-ний өдөр гаргасан тул түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгч Д.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгыг тусгасан байгааг хасаж, анхан шатны шүүх гаргасан хууль хэрэглээний алдааг зөвтгөж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Оргилын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ЦАГААНЦООЖ   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Х.СОНИНБАЯР

                                                                             Б.УНДРАХ