Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 480

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэртэй, Ч.М-гийн нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолын дагуу хийсэн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бүрнээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч Ч.М- миний өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2204042478 дугаартай, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хорооллын 76 дугаар байр 74 тоот 66.39 м.кв 3 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. Төлбөр төлөгчийн хувьд 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр үнэлж буй саналаа хариуцагчид бичгээр мэдэгдсэн. Төлбөр авагч Л.Одгэрэл дээрх үнэлгээг эс зөвшөөрсөн тайлбар гаргаагүй байхад шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Мөн хариуцагч нь төлбөр төлөгч, төлбөр авагч нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцуулах ажиллагаа явуулалгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 123 999 325 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур байна. Хөрөнгийн үнэлгээний тайланг зөвхөн 3 судалгаанд үндэслэн гаргасан. Тухайлбал, unegui.mn сайтаас “маш хямд, яаралтай хямд” гэсэн зараас сонгож харьцуулан тайлан гаргасан нь орон сууцны зах зээлийн үнэлгээг бодитой болсон гэж үзэх боломжгүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга байх, 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ үндэслэл бүхий тодорхой байх гэснийг зөрчсөн.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, 42.2 дах хэсэгт шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж тус тус заасан. “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлт бус тайлан гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн нь дээрх заалтуудтай нийцэхгүй байна.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-г тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03119 дугаар захирамжаар Ч.М-гаас 111 600 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404 075 төгрөгийг гаргуулж Л.Одгэрэлд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчөөс үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042478 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, 76 дугаар байрны 74 тоот 66.39 м.кв, 3 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 19260389/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тул 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 19260389/05 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 19260389/08 дугаар тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилсон. Үнэлгээг “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-аар тогтоолгоход зах зээлийн үнийг 123 999 325 төгрөгөөр үнэлж тайланг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр талуудад мэдэгдэж, холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Мөн нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан  Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”, “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ч.М-гийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нарыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн талаар харилцан тохиролцуулах ажиллагаа хийгээгүй атлаа шинжээч томилсон нь буруу. Өөрөөр хэлбэл, хуульд заасан үндэслэл журмаар ажиллагаа хийгээгүй, төлбөр төлөгч, авагч, өмчлөгч нар үнийн талаар харилцан тохиролцоогүй гэх нотолгоог хариуцагч гаргаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,  13.2, 13.4 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэх талаар зохицуулсан. Хариуцагч нь уг зохицуулалтын дагуу “хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй” талаар баримтжуулаагүй, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогчийн эрх зөрчигдсөн байхад шүүх зөвтгөж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасан. Үүнээс үзвэл талуудад зөвхөн мэдэгдэх, мэдэгдэл хүргэх бус дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлснөөр үнэлгээний тайланг танилцуулсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан талуудыг харилцан тохиролцуулах ажиллагаа, үнэлгээний тайланг танилцуулж, талуудаас санал авах зэрэгт шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл хөтлөөгүй тул үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор гаргах байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хариуцагч хууль зөрчин, хэт хайнга, хайхрамжгүй, хуульд заасан ажил үүргээ бүрэн гүйцэд гүйцэтгээгүйн улмаас төлбөр төлөгч, өмчлөгч хохирох, тухайлбал төлбөр төлөгчийн эрх ашиг зөрчигдсөн байхад шүүх шударга бус, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

“Сэлэнгэ-Эстимэйт” ХХК үл хөдлөх хөрөнгийг 123 999 325 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн тайлан гаргасан нь зах зээлийн ханшнаас хэт доогуур байна. Учир нь, зөвхөн 3 судалгаа хийсэн бөгөөд үнэлгээг гаргах болсон үндэслэлээ unegui.mn сайтад тавигдсан маш хямд, нэн яаралтай зарах үл хөдлөх хөрөнгийн үнийг баримталсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчим, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-т шинжилгээ тал бүрээс нь бүрэн, бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх зарчмыг зөрчсөн, өөр бусад сайтад тавигдсан үл хөдлөх хөрөнгийн үнэ болон бусад байдлаар харьцуулалт хийгээгүй тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.2.3-т заасантай нийцээгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэн хурааж, дуудлага худалдаанд бэлтгэж, үнэлгээ гаргуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.3 дах хэсэгт заасан үндэслэл журмыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хийсэн тул үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дараа гаргах байсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан тус газрын 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 19260389/08 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол, уг тогтоолын дагуу хийсэн “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр маргажээ. /хх1-2, 48/

 

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/03119 дугаар “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжид зааснаар Ч.М- нь Л.Одгэрэлд зээлийн гэрээний үүрэгт 111 600 000 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 76 дугаар байрны 74 тоот, гэрчилгээний Г-000193691, Улсын бүртгэлийн Ү-2204042478 дугаар бүхий 66.39 м.кв талбайтай орон сууцны үнээс хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна. /хх52-53/

 

Нэхэмжлэгч дээрх захирамжийн дагуу мөнгөн хөрөнгө төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүйн улмаас 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 101/ШЗ2019/00371 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, 00019 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, хариуцагч тал 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, 7 дугаар сарын 31-ний өдөр хураах ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх талаар мэдэгджээ. /хх50, 53-61/ Энэхүү ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүйн гадна зохигч энэ талаар маргаагүй. Харин, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал авах болон үнэлгээ хийх ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд талууд маргасан.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Ч.М-, Л.Одгэрэл нарын гаргасан үнийн санал зэргээс үзвэл, төлбөр төлөгч Ч.М- нь 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг 132 780 000 төгрөгөөр үнэлнэ гэсэн санал бичгээр гаргасан байна. /хх63-64/ Хариуцагч байгууллага тухайн өдөр 4/16767 дугаартай “Үнийн санал ирүүлэх тухай” мэдэгдлээр төлбөр авагч Л.Одгэрэлд Ч.М-гийн гаргасан саналыг танилцуулж, улмаар тухайн орон сууцны үнийн талаар санал ирүүлэхийг мэдэгдэхэд, тэрээр 100 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх65-67/

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар өөр өөр байр суурь илэрхийлж, бичгээр санал ирүүлснийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар харилцан тохиролцсон гэж үзэхгүй. Иймд хариуцагч тал тухайн хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 19260389/08 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх68/ Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж, тодорхойлуулах тухай зохицуулалттай нийцэж байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдах хууль зүйн үндэслэлгүй.

 

Шинжээчээр томилогдсон “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн хувьд нэхэмжлэлд дурдсан орон сууцны үнэлгээг 123 999 325 төгрөг гэж тодорхойлохдоо орлого, өртөг, жишиг үнийн хандлагын аргыг хэрэглэсэн байхаас гадна Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. /хх72-106/

 

Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээг тогтоосон дүнг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур гэж маргах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний хүсэлтээр анхан шатны шүүх Unegui.mn, My-zar.mn сайтуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх146-147/, төлбөр төлөгчийн өөрийнх нь гаргасан үнийн санал /хх63-64/, үнэлгээ тогтоосон тайлан /хх72-101/ зэрэг нотлох баримтуудыг харьцуулан үзвэл, нэхэмжлэгчийн гаргасан  132 780 000 төгрөгийн үнийн дүнгээс шинжээчийн тогтоосон 123 999 325 төгрөгийн хэмжээг хэт зөрүүтэй, зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж үзэхээргүй байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь шинжээч “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тайланг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч /хх71/, тухайн өдрөө Л.Одгэрэл, Ч.М- нарт 4/17616, 4/17617 дугаартай мэдэгдэл тус тус хүргүүлсэн. Төлбөр авагч тал 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дээрх мэдэгдлийг хүлээн авч, улмаар шийдвэр гүйцэтгэгч энэ талаар тэмдэглэл үйлджээ. /хх107-108/ Харин төлбөр төлөгч Ч.М-гийн оршин суух хаягаар шийдвэр гүйцэтгэгч очсон байх боловч “эзэнгүй”, харилцах утсаар нь залгахад “холбогдох боломжгүй” гэх хариу өгсөн зэргээс хамаарч баталгаат шуудангаар мэдэгдлийг хүргүүлсэн байна. /хх109-110/

 

Төлбөр төлөгч Ч.М- хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан нь хэрэгт авагдсан шуудангийн баталгаа бүхий баримтаар тогтоогдсон, мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэл зэргээс үзвэл “шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэх, дүгнэлт танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлсөн гэж үзэхгүй” гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна. /хх30/ Нэхэмжлэгч 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргасан ба анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэснийг хуульд заасан гомдол гаргах хугацааг буруу тооцсон гэж үзэхгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/03357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ч.М-гаас төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА