Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-, Т.А-нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102ШШ2019/03374 дугаар шийдвэртэй, Д.А-, Т.А-нарын нэхэмжлэлтэй, Ү.Г-д холбогдох, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, орон сууцыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамуух,  хариуцагч Ү.Г-, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шагдарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Бэлэглэгч Д.А-, Т.А-нар бэлэг хүлээн авагч Ү.Г-д Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 6б байрны 29 тоот 50 м.кв 4 өрөө орон сууцыг бэлэглэхдээ хариуцагчийн үгэнд итгэж, хөнгөмсөгөөр найдаж дүр үзүүлсэн хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Бэлэг хүлээн авагч орон сууцыг барьцаалан “Хаан банк” ХХК-аас 80 000 000 төгрөгийн зээл авч одоог хүртэл төлөөгүйгээс болж нэхэмжлэгч нар цагдаа, прокурорын газраар явж, өмгөөлөгч хөлслөн 3 жил амьдрах газаргүй болж, орон сууцны ашиглалтын төлбөр одоог хүртэл төлөгдөөгүй. Мөн бэлэг хүлээн авагч тухайн орон сууцанд амьдраагүй хаягдсан байдалтай бэлэглэгч нарыг ноцтой гомдоож, улмаар ах, дүүгийн холбоо тасарсан.

Нэхэмжлэгч нар бэлэг хүлээн авагчийн дээрх үйлдлээс болж сэтгэл санаа, эд хөрөнгө, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирч байна. Бэлэглэлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийн асуудал яригддаг. “Хаан банк” ХХК, Ү.Г- нарын зээлийн гэрээний асуудал бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Маргаан бүхий орон сууцны өмчлөл анх худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагчийн өмчлөлд шилжсэний дараа түүний хүсэлтээр бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Хаан банкны хувьд аль гэрээг үндэслэн зээл олгосоныг мэдэхгүй. Зээлийн 80 000 000 төгрөгийг Ү.Г- ах Ү.Гансүхийн хамт үгсэж авсан үеэс гомдсон.

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосноор худалдах, худалдан авах гэрээ хүчингүй болж нэхэмжлэгч нар орон сууцаа буцааж авах тул банкны зээлтэй холбоотой асуудал хамаагүй. Иймд бэлэглэгч Иргэний хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээнээс татгалзаж, мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийг хүчингүй болгох, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: Нэхэмжлэгч нар маргаан бүхий орон сууцыг барьцаалж “Транскапитал ББСБ” ХХК-аас зээл авсан байсан. Тухайн зээлийн хүү өндөр, бага хүүтэй зээл авмаар байна, бид зээлтэй тул зээл олгогдохгүй гэснээр тухайн үед хэн хэнд нь мөнгө хэрэгтэй байсан тул орон сууцыг миний өмчлөлд шилжүүлж “Хаан банк” ХХК-д барьцаалж, зээл авсан. Үүнээс нэхэмжлэгч нар 20 000 000 төгрөгийг авч “Транскапитал ББСБ” ХХК-ийн зээлийг төлж дуусгасан. Д.А-ийн хуучин нөхөр Д.Төмөрсүх, бид 2 зээл хөөцөлдсөн. Тэрээр Д.Жамуух гэж нэрээ өөрчилсөн. Нэхэмжлэгч Т.Амарцэрэнгийн дансруу 20 000 000 төгрөг шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоно.

“Хаан банк” ХХК-аас авсан зээлийг миний бие төлж байгаа. Д.Жамуух татвар төлөхөөс зайлсхийж бэлэглэлийн гэрээ хийх санал гаргаж уг гэрээ хийгдсэн. Орон сууцыг би эзэмшиж, ашиглаагүй, өөрсдөө орон сууцандаа амьдарч болно. Ашиглалтын төлбөрийг өөрсдөө төлөх үүрэгтэй. “Хаан банк” ХХК-аас авсан зээлээс өөр өөрсдийн хэрэглэсэн мөнгөн хөрөнгийг банкинд төлөөд дуусгавал орон сууцны өмчлөх эрхийг буцаагаад шилжүүлчихнэ. Нэхэмжлэгч нар зөвшөөрснөөр дээрх зээлийг авсан байтал одоо зээлийн үүргийг хамт хүлээхгүй орон сууцаа авна гэж байгаа тул бэлэглэлийг хүчингүй болгохыг зөвшөөрөхгүй. Мөн нэхэмжлэгч нарыг гомдоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “Хаан банк” ХХК нь зээлдэгч Ү.Гантулгыг орон сууц худалдан авахад зориулж 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор нэхэмжлэлд дурдсан 4 өрөө орон сууцыг барьцаалсан гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар орон сууцны зээл авах зорилгоор маргаан бүхий орон сууцыг банкинд барьцаалах хүсэл сонирхолтой байсан нь тэдгээрийн тайлбарт тодорхой байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан байдаг. Орон сууцны өмчлөгч Ү.Г- болох нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул зээлдүүлэгч “Хаан банк” ХХК нь түүнийг өмчлөгч гэж үзэж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, бүртгэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь буруу ташаа гэж эсэргүүцээгүй. “Хаан банк” ХХК нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан тул гэрээний төлбөр дуусах хүртэл уг орон сууцыг банк барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Тэдний хооронд үүссэн маргааны улмаас хууль ёсоор барьцааны эрхийг олж авсан “Хаан банк” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1, 280.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Ү.Г-д холбогдох 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Орон сууц бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгож, байрыг барьцаанаас чөлөөлж буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.А-, Т.А-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 728 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Т.А-давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан эсэхийг тодруулах ажиллагаа явуулаагүй, маргааны үндэслэлийн талаар талуудыг мэтгэлцүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй. Ү.Гантулгын тайлбарт дурдагдсан н.Жамухыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байсан. Мөн Ү.Гансүх 80 000 000 төгрөг яах гэж авсан, Т.Амарцэрэн, Ү.Гантулагаас мөнгө авсан эсэх, зээлийн харилцаанд хамааралтай эсэх зэргийг тодруулаагүй. Т.А-нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө авч байгаагүй.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1463 дугаар магадлалын заалтыг шүүх хэрэгжүүлээгүй, дүр эсгэж гэрээ хэлцэл халхавчлах зорилгоор байгуулсан эсэхийг тодруулах, мэтгэлцүүлэх ажиллагаа явуулаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Ү.Гансүх, Ү.Г- нар 80 000 000 төгрөг өгнө гэж нэхэмжлэгч нарыг залилан мэхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 2 удаа гомдол гаргаж шалгуулсан ч иргэний хэрэг гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч нар 3 жил шахам хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгийн байдлаар хохирч байна. Шүүх үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрх хариуцагчийн өмчлөлд шилжсэн гэж нэхэмжлэгч хэлсэн мэтээр зохиож бичсэн. Өөрийн авч хэрэглэсэн мөнгөө төлчихвөл орон сууцыг буцаагаад өгөх талаар хариуцагч тайлбарлаж байгаа нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохыг зөвшөөрсөн гэж үзнэ.

Шүүх “Хаан банк” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсанаар шаардах эрх үүсгэн шийдвэрт ач холбогдолтойгоор тусгасан нь хууль зөрчиж байна. Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ мэтээр тайлбарласан. Гэтэл шаардлагын хэмжээ, хугацаа, зэргийг тодорхойлсон бичиг үйлдэж хуульд заасан журмын дагуу ипотект бүртгүүлнэ гэсэн заалтыг биелүүлсэн ямарч нотлох баримт хэрэгт байхгүй байхад хариуцагчийн талд шийдвэр гаргасан нь хууль зөрчжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Амарцэрэн, Д.А- нар нь хариуцагч Ү.Г-д холбогдуулан, орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, орон сууцыг барьцаанаас чөлөөлж нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхийг даалгах” гэж тодруулсан байна. Улмаар уг шаардлагаа Иргэний хуулийн 179 дүгээр зүйлд зааснаар бэлэглэгч бэлэглэлийн гэрээнээс татгалзаж байх тул мөн хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт зааснаар бэлэглэлийг хүчингүй болгуулна /1хх1, 158, 213/ гэж өөрчилж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч нар миний өмчлөлд шилжүүлж, “Хаан банк” ХХК-д барьцаалан               80 000 000 төгрөгийн зээл авсан, үүнээс 20 000 000 төгрөгийг нь нэхэмжлэгч нарт шилжүүлсэн тул тухайн гэрээний үүргээс ногдох төлбөрийг хариуцан төлж, зээлийн гэрээ дуусгавар болсноор орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэхэд татгалзахгүй” гэж тайлбарласан байна. /1хх16, 244-245/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон “Хаан банк” ХХК нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргаж, дурдсан орон сууцны өмчлөгч Ү.Г- болох нь 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул зээлдүүлэгч нь барьцааны эрхийг хууль ёсоор олж авсан бөгөөд зээлийн гэрээний үүрэг төлөгдөж дуусах хүртэл барьцааны зүйлийг чөлөөлөх боломжгүй гэжээ. /1хх242/

 

Зохигчдын тайлбараас үзвэл, талууд бэлэглэлийн гэрээ хуулийн хүчин төгөлдөр эсэх, гэрээнд дурдсан орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх эсэх, мөн уг орон сууцыг барьцаалж хариуцагчийн банкнаас авсан зээлээс нэхэмжлэгч нар тодорхой хэсгийг авсан эсэх талаар маргасан байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1463 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай гэх үндэслэл зааж хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. /1хх196-198/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг тодруулсан, өөрчилсөн байдлаас үзвэл, анхан шатны шүүх дээрх магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, зохигчид 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр бэлэглэлийн гэрээ тус тус байгуулж, улсын бүртгэлд бэлэглэлийн гэрээ бүртгэгдсэнээр нэхэмжлэлд дурдсан орон сууцыг өмчлөх эрх хариуцагч Ү.Г-д шилжсэн үйл баримт тогтоогджээ. /1хх5-6, 96, 99/ Улмаар, 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ү.Г- нь “Хаан банк” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 80 000 000 төгрөгийг шилжүүлэн авч, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож тухайн орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан нь тогтоогдсон. /1хх102-112,140/

 

“Хаан банк” ХХК нь Ү.Гантулгыг маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн дээрх зээлийн гэрээг байгуулахдаа зориулалтыг нь “орон сууц худалдан авах” гэж тодорхойлжээ. Харин орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар тодруулж, дүгнээгүй. Ийнхүү тодруулах ажиллагаа явуулж, дүгнэлт хийснээр орон сууцны өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэх буюу нэхэмжлэгчийн шаардах эрх, түүний үндэслэл тодорхой болж, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг залруулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102ШШ2019/03374 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах            хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 657 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА