Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2021/01285

 

 

Голомт банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаар магадлалтай,

 

Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

Их дааган ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 59,044,652 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Шинэбиш, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Их дааган ХХК нь Голомт банктай 2018.01.18-ны өдөр ЗГ1905120182 тоот зээлийн гэрээг байгуулж 20,000,000 төгрөгийг жилийн 8.4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатайгаар, 2018.01.18-ны өдөр ЗГ1905120183 тоот зээлийн гэрээг байгуулж 60,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. ЗГ1905120182, ЗГ1905120183 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож ЗБ1905120183 тоот ипотекийн гэрээгээр Б.Оюунцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол /14252/, ХД-37 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай 78.6 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. ЗГ1905120182 тоот зээлийн гэрээний хугацаа нь 2019.08.10-ны өдөр дууссан бөгөөд 2019.10.10-ны өдрийн байдлаар 303 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн бөгөөд үндсэн зээлд 9,473,684.30 төгрөг, үндсэн хүүд 730,411.79, нэмэгдүүлсэн хүүд 80,093.60 төгрөг нийт 10,284,189 төгрөгийн үлдэгдэлтэй байна. ЗГ1905120183 тоот Зээлийн гэрээний хугацаа нь 2022.01.10-ны өдөр дуусах боловч 2019.10.10-ны өдрийн байдлаар 182 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн бөгөөд үндсэн зээлд 42,215,563.02 төгрөг, үндсэн хүүд 6,401,984.69, нэмэгдүүлсэн хүүд 142,915.07 төгрөг нийт 48,760,462.78 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Голомт банк нь ЗГ1905120183 тоот зээлийн гэрээний 4.2.1-т заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1-т тус тус заасны дагуу ЗГ1905120183 болон ЗГ1905120182 тоот зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Голомт банкны эдийн засагч нар зээлээ төлүүлэхээр хангалттай сайн яваагүй, зээл нь 303, 182 хоногоор хугацаа хэтэрсэн. Гэтэл хариуцагч талаас ямар нэг арга хэмжээ аваагүй, утсаар яриад өнгөрсөн. Манай үйлчлүүлэгчийн зүгээс мэдэгдэх хуудас өгөөгүй гэсэн тайлбар хэлсэн. Зээлдэгч зээлээ төлөх боломжгүй, эд хөрөнгийн байдал доройтсон тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд хандах боломжтой байдаг. Гэтэл ийм хугацаа өнгөрсний дараа шүүхэд хандсанд гомдолтой байна. Хугацаа өнгөрөх тусам хүү алданги хуримтлагдан банкинд ашигтай нөхцөл байдал үүснэ. 60 хоногийн дараа шүүхэд хандсан бол манай талд ийм хэмжээний өр төлбөр хуримтлагдахгүй байсан. Хүү алдангийг бодсон нягтлан бодох бүртгэлийн стандартыг барьсан гэдгийг мэдэхгүй байна. Хүү алдангийг багасгах шаардлагатай. Үнийн дүн дээр гомдолтой байна гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Их дааган ХХК-аас зээлийн гэрээний үүрэг нийт 59,044,652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Оюунцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 3 хороо, 5 хороолол, ХД 37 дугаар байр 10 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 78.6м2 талбайтай, 3 өрөө орон сууц үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/03451 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Их дааган ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 59,044,652 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД-37 дугаар байрны 10 тоот хаягт байршилтай 78.6 м.квадрат талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-2203024229 дугаартай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг 3 гэж 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 480,669 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Голомт банкны зүгээс Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь хэсгүүдийг үндэслэн хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна. Товчхон дурдвал Их дааган ХХК нь өөрийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор нэхэмжлэгч Голомт банктай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 /хоёр/ зээлийн гэрээ байгуулж санхүүжилт авсан байдаг. Эдгээр зээлийн гэрээ, хэлцлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /ипотек/ байгуулсан бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Оюунцэцэгээс гаргуулж авах замаар зээлийн хөрөнгийг шилжүүлэхээр тохиролцсон. Барьцааны гэрээ нь зээлийн мөнгөн хөрөнгийг олгох, зээлийг гэрээ байгуулах үндсэн суурь нөхцөл бөгөөд хэрэв эдгээр үүргийн гүйцэтгэлийг хангах гэрээ, хэлцлүүд байгуулагдаагүй байсан бол зээлийн мөнгөн хөрөнгийг олгохгүй байсан. Талууд нөхцөл байдлыг бүрэн ойлгож байсан бөгөөд хариуцагч нар нь барьцааны гэрээний зүйлийг худалдан борлуулж, зээлийн төлбөрийг барагдуулахаар гэрээ байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл анхны талуудын тохиролцоо хэрэв банкны мөнгийг өгч чадахгүй нөхцөл үүсвэл барьцаа хөрөнгөө худалдан борлуулж төлөх учир зээлийг олгоход эрсдэл байхгүй болохыг нотолж эдгээр зээлийн харилцаа үүссэн. Гэтэл уг үндсэн харилцааг давж заалдах шатны шүүх харгалзаж үзсэнгүй. Хэрэв барьцаалагчийн хувийн амлалт байхгүй байсан бол банкны зүгээс өнөөдөр ийм хэмжээний эрсдэлийг хүлээж мөнгөн хөрөнгийг олгохгүй байсан. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх Давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар тогтоосон байгаа үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Эсвэл гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Голомт банк ХХК нь Их дааган ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 59,044,652 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж төлбөр төлж чадаагүй, банк төлбөр шаардаагүй удаашруулснаас өр төлбөр хуримтлагдсан, хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэсэн тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хянаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

 

1. Хоёр шатны шүүх, зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох 2 удаагийн буюу 20,000,000 төгрөгийг жилийн 8.4 хувийн хүүтэй, 19 сарын хугацаатай зээлсэн 2018.01.18-ны өдрийн ЗГ/1905120182 тоот, мөн өдрийн 60,000,000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар зээлсэн ЗГ/1905120183 тоот зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч биелүүлж зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч Их дааган ХХК-ийн дансанд шилжүүлж өгсөн, хариуцагч тохирсон хугацаанд мөнгийг төлөх хуваарийг зөрчсөн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

 

ЗГ/1905120182 тоот зээлийн гэрээний хугацаа 2019.08.10-ны өдөр дуусгавар болсон, харин ЗГ/1905120183 тоот зээлийн гэрээний хугацаа 2022.01.10-ны өдөр дуусгавар болох хэдий ч гэрээний үүргээ хариуцагч ноцтой зөрчсөнөөс энэхүү гэрээг нэхэмжлэгч хугацаанаас өмнө цуцалж үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг зөрчөөгүй байна.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан үнэлж, 2 удаагийн зээлийн гэрээгээр хариуцагчийн гүйцэтгэсэн болон гүйцэтгэвэл зохих төлбөрийн тооцооллыг үндэслэн ЗГ/1905120182 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 9,473,684.30 төгрөг, зээлийн хүү 730,411.79, нэмэгдүүлсэн хүү 80,093.60 төгрөг нийт 10,284,189 төгрөг, ЗГ/1905120183 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 42,215,563.02 төгрөг, зээлийн хүү 6,401,984.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 142,915.07 төгрөг нийт 48,760,462.78 төгрөг, бүгд 59,044,652 төгрөгийг хариуцагч Их дааган ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасантай нийцжээ.

 

2. Их дааган ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор Голомт банк ХХК болон Б.Оюунцэцэг нарын хооронд 2018.01.18-ны өдөр байгуулагдсан ЗБ/1905120182 тоот барьцааны гэрээг үндэслэн нэхэмжлэгч барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаарх давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт зөв байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь зөвхөн зээл авсан зээлийг эргэн төлөх үүрэг гүйцэтгэгчийн бус бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд Их дааган ХХК-ийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Б.Оюунцэцэг нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

 

Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах шаардлага гаргасан боловч тухайн барьцааны гэрээний нэг тал буюу барьцаалуулагч болох Б.Оюунцэцэгт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй ба барьцааны гэрээний талууд тухайн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөрийн байр суурийг илэрхийлэх, барьцаалуулагч нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг бусдын зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу худалдан борлуулах шаардлагатай холбоотой тодорхой эрхүүдийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар эдлэх юм.

 

Иймд уг нэхэмжлэлийг хангах нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгүүлэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана. гэж заасантай нийцэхгүй.

 

Өөрөөр хэлвэл, барьцааны зүйлийн өмчлөгч бус, барьцааны гэрээний тал болоогүй Их дааган ХХК-д холбогдуулж нэхэмжлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг анхан шатны шүүх анхаараагүй барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 363 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК / итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Хосбаяр/ хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.03.12-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

П.ЗОЛЗАЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ