Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 482

 

 

 

 

 

 

 

 

 

З.Д-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00027 дугаар шийдвэртэй, З.Д-гийн нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох, гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.Д-, түүний өмгөөлөгч С.Эрдэнэсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний бие хүү Ө.Ариунболдын хэргийг өмгөөлүүлэхээр 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өмгөөлөгч Б.У-тэй гэрээ байгуулсан. Б.У- нь Ө.Ариунболдын хэрэгт дахин шинжээч томилуулахаар прокурортой ярьсан гэж худал хэлж гэрээ байгуулан, ажлын хөлс 500 000 төгрөгийг бэлнээр авсан. 2 хоногийн дараа залгахад Төв аймагт шүүх хуралд оролцохоор явж байна гэсэн ба 7, 8 хоногийн дараа залгахад утсаа аваагүй, хариу өгөөгүй. 2018 оны 6 сарын 29-нд шүүх хуралдаан болох өдөр Ө.Ариунболдтой уулзаагүй, нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан, архи уусан ирсэн ба шүүх хуралдаанд өмгөөллийн үг хэлж нэг ч үг дуугараагүй. Эмнэлгийн 3 акт нотлох баримтаар өгөх гэхэд “одоо хэрэггүй” гээд өгүүлээгүй. Б.У- гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тайлбартаа: 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Энуг Консалтинг" ХХН-ийн хуульч, өмгөөлөгч би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, Ө.Ариунболдод хуулийн дагуу гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлэх үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.У-т холбогдох, гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай З.Д-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг ч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн гэж заасны дагуу Б.У- нь үүргээ үнэнч шударгаар, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй атал Ө.Ариунболдын эрүүгийн хэрэгт үйлчлүүлэгч дахин шинжээч томилуулах хүсэлтэй байхад үл харгалзан дахин шинжээч томилуулаагүй, шүүх хуралдаанаас өмнө үйлчлүүлэгч Ө.Ариунболдтой уулзаагүй, шүүх хуралдаанд үйлчлүүлэгчийн хүсэл зоригт нийцсэн өмгөөллийн үг хэлж оролцоогүй, үйлчлүүлэгчийн хүсэлтээс өөр тайлбар хэлж оролцсон, хууль зүйн туслалцаа үзүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Энэ нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Эрүүгийн хэргийн төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/20 дугаар албан бичиг, бусад баримтаар нотлогддог тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхтэй холбоотой харилцааг тусгайлан зохицуулсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 1.7.1, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д зааснаас үзвэл, Б.У- нь тухайн эрүүгийн хэрэгт чин сэтгэлээсээ хандах, хүчин чармайлт гаргах, үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, тууштай хамгаалах болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй. Эдгээрээс үзвэл зөвхөн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1, 1.3-т “анхан шатны шүүхийн тогтоол гармагц гэрээний үүрэг биелсэнд тооцон, энэхүү гэрээний хугацаа дуусгавар болж, өмгөөлөгчийн энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болно” гэж заасныг зохих ёсоор гүйцэтгэсэн нөхцөл биелэгдсэн хэмээн дүгнэх нь буруу. Гэрээний уг заалт зөвхөн гэрээний хугацааг тогтоосон нөхцөл байна. Харин үүргийн гүйцэтгэлийн хувьд зохих ёсоор гүйцэтгээгүй нь харагдана. Үүнийг хариуцагч няцаах тайлбар ч гаргаагүйг харгалзах шаардлагатай.

Мөн Б.У- нь З.Д-тай хэлцэл хийх зорилгоор “Энуг консалтинг” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч гэж, мөн эрүүгийн хэрэгт шийтгэгдэж байснаа нуун дарагдуулж хуурч мэхлэн гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хуурч мэхэлж хийсэн хэлцэл юм. З.Д-, Б.У- нар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 004 дүгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа “2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Энуг Консалтинг” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч..., гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлсэн” гэдэг боловч “Энуг консалтинг” ХХН-д хуульч, өмгөөлөгч Б.У- ажилладаггүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоолоор албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт буруутайд тооцогдон 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн байна.

Шүүх “Хэдийгээр Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 156 дугаар тушаалаар хуульч Б.У-ийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон ч гэрээ байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зөвшөөрөл хүчинтэй байжээ” гэж дүгнэсэн. Гэвч дээрх тогтоолоор баривчлах ялаар шийтгэгдсэн байхад 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл бүтэн жил хагасын хугацаанд Хуульчдын холбоо Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дах хэсэгт зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоогүй ба хуульч, өмгөөлөгч Б.У- 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр З.Д-тай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулах үед мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгох нөхцөл бүрдсэн байна.

Харин түүнийгээ нуун дарагдуулж, хуульч өмгөөлөгч гэж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дах хэсэгт зааснаар хэлцэл хийх зорилгоор З.Д-г хууран мэхэлсэн, уг хэлцлийг хийхэд саад болох нөхцөл байдлыг нуун дарагдуулсан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу Б.У- нь өмгөөллийн хөлсөнд авсан 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага “Б.У-ээс 500 000 төгрөг гаргуулах” бөгөөд шүүх хуралдаанд намайг хууран мэхэлсэн учир өгсөн мөнгөө буцаан авах хүсэлт илэрхийлж байгааг харгалзан, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох чиг үүргийнхээ хүрээнд шүүх хохирсон, хуурч мэхлэгдсэн иргэн миний нэхэмжлэлийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг хэрэглэн хангах боломжтой байсан. Гэтэл шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч З.Д- нь хариуцагч Б.У-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзаж, гэрээ ёсоор өмгөөллийн хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 004 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооны 0099 дугаартай тасалбар /хх31-33/, зохигчдын тайлбараас үзвэл, талуудын хооронд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу хариуцагч нь Ш.Чулуунтөмөрт холбогдох эрүүгийн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч З.Д-гийн хүү Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажил үйлчилгээний хөлсийг тохирсон хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон байна. Хариуцагч 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс дээрх гэрээнд заасан үйлчилгээний хөлсөнд 500 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй, худал хэлж залилан мэхэлсэн төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж гэрээ байгуулсан тул гэрээнээс татгалзаж өмгөөллийн хөлс гэж төлсөн мөнгөө буцаан гаргуулна” гэж, хариуцагчийн хувьд уг шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.3-т зааснаар эрх зүйн туслалцаа үзүүлсэн” гэж тайлбарласан байна. /хх1, 28/

 

Анхан шатны шүүх хариуцагч Б.У- нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, гэрээ байгуулах үед ял шийтгэлтэй байдлаа мэдэгдээгүй байгаа боловч нэхэмжлэгч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин түүний үйлдэл нь эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх маргаан тул иргэний журмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Шүүх талуудын маргааны зүйл болох хууль зүйн туслалцаа үзүүлэх хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар зайлшгүй дүгнэлт өгөх учиртай. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дах хэсэгт ... хуульчаар ажиллаж байх хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол Хуульчдын холбоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгоно гэсэн байна. Хэрэгт авагдсан Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 04/241 тоот албан бичиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол зэргээс үзвэл /хх10, 124-133/, хуульч, өмгөөлөгч Б.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 сар 10 хоног баривчлах ялаар шийтгэгдсэн үйл баримт тогтоогджээ.

 

Иймд хариуцагч Б.У- нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 004 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулах үедээ хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байснаа нууж, нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан гэж үзнэ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор зохицуулжээ.

 

Иймээс талуудын хийсэн хэлцэл хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасантай нийцэх бөгөөд хариуцагч Б.У-ээс хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 500 000 төгрөгийг нэхэмжлэгч З.Д- буцаан шаардах эрхтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2020/00027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.У-ээс 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Д-д олгосугай” гэж,  

тогтоох хэсгийн 2 дах заалтын “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч Б.У-ээс 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Д-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Д-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 15 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Н.БАТЗОРИГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА