Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 027

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 30 өдөр                   Дугаар 183/ШШ2020/00027                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: З.Д нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б холбогдох,

Гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсөнд төлсөнд төлсөн 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, нарийн бичгийн дарга Б.Сарангуа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өөрийн хүү Ө.Ариунболдын хэргийг өмгөөлүүлэхээр 2018 оны 5 сарын 17-ны өдөр өмгөөлөгч Б.Утэй гэрээ байгуулсан. Б.У нь миний хүү Ө.Ариунболдын хэрэгт дахин шинжээч томилуулахаар прокурортай ярьсан гэж худлаа хэлж гэрээ байгуулан, манай гэрт машинтай ирж, ажлын хөлсөнд 500.000 төгрөгийг мөн өдөр бэлнээр авсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсан дахин шинжээч томилуулмаар байна гэхэд дахин томилох болсон гэж хэлсэн. 2 хоногийн дараа залгахад Төв аймагт шүүх хуралд оролцохоор явж байна гэсэн ба 7, 8 хоногийн дараа залгахад утсаа аваагүй хариу өгөөгүй. Мөн 2018 оны 6 сарын 29-ний өдөр шүүх хурал болох гэж байхад миний хүүтэй уулзаагүй. Ингээд шүүх хуралдаан болох гэж байхад Б.У нь нөгөө талын өмгөөлөгчтэй уулзсан, архи уусан байсан ба шүүх хуралдаанд 1 ч үг дуугараагүй. Миний хүүгийн эмнэлгийн 3 акт нотлох баримтаар өгөөгүй байгаа, өгч болох уу гэхэд одоо хэрэггүй гээд өгүүлээгүй. Б.У нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг түүнээс буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 3 сарын 22-ны өдөр “Энуг Консалтинг“ ХХН-ийн хуульч, өмгөөлөгч би хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийж, Ө.Ариунболдод хуулийн дагуу гэрээний 1.3-т зааснаар өмгөөллийн эрх зүйн туслалцааг үзүүлсэн /үйл ажиллагаа явуулсан/. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

З.Д нь Б.Ут холбогдуулан гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд худлаа хэлж залилсан төдийгүй өөрөө гэмт хэрэг үйлдэж өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхгүй байснаа нууж хийх ёстой ажлаа хийгээгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ эрх зүйн туслалцаа үзүүлсэн гэж тайлбарласан байна.

 

З.Д, Б.У нар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 004 дүгээр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хавсралтын хамт байгуулсан, энэ талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” байх зарчимд нийцсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

 

Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч, гуравдагч этгээдийн аль нь ч үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй гэжээ.

 

Уг гэрээгээр “Энуг консалтинг” ХХН-ийн хуульч, өмгөөлөгч Б.У нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлэх, З.Д нь үйлчилгээний хөлсөнд 500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байх тул Иргэнй хуулийн 203.1-д заасан гуравдагч этгээд Ө.Ариунболдод ашигтай гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Гэрээгээр үүрэг гүйцэтгүүлэгч З.Д, гуравдагч этгээд Ө.Ариунболдын хэн аль нь Б.Уээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогч Ө.Ариунболдын өмгөөлөгчөөр Б.У оролцсон, З.Д өмгөөллийн хөлсөнд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг Б.Ут шилжүүлсэн болох нь шийтгэх тогтоол, тэмдэглэл, зохигчийн тайлбараар нотлогджээ.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна.

 

Тухайн тохиолдолд анхан шатны шүүхийн тогтоол гарах буюу 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл З.Д, Ө.Ариунболд нар гэрээнээс татгалзсан, нэмэлт хугацаа тогтоосон байдал хэргийн үйл баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч нь 500,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна.

 

Иймд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 004 дүгээр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.1, 1.3-т “анхан шатны шүүхийн тогтоол гармагц гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнд тооцон, энэхүү гэрээний хугацаа дуусгавар болж, өмгөөлөгчийн энэ гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болохоор тохиролцсоныг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гэрээ дуусгавар болсон гэж үзнэ.    

 

“Энуг консалтинг” ХХН-д хуульч, өмгөөлөгч Б.У нь ажилладаггүй, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаар тогтоолоор албан тушаалын байдлаа ашиглаж бусдын эд хөрөнгийг итгэл эвдэн хуурч мэхлэх аргаар залилан авсан гэмт хэрэгт буруутайд тооцогдон 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн байна

 

Гэтэл тухайн нөхөрлөлд ажилладаг байдлаар хуульч, өмгөөлөгч Б.У нь гэрээ байгуулсан, дээрх ял шийтгэлтэй байдлаа мэдэгдээгүй байгаа боловч нэхэмжлэгч гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаагүй, харин түүний үйлдэл нь эрүүгийн журмаар шалган шийдвэрлэх маргаан байх тул иргэний журмаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй юм.

 

Хэдийгээр Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 156 дугаар тушаалаар хуульч Б.Уийн гишүүнчлэлийн эрх болон хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон байгаа боловч гэрээ байгуулагдсан 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зөвшөөрөл хүчинтэй байжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, -д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэхээр түүний шүүхэд мэдүүлсэн хаягаар тов хүргэхэд оршин суудаггүй гэж тодорхойлолт ирүүлсэн, хариуцагч нь товыг лавлах, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд шүүхэд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан Бт холбогдох, гэрээнээс татгалзаж, өмгөөллийн хөлсөнд төлсөн 500,000 /таван зуун мянга/ төгрөгийг буцаан гаргуулах тухай Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 15.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ