Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 518

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Батжаргал, О.Урангоо, Т.Эрдэнэбилэг, М.Анхболор,

Д.Оюунгэрэл, Н.Сүндэръяа, Н.Тулга, Б.Анар нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02595 дугаар шийдвэртэй, Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А-нарын нэхэмжлэлтэй, Я.Н-д холбогдох,

эзэмшил газар болон орц гарц чөлөөлж, хууль бус үйлдлээ зогсоох, нэхэмжлэгч нарын газар эзэмших боломж олгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Батжаргал, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, өмгөөлөгч Э.Болорчулуун, хариуцагч Я.Н-, түүний өмгөөлөгч Ё.Энхээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь  Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны “Сэлх” зуслангийн нутаг дэвсгэрт 8 өрх зэргэлдээ газрыг эзэмших болж Газрын тухай хуульд заасны дагуу эргэлтийн цэг тэмдэглэгээг тогтоолгон хашаалж, орц, гарц гарган зам зассан. Гэтэл хариуцагч Я.Н- нь бидний эзэмшил газрыг дур мэдэн хагалж мод тарих, сандал суулгах, орох, гарах гарц хааж сахиулын байр барих, төмөр тор татаж хашаалах, зассан зам дээр усны том сав тавьж орц, гарцыг хаах, хашаа нураах, хашаан доторх ганц модны дор ямаа алж булах, бөөлөх, өөрийнхөө дээд талд гуйлгачингууд гаргахгүй гэж доромжлох зэргээр хууль бус үйлдлүүд гаргасан.

Нэхэмжлэгч нар Я.Н-д дээрх хууль бус үйлдлээ таслан зогсоох талаар мэдэгдэл, Сүхбаатар дүүргийн Газрын алба түүнд бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх тухай шаардлага тус тус өгч байсан. Я.Н- нь нэхэмжлэгч нарын газрыг өөрийн газар гэж байснаа энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн үед тэднээс газраа худалдахыг хүссэн нь түүний үйлдэл хууль бус болохыг харуулж байна.

Нэхэмжлэгч нар газар эзэмших гэрчилгээнд заасан хугацааг сунгуулахаар Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гаргахад тодорхой бус шалтгаанаар шийдвэрлээгүй байж байгаад Я.Н-тэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний дараа хугацааг сунгана гэсэн хариу ирүүлсэн. Хариуцагч нь нэхэмжлэгч нарын эзэмшил газрын ихэнх хэсэгт дураараа мод тарьсан ба одоо ч үргэлжлүүлэн мод тарьж байна. Хэрэгт хавсаргасан гэрэл зургаас үзэхэд нэхэмжлэгч Б.Анарын эзэмшил газарт орох зам дээр усны том сав тавьж орц, гарц хаасан, нэхэмжлэгч Н.Тулгын газарт мөн л усны сав байрлуулсан, нэхэмжлэгч Д.Оюунгэрэлийн газарт сандал суулгаж орох гарах замыг хааж, манаачийн байр барьсан байгаа болно. “РЦС” ХХК-д олгосон газар нь нэхэмжлэгч нарт олгосон газрын координатаас шууд үргэлжилж байгаа бөгөөд давхцал огт байхгүй.

Иймд нэхэмжлэгч Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А-нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож нэхэмжлэгч нар өөрсдийн газраа хуульд заасны дагуу эзэмших боломж олгохыг хариуцагч Я.Н-д даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй гэж үзэж чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан газарт иргэн Я.Н- мод тарих зэргээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй. “РЦС” ХХК нь маргаж буй газар болон түүний хил залгаа газарт 2012 оноос хойш газар эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргаж, эзэмших эрх олж авсан, төсөл хөтөлбөр батлуулан холбогдох байгууллагуудаар зөвшөөрөл гаргуулан хэрэгжүүлсэн, өнөөдөр ч төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заажээ. Тиймээс иргэн Я.Н- болон “РЦС” ХХК нь бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тусдаа эрх зүйн этгээдүүд бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу “РЦС” ХХК гэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаварыг Я.Н- хариуцах, түүний өмнөөс хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар эрх зүйн маргааны хариуцагчийг өөрөө тодорхойлох эрх, үүрэгтэй бөгөөд иргэн Я.Н-г уг маргааны хариуцагчаар тодорхойлж татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг баримтлан Я.Н-д холбогдох Н.Батжаргал нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашааг буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож, нэхэмжлэгч нарт өөрсдийн газраа хуульд заасны дагуу эзэмших тухай Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А-нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт                        561 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүх нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хариуцагч хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна хэмээн хариуцагчийг үндэслэлгүйгээр зөвтгөлөө. Я.Н- нэхэмжлэгч нарын эзэмшил газарт хууль бус, дур зоргын үйлдлүүд гаргасан нь хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 549 тоот албан бичиг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шаардах хуудас зэрэг баримтуудаар нотлогддог. Газрын алба Я.Н-г бусдын газар эзэмших эрхийг зөрчсөнийг мэдсэн, зөв тогтоосон нь лавтай. Бид тухайн үед Я.Н-д хууль бус үйлдлүүдээ зогсоож хуулийн өмнө эрх тэгш байхыг хүссэн шаардлага нь хэрэгт авагдсан. Бидний эзэмшил газар дээр мод тарих, усны хоолой татах зэрэг хууль бус үйлдлүүд гаргасан нь хэрэгт хавсаргасан гэрэл зургуудаар нотлогдсон.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “РЦС” ХХК-ийн үйл ажиллагаатай холбожээ. Гэвч тус компани бидний газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэх баримт хэрэгт байхгүй. Хариуцагч нь тухайн компанитай өөрийн хууль бус үйлдлээ холбон тайлбарлаж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах арга болох нь ойлгомжтой. “РЦС” ХХК нь бидний эзэмшил газар дээр байтугай өөрийн эзэмшлийн 1,5 га газар дээр ч үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бий болж, гэрчилгээ нь 2014 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрүүдэд гарсан. “РЦС” ХХК-д бидний эзэмшил газартай ямар ч давхцалгүйгээр газар эзэмшүүлэх шийдвэр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гарч, гэрчилгээ нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дах хэсэгт заасны дагуу 15 өдрийн дотор олгогдоно гэснийг зөрчиж 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гарсан нь ойлгомжгүй байна. Хариуцагч нь газрын хууль ёсны эзэмшигч болох нь нотлогдоогүй байхад шүүх Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасныг хэрэглэсэн нь буруу. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А-нар нь хариуцагч Я.Н-д холбогдуулан, тэдний эзэмшил газарт мод тарьсан, Б.Анар, Н.Тулга нарын эзэмшил газрын орц, гарц хааж усны сав байрлуулсан, Д.Оюунгэрэлийн эзэмшил газарт сандал суулгасан, орц гарц хаасан манаачийн байр зэргийг авах, төмөр торон хашааг буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоох, нэхэмжлэгч нарт хуульд заасны дагуу газар эзэмших боломж олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч уг нэхэмжлэлийн хариуцагч нь “РЦС” ХХК гэх үндэслэлээр маргажээ. /хх1-3, 123, 117, 130, 141/

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг хариуцагч зөрчсөн эсэх талаар маргаж байх бөгөөд энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгч нарын зөвшөөрөлгүйгээр тэдний эзэмшлийн газрын ямар хэмжээнд хувь хүн, хуулийн этгээдийн хэн нь үйл ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг нь зөрчсөн талаар тодруулах шаардлагатай байжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нарын хэнийх нь эзэмшлийн газрын аль хэсэгт ямар хэмжээгээр мод тарьсан, эд зүйлс байрлуулсан зэрэг үйл баримт  нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаарлагадаа “газрын ихэнх хэсэг” гэх боловч энэ нь ямар хэмжээг хамаарч байгаа нь нарийвчлан тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай.

 

Түүнчлэн, хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан өөрсдийн газрыг нэр зааж, эрх зөрчигдсөн үйлдлүүдийг тусгасан цахим хэрэгсэл ашиглаж авсан гэх зурган үзүүлэлт /хх171/, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Шаардах хуудас” гэх баримтууд авагдсан байх боловч эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй байна. Шүүх талуудын маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.

 

Иймд дээрх зөрлийн улмаас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, дурдсан алдааг залруулах буюу нотлох баримт бүрдүүлэхтэй холбоотой ажиллагааг хийх боломж хуулиар олгогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах            хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нараас төлсөн 561 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ИЧИНХОРЛОО                                                           

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА