Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2019/02595

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

нэхэмжлэгч: Н.Б нарын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Я.Н-д холбогдох,

Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож, нэхэмжлэгч нарын газраа хуульд заасны дагуу эзэмших тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, хариуцагч Я.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ё.Энхээ, Д.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчид нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2014 оны А/309 дүгээр захирамжийн дагуу тус дүүргийн 20-р хороо Сэлх зусланд 8 өрхийн зэргэлдээ газрыг эзэмшин Газрын тухай хуульд заасны дагуу эргэлтийн цэг тэмдэглэгээг тогтоолгон хашаалж хамгаалсан. Мөн эзэмшил газар руугаа орц, гарц гарган зам зассан.

Гэтэл хариуцагч Я.Н нь ззэмшлийн газрыг дур мэдэн хагалж мод тарих, сандал суулгах, орох, гарах гарцыг хааж сахиулын байр барих, ...газрыг нэлэнхүйд нь төмөр тор татаж хашаалах, зассан зам дээр усны том сав тавьж орц, гарцыг хаах, хашаа нураах, хашаан доторх ганц модны дор ямаа алж булах, бөөлөх, өөрийнхөө дээд талд гуйлгачингуудыг гаргахгүй гэж доромжлох зэргээр хууль бус үйлдлүүд гаргасан.

Нэхэмжлэгчид Я.Нд эдгээр хууль бус үйлдлээ таслан зогсоохыг хүсэж түүнд мэдэгдэл өгч байсан ба Сүхбаатар дүүргийн газрын албанаас ч Я.Нд бусдын газар эзэмших эрхийг зөрчихгүй байх тухай шаардлага өгч байсан. Я.Н нь нэхэмжлэгчдийн газрыг өөрийн газар гэж байснаа энэ оны 6 дугаар сарын 10-ны үед тэднээс газраа худалдахыг хүссэн нь түүний үйлдэл хууль бус болохыг харуулж байна.

Гэвч нэхэмжлэгчид нь өөрсдийн газраа үргэлжлүүлэн эзэмшихийг хүсч байгаагаа илэрхийлэхэд үл ойшоон хууль бус үйлдлүүдээ таслан зогсоохгүй байгаа болно. Нэхэмжлэгчид нь газар эзэмших гэрчилгээнд заасан хугацаагаа сунгуулахаар Сүхбаатар дүүргийн газрын албанд уг хугацаагаа дуусахаас өмнө хүсэлт гаргахад тодорхой бус шалтгаанаар шийдэхгүй байснаа сая тус албанаас шүүхээр Я.Нтэй холбоотой асуудлыг шийдүүлэхийг зөвлөсөн хариу өглөө. Мөн ийнхүү шийдүүлсний дараа газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгана гэж байгаа болно.

Хариуцагч Я.Н нь нэхэмжлэгч нарын эзэмшил газрын ихэнх хэсэгт дураараа мод тарьсан байгаа ба одоо ч үргэлжлүүлэн мод тарьж байна. Хэрэгт гарган өгсөн зургаас хархад нэхэмжлэгч Б.Аын эзэмшил газар руу орох зам дээр усны том сав тавьж орц, гарц хаасан, нэхэмжлэгч Н.Тулгын газар дээр мөн усны сав байрлуулсан, нэхэмжлэгч Д.Оийн газарт сандал суулгасан, мөн орох гарах замыг хааж манаачийн байр барьсан байгаа болно. РЦС ХХК-д олгосон газар нь нэхэмжлэгч нарт олгосон газрын кординатаас шууд үргэлжилж байгаа бөгөөд давхцал огт байхгүй.

Иймд нэхэмжлэгч Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож нэхэмжлэгч нарт өөрсдийн газраа хуульд заасны дагуу эзэмших боломж олгохыг хариуцагч Я.Нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нарын эзэмших эрхтэй гэж үзэж чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан газарт иргэн Я.Н би мод тарих зэргээр ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, харин РЦС ХХК нь нэхэмжлэгч нарын маргаж буй газар болон түүний хил залгаа газарт 2012 оноос хойш газар эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан, газар эзэмших эрхийг олж авсан, төсөл хөтөлбөр батлуулан холбогдох байгууллагуудаар зөвшөөрөл гаргуулан хэрэгжүүлсэн, өнөөдөр ч төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Иргэний хуулийн 7.1.-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна гэж заажээ. Тиймээс иргэн Я.Н болон РЦС ХХК нь бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тусдаа эрх зүйн этгээдүүд бөгөөд Иргэний хуулийн 25.1-д заасны дагуу РЦС ХХК гэх хуулийн этгээдийн үйл ажиллагаанаас бий болох үр дагаварыг Я.Н хариуцах, түүний өмнөөс хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй байна.

РЦС ХХК нь 1997 онд байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 35/3560 дугаарт 2111381 регистрийн дугаартай бүртгэгдсэн, Иргэний хуулийн 25.1-д заасны дагуу өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд бөгөөд РЦС ХХК-ийн үйл ажиллагаанаас үүсэх үр дагаврыг иргэн Я.Н хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8.8.3-т хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн хүрээнд гэрчилгээг дахин авах хүсэлт гаргасан гэж заасан үндэслэлээр 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хуулийн эттээдийн улсын бүртгэлийн газраас 000191266 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ-г дахин олгосон болно.

Нэхэмжлэгч нар эрх зүйн маргааны хариуцагчийг өөрөө тодорхойлох эрх, үүрэгтэй бөгөөд иргэн Я.Н намайг уг маргааны хариуцагчаар тодорхойлж татан оролцуулсан нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нараас Я.Нд холбогдуулан Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож нэхэмжлэгч нарт өөрсдийн газраа хуульд заасны дагуу эзэмших тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нар нь Я.Нг хариуцагчаар тодорхойлсон гэж шүүх хуралдаанд тодруулж байхаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч солих, РЦС ХХК-ийг хамтран хариуцагч оролцуулах зэргээр санал хүсэлт гаргаагүй, зөвшөөрөөгүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар ....Я.Н нь нэхэмжлэгч нарын эзэмшил газарт дураараа мод тарьсан, ...үргэлжлүүлэн мод тарьж байна, ... сандал суулгасан, орц, гарц хааж усны сав тавьсан, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдэл хийсэн, РЦС ХХК-д олгосон газар нь нэхэмжлэгч нарт олгосон газрын кординатаас шууд үргэлжилж байгаа бөгөөд давхцал огт байхгүй /хх-1-3, 123, 171/ гэж,

-хариуцагч ...иргэн Я.Н бусдын эзэмшил газарт хууль бус үйлдэл хийгээгүй, ...РЦС ХХК маргаж буй газар 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулсан, бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тусдаа эрх зүйн этгээдүүд, үр дагаварыг Я.Н хариуцах, түүний өмнөөс нэхэмжлэгч, хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй байна гэж маргана. /хх117, 130, 169/

 

Түүнчлэн хариуцагч Я.Н нь мод тарьсан үйл баримтад маргаагүй бөгөөд харин РЦС ХХК нь нэхэмжлэгч нарын маргаж буй газар болон түүний хил залгаа газарт 2012 оноос хойш газар эзэмших хүсэлтийг эрх бүхий этгээдэд гаргасан, газар эзэмших эрхийг олж авсан, төсөл хөтөлбөр батлуулан холбогдох байгууллагуудаар зөвшөөрөл гаргуулан төсөл хэрэгжүүлсэн ба Я.Н болон РЦС ХХК нь бие даан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тусдаа эрх зүйн этгээдүүд юм гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргав.

Шүүхээс нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн ...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019.08.23-ны өдрийн 14/2464 тоот албан бичиг /хх-13/, газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээ түүний кадастрын зургууд /хх-22-53/, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014.05.20-ны өдрийн 1/705 тоот албан бичиг /хх-54/, Сүхбаатар дүүргийн өмч, харилцааны албаны 2015.05.12-ны өдрийн 549 тоот албан бичиг /хх-55/, шаардах хуудас /хх-56, 57/, гэрэл зураг /хх58-63/, газрын төлбөр төлсөн баримтууд /хх64-100/ баримтыг,

хариуцагч ...РЦС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-131, 170/, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019.09.23-ны өдрийн 14/2881 тоот албан бичиг /хх-132/, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014.04.09-ний өдрийн 1/453 тоот, 2016.05.05-ны өдрийн 07/2742 тоот, 2015.01.09-ний өдрийн 7/114 тоот албан бичгүүд /хх-133, 135-136/, Сүхбаатар дүүргийн өмч, харилцааны албаны 2015.04.24-ний өдрийн 333 тоот албан бичиг /хх-134/, РЦС ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг /хх-137-140/, Таригдсан мод сөөгний жагсаалт /хх-141/, РЦС ХХК-ийн төсөл /хх-142-143/, 2019.08.16-ны өдрийн Мод нийлүүлж, модны тарилтын ажил гүйцэтгэх гэрээ /хх144-150/, Ойн зугаалга мод үржүүлгийн төсөл /хх151-154/, 2014.04.21-ний өдрийн Мод нийлүүлэх ажлын гэрээ /хх-155/, эргэлтийн цэгүүдийг газарт бэхэлсэн нэгж талбарын зураг /хх-156/, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2015.03.13-ны өдрийн 11 дугаартай тогтоол /хх-157/, РЦС ХХК-ийн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гаргасан хүсэлт /хх-158-161/, гэрэл зураг /хх-162-163/ баримт зэргийг тус тус бүрдүүлэн өгснийг 40-р зүйлд зааснаар үнэлж дүгнэв.

 

Жич: /хх-83-89/ тэмдэглэгээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д Нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж тус тус заасны дагуу үнэлээгүй болно.

Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/309 тоот шийдвэрийг үндэслэн Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг, Зуслан, сэлхэд 8 өрхийн газрыг 2014 оны 7 дугаар сарын 08, 09-ний өдрөөс нэхэмжлэгч нарын эзэмшилд 5 жилийн хугацаатай, газар эзэмших гэрчилгээ олгогдсон, Иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, кадастрын зураг хийгдсэн, хугацаа сунгагдаагүй зэрэг үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-13, 23-54/

Нийслэлийн засаг даргын Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1/705 тоот албан бичгээр ...РЦС ХХК захирал Я.Н нь ..албан бичиг ирүүлсэн хариуд зөвлөгөө өгч, газар эзэмших шийдвэр гарсны дараа мод тарих нь зүйтэй гэсэн нь газар эзэмших ашиглах зөвшөөрөл биш гэж мэдэгджээ. /хх-54/

Мөн Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 549 тоот албан бичгээр ...зөрчил арилгах төсөв бүрэн шийдвэрлээгүй тул одоогоор шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгджээ. /хх-55/

Нэхэмжлэгч нар Газрын төлбөрийг Газрын тухай хуульд заасны дагуу төлсөн, /35.3.3./ газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлсэн /хх-64-100/, хууль заасны дагуу Н.Дэмбэрэлдагвад итгэмжлэл олгосон байна. /хх-101-108/

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан байх ба нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1., 25.2-т зааснаар Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг,

-нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ. Хуулийн этгээд нь ашиг олох зорилготой ашгийн төлөө, хууль буюу дүрэмд заасан зорилготой, ашгийн төлөө бус байж болно гэжээ.

 

РЦС ХХКомпани нь 1997 оны 8 дугаар сарын 22-ний үүсгэн байгуулах тухай Компаний дүрэмд зааснаар шинээр Улсын бүртгэлд бүртгүүлж, 25-ны өдөр гэрчилгээг авсан, үрэгдүүлсэн шалтгаанаар дахин 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэрчилгээ олгосон байна. /хх-131, 170/

Нэхэмжлэгч нар 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд тайлбараар давхцал байхгүй гэж тодруулсан, холбогдох байгууллагаас тодруулан шийдвэрлэхийг хүсье гэх боловч тэд бусдад итгэмжлэл олгосон, хүсэлт тодорхойгүй, улмаар нэхэмжлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас татгалзсан тул шүүх шийдвэрлээгүйг дурдав.

Хариуцагч Я.Нн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын хуульд заасан газар эзэмших эрх зөрчигдсөн, уг үйлдлээр нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-131-163/

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5.-д зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй. Иргэн Я.Н ..зөрчсөн болох нь дээрх хавтас хэрэгт авагдсан /хх-131-163/ нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч талаас РЦС ХХК-иас шаардсан нөхцөлд нотлох баримт гаргаж мэтгэлцэнэ гэж тайлбарлана. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3.газарт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр тогтоосон журмын дагуу нөхөн төлүүлэх эрхтэй.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Хариуцагч Я.Н болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан ...хуулийн этгээдийн захирал Я.Н мөн боловч ..тухай тарьсан мод, сандал, зам гарц хаасан эд хөрөнгө бол РЦС ХХК-ийн эд хөрөнгө, төсөл, хөтөлбөр, санхүү бол иргэний хөрөнгө биш, 2012 оноос хойш РЦС ХХК хэрэгжүүлсэн үйлдэл юм. Иргэний хөрөнгө, санхүүгийн орлого, зарлага тусдаа гэх тайлбараар иргэнд хариуцуулах, түүнээс шаардах эрхгүй байна.

Иймд Я.Н нь гэм дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд бус, нэхэмжлэгч нарын эзэмшил газарт мод тарьсан, сандал суулгасан, орц, гарц хааж усны сав тавьсан, төмөр торон хашааг суулгасан зэрэг хууль бус үйлдэл гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нар холбогдох эрх бүхий байгууллагад хандсан, өгсөн хариу зэргээс үзэхэд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1., 39.1.4-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй; газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон үндэслэлээр Газар эзэмших эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нар нь хариуцагчийг зөв тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-д зааснаар Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг баримтлан Я.Нд холбогдох Н.Б нарын эзэмшил газарт тарьсан модод, суулгасан сандлаа авч газрыг чөлөөлөх, орц, гарц хаасан усны саваа авах, төмөр торон хашаагаа буулгах зэргээр хууль бус үйлдлүүдээ зогсоож нэхэмжлэгч нарт өөрсдийн газраа хуульд заасны дагуу эзэмших тухай Н.Б, О.У, Т.Э, М.А, Д.О, Н.С, Н.Т, Б.А нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 561,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс хойш 7-21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар Зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН