Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02684 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Э-ын хариуцагч “Ү Х О Б”  ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э-, түүний өмгөөлөгч Г.Норжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Э- нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Ү Х О Б”  ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус банкны Цирк дэх салбарын захирал албан тушаалд томилогдон, туршилтын хугацааг 3 сар байхаар харилцан тохиролцсон. Ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ биелүүлж ажилласан, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/299 дугаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4.13.2.4.Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон тохиолдолд туршилтын хугацаа дуусмагц гэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Гэтэл миний бие 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс мөн оны 7 дугаар сарын 26-ны өдрийг дуустал тус байгууллагад ажилласан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 3.8-д зааснаар шинээр ажилд авч байгаа ажилтны туршилтын хугацаа гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хүртэл cap байна гэсний дагуу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр дууссан. Хөдөлмөрийн гэрээний дээрх заалтад туршилтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө ажил олгогч ажилтныг үндсэн ажилтнаар томилж, гэрээг хэвээр үргэлжлүүлэх, эсвэл туршилтын хугацаа дуусгавар болсон тухай мэдэгдлийг ажилтанд өгнө гэж заасан. Ажил олгогчийн зүгээс туршилтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө гэрээ дуусгавар болсон талаар надад мэдэгдээгүй, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэсээр байсан. Иймд хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан гэж үзнэ. Ажил олгогч гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон гэж дуусгавар болгосон нь илтэд үндэслэлгүй, хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдсан байна.

Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 4.13.2.4-т заасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Тус байгууллагын Сувгийн удирдлагын газрын захирал У.Сарантуяагийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 19/27 дугаар “Газар хоорондын бичиг”-т цаашид идэвхи санаачлагатай, үр дүнтэй, хариуцлагатай ажиллах ажилтан гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл, туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй болох нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон гэж ажлаас халсан нь илт үндэслэлгүй.

Ажлын шаардлага хангаагүй гэх ямар нэгэн эрх бүхий байгууллагаас тогтоож, тодорхойлсон баримтгүйгээр гэрээг дуусгавар болгосон тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Хариуцагч талаас гаргасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг боловч шүүхэд анх 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаар шүүгчийн захирамжаар нотлогдох тул хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаанд багтсан. Харин 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 9448 дугаартай захирамж нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж болохоос биш хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тухай захирамж биш. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ыг хариуцагч “Ү Х О Б”  ХХК-ийн Цирк салбарын захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас нийт 5 280 723 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нэхэмжлэлийн шаардлагаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар уг нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Ү Х О Б”  ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 99 441 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Шүүхээс талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг үндэслэн зөвхөн 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүлйийн 69.1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн ажлаас буруу халсан шийдвэрийн улмаас одоог хүртэл ажлын байргүй, тогтвортой цалин орлогогүй байгаа нь тодорхой байхад шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хугацааны хөдөлмөрийн харилцаанд дүгнэлт хийх үндэслэлгүй гэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн учир шүүхийн шийдвэрт цалинтай холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Э- нь хариуцагч “Ү Х О Б”  ХХК-д холбогдуулан тус банкны Цирк дэх салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ. /хх1-2, 18/

 

Хэрэгт авагдсан ажил олгогч талын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/151 дугаар тушаал, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/299 дугаар тушаал, талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ /хх4, 6-10/ зэргээс үзвэл, хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Д.Э-ыг тус байгууллагын Цирк дэх салбарын захирлаар 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр томилж, 3 сарын туршилтын хугацаа тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл буюу ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал гарах хүртэл хугацаанд ажил үүргээ гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон байна.  

 

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, цаашид сунгагдахгүй болсон, Хөдөлмөрийн дотоод журмын 4.13.2.4. Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй болох нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон гэж тодорхойлон заажээ. /хх10/

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.6, 3.7, 3.8 дах хэсгийн  заалтаас үзвэл тухайн ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан байнгын ажлын байр боловч “Хөдөлмөрийн дотоод журам”, банкны үйл ажиллагааны онцлог, ажилтны шийдвэрийг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т зааснаар гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3 сар байх, энэ нь туршилтын хугацаа байх, хугацаа дуусгавар болоход талуудаас гэрээг цуцлах талаар санал гаргаагүй, ажилтан ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа зэрэг тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсан тооцох, ажил олгогч нь туршилтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө ажилтныг үндсэн ажилтнаар томилох эсхүл гэрээг дуусгавар болгох талаар ажилтанд мэдэгдэхээр тохиролцсон байна.

 

Хэдийгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах талаар зохицуулсан байх боловч байгууллагын дотоод журам, талуудын тохиролцоогоор хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг зааж гэрээг хугацаатай байгуулах боломжтой. Туршилтын хугацаа дууссанаар талууд гэрээг дуусгавар болгох талаар хэн аль нь санал гаргаж, мэдэгдээгүй тохиолдолд гэрээний хугацаа үргэлжилнэ.

 

Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч нь туршилтын хугацаа дуусгавар болохоос 2 хоногийн өмнө буюу 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдөр гэхэд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эсхүл үндсэн ажилтнаар томилох талаар мэдэгдэл өгсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэсэн нь талуудын тайлбар, гэрээг дуусгавар болгох тухай тушаал зэргээр нотлогджээ. Энэ тохиолдолд гэрээний  хугацааг туршилтын хугацаагаар бус хугацаагүйгээр сунгагдсан гэж үзэх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосныг буруутгахгүй боловч хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас түүний ажилгүй байсан хугацааг буруу тооцож, үүнтэй холбогдуулан түүнд нөхөж олгогдох цалин хөлсний хэмжээг үндэслэлтэй тогтоогоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй. Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл гэж тодорхойлсон бөгөөд шүүх шийдвэрээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Дурдсан хугацаанд ажлын хоногийг хуанлийн хугацаагаар тооцоход Д.Э- нь нийт 122 хоног ажилгүй байсан байна.

 

Хэрэгт авагдсан Д.Э-ын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход 1 сарын дундаж цалин хөлсний хэмжээ нь 1 760 241 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад 1 хоногт 81 872 төгрөг ногдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан дээрх хугацаанд нийт 9 988 384 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөх олговорыг хариуцагч “Ү Х О Б”  ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-д олгохоор шийдвэрлэв.  

 

Дээрхээс гадна, нэхэмжлэгч Д.Э- нь ажил олгогчоос гаргасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гардан авч, ажлаас буруу халагдсан тухай гомдлоо тус шүүхэд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийг хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзсэн нь зөв болжээ. /хх46, 61/

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02684 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ыг хариуцагч “Ү Х О Б”  ХХК-ийн Цирк салбарын захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 9 988 384 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э-д олгож, хариуцагч “Ү Х О Б”  ХХК-д олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасугай” гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийн 2 дах заалтын “...99 441..” гэснийг “...174 764.14...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Э- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР                                                                      

                                       ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                         Т.ТУЯА