Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2019/02684

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э/РД: /-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ү банк” ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Норжинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

         

          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

          Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э миний бие 2019 оны 04 сарын 09-ний өдөр “Ү банк” ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус банкны Цирк дах салбарын захирал албан тушаалд томилогдон, туршилтын хугацааг 3 сараар талууд харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан билээ. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажпын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргээ давуулан биелүүлж ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байсан удаагүй билээ.

          Тус тушаалын үндэслэх хэсгээс харахад, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-д “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон.” гэх заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2.4 -д “Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй болох нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон тохиолдолд туршилтын хугацаа дуусмагц” гэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

          Дараах үндэслэлээр намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Үүнд: Гүйцэтгэх захирлын Б/299 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дах заалтыг үндэслэж миний хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Гэтэл миний бие 2019 оны 04 сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 сарын 26-ны өдрийг дуустал тус байгууллагад ажилласан бөгөөд талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 3.8-д зааснаар “шинээр ажилд авч байгаа ажилтны туршилтын хугацаа нь гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 хүртэл cap байна.” гэж заасны дагуу 3 сарын туршилтын хугацаа 2019 оны 07 сарын 09-ны өдөр дууссан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний мөн тус заалтад зааснаар “туршилтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө Ажил олгогч ажилтныг үндсэн ажилтнаар томилж, гэрээг хэвээр үргэлжлүүлэх, эсвэл туршилтын хугацаа дуусгавар болсон тухай мэдэгдлийг ажилтанд өгнө.” гэж заасан. Гэтэл ажил олгогчийн зүгээс туршилтын хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө гэрээ дуусгавар болсон талаар надад мэдэгдээгүй бөгөөд миний бие ажил үүргээ 2019 оны 07 сарын 26-ны өдөр хүртэл хэвийн үргэлжпүүлэн гүйцэтгэсээр байсан. Хэрэв туршилтын хугацаа дууссан тохиолдолд ажилтан нь ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд Ажил олгогч нь гэрээ дуусгавар болгох талаар санал тавиагүй бол хөдөлмөрийн гэрээг анх заасан хугацаагаар сунгасан гэж үзнэ.

          Иймд Ажил олгогчтой 2019 оны 04 сарын 09-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хугацаа сунгагдсан гэж үзэх хангаллтай үндэслэлтэй байна. Гэтэл Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3 дах заалт “Хөдөлмөрийн гэрээ хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр гэрээг дуусгавар болгосон нь илтэд үндэслэлгүй тушаал байх бөгөөд иргэн миний Үндсэн хуулинд заасан хөдөлмөрлөх эрхэд ноцтой халдаж байна.

          Мөн Хөдөлмөрийн дотоод журмын 4.13.2.4 дэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь ямар ч нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр илтэд хууль бус тушаал гаргасан нь харагдаж байна. Миний бие ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ цаг тухайд нь үр бүтээлтэй гүйцэтгэж байсан бөгөөд ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй билээ. Мөн энэ тухай манай байгууллагын Сувгийн удирдлагын газрын захирал У.Сарантуяагийн 2019 оны 07 сарын 10-ны өдрийн 19/27 тоот Газар хоорондын бичигт дурдсан бөгөөд цаашид идэвхи санаачлагатай, үр дүнтэй, хариуцлагатай ажиллах ажилтан гэж тодорхойлсон байдаг.

          Гэтэл намайг туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй болох нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон гэж үзэн ажпаас халсан нь илт үндэслэлгүй байна. Учир нь ажлын шаардлага хангаагүй гэх ямар нэгэн эрх бүхий байгууллагаас тогтоож, тодорхойлсон ямар ч баримт бичиг байхгүйгээр гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

          Иймд Тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас Ү банкны Цирк дахь салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоож, 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойших Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс буюу банкны ажилтнуудын цалингийн сүлжээний 3.1 дэх зэрэглэл буюу 1 сарын 1,700,000 төгрөгөөр тооцон олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна.” гэв.

          Нэхэмжлэгч Д.Эын өмгөөлөгч Г.Норжинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаж байна. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 тоот шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэхэд саад болж байгаа зөрчлийг арилгаад, шүүхэд нэхэмжлэлээ дахин гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай гээд тулгаад зааж өгсөн. Нэхэмжлэгч шүүгчийн захирамжийг бичгээр хүлээж аваад, нэхэмжлэлээ хэзээ гаргасан цаг хугацаатайгаа хавтаст хэрэгт хавсаргасан. 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр захирамж бичгээр гарсан боловч 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гардан авч хэргийн материалд нотлох баримтаар хавсаргасан. Үүний дагуу нэхэмжлэлээ 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Иймд хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн гүйцэтгэх захиралын Б299 тоот тушаал нь хуульд заасан шаардлагыг хангахгүй, үндэслэлгүй тушаал гарсан юм. Энэ нь юугаар нотлогдож байна вэ, гэвэл 1-т 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 3.6-д зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг 3 сарын хугацаатайгаар талууд байгуулсан. Энэ хугацаа нь 2019 оны 7 дугаар сар хүртэл байгуулагдсан гэж үзэж байгаа. Мөн гэрээний хугацааг Хөдөлмөрийн гэрээний 3.7-д зааснаар 3.6-д заасан хугацаанд талуудын аль нэг тал нь гэрээг цуцлуулахаар санал гаргаагүй бөгөөд ажилтан ажлын байрандаа ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд энэхүү гэрээг анх заасан хугацаагаар адил нөхцлөөр сунгасанд тооцно гэж гэрээнд тусгасан байгаа. Иргэн Д.Э нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажлаа хэвийн гүйцэтгэж байсан. 7 дугаар сарын 10-ны өдөр Сувгийн удирдлагын газрын захирал Сарантуяагийн албан бичгээр иргэн Д.Эыг тус байгууллагад хэрхэн сайн ажиллаж байсныг дүгнэсэн тодорхойлолтыг хүний нөөцийн хэлтэст гаргаж өгсөн. Энэ тухай баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Үүнээс харахад иргэн Д.Эын Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т зааснаар Хөдөлмөрийн гэрээний хугацааг анх заасан хугацаанд сунгагдсанд тооцно. Мөн Хөдөлмөрийн гэрээний 3.7-д зааснаар сунгасанд тооцох үндэслэлүүд нь тус тус харагдаж байна.” гэв.

 

          Хариуцагч “Ү банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал, Ж.Ариунболд нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү банк нь иргэн Д.Эын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

          Нэхэмжлэгч талаас 2009 оны 8 дугаар сарын 20-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаартай Шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Ингэж нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаандаа багтсан. Сүүлд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр нэмэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж гаргасан байна. Өмнөх шүүгчийн 9448 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд ямар ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж байгаа, хэднээс хэдний өдрийн хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг авах гэж байгааг тусгаагүй байна гэж ИХШХШТХ-ийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм. Энэ захирамжийг сүүлд нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн. 9448 дугаартай захирамж нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай захирамж болохоос биш хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн тухай захирамж биш юм. Иймээс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтэй байна.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Э хариуцагч “Ү банк” ХХК-д холбогдуулан Цирк салбарын захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “Ү банк” ХХК нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хариуцагчид 3/гурав/ сарын туршилтын хугацаатай Цирк салбарын захирлын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/151 дугаар тушаалын болон Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А0305957 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.13.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлсөн болох нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № Б/299 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Хөдөлмөрийн гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно:”, 37.1.3-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон;” гэж заасан.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.13-т “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох болон цуцлах”, 4.13.2.4-т “Туршилтын хугацаанд ажлын шаардлага хангахгүй болох нь тодорхой үндэслэлтэйгээр тогтоогдсон тохиолдолд” гэжээ.

 

Зохигчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.8-д “... Туршилтын хугацаа дуусахаас 2/хоёр/ хоногийн өмнө Ажил олгогч Ажилтныг үндсэн ажилтнаар томилж гэрээг хэвээр үргэлжлүүлэх, эсхүл туршилтын хугацаагаар дуусгавар болгох тухай мэдэгдлийг Ажилтанд өгнө.” гэжээ.

 

Хариуцагчийн Сувгийн удирдлагын газраас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хүний нөөцийн хэлтэст нэхэмжлэгчийг Цирк салбарын захирлын ажлын байранд үндсэн ажилтнаар томилуулах тухай албан бичиг илгээсэн болох нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн № 19/27 Газар хоорондын бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Цирк салбарын захирлаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № Б/299 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.13.2.4-т заасан үндэслэл буюу нэхэмжлэгч нь ажлын шаардлага хангахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болох нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн № 19/27 Газар хоорондын бичгийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.13, 4.13.2.4-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.6-д зааснаар тус гэрээг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 3/гурав/ сарын хугацаатай байгуулсан болох нь Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний 3-ын 3.8-д заасан хугацаанд нэхэмжлэгчид гэрээг туршилтын хугацаагаар дуусгавар болгох тухай мэдэгдлийг өгөөгүй болох нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № Б/299 дугаар тушаалын хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна.”, 23.2.2-т “... хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2.2 дахь заалтад зааснаар зохигчид Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээг 3/гурав/ сарын хугацаатай байгуулсан болох нь Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид Цирк салбарын захирлаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 4-ийн 4.13, 4.13.2.4-т заасан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэл бий болсон болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр № Б/299 дугаар тушаал гаргаж нэхэмжлэгчтэй байгуулсан Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг Цирк салбарын захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар шүүх хариуцагчийн эрх зөрчсөн үйлдлийг буюу 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээж байна.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойш нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шийдвэр гаргаж, зохигчид энэ талаар маргаагүй байх тул шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс хойших хөдөлмөрийн харилцаанд дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх 3/гурав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцоход нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 760 241/2562696+1358398+1359630=5280724, 5280724:3=1760241/ /нэг сая долоон зуун жаран мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг болох нь Хг15/19 дугаар Хөдөлмөрийн гэрээний болон № А0305957 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 3/гурав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 5 280 723/1760241x3=5280723/ /таван сая хоёр зуун наян мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.

 

          Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байна.

 

          Нэхэмжлэгчид 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн № Б/299 дугаар тушаалыг 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан талаар зохигчид маргаагүй болно.

 

          Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр буюу хуульд заасан хугацаа дуусахаас 6/зургаа/ хоногийн өмнө тус шүүхэд ажлаас буруу халсан тухай нэхэмжлэл гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

          Шүүх 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 9448 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсан болох нь нэхэмжлэхийг хүлээн авахаас татгалзсан буцаасан материал хүлээлгэн өгсөн бүртгэлийн дэвтрийн хуулбаараар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж хөөн хэлэлцэх хугацаа тасалдсаны дараа 9448 дугаар шүүгчийн захирамжид зааснаар дахин нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.

 

          Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эыг хариуцагч “Ү банк” ХХК-ийн Цирк салбарын захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 5 280 723/таван сая хоёр зуун наян мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, хариуцагч “Ү банк” ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эыг хариуцагч уҮ банк” ХХК-ийн Цирк салбарын захиралын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 5 280 723/таван сая хоёр зуун наян мянга долоон зуун хорин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгож, хариуцагч “Ү банк” ХХК-д олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх цалинг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Ү банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 99 441 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ХИШИГБАТ