Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 104

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч  С.Сугар

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т

Өсвөр насны шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Т.Хт холбогдох 1730000630043 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10-р  сарын 13-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд  2002 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 15 нас 3 сар 1 хоногтой, эрэгтэй,  ам бүл 5,  эцэг, эх, эгч, дүү нарын хамт оршин суух, 4 дүгээр сургуулийн 9А ангид сурдаг, Т.Х

 

Холбогдсон хэргийн талаар:

 

           Өсвөр насны шүүгдэгч Т.Х нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх Г.Нгийн гэрийн цонхоор 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга хулгайлж нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Өсвөр насны шүүгдэгч Т.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 01-ний  шөнө 00 цагийн үед би гэрийнхээ гадаа байхдаа  07-р байрны дэргэдүүр явсан  юм. Тэр үед 7-р байрны баруун талын эгнээний хамгийн урд талын айлын гэрэл  унтраастай, хөшиг  хаалтай байхаар нь  уг айлын цонх руу чулуу  шидсэн. Тэгсэн чинь хүн байхгүй юм шиг байхаар нь очоод хартал порчик нь 

хагарчихсан байсан. Тэгэхээр нь хагарсан шилийг  авч газар хаяад гараа оруулж байгаад цонхны түгжээг тайлаад дотогшоо орж гэрлийг нь асааж үзэхэд хойд талын шүүгээн дээр хэдэн ширхэг аяга харагдахаар авч  гэртээ  аваачсан юм. Тухайн үед манай аав, ээж, дүү нар Хэнтий аймаг руу яваад эзгүй байсан. Тэгээд 2 хоногийн дараа таньдаг ах Тийг зараад өгөөч гэж гуйж явж байгаад цагдаад баригдсан гэв.

 

 Хохирогч Г.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 06-р сарын 13-ны өдөр манай театрынхан Өвөр Монголын өөртөө засах орны Улиастай хот руу гэрээний дагуу тоглолтоор явсан. Тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай хадам дүү М над руу утсаар яриад танай гэрийн цонх хагарсан байна гэж хэлсэн. Тэгээд 08 дугаар сарын 03-ны өдөр Улиастай хотоос ирээд гэртээ ороход гал тогооны шүүгээн дээр байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, зэс аяга 2 ширхэг алдагдсан байсан. Эд зүйлээ алдсандаа гомдолтой байна. ... гэх мэдүүлэг / хх-н 14-р хуудас /, 

Хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл:Хэргийн материалтай танилцлаа. Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралд суух шаардлагагүй.  /хх 53-р хуудас/

 

         Гэрч Д.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 01-ний орчим манай гэрийнхэн Хэнтий аймаг руу явсан юм. Тэр үед манай дунд хүү Т.Х явахгүй эмээгийндээ байна гээд үлдсэн. Тэгтэл бид нарыг явсны дараа Х 180 айлын 7-р байрны 5 тоотод байдаг айлын  цонхоор орж 5 ширхэг аяга хулгайлсан байна. Тэр хулгайлсан 5 аяга нь  одоо байгаа” гэх мэдүүлэг, / хх-н 19-р хуудас/

 

            Гэрч Э.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 03-ний өдөр Т бид айлд байж байхад нэг хүүхэд Тийг дуудаад уулзаад байсан юм. Тэгээд Т намайг дуудуулахаар нь гараад очиход нэг 10 жилийн хүүхэд аяга зараад өг гээд 3 аяга үзүүлсэн юм. Тэр аягыг нь Т бид нар нөгөө хүүхэдтэй нь хамт дагуулаад зарах гэж авч яваад цагдаад шалгагдсан, Тэр үед цагдаад хэлэхдээ ямар аяга гэдгийг нь мэдэхгүй энэ хүүхдийн аяга гэж л хэлсэн. Одоо тэр цагдааг танихгүй” гэх мэдүүлэг, / хх-н 21-р хуудас  /

 

           Гэрч З.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн үед манай байрны Х гэдэг хүүхэд намайг дуудаад байхаар нь уулзахад тэрээр “дүүдээ энэ 3 аягыг зараад өгөөч, мөнгөний хэрэг болоод байна” гэхээр нь юун аяга юм гэж Хоос асуухад тэрээр “манай уяач ах өгсөн юм” гээд байсан. Тэгэхээр нь “ээж, аав чинь мэдэж байгаа юмуу, чи энэ аягыг яг хаанаас авсан юм бэ, хулгайн эд зүйл биш биз” гэхэд тэрээр “бишээ, ээж, аав мэдэж байгаа” гээд байсан. Тэгэхээр нь А, Б хоёрыг дуудаад хэдүүлээ энэ аягыг зараад өгье гээд гадуур хамт явж дэлгүүрүүдээр асуухад авахгүй гээд байсан. Тэгээд Шүүхийн тэнд явж байтал эргүүлийн цагдаа нар ирээд бид нарыг юу хийж яваа юм гээд бид нарыг шалгасан. Тэр үед юун 3 аяга бариад явж байгаа юм гэхээр нь энэ хүүхдийн аяга гээд Хийг хэлсэн. Тэгээд л бид нарыг явуулсан " гэх мэдүүлэг, / хх  22-р хуудас /

 

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх  1-р хуудас /

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд / хх  3-

4-р хуудас / 

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2017 оны 08-р сарын 31-ний өдрийн

эд зүйлийн үнэлгээ / хх 7-р хуудас /

 

-Аймгийн Прокурорын газрын 2017 оны 09-р  сарын 20-ны өдрийн 5/05

дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зураг, тэмдэглэл / хх  8-12-р хуудас/

 

          - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх  32-р хуудас /

 

-Т.Хийн төрсний гэрчилгээний хуулбар / хх  33-р хуудас/ 

 

-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  1 дүгээр багийн засаг даргын 2017

оны 09 сарын 11-ний  өдрийн 1/527 дугаартай тодорхойлолт  / хх  34-р хуудас /

 

-Т.Хийн сурагчийн хувийн хэрэг, өргөмжлөлүүд /хх 36-45 хуудас /

 зэргийг шинжлэн судалсан болно.

                     

  Өсвөр насны шүүгдэгч Т.Х нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд оршин суух  Г.Нгийн гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг зэс аяга хулгайлж нийт 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь өсвөр насны шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Г.Н, гэрч Д.Т, Э.А, З.Т нарын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн  судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

          

Өсвөр насны шүүгдэгч Т.Хт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон  тул өсвөр насны шүүгдэгч Т.Хийг орон байранд хууль бусаар нэвтэрч  хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-т “ өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах  хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”,    мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3-т “өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан  ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн  чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж хуульд заасан байх тул өсвөр насны шүүгдэгч Т.Х  нь 15 нас 3 сар 1 хоногтой,  түүний хувийн байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэргийг   харгалзан түүнд   ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2  дахь хэсгийн 2.2-т зааснаар  зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        Өсвөр насны шүүгдэгч Т.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг  төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

         Шүүгдэгч Т.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт,  эд мөрийн баримт хураагдан ирээгүй, Прокурорын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 5/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Г.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдах нь зүйтэй байна.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Өсвөр насны шүүгдэгч Т.Хийг орон байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Хт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг 1 /нэг/ жилийн хугацаанд хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Хийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 1 /нэг/ жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газарт  даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Хийг  хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны  төлөөлөгч  төрсөн эх Д.Тт даалгасугай.

 

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол өсвөр насны шүүгдэгч Т.Хт авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Өсвөр насны шүүгдэгч Т.Х нь цагдан хоригдоогүй,  бичиг баримт,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  Прокурорын 2017 оны 09 сарын 20-ны өдрийн 5/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  хохирогч  Г.Н  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА